- Lemon Press
- Posts
- 🔜 Анхны их наядтан
🔜 Анхны их наядтан
Зэрэглэл ахив! | 1072 хувьцааны эргэн тойронд | Шинэ ТУЗ-ийн дарга
POWERED BY
Амралт сайхан уу? Өнөөдрөөс 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх хойд хэсгийн авто замыг хааж шинэчилж эхэллээ. Энэ шинэчлэл Пүрэв гарагт дуусаад дахин урд хэсгийг нь шинэчлэх нь. Зам хаах үед И-мартын борлуулалт буурах болов уу? Ер нь энэ ээлж дараатай зам хаалтууд ойр хавийнх нь бизнес эрхлэлт яаж нөлөөлж байгаа бол оо? 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
OT: “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Шон Хинтон томилогдлоо.
MSE: Баасан гаргийн арилжаагаар Эм Жи Эл Акуа ХК (MGLA)-ийн хувьцааны үнэ 10.91% өсөж ₮183-т хүрлээ.
GOV: 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэж амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болгоно.
💰 1072 хувьцааны эргэн тойронд
Засгийн газар 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаа болгон хөрвүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Тэгвэл энэ шийдвэр юуг өөрчлөх вэ?
😴 Сонгуулиар л сэрдэг байв
Одоогоос 12 жилийн өмнө иргэн бүр Эрдэнэс Тавантолгой (ЭТТ)-н 1072 хувьцаатай болсон ч сонгуулийн жилүүдэд л ЗГ-т буцааж зарах эсвэл ногдол ашиг авах боломж гардаг байв. 2012 оны сонгуулиар ЗГ 1072 хувьцааг ₮1 саяар худалдаж авснаар 70 мянга гаруй иргэн ЭТТ-н хувьцаагүй болсон байх жишээтэй. Нэмээд бидний мэдэж байгаачлан энэ жил УИХ-ын сонгууль таарсан тул бүх хувьцаатай иргэд ЭТТ-н 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хүртсэн.
⁉ Одоо юуг өөрчлөх вэ?
Дээрх жишээнээс харж байгаачлан иргэн бүр хувьцаатай ч түүнийгээ арилжаалах, нэмж ЭТТ-н хувьцаа авах, компанийн мэдээллийг ил тодоор авах нөхцөл бүрддэггүй байсан. Нэг өгүүлбэрээр бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг илт зөрчигдөж байсан хэрэг.
💭 Өөрчлөлт: ЗГ 100 хоногт багтан Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй болгож олон улсын менежментийн компаниар удирдуулахаар болоод буй. Улмаар төрийн хамаарал буурч, засаглал сайжруулах, тус компанийн хувьцаа биржээр нээлттэй арилжаалагдах, цаашлаад олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжууд үүснэ.
🤔 Ямар боломж байна?
ЭТТ нь үнэт цаас бүртгүүлэх хүсэлтээ 2018 онд МХБ (MSE)-д хүргүүлж шийдвэрлүүлсэн тул МХБ-д бүртгэгдэх боломжтой. Одоо компанийн үнэт цаасыг СЗХ бүртгэснээр олон нийтэд нээлттэй арилжаалах нөхцөл бүрдэнэ. Ингэж ЭТТ “ХК” болсноор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэрч, иргэд хувьцаагаа захиран зарцуулах боломжтой болж бодит ханш тогтож арилжаа эхэлнэ.
Эцэст нь… Олон жил асуудал дагуулсан ЭТТ одоо л зөв зүг рүүгээ эргэлээ. Одоо ажил хэрэг болгох л үлдэв. ЭТТ нээлттэй болсноор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангагдаад зогсохгүй ил тод байдал нэмэгдэж компанийн үнэлгээ өсөх, хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
📈 Зэрэглэл ахив!
XAC: Fitch Ratings агентлаг Монгол Улсын болоод хэд хэдэн компанийн зээлжих зэрэглэлийг ахиулаад байна. Үүний нэг нь ХасБанк аж. Тодруулбал, тэдний зээлжих зэрэглэлийг “B” байснаас 1 түвшин ахиулж “B+/тогтвортой” болгожээ. Монгол Улсын эдийн засаг болон банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх гол хүчин зүйл болсон байна.
🔜 Анхны их наядтан
Илон Маскийн Neuralink-н тархины суулгацын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болжээ. Манайхаар бол Сүмбээ юм уу даа. 😜
👁️👁️ Хараа оруулах шинэ арга
Тодруулбал, Америкийн хүнс, эмийн удирдлагын газар (FDA)-с тэдний тархины суулгацыг хараагаа алдсан өвчтөнд туршилт хийх зөвшөөрлийг олгоод буй. Ингэснээр Neuralink ирээдүйд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмж бүтээж, түүнийхээ хөгжүүлэлт дээр FDA-н мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой болжээ.
Туршилтын 2 дажгүй: Өнгөрсөн жил FDA-с Neuralink-н чипүүдийг хүн дээр турших зөвшөөрөл олгож байсан. Улмаар тэд 2 хүн дээр тархины суулгацынхаа клиник туршилтыг эхлүүлсэн бөгөөд өдгөө туршилтаа эхлүүлээд бараг жилийн хугацаа өнгөрсөн гэхэд өвчтөнүүдийн бие тун дажгүй байгаа аж.
Үр дүн: Туршилтад хамрагдсан 2 өвчтөн зөвхөн бодол, санаагаа ашиглан технологийн тусламжтайгаар энгийн хүн шиг амьдрах боломжтой болно гэхээр Neuralink-н бүтээхийг зорьж буй технологи хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинээр амьдрах боломжийг олгох мэт.
🔝 Дэлхийн анхны их наядтан
Цахилгаан автомашин, эмнэлгийн салбар, сансраас эхлээд Илон Маскийн хувьсгал хийсэн салбарууд олон. Олны нүдэн дээр ил байгаа бизнесүүд нь л эд болохоос өөр ямар компаниудад хөрөнгө оруулсныг нь таашгүй. Тэрбээр энэ олон бизнесийнхээ тусламжтайгаар 2027 он гэхэд хөрөнгө нь $1 их наядад хүрч дэлхийн анхны их наядтан болох төлөвтэй байна.
🥇 Анхдагч: Илон Маскийн одоогийн хөрөнгө $237 тэрбум бөгөөд жилд дунджаар 110% өсөж байгаа. Энэ эрчээрээ явбал 3 жилийн дараа $1 их наядын босгыг давах төлөвтэй байгаа юм.
💡 Гэснээс: Одоогийн байдлаар дэлхий дээр $1 их наядын үнэлгээтэй 7 компани л байгаа. Харин ирэх жилүүдэд тус жагсаалтад чип үйлдвэрлэгч TSMC (TSMC34.SA), луугар хөрөнгө оруулагч Berkshire (BRK-B), эм үйлдвэрлэгч Eli Lily (LLY), Tesla (TSLA) тэргүүтэй компаниуд орохоор байгаа юм. Berkshire-н хувьд зах зээлийн үнэлгээ нь хэдийнээ $1 их наядын босгыг давж байсан ч эргээд унасан түүхтэй.
Эцэст нь… Их наядтан гэдэг үг сонсоход хүртэл нэг л сонин, чихэнд наалдацгүй сонсогдож байгаа биз? Өмнө нь хэн ч их наядтан гэж хэлэгдэж байгаагүй болохоор аргагүй юм даа. Дэлхийд ахадсан галзуу сэтгэлгээтэй Илон Маск удахгүй тус үгийг хүн болгоны чихэнд наасан үг болгож чадах болов уу, эсвэл өөр хэн нэгэн байх болов уу? Сонирхолтой…
Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс энэ оны 8-р сард 120.9 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2% өсжээ. Тэгвэл тус өөрчлөлтөд ямар дэд салбарууд голчлон нөлөөлснийг авч үзье.
Өмнөх оны мөн үеийн индексийн өөрчлөлтийн 75.3%-ийг өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа эзэлж байсан бол,
Энэ оны мөн үеийн индексийн өөрчлөлтийн 95.4%-ийг кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл, бичлэг хийх болон хөгжим, ая үйлдвэрлэх үйл ажиллагаа эзэлж байна.
🏆 Mongolian labor market summit айсуй
Хөдөлмөрийн зах зээлийн дээд хэмжээний чуулга уулзалт Mongolian labor market summit: Good Workplace Awards “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдэвтэйгээр 3 дахь жилдээ эргэн ирлээ. 🚀
🔍 Онцлог: Чуулганаар хүний нөөцийн салбарын шилдгүүдийг тодруулахаас гадна салбарын бүхий л шатны томоохон төлөөллүүд Монголын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй гол асуудлуудын талаар хэлэлцэж, шинэ санаагаа хуваалцахын зэрэгцээ шийдлүүдийг дэвшүүлэх аж.
За тэгээд, жилдээ 1 удаа тохиох энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж салбарын сүүлийн үеийн чиг хандлага, менежментийн шилдэг арга барил болон туршлагуудыг судлах, мөн хүрээллээ тэлэх сайхан боломж хүлээж байна шүү. 😉
📍 Байршил: Shangri-La Ulaanbaatar, Ballroom
⏳ Хэзээ: 9 сарын 27, 09:00 цагт
Хөгжлийн банк
🍋 Fitch Ratings агентлаг Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг 3 сарын дараа "В/тогтвортой"-гоос "В+/тогтвортой" болгож ахиуллаа. Хөгжлийн банкны үнэлгээ ийнхүү Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүрлээ. Учир нь Хөгжлийн банк дунд хугацаанд активын чанараа сайжруулж, илүү олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр байгаа юм.
🍋 Nike (NKE)-н захирлуудын зөвлөл Гүйцэтгэх захирлаа солих шийдвэр гаргасны дараа компанийн хувьцаа 10% өсжээ. 2020 оноос компанийг удирдсан Жон Доногроен нь инновац болон маркетингийн чадвар дутмаг гэсэн үндэслэлээр тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд ирэх сараас компанийн өмнөх Гүйцэтгэх захирал Эллиот Хилл албан тушаалдаа эргэж ирэх гэж буй.
🍋 Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулах төсөл дэмжигдлээ. Төслийг 3 бүрэлдэхүүнээр хэрэгжүүлэх ба нийт 4,988 ногоон орон сууц бүхий хотхон, хороолол барих гэж буй. Ингэхдээ 37 төрлийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (КР1) бүхий техникийн ерөнхий шаардлага болон ОУ-ын ногоон барилгын үнэлгээний стандартыг хангуулах аж.
🍋 ЗГ-ын бүтэц шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн өмчийн 6 их сургуулийн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааны бодлого чиглэлийг шинэчилнэ. Тодруулбал, ЗГ-ын энэ оны тогтоолоор холбогдох яамд, холбоо, их сургуулийн төлөөлөл бүхий дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, их, дээд сургуулиудын стратеги төлөвлөлтийг сайжруулж, бодлогын судалгаа боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
📊 Бизнес төлөвлөгөөгөө боловсруулахад ChatGPT-с тусламж авах бэлэн асуултууд. (Forbes)
👠 “Ажлын байран дээрх эмэгтэйчүүд” 281 байгууллага, 15 мянган эмэгтэйчүүдийг хамарсан судалгааны үр дүн. (McKinsey)
🧩 Компанидаа тулгарч буй сорилтуудыг даван туулах арга. (Entrepreneur)
👔 Гүйцэтгэх захирлууд дүр эсгэхгүй байх нь ямар ач холбогдолтой вэ? (Axios)
Даваа: Америкийн ЗГ-ын 3 болон 6 сарын хугацаатай бондын дуудлага худалдаа эхэлнэ.
Мягмар: Японы төв банкны хэвлэлийн хурал болно.
Лхагва: Оросын өнгөрсөн 8-р сарын аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт танилцуулагдана.Пүрэв: “Улаанбаатар Түншлэл- 2024” олон улсын үзэсгэлэнгийн эхний өдөр.
Баасан: Германы 9-р сарын ажилгүйдлийн түвшин зарлагдана.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply