• Lemon Press
  • Posts
  • 🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 4 жил

🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 4 жил

Төрсөн өдрийн товхимол | Технологийн салбарын луугар нэгдэл | 7 хоногийн арилжааны тойм

POWERED BY

Lemon Press 4 нас хүрлээ. 🍋🎉 Тус хугацаанд бид 37 мянган гаруй уншигч, 206 мянган дагагчтай болжээ. Бидэнтэй хамт байсан уншигч, сонсогч, үзэгч, дагагч та бүхэндээ баярлалаа.

*Нэг өдрийн өөрчлөлт

CUS: Он гарснаас хойш экспортолсон чулуун нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөс 26.8% өсөж 57.7 сая тн-д хүрээд байна

KHAN: Fitch Ratings агентлаг ХААН Банк (KHAN)-ны зээлжих зэрэглэлийг 1 шатаар ахиулж “B+/тогтвортой” болголоо.

UN: НҮБ-ын Ерөнхий Ассемблей НҮБ-ыг шинэчлэх “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичгийг баталлаа

IMP: Энэ онд импортолсон суудлын автомашины тоо өнгөрсөн оны мөн үеэс 75.1% нэмэгдэж 90.3 мянгад хүрлээ.

🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 4 жил 

Lemon Press үүсгэн байгуулагдаад 4 жилийг үдлээ. Энэ хугацаанд юу хийж бүтээснээ товч хүргэе. 🍋

⏳ 8.4 мянган цагийн хөдөлмөр

Бид өнгөрсөн 4 жилд ойролцоогоор 8,448 цагийг зарцуулан уншигчдынхаа имэйл рүү нийт 890 товхимол явуулжээ. Энэ 890 дугаар нийт 1 сая орчим үгээс бүрдсэн бөгөөд бүх дугаараа уншсан уншигч ойролцоогоор 3,333 хуудас номтой тэнцэхүйц мэдээлэл авсан байна. Түүнчлэн бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд л гэхэд сошиал хуудаснаа 1,543 пост оруулжээ. 

  • 💪 Салбар, салбарт: Бид товхимлоос гадна ярилцлагын болон зочин нийтлэгчийн булангаараа дамжуулан салбар, салбарын мэргэжилтнүүдийн туршлага, дуу хоолойг хүргэдэг. Жилийн өмнөөс бид “Lead With” хөрөг контентоо эхлүүлж 9 компанийн удирдагч, манлайлагчдын түүх, туршлагыг хүргээд байна. 

  • 🤝 Бидний нөлөө: Lemon Press-н зорилго бол “Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах” явдал. Иймдээ ч бид хөрөнгийн зах зээлийн алдаа дутагдлыг засаж, сайжруулахын тулд ажилладаг. Үүний хүрээнд зах зээлийн үйл явдал, ХК-иудын тайланг тоймлох, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэхийн зэрэгцээ ХК-иудыг “Ногдол ашгаа тодорхой зарлахыг уриалж” зах зээлд шинэ жишиг тогтоов

📽 Төрөлжсөн контентууд

Цаашлаад, бид цахим товхимлоос гадна сонирхолтой, хэрэгцээт видео контентуудыг хүргэдэг. Өдгөө бид 218 видео контент хийсэн бөгөөд бүгдийг нь үзэхэд ойролцоогоор 6 өдөр зарцуулагдана. Түүнчлэн бид 2023 оны 8-р сараас Lemon #101 видео контентыг эхлүүлж 25 цуврал дугаар гаргасан нь манай хамгийн хандалттай контент болон бойжжээ. Мөн Lemonade контентын маань IV улирлын дугаарууд цацагдаж, V улирлын зураг авалт Өмнөд Солонгост хийгдэж байна.  

  • 🔝 Илүү олон Лимон! Энэ бүх хүч хөдөлмөрийн эцэст манай бүртгэлтэй уншигчдын тоо жилийн өмнөхөөсөө 1.4 мянгаар, сошиал дагагчид маань 42.5 мянгаар нэмэгджээ. Түүнчлэн бид энэ хугацаанд давхардсан тоогоор 242 байгууллагатай хамтран ажилласан бөгөөд үүний дийлэнх нь банк, санхүүгийн салбарынхан байгаа юм. 

Эцэст нь… Энэ 4 жилийн хугацаанд биднийг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Цаашдаа хараат бус бодлогоо баримтлан илүү чанартай, хэрэгтэй контентуудыг бэлтгэн гаргах болно. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋

 📃 7 хоногийн арилжааны тойм

MSE: МХБ-ээр явагдсан өнгөрсөн 7 хоногийн арилжааны дүн өмнөх 7 хоногоосоо 21.5% буурсан буюу ₮33 тэрбумын арилжаа хийгджээ. Үүнээс хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хувьд ХААН Банк (KHAN)-ны хувьцаа хамгийн өндөр дүнгээр буюу ₮696.1 саяар арилжигдсан байна. Идэвхтэй арилжаалагдсан дараагийн үнэт цаас нь Монложистикс Холдинг (MLG)-ийн хувьцаа байна. Харин хоёрдогч зах зээлийн арилжаанд хамгийн идэвхтэй оролцсон ҮЦК нь Мандал Капитал Маркетс ҮЦК аж.

📌 MinePro: Аудитын акулуудын цуглах цэг

“Мining week & MinePro” 2024 арга хэмжээний үеэр гал гарсан ганган семинарууд болох нь ээ. Тодруулбал, уг арга хэмжээний 2 дахь өдөр дэлхийд нэртэй аудитын 4 том компани буюу "Big Four"-н төлөөллүүд цуглаж уул уурхайн компаниудад зориулан мэргэжлийн зөвлөгөө өгөх гэж байна. Хэн ирж, юу ярих вэ гэхээр, 

  • Ernst & Young: Уул уурхайн төслүүдийн санхүүжилтийн үйл явц,

  • PwC: Уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн хуулийн нийцэл,

  • Onch & Company: Давхар татварын гэрээнүүдтэй холбоотой тулгамдсан асуудлууд зэрэг сэдвүүдээр зөвлөгөө өгөх юм. 

Заа тэгээд, ОУ-ын томоохон төлөөллүүдээс зөвлөгөө авна гэдэг алдаж болохгүй боломж шүү. Бүртгүүлээд оролцоорой. 

📅 10 сарын 3-ны Пүрэв гараг
📍 Налайх дүүрэгт Тайж хайрхны бэлд | CMM танхим

⁉️ Технологийн салбарын луугар нэгдэл

Intel (INTC)-н хямрал төсөөлснөөс ч гүн бололтой. 2024 он гарснаас хойш ашиг, орлого буурлаа, ажилчдаа цомхотгож, ногдол ашиг тараахгүй гэж байсан Intel-г одоо бүр өрсөлдөгч Qualcomm (QCOM) нь худалдаж авах талаар яригдаад эхэллээ. Чипийн титан санхүүгийн хямралаа давалгүй өрсөлдөгчтэйгөө нэгдэх үү? 

💍 Чипийн томчуудын хадаг сүй

Тус мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд тарж эхэлснээс хойш Intel-н хувьцааны үнэ 3.3% өссөн бол Qualcomm-нх 2.8% унаад байна. Одоогийн байдлаар тэдний хэлэлцээрийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч Qualcomm-н санал болгосон дүн нь $90 тэрбум аж. Уг хэлэлцээрийн дүн нь технологийн салбарын хамгийн том хэлцэл гэгдэж байсан Microsoft (MSFT) болон Activision Blizzard-н нэгдлээс хамаагүй өндөр дүн юм шүү. 

  • 😨 Час жил: Нэгэн цагт чипийн титан гэгдэж, 2020 онд $260 тэрбумаар үнэлэгдэж байсан Intel-н хувьцааны үнэ энэ жил 60% гаруй унасан. Энэ нь компанийн сүүлийн 12 жилийн түүхэд харагдаж, үзэгдээгүй их уналт юм. 

  • 🧟‍♂️ Уналтын шалтгаан: 2020 онд Apple (AAPL) компьютертоо Intel-н оронд Arm (ARM)-н чипүүдийг ашиглах болсноор тэд 15 жилийн бизнесийн түншлэлдээ цэг тавьж байв. Харин өдгөө Intel Dell (DELL), Lenovo (0992.HK)-с орлогынхоо 40%-ийг олох болжээ. Дээрээс нь нэмээд чипийн зах зээлийн ширүүн өрсөлдөөн ч нэрмээс болсон доо. 

  • 🥲 Дийлсэнгүй: Өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь тус компани гуравдагч компаниар биш өөрсдийн үйлдвэртээ чидүүдээ үйлдвэрлэдэг. Хэдий тэд өөрсдөө чипийн дизайн, үйлдвэрлэлээ хийдэг байсан ч цаашид тус бизнесүүдээ салгахаар төлөвлөж байгаа аж. 

🦈 Чип үйлдвэрлэлдээ бол акул

Intel болон Qualcomm нэгдсэнээр баруун талаас компьютерын чипийн акул, зүүн талаас гар утасны чипийн акул нар нэгдэж чипийн зах зээлд дийлдэхгүй титан төрөх төлөвтэй байна. Qualcomm төдийгүй Samsung (005930.KS), Nvidia (NVDA) гээд л олон чипийн одуудын сул тал нь тэд үйлдвэрлэгч биш буюу чипийн судалгаа, хөгжүүлэлт, дизайныг л бүтээдэг компаниуд. Энэ ч утгаараа Qualcomm Intel-г худалдаж авч тэдний дэлхий даяарх 12 үйлдвэрт өөрсдийн чипийг үйлдвэрлэх зорилго өвөртөлж байгаа бололтой. 

Эцэст нь… TSMC (TSMC34.SA) болон Nvidia чипийн зах зээлийн хаалгыг цөм өшиглөж орж ирснээр Intel-н зах зээл дэх байр суурь ганхаж компани одоогийн нөхцөл байдалд ороод буй. Юутай ч чипийн аваргуудын нэгдэх хэлэлцээр Intel-н Amazon (AMZN)-той байгуулсан томоохон гэрээний араас гарч ирлээ. Юу болох бол? 

Excel Workbook дээр байгаа ажлын хуудаснуудаа заавал устгах шаардлагагүй юм байна шүү. Ажлын хуудсаа устгахын оронд нууцалснаар тухайн хуудасны өгөгдлийг лавлагааны зориулалтаар болон бусад хуудасны загвар болгох зориулалтаар ашиглах боломжтой.

Яаж вэ гэвэл, хуудас дэрээ хулганаа аваачиж байгаад баруун товчлуурыг дарж “Hide” цэсийг сонгоно. Харин дараа нь эргэж ашиглах шаардлагатай бол хуудасны дээд хэсэгт байгаа View tab ➡️ Unhide дээр дарж жагсаалтаас тухайн хуудасны нэрийг сонгоод л болчихно. Туршаад үзээрэй. 😉 

🛋️ Оффисын цогц шийдэл

Тав тухтай, чанартай, загварлаг оффисын тавилга хайж байна уу? Тэгвэл BSB Megamall-н 8 давхрыг зориорой. 📢

  • 🎯 Оффисын бүх хэрэгцээ нэг дор: Хурлын өрөө, удирдлагуудын өрөө, хамт олны  өрөө зэрэг оффисын бүх хэсэгт тохирох ширээ, сандал, буйдан, сэйф гээд олон төрлийн тавилгыг худалдаалж буй.

  • 🆕 Онцлох: Шинээр хүний биеийн бүтцэд тулгуурлан бүтээсэн, нуруунд ачаалал бага өгөх эргономик загвартай Merryfair брэндийн сандал иржээ.

  • 🌿 Төлбөрийн уян хатан нөхцөл: Түүнчлэн биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй технологиор бүтээсэн LD брэндийн төмөр шүүгээнүүдийг Голомт банкны ногоон зээлээр авах боломжтой гэнэ шүү.

За тэгээд, тэдний 2024 оны оффис мебелийн каталогтой ЭНД дарж танилцаад сонголтоо хийнэ биз ээ.

📍 Хаана: ХУД, 19-р хороолол, BSB Megamall их дэлгүүр

News.mn

🍋 Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, энэ онд багтаж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгын ажлыг газар чөлөөлөлт дууссаны дараа эхлүүлэх бөгөөд одоогоор 2,206 айлын 1,500 нь газраа чөлөөлөөд буй. Гэснээс уг төсөлд хувийн хэвшлүүд хөрөнгө оруулбал татварын бодлогоор дэмжинэ гэнэ. 

🍋 Хятадын Ляонин мужийн ТиеЛинг хотоос бүх төрлийн овор хэмжээтэй цас цэвэрлэх машиныг Монгол руу нийлүүлэх боломжтой. Түүнчлэн Даньдун болон ЧаоЯнг хотоос барилгын материал, цемент, болон далайн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх сонирхолтой байгаа аж. Харин Монголоос талуудын экспорт, импортын жагсаалт гаргаж, харилцан солилцох санал дэвшүүлээд буй. 

🍋 Монгол болон Япон батлан хамгаалах салбарт тоног төхөөрөмж, технологи харилцан экспортлох гэрээ байгуулна. Гэрээнд гарын үсэг зурсны дараа Японы ЗГ Монгол руу экспортлох тоног төхөөрөмжийн хэлэлцээрийг эрчимжүүлэхээр төлөвлөж буй. Мөн 2 орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг Хойд Солонгос бүрэн хэрэгжүүлэхэд уриалж хамтран ажиллах аж.

🍋 Нийслэл Азийн сантай “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хамтран хэрэгжүүлнэ. Уг төсөл нь хот төлөвлөлтийг сайжруулах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах, болон боловсрол, технологи, олон нийтийн оролцоог дээшлүүлэх зэрэг 3 үндсэн чиглэлд 2027 оны 4-р сар хүртэл хэрэгжих ба Улаанбаатар хот уг төсөлд хамрагдсан 5 дахь хот болох нь. 

  • Борлуулалтын менежер / Gobi Group K.K: Япон хэлэндээ ус цас, Японы зах зээлийг судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах төрмөл авьяастай хүмүүс байвал ийшээ. 👉 (Link)

  • Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний ​​нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)

  • Татварын нягтлан бодогч / SCC: Татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ясны гярхай, НББОУС болон татварын хууль тогтоомжид нийцсэн зардлын бүртгэлийг хөтлөх хүнийг хайж байна. 👉 (Link)

  •  💪 50+ насныхан бизнесээ эхлүүлэхэд оройтоогүй. (Forbes)

  • 🛣️ Авто замын ашиглалтын чанарыг лазер хэмжилтийн төхөөрөмжөөр үнэлдэг болжээ. (MNB)

  • 🧑‍💼 Z үеийн менежерүүдийн хиймэл оюун ухаан ашиглаж буй туршлага. (HBR)

  • 🧠 Тархи судлалд суурилсан 9 аргыг ашиглан удирдах чадвараа сайжруулах боломжтой. (FastCompany)

Reply

or to participate.