• Lemon Press
  • Posts
  • 🇸🇦 Ирээдүй Саудын гарт

🇸🇦 Ирээдүй Саудын гарт

Хөрөнгө оруулалтын апп | Эрдэнэсийн сан | DFC-н хамгийн том санхүүжилт

The POWERED BY

Өглөөний мэнд ээ! Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд шинээр 7.8 мянган шинэ хоршоог байгуулсан гэнэ. 🤯 Энэний үр дүнг яаж хэмжих вэ? ХАА, МАА-г яг ингэж хоршоогоор хөгжүүлнэ гэж байх уу? 

FRC: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамц томилогдлоо.

XAC: ХасБанкны ТУЗ нийт ₮200 саяын дүн бүхий 4 сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлав

NSO: Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 28% өсөж ₮2 их наяд, зардал нь 33.6% өсөж ₮2 их наядад хүрсэн байна. Улмаар ₮39.7 тэрбумын алдагдалтай ажиллажээ.  

 

🆕 Хөрөнгө оруулалтын апп

Үнэт Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Үнэт секьюритис ҮЦК хөрөнгө оруулалтын апп-аа танилцуулаад буй. Яадаг эд вэ?  

🫡Нэг дороос

Энэ бол Unet SC бөгөөд хөрөнгө оруулагч нар хүссэн үедээ зах зээлд идэвхтэй арилжаалагдаж буй нээлттэй компаниудын хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ), болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хялбараар хөрөнгө оруулах боломжтой гэж байгаа.

  • ⌚ Бодит цагаар: Цаашлаад, Unet SC апп-ийг сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан хөгжүүлсэн тул МХБ (MSE) дээрх компаниудын хувьцааны үнийг бодит цагийн ханшаар харах, арилжаанд хурдан оролцох боломжийг бүрдүүлжээ.

  • 🤳 Ингэж харагдана: Тус апп-ийг туршсан хэрэглэгчийн туршлагаасаа хуваалцахад,  хэрэглэгчийн бүртгэлээ хийж нэвтэрсний дараа ногдол ашгаа авах дансаа холбох бөгөөд Unet SC дээрх арилжааны данс болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гэсэн 2 данс автоматаар үүсэж байв. Ингээд л шууд арилжаанд оролцох боломжтой. 

  • 🔎 Хэн өсөж, хэн унав? Харин доод талд нь тухайн өдрийн МХБ-ын хамгийн өндөр өсөлттэй болон уналттай хувьцаануудыг дурайтал жагсаан харуулж байна лээ. 

Түүнчлэн хөрөнгө оруулалтын багцынхаа өгөөжийн ашиг болон алдагдлыг харах, овоо хараандаа авсан хувьцаандаа тусгай тэмдэглэгээ хийн багцдаа нэмэх эсвэл хасах шийдвэр гаргахад хялбар байгаа нь давуу санагдав. 

  • 🌏 Гадаад арилжаа айсуй: Гэснээс тун удахгүй Unet SC апп-д гадаад хувьцаа, бондын арилжааны цэс нэмэгдэх аж. 

🤵 Үнэт Санхүүгийн Нэгдэлийн тухай

Үнэт секьюритис ҮЦК өнгөрсөн оны 2-р сард үүсгэн байгуулагдсанаар Үнэт Санхүүгийн нэгдлийн 10 гаруй охин компанийн нэг болж байв. Тус ҮЦК-ийн толгой компанийнх нь ТУЗ-ийн даргаар нь Шарк Д.Бадрал ажилладаг. Тус группийн бизнес санхүү, ХЗЗ, зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн менежмент тэргүүтэй салбарууд руу чиглэдэг бөгөөд ХЗЗ-д л гэхэд Үнэт секьюритис ҮЦК болон Үнэт ассет менежмент ХОМК гэсэн компаниуд нь үйл ажиллагаа явуулж буй.     

  • ҮЦК-ийнх нь хувьд жижиг болон стратегийн хөрөнгө оруулагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэвшилтэт технологи ашиглан хүргэх зорилготой ажилладаг гэнэ лээ шүү. 

Эцэст нь… ХЗЗ-ийн шинэ тоглогч болох Үнэт секьюритис ҮЦК-ийн талаар мэдээллийг энэ хүргээд дуусгая. Илүү сонирхолтой шийдэл, бүтээгдэхүүн хүлээж байгаа шүү. 🍋 

🐂 DFC-н хамгийн том санхүүжилт

MIK: Америкийн ЗГ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллага (DFC) Монголын Ипотекийн Корпорацид $150 саяын урт хугацааны санхүүжилт олгохоор боллоо. Энэ нь тус байгууллагаас Монголын банк, санхүүгийн салбарт хийсэн хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт төдийгүй анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цааcжуулалтын зарчмаар олгогдох ипотекийн зээлийн эх үүсвэр гэдгээр онцлог. Уг санхүүжилт нь ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэр тусмаа эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой өрхүүдэд зориулсан орон сууцны зээлийн тасралтгүй байдлыг хангахад чиглэх аж.

🇸🇦 Ирээдүй Саудын гарт

Саудын Арабын Эр-Рияд хотод 1 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 4 дэх жилийн Future Minerals Forum (FMF)-д оролцчихоод ирлээ. Айлаас шохоорхсон зүйлүүдээ хуваалцъя. Цаад Арабчууд чинь жинхэнээсээ “Шинэ үе шинэ би” гэчихсэн явна. 

🎯 Бүхний анхаарлыг татав

Энэ жилийн форум 178 орны 20,000 гаруй оролцогч, 75 улсын засгийн газрын төлөөлөгчийг нэгтгэлээ. Анхны жил 32 орныг төлөөлж 3,500 хүн оролцож байсан гэхээр цар хүрээ нь хэдхэн жилд хэд дахин тэлж хэдийн дэлхийн ашигт малтмалын салбарын ирээдүйг тодорхойлох гол платформ болсон нь харагдана.

  • 🤔 Юу хүсээд байна вэ? Саудын Арабын ашигт малтмалын нөөц 2016 онд $1.3 их наядаар үнэлэгдэж байсан бол 2024 онд 90% өсөж $2.5 их наядад хүрсэн нь тэдний уул уурхайн салбарын асар их боломж, эдийн засгийн шинэ эх үүсвэрийг харуулж буй. Газрын тосоос хэт хамааралтай тус улс үүнийгээ ашиглаж дараагийн түвшинд гаргах гээд байгаа хэрэг. 

  • 👁️ Яаж вэ? Тэд бүх орц гарцыг нээж, хамаг хүний анхаарлыг татаж шүлсийг нь гоожуулах санал тавьж байна. Өнгөрсөн оны FMF-н үеэр нийт $182 саяар уул уурхайн хайгуулын урамшуулал олгож, 33 уул уурхайн лиценз олгосон. Ер нь бол Сауд манайд хайгуул хий хөгшөөн, жилийн 2.5%-4%-ийн хүүтэй зээл өгье, төсөлд ажиллах манай талын хүмүүсийн цалингийн тодорхой хувийг нь бид даая, санхүүжилтийнхээ 75%-ийг хөнгөлөлттэй зээлээр ав гэж байгаа юм. 

🥹 Яагаад ийм уриалгахан байна вэ? Монгол хүн л хойно уул уурхайгаас АМНАТ-өө төл, манайд 34%-иа өг, зөвшөөрөл өгөхгүй гэсэн үгсийг сонсож ирсэн. Энд иртэл баруун солгойгүй урамшууллаар балбаж байгаа нь сонин байв. Учир нь тэд “Vision 2030”-нхаа түрүүнд эдийн засгийн олон талт бүтэц бий болгож, газрын тосны хамаарлаа бууруулахын тулд уул уурхайг хөгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд нүсэр арга хэмжээ, даацтай амлалт өгч байна. Уг нь манайд ч Алсын хараа 2050 гэж бий. 

  • Гол ялгаа нь эд чинь зорилгынхоо төлөө жинхэнээсээ хичээж, төрөл бүрээр үзэж тарж, зохиосон арга хэмжээ нь бодит үр дүн гаргаж байна. Манайх эсрэгээрээ том том юм биччихээд том төсөв тавьчхаад үр дүнгүй хэдэн юм зохиосон нэр аваад дуусдаг. Энд бол бүх зүйл үр дүнгээ өгч үсрэнгүй хөгжиж байна. Энэ байдлаараа 5 жилийн дараа Саудын Араб хол тасрах нь. 

Атаархал дуусахгүй нь ээ… Арга хэмжээний үеэр нүдэн дээр Саудын Арабд 50 орчим том төслийн санал ирж, хэд хэдэн санамж бичиг зурагдлаа. Гэтэл бид энд ганц урагшилж байгаа газрын ховор элементийн төслөө морьтой жагсаад зогсоочихсон сууж байдаг. 😭

💡 Таавар таацгаая. 

… нь хөрөнгө оруулагчид үүсэх алдагдлыг хязгаарлах зорилгоор үнэт цаасыг тодорхой үнийн түвшинд хүрэх үед зарах тухай хөрөнгө оруулагчаас дилерт өгсөн захиалга. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Business Standard

🍋 IKEA дахин боловсруулах салбарын компаниудад $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Үүний €333 саяыг RetourMatras болон Morssinkhof Rymoplast тэргүүтэй өмнө нь хөрөнгө оруулсан компаниуддаа зарцуулах бол үлдсэн хэсгийг шинээр шалгарсан компаниудад хөрөнгө оруулах аж. Улмаар тэд 2030 он гэхэд үйлдвэрлэлийн хаягдал, ялангуяа текстилийг бүрэн дахин боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.

🍋 KOPIA Mongolia Center энэ жил “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ферментжүүлсэн багсармал тэжээл боловсруулалтыг эрчимжүүлж малын гарц болон чанарыг сайжруулах, улмаар өрхийн орлого, хэрэгцээт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, түүнчлэн зохиомол хээлтүүлгийн технологийг нэвтрүүлж  малын ашиг шимийг сайжруулах аж.

🍋 Өнгөрсөн жил гадаад улс руу зорчсон иргэдийн тоо 2023 оноос 34.7% өсөж 2.7 сая болжээ. Үүнд Хятад руу зорчсон иргэдийн тоо 42.9%, ОХУ руу 17.2%, Өмнөд Солонгос руу 15.1%, харин Япон руу зорчигчдын тоо 20.9% тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Харин мөн хугацаанд жуулчдын тоо 2023 оноос 23.9% өсөж 853 мянга болсон байна.   

🍋 Монголбанк ₮2 тэрбумаар Эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах аж. Үүнд Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд ₮200 саяыг зарцуулах нь.

  • 🐘 Сахалт зааныг сэргээн бүтээх зорилготой Colossal Biosciences $200 татаж $10.2 тэрбумын үнэлгээтэй болов. (TechCrunch)

  • №3 улаан будагч бодис хорт хавдар үүсгэх магадлалтай тул хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хоригложээ. (NYT)

  • ♻️ Удаан хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алддаггүй бүтээгдэхүүний онцлог. (HBR)

  • 🎓 Өнгөрсөн жил ТОП сургуулиудын бизнесийн удирдлагаар төгсөгчдийн 62% нь мэргэжлээрээ ажилд оржээ. (Economist)

Reply

or to participate.