- Lemon Press
- Posts
- 🎭 Гар эсвэл зар!
🎭 Гар эсвэл зар!
Монголчууд ХЗЗ-ийг сонирхдоггүй! | Бүтээмжгүй тул халлаа | Ураны гэрээ айсуй
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ. Дугаар авах тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж шалгуур хангасан автомашинуудад л дугаар олгоно гэсэн шүү. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол болон Orano Mining ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг маргааш үзэглэнэ.
UBTZ: Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн өнгөрсөн онд тээвэрлэсэн ачаа 33.4 сая тн-д хүрч түүхэн дээд түвшинд хүрчээ.
U.S.: Америкийн ЗГ-ын төсвийн алдагдал өнгөрсөн 12-р сард $87 тэрбумд хүрч түүхэн том алдагдалд орсноо зарлав.
😶🌫️ Монголчууд ХЗЗ-ийг сонирхдоггүй!
Монголчууд банктай төлбөр тооцоо, шилжүүлэг, хадгаламж, зээл авах байдлаар өдөр тутамдаа харьцдаг бол ББСБ-аар зөвхөн зээл авах гэж л үйлчлүүлдэг. Харин даатгал, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг төдийлөн сонирхохгүй байна. Яагаад?
📝 Уг судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан бөгөөд судалгаанд 500 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар банк, ББСБ, даатгал, хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ), хөрөнгийн зах зээлийн үйлчилгээний хүртээмж, ойлголт, санхүүгийн боловсролыг нь шинжилжээ.
🏦 Зан төлөв: Банк суурьтай
Судалгаанд хамрагдсан иргэдийн 99% нь банкны үйлчилгээг авдаг бол 35.8% нь ББСБ, 24.4% нь даатгал, 20% нь ломбард, 4.4 нь брокер, диллер, хөрөнгө оруулалтын сан (ХОС), 3.6% нь ХЗХ-ний үйлчилгээг авдаг буюу бусад төрлийн үйлчилгээг төдийлөн авдаггүй. Түүнчлэн эдгээр санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийн хувьд ч банканд хамгийн их итгэдэг бол брокер, диллер, ХОС, ХЗХ-ны үйлчилгээнд хамгийн бага итгэдэг аж.
🎯 Өөр нэгэн сонирхолтой дата нь: Харж байгаачлан дийлэнх иргэдэд банк хамгийн итгэлтэй төдийгүй мэдээлэл нь ч ойлгомжтой ойр санагддаг. Нөгөө талд брокер, диллер, ХОС гэхчлэн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бага ойлголттой байдаг учраас төдийлөн итгэдэггүй байх нь.
ББСБ 🆚 Ломбард: Харин ББСБ-аар үйлчлүүлэгчдийн талаас илүү хувь нь хүссэн үедээ зээл авч чаддаг учраас тэднийг сонгодог. Энэ трэнд ломбард дээр ч харагдах бөгөөд анхаарал татах үзүүлэлт нь эмэгтэйчүүд хүү өндөртэй ломбардын үйлчилгээг эрэгтэйчүүдээс илүү буюу 9 нэгж хувиар илүү сонгон үйлчлүүлсэн явдал.
🤓 Санхүүгийн боловсрол
Үргэлжлүүлэн судалгаанд оролцогсдын санхүүгийн боловсрол руу өнгийхөд, бараг тал нь буюу 48.4% санхүүгийн боловсролтой гэж үнэлэгдсэн байна. Уг статистикийг 2010 онтой харьцуулахад санхүүгийн боловсролтой иргэдийн тоо 7.3 нэгж хувиар өссөн байгаа юм.
Эцэст нь… Уг судалгаанаас иргэдийн санхүүгийн үйлчилгээнд хамрагдалт банкнаас бусад байгууллагууд, тэр дундаа ҮЦК-иуд болон ХЗХ-ны хувьд эрс бага төдийгүй үйлчлүүлдэггүй хүмүүс ч төдийлөн сонирхохгүй нь харагдана. Мөн нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 95.6% нь брокер, дилер, ХОС-ын үйлчилгээг авдаггүй, сонирхдоггүй гэдгээс харахад дийлэнх монголчуудын хувьд хөрөнгийн зах зээл хэтэрхий алс хол санагддаг байх нь.
👋 Бүтээмжгүй болохоор халлаа
META: Meta ажилчдынхаа 5%-ийг цомхотгоно. Энэ бол компанийн гүйцэтгэл багатай ажилчдаасаа хурдан салах төлөвлөгөө. Цаашлаад, Марк Зукерберг ажилчдадаа илгээсэн мэдэгдэлдээ “2025 оныг ширүүхэн жил болно” хэмээснээс харахад цаашид гагц өндөр гүйцэтгэлтэй, чадвартай ажилчдаа л шигшин үлдээх төлөвлөгөөтэй байгаа бололтой. Уг цомхотгол компанийн 2022, 2023 онд 21,000 буюу нийт ажилчдынхаа ¼-ийг халснаас хойших хамгийн том цомхотгол болох төлөвтэй байна.
🎭 Гар эсвэл зар!
Ердөө 2 хоногийн дараа буюу энэ Ням гаргаас эхлэн Америкт TikTok хэрэглэх хориотой болно. ТikTok тус улсад үлдэх ганц гарц нь Америк эзэнтэй болох. Эс тэгвээс хориглоно.
😏 Надад өгчих өө!
Улмаар TikTok-г худалдан авахаар санаархагчдын дунд Project Liberty-н Фрэнк Маккорт, O'Leary Ventures-н Кевин О'Лири, MrBeast, Los angeles county museum of art-н Бобби Котик болон Walmart-н Даг Макмиллон багтаж буй. Энэ дундаас Фрэнк Маккорт болон Кевин О'Лири нар хамтран TikTok-г $20 тэрбумаар худалдан авах саналыг албан ёсоор тавиад байгаа.
Хэрэв тус саналыг Bytedance хүлээн авбал тэд тус платформ дээрээс тагнуулын чанартай аливаа алгоритмыг устгах аж. Цаашлаад хэрэглэгчид Tik Tok-д хувийн мэдээллээ оруулаад төлбөр авдаг болох нь.
🦸♂️ Хятадын таалал: Илон Маск
Гэхдээ эднээс илүү TikTok-н Америк дахь бизнесийг худалдан авах хамгийн боломжит хүн нь Илон Маск. Үнэн хэрэгтээ Хятад Илон Маскыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд л Америкийн Хятадад тавих татварын бодлогыг зөөллөх хөшүүрэг болно гэж нүдлэх болсон. Илон Маск ч Tesla (TSLA)-н Хятад дахь байр суурийг хадгалах тал дээр хэрэндээ хичээдэг.
💅 Delulu is the Solulu: Хэрэв Илон Маск TikTok-г худалдан авахаар бол ойролцоогоор $40-$50 тэрбумаар худалдан авах төлөвтэй байгаа. Эргэн харвал, тэрбээр 2022 онд X-г $44 тэрбумаар авч байсан билээ. Түүний сошиал платформ худалдан авах төсөв нь $40 тэрбум орчим юм уу даа. 😂
🤓 Нөгөө талд Дональд Трамп TikTok-г Америкт үлдээх талаар ярих болсон нь түүний Илон Маскт өгч буй бэлэг ч байж болох юм.
🥹 Найзыгаа арай ч дээ!
Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч гэгдэх TikTok угтаа 2023 онд Америкт 224 мянган ажлын байр бий болгож, ЭЗ-ийг $24.2 тэрбумаар дэмнэсэн байдаг. Цаашлаад, тус улсын бизнесүүд TikTok-р дамжуулан $15 тэрбумын зар сурталчилгааны орлого олохын сацуу үнэ төлбөргүй бизнесээ сурталчилж, тэлсээр байгаа.
🚀 Шинэ тоглогч: Улмаар TikTok-г Америкаас хүчээр гаргах бодлогыг эсэргүүцэн тус платформын 500 мянга гаруй Америк хэрэглэгчид Хятадын Xiaohongshu буюу Rednote апп-ийг татан авч, одоогоор App Store дээрх хамгийн өндөр хандалттай апп болоод байна.
Эцэст нь… TikTok Америкийн тулган шаардалтыг хүлээн авахгүй бол наанадаж тус улсын хүн амын тэн хагастай дүйх 150 сая хэрэглэгчээ алдах бол цаанадаж Хятад болон Америкийн технологийн дайнд улайраад буй харилцааг хурцатгах гал дээр тос болох магадлалтай юм. Тэглээ гээд Америк хэрэглэгчдээ хөсөр хаялтай биш, хэцүү ч юм аа даа.
29.1%
Өнгөрсөн оны эцэст НДС-ийн орлого ₮5.5 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 29.1% буюу ₮1.2 тэрбумаар өсжээ.
₮4.7 тэрбум
Үүнд ТДС-аас 509.5 мянган хүнд ₮4.7 тэрбумын тэтгэвэр олгосон байна.
28.6%
Задлан харвал, тэтгэвэр авагчдын тоо 2.5% буюу 12.5 мянгаар өссөн бол олгосон тэтгэврийн хэмжээ 28.6% буюу ₮1 тэрбумаар өссөн аж.
Yahoo
🍋 Хонконг ¥-н санхүүжилт болон худалдааны төлбөрийн тооцоог дэмжих зорилгоор ¥-н худалдааны санхүүгийн хөтөлбөр эхлүүлнэ. Хөтөлбөр нь ¥100 тэрбумын валютын солилцоогоор 1, 3 болон 6 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд 2-р сард эхлэх төлөвтэй байгаа юм. Улмаар банкнууд HK$-оо ¥-иар хөрвүүлж, Хонконгийн Мөнгөний бодлогын хороотой харилцан тохиролцсон хүүгээр санхүүжилт авах боломжтой болно.
🍋 Orbminco (OB1.AX) “Bronze Fox” ордын өргөтгөлд өндөр чанартай ашигт малтмалуудыг илрүүллээ. Энэ хүрээнд тэд 16 цооногоор 2,516 м-ийн гүнд алмаазан өрөмдлөг хийж 14 м-26 м 0.91% зэсийн агуулга бүхий орд, үүнд 2 м 7.97% зэс агуулсан хэсэг илрүүлжээ. Сонирхуулахад, Bronze Fox төслийн хэмжээ нь 175 км² бөгөөд Өмнөговийн 4 дэх том хэмжээний порфирийн бүс нутаг юм.
🍋 Өнгөрсөн 12-р сард Улаанбаатар дахь орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6%, өмнөх сараас 1.1% өсжээ. Үүнд шинэ орон сууцны м^2 талбайн дундаж үнэ ₮4.65 сая болсноор өмнөх оны мөн үеэс 12.6%, өмнөх сараас 1.4% өссөн бол хуучин орон сууцных ₮4.27 сая болж 16% болон 1.1% тус тус өссөн байна. Харьцуулбал, шинэ орон сууцны м^2-ын үнэ хуучин орон сууцныхаас ойролцоогоор 8% илүү байгаа юм.
🍋 ХББОСЯ энэ онд ₮1.2 их наядын ипотекийн зээл олгоно. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насныхныг, төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийнхныг, мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг дараалалгүй ипотекийн зээлд хамруулах нь.
🌌 Дэлхийн аль өргөрөгт байгаагаас хамаарч оддын байрлал өөр өөр харагддаг аж. (Universe.Mania)
🔥 Нийслэлээс галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ. (Ulaanbaatar)
🛣️ Porsche 911 Dakar-р Вьетнамаас 32,000 км зам туулж Монголд ирсэн эр. (News.Dupontregistry)
💔 2023-2024 онд дэлхий даяар 7 хүн тутмын 1 нь мөргөлдөөнд өртжээ. (WEF)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply