- Lemon Press
- Posts
- 🥇 Play Store-н аваргууд
🥇 Play Store-н аваргууд
Шинэ гишүүн: LC Waikiki | Биткойны аварга MicroStrategy | $KHAN-н шинэ санхүүжилт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Монголын улс төрчдийн 20% нь доктор, 60% нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байгаа бол үлдсэн нь бакалаврын зэрэгтэй бөгөөд үүгээрээ дэлхийд 10-р байранд жагсаж явна. Өнөөгийн Монголын өнгө төрхөөс харахад дээд боловсрол бодлого боловсруулалт 2 урвуу хамааралтай байдаг ч юм шиг… 😶🌫️
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Эрдэнэс тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.
BANK: Moody’s агентлаг Монголын 8 банкны зээлжих зэрэглэлийг “B3” ангиллаас “B2/Тогтвортой” болгож ахиулав.
NSO: ДНБ өнгөрсөн III сард 5% өсөж ₮22.8 их наядад хүрсэнд уул уурхай, олборлолтын болон үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
✨ Шинэ гишүүн: LC Waikiki
Манай худалдааны салбарын цар хүрээ борлуулалт тэлж байгаагийн хэрээр шинэ тоглогчид ч нэмэгдсээр байна. Тэгвэл тус салбарт Туркийн алдарт брэнд хөл тавьж байна!
📜 Сонирхолтой үүх түүх
LC Waikiki брэндийг 1988 онд Францын дизайнер Жорж Амуйал болон түүний хамтрагч Францад үүсгэн байгуулсан билээ. Харин 1997 онд уг брэндийг Туркийн Tema Tekstil компани худалдаж авснаар тухайн жилд Туркт 21 салбар дэлгүүрээ нээж тэлсэн юм. Өөрөөр хэлбэл, уг компанийн менежмент, хөрөнгө оруулалт LC Waikiki брэндийн цар хүрээг одоогийн түвшинд тэлсэн юм.
📈 Тэлэлтээс тэргүүлэгч: Тодруулбал, LC Waikiki хамгийн анхны олон улсын дэлгүүрээ 2009 онд нээснээс хойш улам бүр тэлсээр 2014 он гэхэд Европын тэргүүлэх загварын жижиглэн худалдааны брэндүүдийн нэг болтлоо өргөжсөн байна.
🌍 60/195: LC Waikiki дэлхийн 59 оронд 1,282 гаруй салбар дэлгүүртэй, 50,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй. Үүнээс 22 улсад нь амжилттайгаар зах зээлийн тэргүүлэгч болжээ. Тэгвэл тэдний үйл ажиллагаагаа өргөжүүлэх 60 дахь улс нь Монгол болсноор уг брэндийн тэлэлт дэлхийн нийт улсын 31%-д хүрч байгаа хэрэг.
💳 Минутад 2,155: Түүнчлэн LC Waikiki брэндийн бүтээгдэхүүн 1 минут тутамд 2,155 ширхэг борлуулагддаг болтлоо алдаршсан байна. Сонирхолтой нь LC Waikiki брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд цэвэр ашгийнхаа 10%-ийг хандивын төслүүд болон буяны үйл ажиллагаанд зориулдаг аж.
🇲🇳 Тэгвэл Монголд ямар нөлөө үзүүлэх вэ?
Юуны түрүүнд LC Waikiki нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан боломжийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүн санал болгодог тул Монголын дундаж давхаргын хэрэглэгчдэд илүү өргөн сонголт бий болно. Нэмээд дотоодын болон олон улсын бусад брэндүүд өрсөлдөөний стратеги, чанар, үнэ, үйлчилгээгээ сайжруулах шаардлага үүсэх учиртай. Цаашлаад, LC Waikiki салбар дэлгүүрүүд нээгдэхийн хэрээр шинэ ажлын байрууд бий болох боломжтой юм.
Эцэст нь… Худалдааны салбарт гаднын брэндүүд нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийн сонголт, өрсөлдөөн, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч дотоодын үйлдвэрлэгчид ялгарал бий болгох тал дээрээ илүү анхаарах хэрэгтэй болж байна даа. Гэснээс LC Waikiki брэнд Монгол Улсад анх удаа албан ёсны дэлгүүрээ Зайсан толгойн хажууд байрлах SkyWing Center-т нээж байгаа бөгөөд нээлтийн үеэр дэлгүүрт хүрэлцэн ирсэн шинэ хэрэглэгчид бэлэгтэй худалдаанд оролцох боломжтой гэсэн шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.
😮💨 Super Micro: Амьсгаа авахтайгаа болов
SMCI: Nasdaq (^IXIC)-с хасагдах дээрээ тулаад байсан Super Micro шинэ аудитын компаниа зарласнаас хувьцааны үнэ нь 15.9% өсөж $21-т хүрлээ. Чипийн од Nvidia (NVDA)-н ачаар энэ оны халуухан компани гэгдэж хэсэг гялалзсан Super Micro ээлжит улирлын тайлангаа цагтаа гаргахгүй бол Nasdaq-с хасах сануулга авч байсан юм. Харин тэд асуудлаа шийдэж Даваа гарагт санхүүгийн тайландаа аудит хийх компаниар BDO USA-г нэрлэснээр хувьцааны үнэ нь огцом өсөөд байна. Улмаар арилжаа хаагдсаны дараа хувьцааны үнэ нь 40% өсөөд буй.
🛡️ Даатгалын салбарын 90 жилийн ой
Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 📢
Тус арга хэмжээгээр Зохицуулалтын бодлогын "Даатгал - Нийгэм эдийн засгийн дархлаа" болон Даатгалын салбарын түүхэн замнал, дижитал болон инновац шийдлүүд, Монгол Улсын нийгмийн орчны ТОП эрсдэлүүд, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулах "Дижитал галерей" зэрэг дэд арга хэмжээнүүд болох юм.
📍 Хаана: Шангри-Ла хүлээн авалтын танхимд
📆 Хэзээ: 11 сарын 21
🥇 Play Store-н 2024 оны шилмэл апп-ууд
Google-н 8 жилийн турш уламжлал болгон зохион байгуулдаг Play Store-н шилдгүүд тодорлоо. Андройд гэлтгүй iOS үйлдлийн системтэй гар утас ашигладаг ч хүмүүс анхаараарай. Дажгүй апп-ууд байна.
📝 Google оны шилдэг апп-уудаа тодруулахдаа шилдэг апп, шилдэг тоглоомын апп, олон төхөөрөмжөөс хандах боломжтой шилдэг апп болон тоглоомын апп буюу нийт 4 апп-ийг онцлох тодруулдаг. Үүний сацуу чиглэл бүрдээ шилдгээр шалгарсан 8 апп, тоглоомын 8 апп-ийг мөн шалгаруулдаг аж.
🏆 Шилдэг апп
2024 оны Play Store-н шилдэг апп-аар үдэшлэг, арга хэмжээ төлөвлөгч Partiful тодроод буй. Partiful-н гол онцлог нь үдэшлэг, арга хэмжээний урилгаа хүссэн загвараараа бүтээж, урилгаа линк байдлаар мессежээр илгээх, цаашлаад уригдсан зочдын тоог хязгаарлах, зураг, санал асуулга оруулах гэхчлэн арга хэмжээг нэг дор төлөвлөж, зохион байгуулалттай явуулах боломжтой гэж байгаа. Арга хэмжээний “ЗБ” хийх гэж үсээ зулгаадаг үе ард үлдсэн байна шүү та минь ээ.
🙄 Маш сонирхолтой: Тус апп нь өдгөө 4 нас хүрч байгаа бөгөөд өдийг хүртэл дэлхий даяар 1.2 сая удаа татагджээ. Хамгийн сонирхолтой нь Play Store-н шилдэг апп-аар тодорсон тус апп-ийн нийт таталтын 95% нь App Store буюу iPhone хэрэглэгчид эзэлсэн байгаа юм.
📽️ Хүссэнээрээ үз: Харин хүссэн газраасаа хүссэн контентоо үзэхэд хамгийн тохиромжтой апп-аар Max нэрлэгдсэн. Тус апп нь HBO-н стрийминг апп бөгөөд HBO-н оригинал контентод хайртай хүмүүст бол нэлээн хэрэгтэй апп.
🎮🕹️ Шилдэг тоглоомын апп-ууд
Харин AFK Journey дүр хөгжүүлэлт, сайн чанарын анимейшны хэмжээнд хөгжүүлсэн дүрслэлээрээ ялгарч шилдэг тоглоомын апп-аар бол олон төхөөрөмжөөс тоглоход хамгийн шилдэг тоглоомын апп-аар Clash of Clans шалгарав.
🤗 Тааваараа тогло: Гар утасны тоглоомын апп-аас эхэлсэн Clash of Clans-г энэ жилээс суурин болон Chromebook дээр тоглох боломжтой болсон нь тус төрөлд ялахад дэм болсон гэнэ.
🫡 Туршаад үз: Түүнчлэн сэтгэл санааны байдалтайгаа зохицуулан дасгал хийх боломжтой Mila, шинэхэн аав, ээжүүдийн заавал татах Baby Daybook, математик, хими, физикийн бодлогыг хашраадаг UpStudy гэхчлэн туршиж үзэх олон сонирхолтой апп-ууд тодорсон байна.
Эцэст нь… Play Store-н 2024 оны шилдэг апп-уудийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцаарай. Тоглоом болон номын хорхойтнуудын сонирхлыг татах апп-ууд ч байна лээ шүү.
Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 🔎
Асуудал: Олон улсын тээврийн үйлчилгээ үзүүлдэг … компани технологийн хомсдол болон ажилчдын үйл ажиллагааны ур чадвар дутагдалтай байснаас сүүлийн жилүүдэд хүргэлтийн хугацаа нь удааширч, үйл ажиллагааны зардал нэмэгдэн, цаашлаад зах зээлд өрсөлдөх чадвар нь буурах эрсдэлд оржээ.
Шийдэл: Компани Operational Excellence стратеги хэрэгжүүлэн тээвэрлэлт болон хүргэлтийн бүх процессыг автоматжуулж, стандартчилсан хяналтын систем нэвтрүүлэв.
Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉
Dribbble
🍋 MicroStrategy (MSTR) 331,200 ширхэг Биткойныг $4.6 тэрбумаар буюу 1 Биткойныг $88,627-оор худалдан авчээ. Өдгөө Биткойны ханш $91 мянга болж, тус компанийн ашиг $11.7 тэрбумд хүрээд буй. Сонирхуулахад одоогоор Биткойны үүсгэн байгуулагч Сатоши Накамото хамгийн их буюу $91 тэрбумаас дээш үнэлгээтэй 1 сая орчим биткойн эзэмшиж байна.
🍋 Moody’s агентлаг Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих чадварын үнэлгээг B3-аас B2/Тогтвортой болгож ахиулав. Түүнчлэн суурь үнэлгээг CAA1 түвшнээс 2 шатаар нэмэгдүүлжээ. Тус шийдвэрийн өмнөхөн уг агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг эрдэс баялгийн салбарын экспортын орлого өсөж, өрийн дарамт буурсантай холбогдуулан 9 жилийн дараа B2 болгон нэмэгдүүлээд буй.
🍋 Шанхай 12 сарын 1-нээс үл хөдлөх хөрөнгийн зарим татварыг бууруулна. Тодруулбал, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах бодлогын хүрээнд тус хот 144 м.кв-аас их талбайтай орон сууцанд ердийн орон сууцны стандартаар татвар ногдуулах, 2 жилээс дээш хугацаанд эзэмшиж буй үл хөдлөхөө борлуулахад НӨАТ-аас чөлөөлөх нь. Ийнхүү Хятадын хотуудаас Шанхай анх удаагаа үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлтийг эхлүүлэв.
🍋 ХААН Банк ХК (KHAN) Германы Хөгжлийн банк (DEG)-наас $40 саяын урт хугацаат санхүүжилт татлаа. Тус санхүүжилт нь ХААН Банкны ЖДБ эрхлэгч харилцагчид, ялангуяа эмэгтэй удирдлагатай бизнес эрхлэгчдийг дэмжих, цаашлаад хүрээлэн буй орчинд ээлтэй болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн төслүүдэд зориулагдах аж.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply