• Lemon Press
  • Posts
  • 🤒 Нэмнэ, нэмнэ тултал нэмнэ

🤒 Нэмнэ, нэмнэ тултал нэмнэ

Зоосноос тоос, тоосноос тоо | $JTB: 2 өдөр ногоон | Банкнуудын зээлийн төлөв

POWERED BY

HOLA! УБ хотын иргэдийн эртний танил болсон Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан гунигт мэдээг хотын дарга Х.Нямбаатар өөрийн сошиал хаягтаа хуваалцжээ. Тэртээ 1958 онд ашиглалтад орсон тус гүүрийг давж үзээгүй Монгол хүн байхгүй билээ. Ямартай ч шууд хааж засах бус УБ трамвай төслийн хажуугаар л амжуулах бололтой шүү. 🕊️

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Ирэх 3 сард том банкнууд ААН-ийн, дунд банкнууд иргэдийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

TUG: Сүүлийн 1 жилийн хугацаанд төгрөгийн ханш $-н эсрэг 3% буюу ₮102.3-өөр суларчээ.

POL: ЗГ-ын хуралдаанаар хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, м​​алчдад өвөлжөө, хаваржаа, тариалангийн газар үнэгүй эзэмшүүлэхээр боллоо. 

MIN: Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Лондоны хөрөнгийн бирж хамтран Монголын уул уурхайн компаниудыг Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ

🪙 Зоосноос тоос, тоосноос тоо 

Саяхан СЗХ-ноос санхүүгийн салбарын 2025 оны тоймыг танилцуулсан бөгөөд үүнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зах зээлд буюу монголын криптовалютын зах зээлд хэд хэдэн сонирхолтой тоо ажиглагдлаа. Тоосонд дарагдаад байсан виртуал хөрөнгийн зах зээлээр сонин хачин юу байв?

🇲🇳 2025 оны крипто тойм

Өнгөрсөн оны байдлаар дотоодын криптовалютын зах зээлд 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа явуулсан аж. Эдгээр компаниуд нь орлого 2024 оноос 52.4% буурч ₮6.4 тэрбумд хүрсэн бол алдагдал 8.8 дахин нэмэгдэж ₮9.1 тэрбумд хүрчээ. Түүнчлэн харилцагчдын тоо 23.9% багасаж 709.6 мянгад, дотоодын виртуал хөрөнгийн тоо 5-аар буурч 37 болов.

  • 🙈 Криптод дурлагсад: Крипто биржүүдэд бүртгэлтэй харилцагчдын 67.9% буюу 481.6 мянга нь баталгаажсан харилцагчид бөгөөд үүний 18.5 мянга нь идэвхтэй арилжаалагчид аж. Нэг үгээр эдгээр хүмүүс 2025 онд сард багадаа нэг удаа арилжаанд оролцжээ. 

  • 👀 Анхаарах тоо: 2022 онтой харьцуулахад дотоодын криптовалютын арилжаа 50.2% өсөж ₮80.8 тэрбумд хүрсэн бол зах зээлийн үнэлгээ ₮250 тэрбум болж 23.3% буурав.

🔙 Койнууд сэргэв

Цаашлаад, дотоодын криптовалютуудад сонирхолтой зүйлс олон ажиглагдав. Тухайлбал, ARDX койны үнэ өчигдрийн оройны 18 цагийн байдлаар 2025 мөн үеэс 52.9% өсөж ₮44.8-т хүрчээ. Энэ нь магадгүй ARDX койнтой холбоотой хэд хэдэн идэвхжүүлэлтийн ажлууд ч хийгдсэний илрэл ч байж болох юм. Үүнээс гадна, IHC койны үнэ ₮0.144-өөр арилжаалагдаж буй нь өмнөх оны мөн үеэс 58.2% нэмэгдсэн дүн аж.  

Эцэст нь… Сүүлийн өдрүүдэд Биткойн (BTC), Эфериум (ETH), XRP (XRP) зэрэг томчуудын үнэд унах трэнд ажиглагдаж байгааг мэргэжлийнхэн крипто өвөл эргэн иржээ гэж үзэж эхэлсэн шүү. За тэгээд лимонууд маань криптод хөрөнгө оруулахаар сонирхож байвал гадаад, дотоод гэлтгүй сайтар судлаарай. 🔎

  • 🦘 Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. (БоловсролынЯам)

  • 🎵 AI-н тусламжтай хөгжим бүтээх боломж. (Blog.Google)

  • 🖊️ Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ? (ЦХИХХЯ)

  • 📖 МУИС-ийн номын сан олон нийтэд нээлттэй болжээ. (МУИС)

🟢 $JTB: 2 өдөр ногоон

JTB: Женко тур бюро ХК 2025 оны цэвэр ашгаас нийт ₮1 тэрбум буюу нэгж хувьцаанд ₮12.5-ийн ногдол ашиг хуваарилахаар болжээ. Компанийн тухайд 2025 онд ₮967.1 саяын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 37.3% буурсан үзүүлэлт байв. Түүнчлэн, сүүлийн 2 өдрийн хугацаанд компанийн нэгж хувьцааны үнэ 27.3% өсөж ₮50.9-т хүрсэн аж. Сонирхуулахад, энэ удаагийн ногдол ашгаар компанийн 6.8%-ийг эзэмшигч Ерөнхийлөгч асан Х.Баттулга ₮84.5 саяыг авах төлөвтэй байна.

‼️ Тодотгоно чиг, алдана чиг

Нийслэлийн төсөв 2023 оноос хойш гэрлийн хурдаар тэлж байгаа. Хажуугаар нь жил бүр батлагдсан төсвийг нэмж тодотгодог. Он гарснаас хойш 8 долоо хоногийн дараа энэ тойрог дахиад л үргэлжиллээ

🤒 Нэмнэ, нэмнэ тултал нэмнэ

2021-2025 оны хооронд нийслэлийн төсвийн орлого болон зардал жилд дунджаар 40% нэмэгдсэн. Тэр дундаа 2024 оны сонгуулийн жил бол зах замбараагүй өсөв. Зардал нь л гэхэд 75% тэлж ₮5.6 их наядыг давсан аж. Харин өнгөрсөн онд энэ тоо улам талийж ₮7.3 их наядыг шүргэснээр төсвийн алдагдал рекорд тогтоож ₮3 их наяд болжээ. 

  • 🤥 Яана вэ: Харж байгаачлан нийслэлийн төсөв эдийн засгийн бодит өсөлтөөс хол давсан хурдаар тэлж байна. Ийм өндөр алдагдал, давтамжтай тодотгол нь ирээдүйн өрийн дарамт, инфляцын эрсдэл, бодлогын тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх магадлалтай юм.

Тэлэлтийн үр дүн?

Одоогоос 2 жилийн өмнө сургууль хэрэгтэй байна, метротой болмоор байна гээд төсөвт тодотгол оруулж байв. Гэтэл одоо ч сургуулийн асуудал дорвитой шийдэгдээгүйн дээр метроны бүтээн байгуулалт дээр цэг ч тавиагүй байгаа. Дэд бүтцийн төслүүдийг урагшлуулна гээд төсвөө нэмээд тодотгоод байдаг ч үр дүнг нь хэн ч сөхөхгүй байгаа нь асуудал. Нийслэлийн засаг даргын орлогч нь нүүрс зэсийн үнэтэй уялдуулаад боломжтой үедээ төсвөө тэлээд явъя гээд сууж байна. 

🥲 Тодотгол 2026: ₮350 тэрбумын үл үзэгдэгч трамвай

Энэ жилийн тухайд COP17-г зохион байгуулахад ₮71 тэрбум, ₮200 тэрбумын бонд гаргаж ДЦС-5 төсөлд хөрөнгө оруулахын тулд ₮1.5 тэрбумын зардал, одоо ч нүдэнд үл үзэгдэх трамвай төслөө урагшлуулмаар байна гээд ₮350 тэрбум хэрэгтэй болж гэнэ. Төсөв өргөн барихад тусгаж болоогүй бололтой. ₮350 тэрбумыг трамвай төслийн ямар үе шатад, яаж зарцуулах нь тодорхойгүй.

  • 📌 ₮748.4 тэрбумаар нэм: Нийтдээ энэ жилийн төсөв дээр ойролцоогоор ₮640 тэрбум орчмын зардал нэмэгдэнэ гэдгийг зарлаад байна. Мэдээж үүнийг дагаад төсвийн орлогыг ч батлагдсан дүнгээс 16.1% буюу ₮748.4 тэрбумаар нэмэгдүүлж ₮5.4 их наядад хүргэх аж. Тэгэхээр одоо татвараа улам л ихээр төлөх нь дээ. 

Эцэст нь… Төсөв замбараагүй тэлэхийн хэрээр хаа сайгүй болсон болоогүй төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ онд зээлээр хэрэгжүүлж байгаа 14 төслийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт ₮100.3 тэрбумыг төлнө. Үр дүнгийн хэмжилт бас л байхгүй. Нэмээд нийслэлийн төсвийн талаарх тоо баримт ч замбараагүй, төсвийн төсөл дээр нэг өөр, ҮСХ дээр нэг өөр, гүйцэтгэлийн тайлан дээр бүр ч өөр байна. Ай тоогүй, тоогүй. 

730 мянга
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатарт нийт 730 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцжээ.
2,400 байршил
Тэгвэл тэдгээр өдрүүдэд нийт 24 мянган иргэн, ААН, байгууллага 2,400 байршлын авто зогсоолоо нээлттэй байлгасан аж. 
1,080 албан хаагч
Гэснээс өдөрт 530 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болох эрсдэлтэй бөгөөд үүнээс сэргийлж 1,080 албан хаагч замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн гэнэ. 

Investment U

🍋 Stripe-н зах зээлийн үнэлгээ хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 74% өсөж $159 тэрбумд хүрэв. Угтаа компани энэ онд IPO хийх өндөр хүлээлттэй байсан ч, хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа арилжих замыг сонгожээ. Компани олон нийтэд нээлттэй болохоос илүүтэй AI болон стейблкойны өсөлтийн үеэр бий болох боломжуудыг ашиглахад төвлөрөх аж.

🍋 ХААН Банк (KHAN) “Ховд шонхрууд” багийг ивээн тэтгэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Ховд шонхрууд баг өчигдрөөс “Khan Falcons” нэрээр талбайд тоглож эхлэв. ХААН Банкны хувьд 2015 оноос хойш NBA-н шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ивээн тэтгэгчээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн жил Бишрэлт Металл багийг ивээн тэтгэж, хамтран ажилласан юм.

🍋 Осакагийн хөрөнгийн бирж (OSE)-ийн Ерөнхийлөгч Рюүсүкэ Ёкояма Токиогийн хөрөнгийн бирж (TSE)-ийн Ерөнхийлөгчөөр томилогдоно. Тэрээр 1986 оноос эдгээрийн толгой компани Japan Exchange Group (JPX)-т ажиллаж эхэлсэн бөгөөд карьерынхаа эхлэлээс компьютер, систем хөгжүүлэх, дижитал системийн тал дээр ажиллаж эхэлсэн туршлагатай аж. Ийнхүү TSE дижитал шилжилтээ улам эрчимжүүлэхээр хөдөлж эхлэх нь.

🍋 Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад 7 улсын 13 компани саналаа ирүүлжээ. Энэ нь тус төсөл дээр хамтран ажиллах санал хүлээн авсан нийт компанийн 23% бөгөөд үүнээс 2 улсын 4 компани сонгон шалгаруулалтад оролцохоор болсон байна. Үүнд Хятадын NFC, Jiangxi Copper тэргүүтэй 3 компани, Швейцарийн Glencore International AG нар багтжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.