• Lemon Press
  • Posts
  • 🤝🏻 Санхүүгийн андлал

🤝🏻 Санхүүгийн андлал

Warner Bros-н 7 кино | $BABA: $100 саяын ХО | Уул уурхай & Экспорт

POWERED BY

Бантантай өглөөний мэнд! Монголын телевизийн салбарт цоо шинэ Bantan суваг мэндэлжээ. Тус сувгаар ёстой бантан шиг олон янзын контент гарах бөгөөд Univision-н 808 дээр гарч байгаа гэнэ шүү. 📺

*Нэг өдрийн өөрчлөлт.

CUS: Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 13.8% буурч $9.2 тэрбум болсноор гадаад худалдааны ашиг 1.9 дахин буурч $1.7 тэрбумд хүрэв.

BOND: СҮҮ 2.0 өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, ₮5 тэрбумыг богино хугацаанд татан төвлөрүүллээ.

CN: Өнгөрсөн 8-р сард Хятадын экспорт 4.4% өсөж $322 тэрбумд хүрсэн нь сүүлийн 6 сарын хамгийн тааруу өсөлт болжээ.

BOM: Шинжээчдийн судалгаагаар ирэх оны II улиралд $1=₮3,690 болох төлөвтэй байна

📌 Уул уурхай & Экспорт

Ойрд уул уурхайн салбар бужигнаан ихтэй байна даа. Салбарын хамгийн том арга хэмжээ болох гээд л, шинэ орд илрээд л, Эрдэнэт үйлдвэр рекорд тогтоогоод л. Юу болоод байна аа? 

💥 Boom: 40 сая тн

Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийг бүрэн шинэчилсний үр дүнд Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа түүхэндээ анх удаа жилд 40 сая тн хүртэл нэмэгдүүлээд буй. Шинэчилсэн секцээр жилд 12 сая тн хүдэр баяжуулах аж. Ингэснээр өмнө нь жилд 20 сая тн хүдэр боловсруулдаг байсан тус үйлдвэр одоо 1 жилд 2 жилийн бүтээмжтэй ажиллана гэсэн үг юм. 

  • 🔍 Ашиг, хүртээл? Шинэчлэлийн дүнд зөвхөн цахилгааны зардлаас хагас жилд ₮900 саяыг хэмнэсэн аж. Хуучин төхөөрөмжүүдийг шинэ өндөр хүчин чадалтай машинаар сольсноор эрчим хүчний хэрэглээ 15%-20% буурч, жилд ₮2 тэрбумтай дүйх хэмнэлт хийх боломжтой болсон хэрэг. Мөн зэсийн металл авалт өсөж жилд ₮1.4 тэрбумын орлого нэмэгдэх тооцоо гарчээ.

🧐 Зах зээл юу болж байна?

Одоо бол манай экспортын орлогыг зэс л чирч байна гэхэд хилсдэхгүй. 2023 онд экспортын сагсанд нүүрс давамгайлж 61.2%-ийг бүрдүүлж байсан бол 2025 оны эхний 8 сард энэ үзүүлэлт бараг 2 дахин буурсан байна. Үүний эсрэгээр зэсийн эзлэх жин өссөөр 37.6%-д хүрч, нүүрстэй энэ тэнцүү нөлөөтэй болжээ. Угаас Эрдэнэт үйлдвэр болон Оюу толгойн зэс үйлдвэрлэл нэмэгдэж байгаагийн дээр зэсийн үнэ ч өссөөр байна.. 

  • 🤑 Чиг хандлага ногоон руу: ХНС-гийн бодлогын хүү буурах хүлээлт үүссэнээс шалтгаалан зэсийн эрэлт нэмэгдэж буй. Улмаар сүүлийн 3 сар зэсийн үнэ тогтвортой байсан ч өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 5 сарын хамгийн өндөр цэгт хүрчээ. 

Эцэст нь… Гадаад худалдааны ашиг буураад, төгрөг нь сулраад байгаа энэ үед шинэ зэсийн орд нээгээд, олборлолт экспорт нэмэгдээд явж байгаа нь сайхан. Гэхдээ нүүрсний үнэ шал арчсаар байгаа энэ үед хайгуулын ажлыг улам эрчимжүүлж, маргаашаа харж хөдлөх хэрэгтэй байна даа. 

🤑 $BABA: $100 саяын хөрөнгө оруулалт

BABA: Хятадын технологийн аваргуудын нэг Alibaba $100 саяар X Square Robot стартапад хөрөнгө оруулалт хийхээр болжээ. 2023 оны сүүлээр байгуулагдсан Шэньжэн хотод төвтэй тус стартап энэ хугацаанд 8 дахь удаагаа хөрөнгө оруулалт татаж, нийт дүн нь ойролцоогоор $280 саяд хүрээд байна. Үүнтэй холбоотой Alibaba-н нэгж хувьцааны үнэ Хонконгийн бирж дээр 4.2% өсөж HK$137.3 болсон аж.

  • 🧑‍🎤 MTV VMAs 2025-д гялалзсан шилдэг уран бүтээлчид. (HollywoodReporter)

  • ✍️ ХХОАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байгаа гэнэ. (LegalInfo)

  • 🌊 Цоо шинэ далайг илрүүлсэн гэв үү? (Surfer)

  • ⌛ Тэрбумтнууд урт удаан амьдрахын тулд хэдэн зуун сая $-ын хөрөнгө оруулалт цацаж байна. (WSJ)

🤝🏻 Казахстан ба Монголын хамтрал 

Саяхан нэг гараанаас эхэлсэн бараг л хөрш орон гэж хэлж болох Казахстаны хөгжилд цагаахан атаархах үе бий. Ямартай ч санхүүгийн салбарт Казахстан болон Монгол анд бололцоод амжлаа. Яаж гэж үү? 

🇰🇿 Санхүүгийн андлал

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын дарга тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Казахстанд ажилласан. Энэ үеэр Санхүүгийн Зохицуулах Хороо Астанагийн санхүүгийн үйлчилгээний байгууллага (Astana Financial Services Authoritу)-тай харилцан ойлголцлын санамж бичиг зураад амжлаа. Энэ хүрээнд хил дамнасан санхүүгийн мэдээлэл солилцох, финтект тулгуурласан виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн техник хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр тохирчээ. 

  • Нэмэлт: Мөн хөрөнгийн зах зээл, даатгал, финтек салбарын байгууллагын тогтвортой, аюулгүй, үйл ажиллагааг хангах зорилгоор санхүүгийн хяналт шалгалтад хамтран оролцож, хоёр талын чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтрах аж.

📝 Андаас сурах нь

Казахстаны санхүүгийн салбарын хөгжлөөс туршлага судлах зүйл олон. Үүнээс төрийн өмчит компанийн хувьчлалыг хэрхэн хийж буйг хэдхэн жишээгээр харъя. Анх Лондоны биржид бүртгэлтэй төрийн өмчит Air Astana (AIRAL.XC)-г Казахстаны баялгийн сан Самрук-Казына 51%, Их Британийн батлан хамгаалахын BAE Systems 49%-ийг тус тус эзэмшиж үйл ажиллагааг нь эхлүүлсэн аж. Өдгөө компанийн 41%-ийг Самрук-Казына сан, BAE Systems 17%, Казахстаны тэтгэврийн сан 6.5%-ийг тус тус эзэмшиж, зах зээлийн үнэлгээ £501.3 саяар үнэлэгдэж байна.

  • 🪙 Крипто салбар: Виртуал хөрөнгийн салбарт ч дэлхийтэй хөл нийлүүлэх болсон бөгөөд өнгөрсөн 8-р сард Биткойн (BTC) ETF санг гаргаад амжсан. Ингэснээр Төв Азид анх удаа Биткойн ETF зөвшөөрсөн улс болсон билээ.

Эцэст нь… Сая зурагдсан санхүүгийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь манай компаниудын Казахстаны зах зээлд тэлэх IPO-н эхлэл байхыг үгүйсгэхгүй. IPO хийхэд тавигддаг шалгуурын хувьд, компанийн зах зээлийн үнэлгээ нь $1 саяас дээш байх, сүүлийн 3 жилийн дор хаяж нэг жилд нь ашигтай ажилласан байх, нийт хувьцааны доод тал нь 10%-ийг олон нийт эзэмших гэсэн шаардлагатай гэнэ дээ.

Excel дээр мөр, баганыг түгждэг “Freeze Panes” функцийг ашиглаж сурцгаая. Том өгөгдөл дээр дээш, доош гүйлгэн харьцуулж харах тохиолдолд хэрэг болдог эд дээ. 

  • Үндсэн арга: Мөрийг түгжих гэж байгаа бол түгжих мөрнийхөө доод талын мөрийг, харин багана түгжих бол түгжих баганынхаа баруун талынхыг идэвхжүүлээд View➡️Window➡️Freeze Panes цэсийг сонгоод болох нь. 

  • Товчлолууд: Мөр ба баганыг хамтад нь түгжих бол Alt + W + F + F, зөвхөн дээд мөрийг түгжих бол Alt + W + F + R, Зөвхөн эхний баганыг түгжих бол Alt + W + F + C гэхчлэн олон товчлолууд бий шүү. 

🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

📦▶️ PickPack-тай бизнесийн өсөлтөө хурдасга 

Онлайн бизнес эрхлэгчдийн толгойн өвчин болсон нийтлэг асуудлуудыг шийдэхээр PickPack Group “Агуулахын цогц шийдэл” нэвтрүүлжээ. 📢

  • 🫴 Цогцоор нь: PickPack-тай хамтран ажилласнаар татан авалт, агуулах, ангилалт, хүргэлтийн бүх асуудлаа нэг дор шийдэх нь. Жишээлбэл, хотын төвд байрлах стандартад нийцсэн агуулахаас хадгалсан бараагаа хэрэглэгчийн гарт шуурхай найдвартай хүргүүлж, цаашлаад орон нутгийн хэрэглэгчдэдээ хүртэл хүргүүлэх боломжтой.

  • 🔮 Ямар үр дүнг амлав? Ийнхүү логистикийн асуудлаа шийдсэнээр үйл ажиллагааны зардлаа бууруулж, үндсэн бизнестээ төвлөрөх боломж бүрдэх нь ээ. Үүнээс гадна борлуулалтын сувгаа өргөжүүлж, бизнесээ дараагийн түвшинд хүргэх нөхцөл ч бий болох юм.

Үүнд PickPack-н бизнесээ зайнаас удирдахад туслах PP Business платформ болон хүргэлтийн аварга том дэд бүтэцтэй FreshPack платформ нар гол үүрэг гүйцэтгэнэ.

📞 Холбогдох: 7777-6090

Hollywood Reporter

🍋 Warner Bros (WBD)-н 7 кино дараалан нээлтийн долоо хоногтоо $40 саяас дээш орлого оллоо. Ийнхүү тус кино студи салбартаа ийм хэмжээний тогтвортой амжилт үзүүлсэн анхдагч нь болж байна. Сүүлд “Conjuring: Last Rites” нээлтийн 7 хоногтоо дэлхий даяар $187 саяын орлого олсон юм. Гэвч нөгөө талаараа энэ оны эхний хагасыг голчлон франчайз бүтээлүүд өнгөлөх шив дээ. 

🍋 Монголын Волейболын Холбооны шинэ Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа сонгогдов. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговиос сонгогдож байсан бөгөөд ийнхүү МБХ-ны анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Багануур ХК (BAN)-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Түвшинжаргал томилогдон ажиллаж байсан ч өнгөрсөн 5-р сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

🍋 Оросын нүүрсний компаниудын алдагдал энэ оны эхний хагаст өнгөрсөн оноос 1.6 нугарч $2.3 тэрбумд хүрчээ. Цааш задлан харвал, алдагдалтай ажилласан компаниудын эзлэх хувь 14.6 нэгж хувиар өсөж 66% болсон байна. Том зургаар тус улсын нүүрсний салбар хориг арга хэмжээ, тарифын нэмэгдэл зэргээс үүдэн 2022 оноос хойш нийт $30 тэрбумын алдагдал хүлээгээд байна. 

🍋 Барилгачдын талбайг Нийслэлийн эзэмшилд авч доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина. Үүнээс урт цагааны гудамжны түүх давтагдах вий гэсэн айдас урган гарч буй. Тодруулбал, урт цагааны гудамжийг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж Нийслэл эзэмшилдээ авч, ₮40 гаруй тэрбумыг зарлагадсан ч төсөвтөө нийцээгүй дүр төрх угтан авсан нь саяхан. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.