• Lemon Press
  • Posts
  • Сэтгэл зүй 🆚 Хавдар

Сэтгэл зүй 🆚 Хавдар

Дундаж P/B=1.4 | Японы ЕС-ын уналт | АН-ын зарга

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр спортын хорхойтнуудын хувьд Дашням, Балжиннямтай өдөр тохиож байна. Учир нь өнөө орой 18 цагаас Монгол залуу одод Senzu, Mzinho нараар хүчээ нэмсэн BC.Game баг энэ улирлын эхний тоглолтоо хийх бол үүний дараа 19:30 цагаас ONE Championship холбооны бантам жингийн дэлхийн аварга МУГТ Б.Энх-Оргил маань бүсээ хамгаалахаар тулалдана. За тэгээд араас нь The MongolZ баг Blast Bounty 2026 Season 2-н Плей-оффын эхний шатанд 20:30 цагаас FaZe-тэй хүч үзэхээр байна шүү. 🔫🥊

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: 2027 оны 1 сарын 1-нээс эхлэн сарын ₮792 мянга хүртэлх орлоготой иргэдийг ХХОАТ-аас чөлөөлж, 2028 оноос эхлэн ₮2 сая хүртэлх орлоготой иргэд 1%-ийн татвар төлж эхэлнэ.

JPN: Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн олон нийтийн дундах нэр хүндийн үзүүлэлт энэ сард анх удаа мэдэгдэхүйц буурч 40%–50%-ийн хооронд хэлбэлзэж эхлэв.  

U.S.: Америкийн эдийн засаг 4-6-р сард 1.5% өслөө

📌 Дундаж P/B=1.4

ТОП компаниудын хагас жилийн тайлан шувтарч заримынх нь хувьцааны үнэ өсөж, заримынх нь хувьцааны үнэ буурав. Тэгвэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахаасаа өмнө анхаарч харах хэдэн тоонуудыг тоймлоё. 

🔥 Ашгийн өсөлтөөр тэргүүлэгчид 

Хагас жилийн байдлаар Төрийн Банк (SBM)-ны нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг хамгийн өндөр буюу 105.3% өсөж, EPS буюу нэгж хувьцаанд ногдох ашиг нь ₮85-т хүрчээ. Мөн Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Мандал Даатгал (MNDL), Түмэн Шувуут (TUM) болон Инвескор ББСБ (INV)-ын ашиг нэлээд өссөн байна. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-ийн хувьд Инновэйшн Инвестмент (QPAY) тэргүүлэв.

  • 😬 Ашиг буурсан хэд: ТОП-20 индексэд багтах 8 компанийн ашиг өмнөх үеэс буурчээ. Тухайлбал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)-ийн ашиг 92.7% буурсан байгаа юм. Гэхдээ тэдний хувьд бүтэц, засаглал болон технологийн иж бүрэн шинэчлэл хийн, салбаргүй дижитал загвараар өсөлт ба ашигт ажиллагааны шинэ үе рүүгээ орсон гэнэ.

  • 📈 Үр ашиг: Компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE-г харвал $QPAY болон $MSE-нх хамгийн өндөр байна. ROE өндөр байх нь тус компани хөрөнгөө үр ашигтай ажиллуулж байгааг харуулж буй. Урт хугацаанд хувьцааны үнэ өсөх гол хөдөлгүүр нь өндөр ROE байдаг билээ.

🧐 Жижиг хөрөнгө оруулагчдын анхаарах зүйлс 

Цаашлаад, зах зээлийн дундаж P/B харьцаа 1.4 байгаа бөгөөд ТОП-5 банкны 3-ынх нь P/B харьцаа 0.4-0.5 байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний үнэлгээ хямд байгаа хэрэг. Харин Сүү (SUU), Премиум Нэксус (CUMN) зэрэг компаниудын үнэлгээ харьцангуй өндөр байгаа аж. Жижиг хөрөнгө оруулагчид зөвхөн ашгийн өсөлтийг бус, ROE болон P/B харьцааг цогцоор нь дүгнэж шийдвэр гаргах нь чухал шүү. 

Заа тэгээд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол сонирхож компаниудынхаа нарийвчилсан үзүүлэлтүүдийг сайтар судлах нь гэмгүй биз ээ. 

  • 💔 Улстөрчдийн сөрөг рейтингийн оргилд Ерөнхий сайд Н.Учрал бичигдлээ. (iToim)

  • 📖 Судалгаа: Номын ертөнцөд Z үеийнхэн 2 өөр амьдралтай. (CambridgeCore)

  • 🛫 Авиа компаниуд AI-н тусламжтай тийзийн үнээ илүү хурдан өөрчилдөг болжээ. (Bloomberg)

  • 💍 Хуримд явах ганц бие залууст хэрэг болж буй “eventationships” гэж юу вэ? (Vice)

 🤑 $QPAY: Ногдол ашиг тараана

QPAY: Инновэйшн Инвестмент ХК нэгж хувьцаандаа ₮60-ийн ногдол ашиг олгоно. Тус компанийн ТУЗ-ийн хуримтлагдсан ашгаасаа нийт ₮11.09 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар боллоо. Тус компанийн нэгж хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 3.78% өсөж ₮295.86 дээр хаагдсан бөгөөд үүнээс ногдол ашгийн өгөөжийг тооцвол 20.3% болж буй. Ногдол ашгийн бүртгэлийн өдөр нь 8 сарын 14-нд хаагдах бөгөөд тус сарын 26-ны өдрийн тодор ҮЦТХТ-өөр дамжуулан олгох гэнэ.

Аль нь илүү аймар вэ? Сэтгэл зүй 🆚 Хавдар

Таны эрүүл мэндэд тулгарч буй эсвэл хамгийн ихээр санаа зовж буй асуудал вэ? Дийлэнх хүмүүсийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал №1 байгаа буюу хорт хавдраас ч илүү тулгамдсан асуудал болжээ. 

  • 📜 Уг нийтлэлийг 30 улсын 23,000 гаруй хүнийг хамруулсан Ipsos-н 2025 оны “Health Service Report”-д тулгуурлан хүргэж байна. Эхэлцгээе. 

🧠 Сэтгэл зүйн эрүүл мэнд 

Уг судалгаанд оролцогчдын 45% сэтгэцийн эрүүл мэндийг улс оронд нь тулгарч буй хамгийн том эрүүл мэндийн асуудал хэмээн хариулсан. Харамсалтай нь уг үзүүлэлт 2018 онд 27% байсан буюу өнгөрсөн 7 жилийн дотор 18 нэгж хувиар өсөж, 3 жил дараалан хамгийн тулгамдсан эрүүл мэндийн асуудал болоод буй нь энэ. Цахим орчинд “Улсаараа сэтгэцээ үзүүлэхгүй бол болохоо байж дээ” гэдэг үгтэй таарч л байсан байх. Тэгэхээр дан ганц манай улсад гэхээсээ илүү дэлхий нийтээрээ л сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулж ажиллах тулгамдсан асуудал болж байна даа. 

  • 🤔 Цар тахал бидэнд хэрхэн нөлөөлөв? 2020 онд буюу цар тахлын эхний жил хүмүүсийн 70% нь короно вирусийг хамгийн тулгамдсан асуудал гэж хардаг байсан бол одоо ердөө 6% болтлоо буурчээ. Ер нь л цар тахлаас өмнө хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээсээ илүүтэй хавдраас айдаг байсан. 

  • 🫨 Гэтэл цар тахлын нөлөөгөөр 2 жил бүтэн ч бай, хэсэгчилсэн ч бай хөл хорионд орсны дараахан асар их сэтгэл зүйн асуудалтай хүмүүс бөөн бөөнөөрөө гараад ирэх нь тэр. Зарим хүмүүст цар тахлын он жилүүд ажил, амьдралын утга учраа эргэн харах эерэг нөлөө үзүүлсэн бол заримд нь ганцаардал, түгшүүр гэхчлэн сөрөг мэдрэмжүүдийг нь өдөөсөн хар бараан жил байсан мэт. 

Гэхдээ 30 орныг дунджлаад дүгнэхэд л сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг №1-т байгаа болохоос Франц, Бельги, Итали, Энэтхэг, Япон тэргүүтэй 9 оронд хавдар хамгийн том асуудал хэвээр байгаа шүү. 

👉 Залуус сэтгэл зүй, хөгшчүүд хавдар ярьж байна

Насны бүлгээс хамааран тэдний санаа зовж буй эрүүл мэндийн асуудал ч 2 талд гарчихсан буюу 16-29 насныхан сэтгэцийн эрүүл мэндийг улс оронд нь тулгамдаж буй эрүүл мэндийн хамгийн том асуудал гэж харж байхад 70-74 насныхны 49% нь хорт хавдрыг хамгийн том асуудал гэж харж байна. 

Эцэст нь… Эдийн засгийн хямрал, үнийн өсөлт тэргүүтэй санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр аль ч улс оронд иргэд нь стресс, сэтгэл зүйн хямралд өртөх нь маш түгээмэл болж байна. Нэн ялангуяа амьдралд дөнгөж хөл тавьж буй, учраа олох гээд бүдчиж байгаа гэх утгаараа залууст илүү хүнд тусаж байгааг уг судалгаа харуулах шиг.

💡 Таавар таацгаая.

… нь Монголын хамгийн том цэнгэг устай нуур бөгөөд урт нь 136 км, өргөн нь 36 км, гүн нь хамгийн ихдээ 262 м хүрнэ. Эргэн тойрондоо үзэсгэлэнт уулс, ой мод, эртний булш хиргисүүрээр хүрээлэгдсэн, зун цагийн аялал жуулчлалын гол цэг. Энэ ямар газар вэ? Таасан бол хариултаа хуваалцаарай.

Giphy

🍋 Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг огцруулжээ. Уг шийдвэрийг Ардчилсан нам хууль бус буюу сонгогчдын эрхэд халдан төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэж үзээд шүүхэд хандахаа мэдэгдэж, хууль бус шийдвэрээ буцаахыг шаардаж байгаа аж. 

🍋 Азийн Хөгжлийн Банк Монголд гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн шинэ механизм нэвтрүүлэх боломжийг судалж байна. Тус банк энэ оны эхээр Киргизстан болон Тажикстанд амжилттай хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн загвараа Монголд хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд хэрэгжүүлэхээр болбол гамшгийн тусламжийн бонд, параметрт даатгал зэрэг ХЗЗ-д суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг гаргах юм. 

🍋 Иран Хятадаас богино зайн агаарын хамгаалалтын пуужингийн систем худалдан авна. Иран Америк, Израилтай хийсэн мөргөлдөөний дараа агаарын довтолгооноос хамгаалах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Хятадаас 300-400 ширхэг зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг $60-$70 саяар авах шуум гараад буй. Уг мэдээллийг Хятадын талаас үгүйсгэж байгаа ч олон улсад Хятад, Ираны харилцаа зузаарч байгаа эсэхтэй холбоотой маргаан түймэр мэт тархах болов. 

🍋 “Сэлбэ ухаалаг хот” Улаанбаатарын орон сууцны эрэлтийн 42%-ийг хангана. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутагт хэрэгжиж буй тус төслийн хүрээнд 158 га талбайд 8,575 айлын орон сууц бүхий 113 блок баригдаж буй. Уг төсөл ашиглалтад орсноор нийслэлийн жилийн орон сууцны эрэлтийн 42%-ийг хангах аж. Хэзээ ч ашиглалтад орох юм. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.