🫣 Rolex-н залилан

$28.5 их наядын аура | $NVDA: Рекорд үргэлжилсээр | Түгжрэхгүй ээ хө

POWERED BY

Өглөөний мэнд! Маргааш олон мянган хүний өдрийн бодол, шөнийн зүүд болсон Улаанбаатар Марафон 2026 эхлэх гэж байна. Энэ жил нийт 43 орны 46,306 хүн марафонд гүйх бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим байршлуудад замын хөдөлгөөн хаана шүү. Маргааш гүйх бүх лимонууддаа спортын өндөр амжилт хүсье. 💨🏃🏻‍♀️

*Нэг өдрийн өөрчлөлт.

LAW: Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Үүнд газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25%-ийг улсын төсөв, 35%-ийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, 10%-ийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан зэргээр тус тус хуваарилна гэж тусгажээ. 

US: Америкийн 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 5.2%-ийг давж, 2007 оны дэлхийн санхүүгийн хямралын өмнөх үеэс хойших хамгийн өндөр түвшиндээ хүрлээ.

POL: 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд ТЭЗҮ-гүй, санхүүжилт нь тодорхойгүй ₮3.6 их наядын 206 төсөл тусгах санал гаргажээ. Бодит байдалд одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх ₮2.2 их наядын хөрөнгө оруулалтыг л шийдвэрлэх боломжтой аж.

🤯 Хаа сайгүй зогсоол

Нийслэлийн барилга байгууламжийн ажил дуусахгүй нь ээ. Энэ ондоо багтааж нийт 36.4 га талбайд 192 авто зогсоол байгуулах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Үнэхээр түгжрэл, хүртээмжийг шийдэх гээд байна уу, нийслэлийн хэтэвчийг зузаалах өөр арга уу? 

🕵️‍♂️❓ Түүх давтагдах уу?

Өмнө нь нийслэл хот өөрөө томоохон зогсоолууд барьж байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд бэлэн байгаа үнэгүй зогсоолыг төлбөртэй болгох тактик руу шилжсэн. Сэргээж сануулбал, бүр 2017 онд нийслэлийн 70 орчим байршилд авто зогсоол барьж, заримыг нь 2-4 давхар орчин үеийн шийдэлтэй болгоно гэж байв. Гэхдээ дорвитой өөрчлөлт гараагүй, давхар зогсоол ч замхарч, түгжрэл нэмэгдэж, зогсоолын хүртээмж улам буурсан. Харин одоо 25 шинээр зогсоол, гарааш буулгасан нийтийн эзэмшлийн байршилд 167 зогсоол барина гэнэ.

  • 🫣 Түгжрэхгүй ээ хө: Албаныхны тооцоолж буйгаар 192 байршлыг зогсоолтой болгосноор тухайн орчмын замын түгжрэл 20%-30% буурч, зогсоол хайж дэмий эргэлдэх хугацаа 15%-30% багасах гэнэ. Цаасан дээрх энэ гоё тоонууд амьдрал дээр биелж, үр дүнг нь бодитоор хэмждэг болоосой гэж залбирах л үлдлээ.

  • 🗺️ Гэснээс хаана баригдах зогсоолууд вэ? Баянгол дүүрэгт 53 зогсоол, Сүхбаатар дүүрэгт 43, Баянзүрхэд 38, Хан-Уулд 27, Чингэлтэйд 24 зогсоол тус тус баригдах бол Сонгинохайрханд хамгийн цөөн буюу 7 байршилд зогсоолтой болох нь ээ. 

💰 Мөнгө олно оо хө: Зогсоол = Орлогын өсөлт

Цаашлаад, зогсоол байгуулах тогтоолын төсөл дээр зогсоолын орлого 20%-40% нэмэгдэнэ гэж тусгагдсан аж. Харин Улаанбаатар хотын Хөгжлийн Корпорацаас том зургаараа энэ онд 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс ₮2.4 тэрбумын орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр зогсоолын төлбөрийн орлого жилийн өмнөхөөсөө 1.5 дахин 2024 оныхоос 2.5 дахин нэмэгдэх нь. Түгжрэл буурах нь эргэлзээтэй ч төсөв томрох нь бат бололтой.

Эцэст нь… Зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, эмх цэгцэд оруулах нь зөв алхам. Гэхдээ зогсоолын орлогыг үр дүнтэй зарцуулагдах уу, эсвэл дахиад л цаасан дээрх үр дүн болоод өнгөрөх үү гэдэг сонин. Төлбөр нь өсдөг ч түгжрэл, хүртээмж нь хэвээрээ үлддэг хотын дүрмээс салах л хэрэгтэй байна даа.

  • 🔖 Монголын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү? (Baabar.mn)

  • 🎽 Марафонд гүйхэд зайлшгүй хэрэгтэй хэрэгслийн жагсаалт. (Marathons)

  • 🛩️ Hunnu Air 580 км/ц хурдлах хүчтэй King Air 360 онгоцтой болно. (ch-aviation)

  • 🍕 ДАШТ-д Америкийн тамирчид улаан хуудас авбал Domino $1 саяар пицца тараана. (QZ)

🔥 $NVDA: Рекорд үргэлжилсээр

NVDA: Өнгөрсөн улиралд NVIDIA-н орлого өмнөх оны мөн үеэс 85% өсөж $81.62 тэрбумд хүрсэн нь түүхэн рекорд болж бүртгэгджээ. Үүнд Blackwell архитектур болон AI дэд бүтцийн эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн ба цэвэр ашиг 211% тэлж $58.3 тэрбумд хүрээд байна. Түүнчлэн, $NVDA нэмэлтээр $80 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталж, улирал тутмын ногдол ашгаа нэгж хувьцаанд $0.01-оос $0.25 болгон өсгөсөн аж. Үүнтэй холбоотой Лхагва гаргийн арилжаагаар $NVDA-н нэгж хувьцааны үнэ 1.3% өсөж $223.5 дээр хаагджээ.

🚀 $28.5 их наядын аура

Саяхан SpaceX-н удахгүй хийх IPO-д зориулсан проспектус олон нийтэд танилцуулагдлаа. Тэгвэл олон зуун хуудастай проспектусаас сонирхолтой гэсэн мэдээллийг тоймлон хүргэе. 

🗓️ Хэзээ мөдгүй IPO

Тэртээ 2002 онд үйл ажиллаагаагаа эхлүүлсэн SpaceX $SPCX тикертэйгээр 21 өдрийн дараа буюу ирэх 6 сарын 12-нд NASDAQ дээр IPO хийнэ. Компани олон нийтээс $75 тэрбумыг татан төвлөрүүлж, ингэснээр үнэлгээ нь $1.75-$2 их наядад хүрэх төлөвтэй байна. Энэ бүхэн биеллээ олбол SpaceX Хойд Америкийн түүхэнд IPO-н дараа $1 их наядаас дээш үнэлгээнд хүрсэн анхны компани болох юм.

  • 🗃️ Бизнесийн задаргаа: 2011 онд NASA “Сансарын шаттл” хөтөлбөрөө зогсоосноос хойш SpaceX тэдний хамгийн том түншээр тооцогдох болсон. Мөн тэд 10 мянга гаруй хиймэл дагуултай Starlink интернэтийн үйлчилгээ, AI-н аваргуудын нэг xAI-г эзэмшиж байна. Товчхондоо сансар, харилцаа холбоо, AI гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

  • 📯 Сансараас илүү AI төвтэй: Тэд IPO хийснээр ирээдүйд $28.5 их наядын зах зээлийг базна хэмээн харж байна. Үүний $26.5 их наядыг AI-тай холбоотой дэд бүтэц, subscription үйлчилгээ, дижитал сурталчилгаа, байгууллагад зориулсан шийдэл бүрдүүлэх гэнэ. 

📊 Санхүүг нь ухвал

Энэ оны I улиралд SpaceX-н орлого $4.7 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15.4% өссөн дүн байлаа. Орлогын дийлэнх болох $3.26 тэрбумыг Starlink бүрдүүлсэн бөгөөд ашгийн хувьд харилцаа холбооны бизнес нь компанийн цорын ганц ашигтай нэгж байв. Тухайлбал, уг нэгж $1.2 тэрбумын ашигтай ажилласан бол үлдсэн сансрын бизнес $619 саяын, AI нэгж $2.5 тэрбумын тус тус алдагдал хүлээжээ.

  • 💸 $1.3 тэрбум $BTC: Өнгөрсөн улирлын байдлаар SpaceX нь 18,712 Биткойн (BTC) эзэмшиж байна. Энэ нь ойролцоогоор $1.3 тэрбумтай тэнцэх хэмжээний дүн бөгөөд дунджаар 1 ширхэг $BTC-г $35,324-оор худалдан авчээ.

Эцэст нь… Проспектус дээр удахгүй Starlink-н гар утасны сүлжээний хамрах хүрээнд Монгол багтахаар харагдсан шүү. 🔜

… нь 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд өөрийн спортоор Монгол тамирчдаас хамгийн анхны олимпод оролцох эрхийг авч байв. 2008 оны Хонконгод болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн нэгэн юм. Энэ тамирчин хэн бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцаарай. ✌️

🤔 Крипто опцион гэрээ гэдэг нь…

Зах зээл огцом унах үед дийлэнх крипто арилжаачид сандарч, тэвдэх нь түгээмэл. Харин туршлагатай арилжаачид опцион гэрээг ашигладаг гэдгийг мэдэх үү?

  • 🔎 Юу билээ? Крипто опцион гэрээ нь тодорхой хугацаанаас өмнө криптовалютыг тогтсон үнээр худалдаж авах эсвэл зарах эрхийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм. Тус арилжаанд оролцохын тулд premium гэж нэрлэгдэх урьдчилсан шимтгэл төлдөг бөгөөд энэ нь тухайн позици дээр алдах боломжтой дээд хэмжээг илэрхийлдэг аж.

  • 👀 Задлаад харвал: Зах зээлд 2 төрлийн опцион гэрээ бий. Эхнийх нь call option буюу үнэ өснө гэж таамаглах явдлыг хэлдэг бол удаах нь put option буюу үнэ буурна гэж таамаглахыг хэлдэг байна.  

Нөгөөтээгүүр, опцион гэрээ нь эрсдэл өндөртэй арилжааны хэрэгсэл бөгөөд үүнд зах зээлийн нөхцөл байдал, шийдвэр гаргалт нь томоохон нөлөөг үзүүлдэг. Тиймээс опцион гэрээний арилжаа хийхээсээ өмнө сайтар судалж, ойлгох нь чухал юм шүү. ⚠️

LinkedIn

🍋 Сэм Алтмэн Y Combinator-н элсэлтийн стартап бүрд тус бүр $2 саяын OpenAI токеныг хөрөнгө оруулалт хэлбэрээр өгөхөөр амлалаа. Хариуд нь стартапууд ирээдүйн үнэлгээнээсээ хамаарч хувьцаа өгөх бөгөөд гэрээг үнэлгээний дээд хязгаар заахгүй “uncapped SAFE” нөхцөлөөр байгуулахаар болжээ. Энэхүү алхам нь OpenAI-д бэлэн мөнгө гаргалгүйгээр шилдэг стартапуудын хувьцааг эзэмшиж, өөрийн экосистемдээ нэгтгэх боломж олгох юм.

🍋 Цэнэглэх станцын тоног төхөөрөмжийг Өмнөд Солонгосын компаниас ₮10.6 тэрбумаар худалдаж авна. Торуулбал, НИТХ-аас Улаанбаатар байгалийн хий ХХК-ийн хөрөнгө оруулагч WooJin RDC компанийн эзэмшиж байсан хий хадгалах байгууламж болон цэнэглэх станцын тоног төхөөрөмжийг худалдан авч, нийслэлийн өмчид шилжүүлэхээр болжээ. Төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд тусгана гэнэ дээ.

🍋 Өмнөд Калифорнийн наймаачин Нельсон Холдо 22 иргэнээс $1.5 саяын Rolex цагны хуурамч захиалга авч, залилсан хэрэгт буруутгагдав. Тэрбээр тансаг зэрэглэлийн цагны мөнгийг урьдчилж аваад барааг нь өгөлгүй хугацаа хожиж, улмаар хэрэглэгчдийн бэлэн мөнгийг завшиж байжээ. Мөн дистрибьютороос $400 мянгын цаг луйвардсан тул уг хэрэг шүүхэд шилжсэн гэнэ. Хаа хаана луйвраас болгоомжлохгүй бол горьгүй нь.

🍋 Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хийх зэрэг нийт 22 асуудлыг шийдвэрлэлээ. Үүгээр хөрөнгө оруулалтын сан, даатгал, ББСБ болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр нэр бүхий ААН-үүдэд шинээр зөвшөөрөл олгосон байна. Мөн төлөгдөж дууссан үнэт цаасыг бүртгэлээс хасаж, нэг компанийн ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.