- Lemon Press
- Posts
- 💍 Гэрлэж амжаагүй явна
💍 Гэрлэж амжаагүй явна
Гацалтын гай | $CUMN: ₮3.4 тэрбумын алдагдал | Цемент Экспо 2 дахь жилдээ
POWERED BY
Шинэ сарын мэнд! Нэг л мэдэхэд 5 сар гарч, зун болоход ердөө сарын хугацаа үлджээ. 5-р сар гэдэг бол хавар ч биш, зун ч биш, яг л захиалсан хоол 30 минутад ирнэ гэчхээд 2 цаг болдог шиг барьцгүй сар билээ. Ямартай ч шинэ сар, шинэ боломж, өмнөх дөрвөн сарын амласан зүйлсээ эцэст нь биелүүлэх цаг болжээ! 💪🏼🌸


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Үл хөдлөх хөрөнгө борлуулахад суутгадаг 2%-ийн татварыг хүчингүй болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо
CCM: Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн тухай хуульд нэр дэвшигч нь 50 насанд хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, уугуул иргэн байх ба 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хэлэлцэнэ.
UB: Яармагийн авто замаас 312-р сургууль, цэцэрлэг хүртэлх 695 метр авто замын ажилд нийслэлийн төсвөөс ₮2 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.
US: 2026 оны I улиралд Америкийн эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамгаас 0.3 нэгж хувиар бага буюу 2%-д хүрчээ.

😑 Гацалтын гай

Ерөнхий сайдын тушаалаар энэ жилийн Эдийн засгийн чуулганыг цуцалсан. Төсвийн мөнгийг хэмнэх шаардлагатай тул чуулахгүй гэсэн билээ. Үр дүнд нь бид хожих уу, хожигдох уу?
☯ Цагаан дээрх хар ба хөрсөн дээрх бор
МЭЗЧ-ны гол зорилгын нэг нь гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих. Энэ ч утгаараа 2023 онд чуулганы цар хүрээ тэлж Rio Tinto (RIO)-н удирдлагууд, Goldman Sachs (GS), Morgan Stanley (MS) гээд акулуудыг хамарсан 45 байгууллагын төлөөлөл оролцсон. Энэ мэтээр гадаад оролцогчдын анхаарлыг татаж чадсан нь +1 оноо боловч -1 оноо авахад хүргэсэн зүйл нь шинэчлэл.
🫏 Бараагүй дэлгүүр: 2023 онд МЭЗЧ дээр “Бид хуулиа шинэчилж байна, та бүхнийг бүх талаар нь дэмжинэ, Монголын банкны салбарт хөрөнгө оруулах 5 боломжийг ч нээнэ, итгээрэй” гэсэн. Гэвч бодит Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл нь урагшгүй гацчихаад байгаа.
😧 Гацалтын жилүүд: Тодорхойгүй байдлын өртөг
2013 оны хуулийг шинэчлэх оролдлого удаа дараа бүтэлгүйтсэн нь хөрөнгө оруулагчдад хүлээзнэх тактик руу шилжих дохио болсон. 2024 онд хуулийн шинэчлэл хийх тухай асуудал дахин газар авсан ч одоо нам гүм. Энэ гацалтын хугацаанд буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) зөвхөн Оюу толгой зэрэг бэлэн төслүүдээр хязгаарлагдаж, шинэ ХО 35% буурчээ.
😨 Сая саяар багасав: Том зургаараа 2011 онд Монгол ид моодонд орох үед $5.7 тэрбумын ГШХО орж ирсэн. Үүнээс хойш 15 жил өнгөрчхөөд байхад энэ рекорд эвдэгдээгүй хэвээр. Нэмээд өнгөрсөн жилийн ГШХО жилийн өмнөхөөсөө $349.1 багасчхаад байгаа.
👺 Алдсаар байх уу?
US Investment Climate Statement зэрэг тайлангуудад ч Монгол Улсын улаан туг бол улс төрийн бодлого болон хууль эрх зүйн тодорхойгүй байдал гэж тогтмол дурддаг. Мэдээж бид мөнгөө хэмнээд том чуулган хийхгүй байж болно. Угаас гаднынханд Монголыг танилцуулах арга хэмжээг төрийн нүсэр оролцоогүйгээр хийж байгаа. Capital Markets Mongolia компани л гэхэд 7 удаагийн арга хэмжээ зохион байгуулаад буй. Гол нь төр тогтвортой байдлаа хадгалж, шинэчлэл сайжруулалтаа хурдасгаж боломжийг гацаахгүй байх хэрэгтэй байгаа юм.

📈 Монголбанк жилийн инфляцыг 9.9% орчимд хүрнэ гэж төсөөлж байна. (iToim)
🧨 Claude суурьтай AI агент стартапын дата санг ердөө 9 секундийн дотор устгажээ. (HackRead)
📍 Чехэд амьдардаг 15 мянган Монголчууд нутгийн аль хэсгээр оршин суудаг вэ? (Datawrapper)
🇺🇸 Доналд Трамп Америкийн паспорт дээр өөрийн хөргийг хэвлүүлнэ. (CNN)

🏪 $CUMN: ₮3.4 тэрбумын алдагдал
CUMN: Энэ оны I улиралд Премиум Нэксус ХК-ийн цэвэр борлуулалт өмнөх оны мөн үеэс 24.1% өсөж ₮188.9 тэрбумд хүрчээ. Гэвч үйл ажиллагааны зардал 40% өсөж ₮11.1 тэрбумд, санхүүжилтийн зардал 75.1% нэмэгдэж ₮8.6 тэрбумд хүрсэнтэй холбоотой хүрснээр тайлант хугацаанд компани ₮3.4 тэрбумын алдагдал хүлээсан аж. Нөгөөтээгүүр, $CUMN-н дэлгүүрийн тоо 19.5% өсөж 557-д, үйлчлүүлэгчдийн тоо 18.4% ихсэж 16.7 саяд тус тус хүрчээ. Компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 19.7% буурсан бол 2025 оны мөн үеэс 34.5% өсөж ₮254 дээр арилжаалагдаж байна.

🏃 “Цемент Экспо” 2 дахь жилдээ

Ирэх 7 хоногийн Баасан гарагт барилга, бүтээн байгуулалт, цемент үйлдвэрлэл, дэд бүтэц гэхчлэн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Цемент Экспо 2026” болох гэж байна.
Юу болох вэ? Тус арга хэмжээг Монцемент Билдинг Материалс ХХК 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ жил "Тогтвортой өсөлт: Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь" сэдэвтэйгээр зохиогдох юм.
📅 Ирэх Баасан гараг буюу 5 сарын 8
📍MPM Event Hall

💍 Гэрлэж амжаагүй явна

“Төрсөн нутгийн үзэмж шингээд, Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ” гээд алдарт “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг дуулж байх зуур, бодит амьдрал дээр тэр жаргалыг олоход улам хэцүү болж байна. Үүнтэй холбоотой Монголчууд хэдий насандаа анх гэрлэж буйг сонирхоцгооё.
🇲🇳 Дундаж нас 27.5
World Population Review-н 2026 оны мэдээллээр, Монголд эрэгтэйчүүд 29 насандаа, эмэгтэйчүүд 26 насандаа гэрлэдэг бөгөөд Монголчууд дунджаар 27.5 настайдаа хуримладаг байна. Үүний баталгаа нь Үндэсний статистикийн хорооны дата дээрээс тодорхой харагдаг. Тухайлбал, 25-34 насны эрэгтэйчүүдийн 34.8%, өөрөөр хэлбэл 30 орчим насны 3 эрэгтэйн 1 нь өнөөдрийг хүртэл ганц бие байгаа аж.
⏳ 2.3 жилээр хожуу: 2010 оны тооллогоор эмэгтэйчүүд 24.2, эрэгтэйчүүд 26.2 насандаа анхны гэрлэлтээ батлуулж байсан бол үүнээс 16 жилийн дараа буюу өдгөө хүмүүс 2.3 жилээр хожуу гэрлэдэг болжээ.
🌏 Бүс нутгийн төлөв
Зүүн болон Төв Азийн орнуудтай харьцуулахад, Монголд хүмүүс 27.5 насандаа гэрлэж байгаа нь бүс нутгийн дундаж 27.7 наснаас бараг ялгаагүй явааг харуулна. Хамгийн сүүлд хүнтэй гэрлэж буй нь Өмнөд Солонгос бөгөөд эмэгтэйчүүд нь 31.6, эрэгтэйчүүд нь 33.9 насандаа хүнтэй гэрлэдэг байна. Харин Туркменистаны хувьд иргэд нь хамгийн эрт хүнтэй суудаг ба дунджаар 24.6 насандаа гэрлэлтээ батлуулдаг гэнэ.
🇰🇷 Хойшлох шалтгаан: Орон сууцны үнийн өсөлт, тогтвортой ажлын байр ховор болсон, бодит цалин нэмэгдээгүй нь гэрлэлтийг хойшлуулахад нөлөөлдөг байна. Тоогоор харвал, Өмнөд Солонгост нэг хүүхэд өсгөх дундаж зардал $275 мянгад хүрсэн нь залуучуудыг гэр бүл зохиоход нь нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгаж буй мэт.
Эцэст нь… 2025 онд Монголд нийт 12,582 хос гэрлэлтээ батлуулсан нь өмнөх оноос 11.5%, 2021 оноос хойш 21.9% тус тус буурсан үзүүлэлт болоод байна. Үүнд эдийн засаг, нийгмийн асуудлууд нь багагүй нөлөөг үзүүлж буй нь тодорхой харагдана. Мөн үүнээс улбаалж 2025 оны байдлаар 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлтийн хэмжээ сүүлийн 20 жилийн хамгийн бага утга буюу 11.1-д хүрчээ. 🤔

… нь улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн бөгөөд түүнд зориулсан хүрэл хөшөөг Л.Ганхуягийн эх загвараар 2000 онд байгуулжээ. Энэ зүтгэлтэн 1912 онд Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төрж, 1982 онд таалал төгсжээ. Тэрээр 27 насандаа сайн дураараа цэрэгт мордож, жагсаалын цэрэг байхдаа "заяа байвал жанжин болно" хэмээн хошигнодог байв. Энэ хэний хөшөө бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцаарай. ✌️

✈️ tapa-тай = 5 одтой буудалтай аялал

Аялалдаа tapa-г ашигладаг хүмүүс байна уу? Байхгүй байсан ч татаарай. Цаана чинь tapa-р дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг монгол хэл дээр хайж, захиалах боломжтой болсон байна.
Шинэ хамтрагч: Тодруулбал tapa компани дэлхийн томоохон аялал жуулчлалын платформ болох Expedia-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, платформ дээрээ дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг монгол хэл дээр хайж, харьцуулж, захиалах боломжийг нээжээ.
🤩 Анхаарал татахуйц давуу талууд
Дан ганц монгол хэлээр хязгаарлагдахгүйгээр tapa үнэ болон төлбөрийн уян хатан нөхцөлд төвлөрч, хэрэглэгчдэд төрөл бүрийн хямдрал, урамшуулал санал болгоход ихээхэн анхаарсан гэнэ. Тухайлбал:
Бүртгэлтэй хэрэглэгчийн тусгай хямдрал
Нислэг захиалсан тохиолдолд зочид буудлаа 60% хүртэлх хөнгөлөх
Сонгогдсон буудлуудад эрт захиалгын 20%-ийн хөнгөлөлт эдлэх
Гар утасны апп-аар хийсэн захиалгад нэмэлт урамшуулал гэхчлэн урамшуулал, хөнгөлөлөт санал болгож байгаа аж.
Эцэст нь… Ойрын хугацаанд аялахаар төлөвлөж байгаа бол судлаад, туршаад үзээрэй. 😎


tenor
🍋 Өнгөрсөн улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 1.4 сая иргэн авчээ. Нийт ₮86.5 тэрбумын буцаан олголт олгогдсон гэхээр 1 иргэнд дунджаар ₮62,140-ийн буцаан олголт ногдож байна. Үүнээс үзвэл 1 иргэн сард дунджаар ₮1,035,600-ийн НӨАТ-тай худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлдэг ажээ.
🍋 ОУВС-гийн дурдсанаар дэлхийн эдийн засаг 3.1% өсөх ч геополитик, эрчим хүчний үнээс хамаарч тодорхой бус байна. Улсын өрийн өсөлт, инфляц нь хөгжиж буй орнуудын валютын нөөцөд эрсдэл дагуулж байгаа тул төсвийн оновчтой бодлого, ханшийн уян хатан зохицуулалт хийж, ил тод байдлаар дамжуулан хүлээлтийг удирдахыг зөвлөв. Макро тогтвортой байдлыг хангах нь энэ үеийн гол сорилт болоод байна.
🍋 Монгол Улс 2026 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 17 байр ахиж 85-д жагслаа. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь улс төрчдийн мэдэлд байгаа нь хараат бус байдалд саад болж байна. Хэн нэгнийг гүтгэхтэй холбоотой хуулийн заалтууд, өөрийн цензур болон мэдээллийн ил тод бус байдал нь сэтгүүлчдийн ажилд гол сорилт болсоор байгааг RSF онцлов.
🍋 Эрдэнэс Монгол ХХК өнгөрсөн онд ₮12.8 их наядын борлуулалтын орлого олж, ₮1.7 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Улмаар ₮4.1 их наядын татвар төлж, Үндэсний баялгийн санд ₮507 тэрбумын орлого оруулсан гэнэ. Нийт дүнгээр тус компани баялгийн сангийн Хуримтлалын санд ₮1 их наядыг төвлөрүүлсэн нь 5,000 өрхийг орон сууцны зээлд хамруулах дүн аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply