• Lemon Press
  • Posts
  • 🤡 Монголын ТОП асуудал: Өөртөө хэт итгэлтэй

🤡 Монголын ТОП асуудал: Өөртөө хэт итгэлтэй

Оны онцлох шуугиан: Төсөв | OpenAI-н илүү ухаалаг загвар | $LEND-н шинэ өрийн хэрэгсэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Манай Lemonade in Korea цувралын ээлжит дугаарт Samsung Electronics-д хиймэл оюун ухааны судлаач инженерээр ажиллаж буй Монгол залуу Т.Наранхүү оролцлоо. Нэлээн мөлжүүртэй дугаар болсон шүү. 🍋🇰🇷 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: "Шунхлай” ХХК-ийн "Шунхлай" бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

POL: Монгол Улс Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр болов

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮49.8 тэрбумын болон $43 саяын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮20.6 тэрбумын арилжаа хийгджээ.

‼️ Оны онцлох шуугиан: Төсөв

Зээ энэ жил төсвийн талаар хамгийн урт удаан маргаж, шуугьсан жил болж байна даа. Юутай ч Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсны араас ЗГ чүүтэй айтай алдагдалгүй төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, ТБХ хэлэлцэхийг дэмжлээ. Үүний цаана юу байна вэ? 

💭 Юу өргөн барив?

ЗГ энэ удаад 2025 оны төсвийн төсөл болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн ирэх оны төсвийн тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан. Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийн дагуу шинээр өргөн барьсан төсөв нь батлагдсан төсвөөс ₮2.3 их наядаар танагдаж байгаа. 

  • Ингэснээр ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн ₮33.5 их наяд буюу ДНБ-ий 35.2%-тай тэнцэж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5%-ийн ашигтай байхаар тусгагдаад байна. 

Алдагдалгүй, гэхдээ ⁉️

Манай сайдуудын ирэх онд зарцуулах төсөв анх батлагдахдаа 2024 оныхоос дунджаар 46% өсөхөөр батлагдсан. Харин шинэ төсвийн төсөлд энэ дүн буурав. Өөрөөр хэлбэл, шинэ төсвийн төсөлд тусгагдсан Ерөнхий сайд болон 16 яамны сайдын ирэх онд зарцуулах нийт төсөв хориг тавигдсан төсвөөс ₮1.8 их наядаар танагджээ. 

  • 🥲 Өнөөх данхар: Уг нь шинэ төсөвт бүх яамны зардал багассан байна. Ганц Ерөнхий сайдын зардлаас бусад нь. Түүний ирэх онд захиран зарцуулах төсөв хоригт орсон төсвөөс 43%, 2024 оныхоос 89.9%, 2023 оныхоос бүр 158.7% нэмэгдэж ₮627 тэрбум болсон аж. 

  • 📉 Хамгийн их таналт: Эсрэгээрээ Зам тээврийн хөгжлийн сайдын төсөв хамгийн ихээр буюу 33%-иар танагдав. Дараагаар нь төсөвт хамгийн их орлого оруулж ирэх яамдын 2-рт эрэмбэлэгдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсөв 31% багасаж ердөө ₮49 тэрбум болоодохжээ.  

  • 📜 Алдартан: ₮18.3 тэрбумын үнэгүй үзвэрийн саналаараа танигдсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдын төсөв ₮77.5 тэрбумаар танагдсан байна. Уг таналтад эрхийн бичгүүд нь багтаж буй. 

Эцэст нь… Энэ жилийн төсөв ч бантан болж байна даа. Нэмээд Нийслэлийн төсөв нь улсын төсвийн учир олдоогүй байхад хаалттайгаар батлагдсан гэж байгаа. Төсөвт яригдаж байгаа бүх том дүнг та бид л татвараараа бүрдүүлэх тул төсөвтэй холбоотой мэдээллийг бүү алгасаарай. 🙏

 🔊 $LEND-н шинэ өрийн хэрэгсэл

LEND: ЛэндМН ББСБ ХК ₮6 тэрбумын өрийн хэрэгсэл гаргана. Уг санхүүжилтээр компани үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх юм. Уг өрийн хэрэгслийн андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК ажиллах аж. Сонирхуулахад, энэ онд МХБ (MSE) дээр 5 бонд нээлттэйгээр арилжаалагдаад байна.

 🤡 Монголын ТОП асуудал: Өөртөө хэт итгэлтэй

Төсөв, утааны нүргээн дунд Монголын Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал бүдгэрсээр. Өнгөрсөн Пүрэв гарагт Арменийн ЗГ тус хэлэлцээрийг байгуулахыг дэмжжээ

💪 Орос: Онцгой давуу

Угтаа бидний татваргүй худалдаа хийх гэж байгаа орнууд бол хуучин ЗХУ-ын шүхэрт байсан Армени, Казакстан, Киргизстан тэргүүтэй 5 орон. Тус холбооны дотоод худалдаа Оросоос бусад улсад төдийлөн ашиггүй.

  • 🔎 Тодруулбал, ЕАЭЗХ-ны 2 дахь том эдийн засагтай улс болох Казахстаны энэ оны эхний 9 сард тус орнуудтай хийсэн худалдааны эргэлт $21 тэрбумд хүрсэн. Үүний $13.6 тэрбум буюу 64.7% нь импорт. Гэтэл нөгөө талд экспорт нь өнгөрсөн оны мөн үеэс 8% татарсан аж.      

Монголд болон тус холбооны гишүүн орнуудад ажиглагдаж буй нийтлэг зүйл нь Оростой татваргүй худалдаа хийхийн тулд л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулдаг байдал. Гэсэн ч гарц нь оролтоосоо хэд дахин бага байгаад байдаг… 

💭 Үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ? 

Монголын гол асуудал нь ижилхэн ХАА-н экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй улсуудтай татваргүй худалдаа хийж өөрсдийнхөө экспортыг өсгөх найдвар. Гэтэл Казакстан гэхэд улаан буудай, үхэр, хонь, адууны мах, Киргизстан ноос ноолуурын томоохон экспортлогчид байхад Монголоос эдгээр бүтээгдэхүүнийг авах уу, бид зөрүүлээд эсгий тавчик, янмалын оймос нийлүүлэх үү, адилхан өрсөлдөөд явах уу, гэдэг сонин.     

  • 📢 Уг асуудалд бизнес эрхлэгчдээс эхлээд УИХ-ын зарим гишүүд дотоодын үйлдвэрлэгчдийг дээсэн дөрөөн дээр дэнжгэнүүлэх нөхцөл байдал бүрдэхээс гадна “Айлын хөргөгчид хүнсээ хадгалуулах гэж байна” гэхчлэн байр сууриа илэрхийлж байгаа.

🤕 Хуруу шууд нүд рүү

Бид ганц Японтой л чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Тус хэлэлцээрийг байгуулаад 8 дахь жил рүүгээ орж байгаа ч өнгөрсөн хугацаанд экспорт биш худалдааны алдагдал л илт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-аас дотоодын үйлдвэрлэгчдээ хохироох ахин нэг хэлэлцээр байгуулах гэж яаралгүй нухацтай хандахыг сануулаад буй. 

 Монголын тээврийн хэрэгслүүдийн талаарх зарим баримттай танилцацгаая

  • Энэ оны 11-р сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159,038  тээврийн хэрэгсэл байгаагийн 62.4% нь Улаанбаатарт бүртгэлтэй аж. 

  • Харин татвараа төлөөгүй нийт 408,684 тээврийн хэрэгсэл байгаагийн 56.6% нь мөн л Улаанбаатарынх. 

  • Тэгвэл хуулиар ногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 40% гаруй буюу хөдөлгөөнд оролцож буй 3 машин тутмын 1 гэнэ дээ.

🤚 Хүргэлтийн хураамж “баяртай”

Мэдсэн үү? Zahii апп хаана, хэзээгээс үл хамааран бараа, бүтээгдэхүүнийг ₮0-ийн хүргэлтийн үнээр, 30-90 минутад, 24 цагийн турш агуулахаас шууд хүргэж байгаа гэнэ. 📢 Үүгээр ч зогсохгүй, 

  • 💳 Хөнгөлөлттэй: Апп-ийн хэрэглэгчид захиалсан бараа бүтээгдэхүүндээ багцын хөнгөлөлт эдлэх, “TokiPay”-р дамжуулан зээлээр худалдан авалт хийх болон бүх төрлийн банкны карт, QPay, SocialPay-р төлбөрөө төлөх боломжтой. 

  • 📲 Урамшуулалтай: Түүнчлэн тус апп-ийн “Найзаа урих” цэсээр 10 хүртэлх хүн урьснаар урилга бүрийн тоогоор ₮10 мянгын худалдан авалтын эрх цуглуулах боломжтой байх нь.

Сонирхуулахад, энэ онд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ дэлхийн хэмжээнд ойролцоогоор $770 тэрбумын орлого олох төлөвтэй байна

ICS Career GPS

🍋 OpenAI хариулт өгөхөөсөө өмнө сэтгэх чадвартай o1 хувилбараа танилцуулав. Нарийвчилсан үнэлгээгээр тус хувилбар нь өмнөх хувилбараас 34% илүү оновчтой, хурдан хариулт өгч чаддаг бөгөөд олон төрлийн мэдээллийг боловсруулах чадвартайгаараа онцлог. Энэ ч утгаараа шинжлэх ухаан, инженерчлэл болон программчлалын салбарынханд дэм болох эд гэнэ. 

🍋 Энэ оны III улиралд том банкнууд ААН-ийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулалгүй иргэдийн зээлийн шалгуурыг бага зэрэг сулрууллаа. Тус хугацаанд иргэдийн зээлийн шалгуурын индекс -0.15 гарсан бөгөөд ирэх улиралд ч сулрах төлөвтэй байна. Үүнд тус хугацаанд банкнуудын өрсөлдөөн нэмэгдсэнээс гадна эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал голлон нөлөөлжээ.

🍋 McKinsey-н Африк дахь охин компани Өмнөд Африкийн төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэргээр $123 саяын торгуульд унав. Тодруулбал, McKinsey Africa нь Transnet болон Eskom-н зарим албан тушаалтнуудад 2012-2016 оны хооронд нийт $12.5 саяын хахууль өгч төрийн зөвлөх үйлчилгээний тендерийн гэрээний талаарх нууц мэдээллийг олж авсан аж. Тус авлигын схем нь тэдэнд $85 саяын ашиг авчирсан байна.  

🍋 ЦХИХХЯ НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газартай хамтран өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлал хийнэ. Эхний ээлжид тэд Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын өнөөгийн түвшнийг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг танилцуулах аж. Цаашлаад ирэх оны эхээр ЦХИХХЯ хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегийг олон нийтэд танилцуулах юм байна. 

💧 Уул уурхайн усны менежмент

Уул уурхайн компаниудын усны менежмент яагаад чухал гэдгийг мэдэх үү? Ер нь компаниуд энэ тал дээр яаж анхаарч байна вэ? 

💭 Ач холбогдол

Уурхайн усны менежмент нь зөвхөн нөөцийг хэмнэхээс гадна, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, орон нутгийн иргэд болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чухал ач холбогдолтой. Иймд олон улсын уул уурхайн компаниуд, тэр дундаа Rio Tinto (RIO) усны хэрэглээг багасгах, үр ашигтай ашиглахын тулд орчин үеийн технологи, шинэлэг санаачилгуудыг нэвтрүүлсээр ирсэн. 

  • 🔍 Арга зам: Уул уурхайн компаниуд усны менежментийн арга зам нь усны эргэлтийн системийг сайжруулж, ашигласан усыг дахин боловсруулж цэвэр усны хэрэглээг бууруулах, борооны ус ашиглах, усны эх үүсвэрийг хамгаалах, нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах зэргээс бүрддэг. 

🇲🇳 Шилдэг жишиг Монголд

Бодит жишээгээр, Оюу толгой төслийн ус дахин ашиглалтын зорилт энэ оны III улирлын байдлаар 80% байсан ч зорилтоо давуулан биелүүлж, дунджаар 87.7%-д хүрсэн. Энэ нь уул уурхайн салбарын дунджаас 12.7 нэгжээр өндөр буюу шилдэг жишигт тооцогддог гэсэн үг. Учир нь төслийн хүрээнд усны чанар, хэрэглээг хянах автоматжуулсан систем суурилуулсан бөгөөд усны эх үүсвэр, гол мөрөн, уст давхаргын экосистемд үзүүлэх нөлөөллийг тогтмол үнэлж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг аж. 

  • Түүнчлэн Оюу толгой уурхай 150-400 метрийн гүн дэх усыг ашигладаг. Энэ ус нь ундны уснаас 3-4 дахин эрдэсжилттэй тул ахуйд хэрэглэх боломжгүйн дээр ундны уснаас 250 метр хүртэлх зузаан шаврын үеэр зааглагдсан учир ундны усны нөөцөд нөлөөлөхгүй гэсэн үг. 

Эцэст нь… Цэвэр усны нөөцийн асуудал хурцдаж байгаа энэ үед уул уурхайн компаниуд усны нөөцийг зөв ашиглах соёл, шинэчлэлийг бий болгож байгаа нь үнэхээр сайшаалтай. Оюу толгойн хувьд гүнээс ус гаргана гэдэг амаргүй ажлыг бодит ажил хэрэг болгожээ. 

  • 📱 ТОП ухаалаг утаснуудыг 7 үзүүлэлтээр харьцуулав. (BusinessInsider)

  • 📜 Италид “Монголын соёл судлалын төв” байгуулжээ. (MNB

  • Өглөө эрт сэрэх зуршлыг бий болгоход 21 өдөр шаардлагатай. (BusinessTips

  • 🎯 "Монгол Туркийн бизнес форум"-аар хөрөнгө оруулалт татах боломж. (MongolChamber)

  • Даваа: Өнгөрсөн сарын инфляц гарна

  • Мягмар: Араас нь гадаад худалдааны нөхцөлийн индекс зарлагдах нь ээ.

  • Лхагва: Энэ өдөр орон сууцны үнийн индекс хэр хэлбэлзсэнтэй танилцах юм байна

  • Пүрэв: 11-р сарын өрийн статистик гарахаар байгаа. Хэр өссөн бол доо?

  • Баасан: Эцэст нь мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн 11-р сарын өнгийг тольдохоор байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.