• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Минутад ₮8 саяын зээл

🇲🇳 Минутад ₮8 саяын зээл

Нүүрсний орлогын асуудал | $MSFT: 1 өдрийн тэсрэлт | Spider-Man: Орлого

POWERED BY

Шинэ сарын мэнд! 2026 оны зун өндөрлөхөд ердөө нэг сарын хугацаа үлдээд байна. Ямартай ч энэ сард агаарын дундаж температур Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй бөгөөд хур бороо зүүн, төв болон говийн аймгуудын хойд хэсгээр ахиу орох төлөвтэй гэнэ шүү. ☔️

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Лхагва гарагт буюу 8 сарын 5-нд ЗГ-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаж ₮10 тэрбумыг татан төвлөрүүлнэ.

MLG: Монложистикс Холдинг ХК (MLG) ЛэндМН ББСБ (LEND)-тай худалдан авалтын зээлийн үйлчилгээний гэрээ байгуулжээ.  

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮126.7 тэрбумын болон $4.3 саяын арилжаа явагджээ. $-ын арилжаа 100% хоёрдогч зах зээл дээр явагдсан аж.

OIL: OPEC+ 9-р сараас олборлолтоо хоногт 188,000 баррелиар нэмэхээр шийдвэрлэсэн ч дайнаас үүдэн зах зээлд дорвитой нөлөө үзүүлэхээргүй байна.

🤯 Зээлээс зээл

Монгол Улсын иргэдийн нийт зээлийн үлдэгдэл ₮28.8 их наядыг давжээ, базарваань. Дахиад л түүхэн дээд дүн эвдэгдсэн хэрэг.

🚁 Арван жилд 5.5 дахин өсөв

₮28.8 их наяд гэдэг нь 10 жилийн өмнөхөөс даруй 454% буюу 5.5 дахин, сүүлийн 1 жилд гэхэд 17% буюу ₮4.2 их наядаар өссөн дүн юм. Өсөлтийн трэндийг харвал 2016-2019 онд жилд ₮1.2-₮1.4 их наядаар тогтвортой нэмэгдэж байж. Харин 2020 оны цар тахлаар зээлийн нийт үлдэгдлийн хэмжээ ₮8.5 их наяд болж агшиж байсан ч дараагаар нь хэрэглээний зээлийн эрэлтээр жилд ₮3.5-₮4 их наядаар огцом тэлжээ.

  • 💨 Цагтай уралдах өрийн хурд: Иргэдийн зээлийн үлдэгдэл сүүлийн 1 жилд өдөрт дунджаар ₮11.5 тэрбумаар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, цаг тутамд ойролцоогоор ₮480 сая, минут тутамд ойролцоогоор ₮8 саяар нэмэгдэж байгаа хэрэг. Галзуу хурд гэдэг л энэ байх даа.

🗼 Үл хөдлөх хэрэгтэй байна

Энэхүү ₮28.8 их наяд хаашаа урссаныг харвал өрхийн амьжиргаа ба хөрөнгө оруулалтын дүр төрх тод харагдана. Багцын хамгийн том хэсэг буюу 26%-ийг үл хөдлөх хөрөнгийн зээл эзэлж байна. Энд ипотекийн зээл ч багтаж буй. Тэгэхээр иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгө хамгийн бодит хөрөнгө оруулалт хэвээр байгааг илтгэнэ. 

  • 🤑 ₮3-ний ₮1 нь: Цаашлаад, өрхийн амьжиргааны баталгаа болсон цалингийн зээл нийт зээлийн үлдэгдлийн 21.9%, ахмадуудын тэтгэврийн зээл 11%-ийг эзэлж байна. Сонирхолтой нь, цалин ба тэтгэврийн зээл нийлээд ₮9.5 их наяд буюу иргэдийн банкнаас авсан ₮3 тутмын ₮1-ийг бүрдүүлж байгаа нь ирээдүйн орлогоо урьдчилан барьцаалсан өрийн сүлжээ гүнзгийрснийг харуулна.

Дүгнэвэл, зээлийн 58.9% нь үл хөдлөх, цалин ба тэтгэвэрт төвлөрсөн нь санхүүгийн хүртээмжийг харуулах ч өрхийн орлогод суурилсан өрийн дарамт аюултай түвшинд ойртож байгааг сануулж байна даа. 

  • 🤝🏻 Монголын дипломат харилцааны цар хүрээ урьд хожид байгаагүйгээр өргөжлөө. (iKon)

  • 🎙️ 2026 оны хамгийн өндөр орлоготой подкаст бүтээгчид. (Forbes)

  • 🏛️ Хуурамч мэдээллийн эсрэг тэмцэл төрийн ордноос эхлэх ёстой. (UBLife)

  • 🍭 Хүүхдийн 2 наснаас өмнөх чихрийн хэрэглээ тархины хөгжилд нөлөөлдөг. (BBC)

🔥 1 өдрийн тэсрэлт

MSFT: Өнгөрсөн 7 хоногт Microsoft-н зах зээлийн үнэлгээ 1 өдрийн дотор $450 тэрбумаар тэлж, хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том үсрэлтийг хийлээ. Azure үүлэн үйлчилгээний орлого нь 43% өссөн тул хувьцааны үнэ нь 16% цойлсон байна. Сонирхолтой нь, ганцхан өдөрт нэмэгдсэн энэхүү асар том үнэлгээ нь Финланд, Вьетнам зэрэг улсуудын хөрөнгийн биржийн нийт үнэлгээнээс ч даван гарчээ.

🥲 Хэцүүхэн төсөөлөл

Нүүрс, зэсээ зарж голоо зогоодог бидний эдийн засаг түүхий эдийн үнээс бараг шууд хамааралтай. Тэгвэл Fitch Ratings-н гаргасан үнийн төсөөлөл тийм ч таатай дүр зураг харуулсангүй

🌊 Түр зуурын давлагаа

Геополитикийн шок болон нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалан түүхий эдийн үнэ 2026 онд түр өсөөд, 2027 оноос дунд ба урт хугацаанд байнга буурах зураглалтай байна. Энэ нь 2026 онд Монгол Улсын экспортын орлого богино хугацаанд тэлэх ч 2027 оноос эхлэн төсвийн орлого үлэмж хэмжээгээр буурах, тасалдах бодит эрсдэлийг сануулж байна.

‼ Нүүрсний орлогын асуудал

Эрдэнэс Тавантолгой болон бусад нүүрсний компаниудын орлогын тулгуур болох коксжих нүүрсний үнэ 2026 онд $220 байгаа бол 2027 онд $190, дунд хугацаанд $180 болж 18.1% буурна. Австрали болон Хятад дахь олборлолтын доголдол арилж, зах зээл тогтворжих тусам нүүрсний экспортын болон татварын орлого буурна. ЭТТ-н орлого багасвал 1072 хувьцааны ногдол ашигт ч нөлөөлнө гэсэн үг.

🔑 Алт ба төмрийн хүдрийн огцом уналт

Монголбанкны валютын нөөцийг зузаатгадаг алтны үнэ 2026 онд $4,500 орчимд байхаар байгаа бол 2027 онд $3,800, дунд хугацаанд $2,300 болж бараг 50% унахаар байна. Мөн төмрийн хүдрийн үнэ $100-оос 25% буурах нь ээ.

  • 📊 Зэсийн орлогын сааралт: Оюу толгойн гол зангилаа болох зэсийн үнэ 2026 онд $12,500-т хүрэх боловч 2027 оноос $11,000, цаашлаад $10,000 болж буурна. Гэхдээ нөгөө талаас гүний уурхайн олборлолт нэмэгдэж байгаа нь сайшаалтай. 

  • 📌 Алдагдаж байгаа боломж: Эсрэг талд үнэ нь хамгийн ихээр өсөх түүхий эд бол лити байгаа. Гэвч манайд хайгуулын ажил урагшлахгүй байгаа нь харамсалтай.  

Эцэст нь… 2026 оны түр зуурын өндөр үнэд дулдуйдан төсвийн зарлагыг хэт тэлбэл, 2027–2029 онуудад төсвийн орлого огцом буурч, төсвийн алдагдал гүнзгийрэх аюултай байна даа. 

Дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан уран зургуудын жагсаалтыг Леонардо да Винчигийн 1500-аад оны үед бүтээсэн “Salvator Mundi” тэргүүлдэг гэдгийг мэдэх үү? Тэгвэл хамгийн өндөр үнээр зарагдсан ТОП-5 зурагтай танилцъя. 

  • 1️⃣ Salvator Mund: $450 сая

  • 2️⃣ Interchange: $300 сая

  • 3️⃣ The Card Players: $250 сая

  • 4️⃣ Portrait of Elisabeth Lederer: $236.4 сая

  • 5️⃣ Nafea Faa Ipoipo (When Will You Marry?):  $210 сая

Гэснээс, Salvator Mundi-н бүтээлийн байршил тодорхойгүй хэвээр байгаа нь урлагийн ертөнцийн хамгийн том нууцуудын нэг болоод байна.

Bleeding

🍋 Spider-Man: Brand New Day кино нээлтээсээ $927 саяын орлого оллоо. Энэ нь Avengers: Endgame-н дараа орох үзүүлэлт бөгөөд анх таамаглаж байсан $425 саяын орлогыг 2 дахин давуулжээ. Тус бүтээлийн орлого удахгүй $1 тэрбумыг давж, Toy Story 5-г гүйцэн 2026 оны хамгийн өндөр орлоготой кино болох төлөвтэй байна даа.

🍋 Хятадын DeepSeek компани Өвөр Монголын Улаанцав хотод 1 гигаваттын чадалтай хиймэл оюун ухааны дата төв барихаар төлөвлөж байна. 2027 оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар зорьж буй энэхүү төсөл нь Америкийн технологийн аваргуудтай өрсөлдөх зорилготой юм. Мөн $50 тэрбумаар үнэлэгдсэн тус компани $7 тэрбумын хөрөнгө оруулалт босгож, IPO гаргахаар бэлтгэж байна.

🍋 Японы орон нутгийн иргэдийн тоо төрөлт буурч, хөгшрөлт гүнзгийрсний улмаас сүүлийн 42 жилд анх удаа 120 саяас доошилж, 119.7 сая боллоо. Харин гадаадын оршин суугчдын тоо 9.6% өсөж, түүхэн дээд хэмжээ буюу 4 саяд хүрсэн гэнэ. Улмаар төрөлтийн коэффициент 1.14 болж буурсан нь ажиллах хүчний хомсдол, нийгмийн хамгааллын дарамтыг улам гүнзгийрүүлж байна.

🍋 Монгол, Киргиз Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрт үндэслэн техникийн ба хорио цээрийн шаардлагыг уялдуулж, худалдааг хөнгөвчлөхөөр зорилго тавилаа. Мөн Транзит Монгол бодлогыг CAREC хөтөлбөртэй уялдуулан бүс нутгийн авто, төмөр зам болон агаарын тээврийн холболтыг эрчимжүүлнэ.

  • Даваа: $SBM-н 2026 оны II улирлын Earnings call зохион байгуулагдана.  

  • Мягмар: $HSBC, $TM, $MCD, $SPOT нарын тайлантай танилцана.

  • Лхагва: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ Улаанбаатар хотод эхэлнэ.

  • Пүрэв: Гаднын хөрөнгө оруулагчид Японы ХЗЗ-д хэр хэмжээний мөнгө эргэлдүүлэв?

  • Баасан: Олон улсын шар айргийн өдөр тохионо

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.