- Lemon Press
- Posts
- 🗿 Өр, өр, өр
🗿 Өр, өр, өр
BTS Effect | ТОП-5 стадион хаана байна? | Түүхэнд бичигдэх IPO
POWERED BY
Сонсголтой өдрийн мэнд! Өнөөдөр болон маргааш Төрийн ордонд "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болох гэж байна. Энэ удаагийн сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллах аж. Нийт 100 гаруй хүн хүрэлцэн ирэх энэ сонсголоор юу болж өнгөрөх бол? 😬👀


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол дахь айлчлалын үеэр 2 талын яамдын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.
FRC: Өнгөрсөн сард ₮233.8 тэрбумын үнэт цаасны арилжаа явагдсаны 73%-ийг компанийн бондын арилжаа бүрдүүлсэн бол ердөө 11.4%-ийг нь хувьцааны арилжаа бүрдүүлэв.
POL: Нийт 500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-₮300 мянгаар нэмэх Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлжээ.

🗿 Өр, өр, өр

Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд $40.2 тэрбумд хүрч, түүхэн шинэ босгыг давлаа. Сүүлийн 11 жилийн жил бүрийн I улирлын статистик дунд ийм өндөр дүн байгаагүй хэрэг. Энэ өрний цаана ямар түүх нуугдаж байна вэ?
🏄 Дуслыг хурааж далай гэдгийн өөр утга
Сүүлийн 11 жилийн хугацаанд манай улсын гадаад өр тасралтгүй хуримтлагдсаар бараг 2 дахин нэмэгдэв. 2015 оны эхэнд $21.6 тэрбум байсан өр 2020 онд $30.5 тэрбум болж тэлсэн бол одоо дахиад $10 тэрбумаар нэмэгдчихээд байна. Энэ нь дотоодын хуримтлал дутмаг, эдийн засаг тэлэхийн хэрээр гадаад зээлээс хамааралтай хэвээр байгааг илтгэж буй.
🧨 Өрийн бүтэц: Юу өсөж, юу буурав?
Одоо байгаа нийт өрийн өсөлтийг салбараар нь ангилж үзвэл бүтцийн томоохон өөрчлөлтүүд харагдана.
🗼 Компани хоорондын зээллэг (ШХО): Нийт өрийн хамгийн том хэсэг буюу 46.3% нь компани хоорондын зээллэг аж. Энэ ангиллын дүн жилийн өмнөхөөсөө $964 саяар өссөн нь уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалттай холбоотой.
💰 Арилжааны банкнууд: Банкнууд гаднаас эх үүсвэр татах нь идэвхэжсэн тул гадаад өр нь 32% огцом өсөж, $4 тэрбумд хүрэв. Харин бусад салбарын өр 6.8% өсөж, $8 тэрбум болсон байна.
🏦 Төв банк: Харин нөгөө тал Монголбанкны гадаад өр 8.6% буурч $1.1 тэрбум болсон нь цор ганц буурсан үзүүлэлт юм.
🐋 ЗГ-ын өр ба валютын хамаарал
ЗГ-ын нийт өр төгрөгөөр илэрхийлбэл ₮35.8 их наядад хүрчээ. Үүний 94.6%-ийг гадаад өр эзэлж байгаа нь төсөв ханшийн савлагаанаас туйлын хамааралтайг батална. Нөгөөтээгүүр, ЗГ-ын дотоод өр 43.6% огцом тэлсэн байна.
🧨 Хүүгийн дарамт нэмэгдсэн үү? 2026 оны I улиралд өрийн үндсэн төлбөрт ₮2 их наяд, хүүгийн төлбөрт ₮409.8 тэрбум төлжээ. Үндсэн төлбөр 4.9% буурсан ч хүүгийн төлбөр 5.5% өссөн нь зээлийн өртөг нэмэгдсэнийг харуулна.
Эцэст нь... Цаашид экспортын орлогыг эрс нэмэгдүүлж, өрийн удирдлагыг чангаруулахгүй бол төсөв нь өрийн хавханд орох эрсдэл харагдаж байна даа. Ирэх онд ЗГ өрийг ₮57 их наяд руу зүглүүлнэ гээд байгаа. Юу л болдог бол доо. Шинэхэн дарга нар нь бондуудынхаа төлөлтийг зохицуулна байгаа даа?

🏆 New York Knicks баг 53 жилийн дараа NBA-н аварга боллоо. (ESPN)
⚠️ Сөрөг хүчний шаардлагыг төрийн 2 өндөр үл тоов. (iToim)
🤔 Amazon болон Цагаан ордон Anthropic-н Fable моделийг хэрхэн зогсоов? (Axios)
👨🏻⚖️ Сургуулийн насны хүүхэдтэй ажилтан өвөл амралтаа авбал нэмж амралтын хугацаа олгодог болно. (iKon)

🚀 Түүхэнд бичигдэх IPO
SPCX: Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт NASDAQ бирж дээр SpaceX IPO хийж, олон нийтээс $75 тэрбумыг амжилттай татан төвлөрүүллээ. Энэхүү өдрийн арилжаагаар SpaceX-н нэгж хувьцааны үнэ даруй 19.2% өсөж $160.9-т хүрсэн бөгөөд жижиг хөрөнгө оруулагчид ойролцоогоор 118 сая хувьцаа худалдан авсан аж. Түүнчлэн компанийн нийт хувьцааны 42%-ийг эзэмшиж буй Илон Маскийн нийт хөрөнгө $1.1 их наядад хүрснээр түүхэн дэх анхны $-н их наядтан гэх статусыг эзэмшиж эхэлжээ. Сонирхуулахад, одоогийн байдлаар $SPCX-н сансрын интернэтийн бизнес болох Starlink нийт орлогын 67%-ийг бүрдүүлж байна.

🌟 Future of Finance & Professional Leadership 2026

Энэ сарын 26-нд Future of Finance & Professional Leadership 2026 олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна.
📣 Энэхүү хурлаар санхүү болон бизнесийн салбарт тулгарч буй гол сорилт, боломжуудыг хэлэлцэх бөгөөд мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, бизнесийн лидерүүд болон экспертүүд оролцох юм.
Мөн дэлхийн санхүүгийн систем, компанийн засаглал, ёс зүй зэрэг олон сонирхолтой сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөнө. Хэрэв та оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7201-3580 утсаар авах боломжтой шүү.
📅 Хэзээ: 6 сарын 26
📍 Хаана: Хүн театр, Sky Resort

🇰🇷 Дэлхийг байлдан дагуулах К-поп

Энэ оны хамгийн өндөр хүлээлттэй аялан тоглолтуудын нэг BTS хамтлагийн BTS Arirang Tour үргэлжилсээр байна. Дэлхийн 23 улс 34 хотыг хамрах 79 удаагийн аялан тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд Пусан хотод болж, тэдний нөлөөгөөр Пусаны зочид буудлын захиалга өмнөх оны мөн үеэс 218% өсжээ.
📈 Пусанд юу болов?
Өмнөд Солонгос руу аялах жуулчид ихэвчлэн нийслэл Сөүл хотыг зорьдог байсан бол энэ жилээс Пусаныг ихээр зорьж байна. Тодруулбал, BTS хамтлагийн BTS Arirang Tour аялан тоглолтын нөлөөгөөр энэ сарын эхний хагаст Сөүлээс бусад бүс нутгийн зочид буудлын захиалга нийт захиалгын 34%-ийг эзэлсэн нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт болов.
🏨 Чэжүд ч төстэй: Чэжү арал мөн адил өвөрмөц байгаль болон соёлоороо дамжуулан жуулчдыг ихээр татаж, зочид буудлын захиалга өмнөх оны мөн үеэс 60% нэмэгджээ. Түүнчлэн Netflix (NFLX)-н Чэжүд зураг авалтаа хийсэн When Life Gives You Tangerines цуврал Солонгосын эдийн засагт ₩90 тэрбумын нөлөө үзүүлсэн аж.
💸 BTS Effect
2040 он гэхэд BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийн зарцуулалт Өмнөд Солонгосын эдийн засагт 0.35 хүртэлх хувийн жинг эзлэх боломжтойг тооцоолжээ. Энэ нь $6.6 тэрбумтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн бөгөөд шүтэн бишрэгчдийн 84% нь өсвөр насныхан болон 20 гаруй насны залуучууд аж. Цаашид тэд нас ахиж, худалдан авах чадвар нь нэмэгдэхийн хэрээр энэ нөлөө улам өсөх боломжтойг харуулж байна.
Эцэст нь… Энэ долоо хоногт К-поп хөгжмийн томчуудын нэг Jay Park-с гадна Lngshot, Jessi нар Улаанбаатар хотод тоглолтоо хийх хуваарьтай байна. Сонирхуулахад, Jay Park-г томоохон тоглолт, фестивальд дуулуулахад ойролцоогоор $150-$299 мянгын хооронд хэлбэлздэг гэнэ. За тэгээд манай лимонууд дунд К-поп хөгжим тэр дундаа BTS-н фэнүүд хэр их байна даа. 😛

Эдгээр өдрүүдэд хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд үргэлжилсээр байна. Тиймээс зохион байгуулагч улсууд болох Америк, Канад, Мексик дахь хамгийн олон хүний багтаамжтай ТОП-5 стадионыг хамтдаа харцгаая. 🏟️⚽️
🇲🇽 Ciudad De Mexico: 80.8 мянга
🇺🇸 New York New Jersey: 80.7 мянга
🇺🇸 Dallas: 70.6 мянга
🇺🇸 Los Angeles: 70.5 мянга
🇺🇸 Kansas City: 69 мянга
ДАШТ-ий үеэр стадионуудын нэрд түр өөрчлөлт ороод байна. Жишээлбэл, финалын тоглолт болох MetLife Stadium нь тэмцээний үеэр New York New Jersey Stadium нэрээр нэрлэгджээ.


Universal
🍋 Стивен Спилбергийн фэнүүд байна уу? Түүний Disclosure Day триллер кино нээлтийнхээ эхний гурван хоногт дэлхий даяар $92.9 саяын орлого оллоо. Нийт $195 саяар бүтсэн уг кино ашигтай ажиллахын тулд дэлхийн зах зээлээс $300 сая орчмыг олох шаардлагатай аж. Шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ч үзэгчдийн сэтгэгдэл холимог байгаа тул цаашид хэр хол явах нь эргэлзээтэй байгаа гэнэ.
🍋 Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэснээр Монголын нийт 13 газар бүртгэлтэй боллоо. Гурвантэс суманд орших тус бүс нь цоохор ирвэс болон говийн биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой. Сүлжээнд орсноор олон улсын хамгаалалт сайжирч, нутгийн иргэдийн амьдрал, хамтын ажиллагааг дэмжих боломж бүрдэж байна.
🍋 Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шатыг Германы €17 саяын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Төслийн хүрээнд шинэ дэд станц, хос кабель шугам барьж, Туул дэд станцыг шинэчилснээр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх аж. Энэ нь нийслэлийн таван дүүргийн 11 мянга гаруй хэрэглэгч болон томоохон эмнэлгүүдийн цахилгаан хангамжийг найдвартай, тасралтгүй болгоно гэнэ дээ.
🍋 ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй энэхүү төслийн хувийн хэвшил тал нь өнөө MiTime International. Тэдний түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байна гэнэ. Юутай ч станц маань 2028 оны 5-р сард ашиглалтад орох ёстой. Харж л байя даа.

Даваа: Эхний 5 сарын байдлаарх улсын нэгдсэн төсөвтэй танилцана.
Мягмар: Өнгөрсөн сард Хятадад орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөв?
Лхагва: Балжиннямтай өдөр тул үс засуулбал эд малтай баялаг төгс болно.
Пүрэв: Олон улсын сүшиний өдөр тохионо.
Баасан: Алдарт Toy Story 5 нээлтээ хийнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply