• Lemon Press
  • Posts
  • 🏠 Монгол мөрөөдөл: Орон сууц

🏠 Монгол мөрөөдөл: Орон сууц

$SBM 15 нас хүрлээ! | AI-н зардал пуужиндав | ураны хэлцэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Lemon Press IFPIM буюу Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн хөтөлбөрт тэнцсэн билээ. Уг хөтөлбөрт Монгол Улсын 6 хэвлэл мэдээллийн байгууллага шалгарсан юм. Өчигдрийн бидний тэнцсэн хөтөлбөрийн нээлт боллоо. 🎉

TAX: Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх олон талт конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ

BTC: Биткойны үнэ өчигдрийн 20 цагийн байдлаар 1 өдрийн дотор 5% өсөж шинэ түүхэн түвшин болох $97,981-ыг давлаа

CUS: Чингис хаан ОУ-ын нисэх буудлаар өдөрт дунджаар 30-35 ирэх, явах нислэг үйлдэгдэж, нийт 2,800-3,500 гаруй зорчигч хилээр нэвтэрч байна.

 

🎂 $SBM 15 нас хүрлээ!

Өнөөдөр Төрийн Банк ХК (SBM)-ийн 15 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд тэд Монгол Улс даяар 500 гаруй салбартай нийт 2.3 сая харилцагчтай болжээ. 

🎈 40Х тэлэлт

Тэртээ 2009 онд Төрийн банк 100% төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үед 270 гаруй ажилтан, 28 салбар, 110 мянга гаруй харилцагчтай байсан бол өдгөө нийт харилцагчийн тоогоо 21 дахин, ажилтны тоогоо 15 дахин тус тус өсгөж, Монголын хамгийн олон салбартай банк болжээ. 

  • 🥇 Анхдагч: Үйл ажиллагаагаа ₮138 тэрбумын хөрөнгөтэйгөөр эхлүүлж байсан тэдний хөрөнгө хөрөнгө нь 40 дахин нугарч ₮5.6 их наядын хөрөнгийг удирдаж байна. Түүнчлэн тус банк системийн ТОП-5 банкнаас хамгийн түрүүнд буюу 2022 онд олон нийтэд нээлттэй болж байсан билээ.

  • Зорилт биелэв: Гэснээс тус банк IPO хийхийнхээ өмнө хөрөнгөө 2024 он гэхэд ₮4.9 их наяд, нийт зээлийн хэмжээгээ ₮3 их наядад хүргэх зорилт тавьж байв. Улмаар өнгөрсөн III улиралд цэвэр зээлийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 38.9% өсөж ₮3.3 их наядад хүрснээс харахад тэд зорилтоо давуулан биелүүлжээ.

  • 🤝 Төр + Иргэдийн банк: Сонирхуулахад, Төрийн банкаар дамжин халамжийн мөнгө олголтын 70% гаруй, тэтгэврийн 50% орчим нь иргэдэд хүрдэг шүү.  

🔜 Шинэ 15 жилд 

Төрийн банк 2022 онд дундаж давхаргыг дэмжигч алсын хараа, эрхэм зорилготой ажиллахаа мэдэгдэж байсан. Энэ нь банкны хөгжлийн II үе шат байсан бол одоо III үе шат буюу ирэх 15 жилдээ тус зорилгын хамт ногоон хөгжлийг дэмжигч банк болох аж. 

  • 🆕 Шинэ бүтээгдэхүүнүүд: Уг зорилтын хүрээнд Төрийн банк цоо шинэ 2 бүтээгдэхүүн гаргаж буй. Тухайлбал одоогийн байдлаар “Малчны ногоон зээл”-ийг зах зээлд нэвтрүүлж дараагаар нь “Ногоон бонд” гаргахаар ажиллаж байгаа. Ногоон бонд гаргаснаар банк валютын эх үүсвэр шинээр татаж, ирэх жилүүдэд илүү олон ногоон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих боломжтой.

Энэ хүрээд Төрийн банкны 15 жилийн аяллын тоймоо өндөрлүүлье. Ирэх жилүүдэд илүү олон ногоон амжилт, санхүүжилтийн мэдээ дуулдах бололтой дог шүү. Хүлээж байя. 🔥 

🤝 Зээлийн эрэлтээ хангана

SEND: Сэндли ББСБ ХК өөрийн компанийн нэр дээр Капитрон банканд ₮2 тэрбумын зээлийн шугамын эрх нээлгэхээр боллоо. Энэ нь тус ББСБ-ын харилцагчдад олгох зээл болон эрэлтийг хэвийн хадгалах зорилготой нь холбоотой. Улмаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ₮5 тэрбумын дүн бүхий хэрэглээний, үл хөдлөх хөрөнгө болон автомашин барьцаалсан зээлийн багцаа барьцаалахаар болжээ. 

🏠 Монгол мөрөөдөл: Орон сууц

Орон сууцны ипотекийн зээлийг сонирхож байгаа хүмүүст сонирхолтой судалгааны тойм хүргэе ээ. 2013 оноос хойших 11 жилийн хугацаанд юу болоод байна вэ? 

₮9 их наяд ➡️ 121 мянган зээлдэгч

Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээл авагсдын тоо 121 мянгад хүрсэн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл нь ₮9.1 их наяд байгаа. Нийт үндсэн зээлдэгчдийн дийлэнх нь буюу 42% нь 35-45 насныхан аж. Түүнчлэн ипотекийн зээл авагсад дунд бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажил эрхлэгчид зонхилж байгаа юм. 

  • 📌 Үр дүн: Одоогийн нөхцөл байдлаас том зургаар нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй хөтөлбөрийн үр нөлөөг харвал сүүлийн 10 жилд орон сууцанд амьдардаг өрхийн хэмжээ 40.2%-иас 51.2% болж нэмэгдсэн. Үүнээс гадна тус хөтөлбөрөөс шалтгаалж барилгын салбар 2.5 дахин тэлжээ

‼️ 3 үг: Дутмаг, Өсөлт, Сөрөг

Харж байгаачлан ипотекийн зээлийн хөтөлбөр үр дүн гаргасан уу гэвэл мэдээж гаргасан. Гэхдээ хэд хэдэн асуудал бий. Юуны түрүүнд хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байгаагаас үүдэн 2023 оны байдлаар ипотекийн зээлийн хүртээмж 40% буурсан. Үүнээс үүдэн Монголын хатуу, хүтүүг үл ажран дунджаар 5-аас дээш жил урьдчилгаа төлбөрөө цуглуулдаг иргэд маань хөнгөлөлттэй хүүтэй зээлээр орон сууц авах гэж 1-2 жил хүлээж буй. 

  • ☁️ Тэнгэрт хөвөх үнийн өсөлт: Улаанбаатар худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ 2022 оны 10-р сараас энэ оны мөн үе хүртэл 38.5% өсөж ₮4.6 сая болоод байна. Иймээс орон сууцны үнэ иргэдийн орлоготой харьцуулахад 2-2.5 дахин үнэтэй болчхож байгаа юм. 

  • 🤦‍♀️ Төрийн оролцоо = Сөрөг: Төрөөс орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилгоор уг зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч нь болжээ. Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг 8%-иас 6% болгож бууруулсан нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг өсгөн иргэдэд ирэх төлбөрийн ачааллыг бууруулах биш харин ч 16% өсгөсөн байна.

Эцэст нь… 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэнэ. Дан эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого нь хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж байгаа мэт боловч эрэлт, үнийг тэнгэрт хадааж хөнгөлөлттэй хүүтэй ч илүү үнэтэй орон сууцыг бий болгож байна. 

💡 Таавар таацгаая. … нь компанийн санхүүгийн түүхийг өгүүлдэг бичиг баримт бөгөөд компанийн эзэмшиж буй болон өртэй зүйлсийг нарийвчлан тэмдэглэдэг. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Kubogreenhouses

🍋 Өнгөрсөн жилийн байдлаар нийт хүлэмжид тариалдаг хүнсний нарийн ногооны 60%-ийг импортолж, 40%-ийг дотооддоо тарьжээ. Үүнд өргөст хэмхийн импортын эзлэх хувь хамгийн бага буюу 12% байгаа бол чинжүүний импорт 37% болон улаан лоолийн импорт 42%-ийг эзэлж байна. Харин навчит ногооны хангамжийн 96% нь импортоос хамааралтай байна.

🍋 АМГТГ Mongolia Foison Energy-тэй газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ үзэглэлээ. Тус гэрээнд зааснаар Монголын талд ногдох ашгийн доод хэмжээ 41%-иас эхлэх бөгөөд олборлолтын хэмжээнээс хамаарч 50% хүртэлх нэмэгдэх аж. Мөн газрын тос болон 8%-ийн АМНАТ авах юм. Сонирхуулахад, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол Улс ямар ч эрсдэл хүлээхгүй гэнэ.  

🍋 Энэ жил компаниудын хиймэл оюун ухаанд зарцуулсан зардал 500% өсөж $13.8 тэрбумд хүрэв. Үүний $6.5 тэрбумаар нь ChatGPT, Gemini болон Claude зэрэгт хөрөнгө оруулсан байна. Нийлүүлэгчдийн хувьд авч үзвэл, мөн хугацаанд OpenAI байгууллагын AI зах зээлд эзлэх хувиа 50%-иас 34%-д хүртэл бууруулсан бол Anthropic 12%-иас 24%-д хүргэж 2 дахин нэмэгдүүлээд буй.

🍋 УИХ Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлав. Үүнд ЗГ Orano Mining-тай хамтарч ажиллахад Төрийн эзэмшлийн 34%-ийг АМНАТ төлбөрөөр орлуулах, энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгох боломжийг тусгажээ. Цаашлаад 13 татвар, 25%-ийн ААНОАТ болон давуу эрхийн хувьцааны 10%-ийг авах нь. Тэгвэл ЗГ хөрөнгө оруулалтын гэрээг Orano Mining-тай ирэх жилийн 1-р сард багтаан байгуулах аж.

  • 🗻 Ирэх жилээс Фүжи ууланд авирахад $43 төлдөг болно. (StraitsTimes)

  • 📩 Имэйлээр харилцах чадвараа сайжруулмаар байна уу? (CNBC)

  • 📱 Удахгүй Instagram дээр санал болгож буй алгоритмыг тохируулдаг болно. (TechCrunch)

  • 🚀 Инженерийн оюутны бүтээсэн пуужин сонирхогчдын дээд рекордыг шинэчлэв. (TechSpot)

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.