• Lemon Press
  • Posts
  • ♟️ Нүүрсээрээ тахална

♟️ Нүүрсээрээ тахална

Өмнөд Солонгосын франчайз бизнесүүд | $SEND: Зээл авна | Цалингийн нэмэгдэл

POWERED BY

Зээ! Баасан гараг ч болж байна, Дэлхийн оргилуун дарсны өдөр ч тохиож байна даа. Ухаалаг хөрөнгө оруулалтын төлөө! 🥂 

BANK: Голомт банк (GLMT) Америкийн The Bank of New York Mellon банктай гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

BOM: Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга өмнөх улирлаас 5.6 нэгж хувиар өсөж тэлэлтийн мужид 57.4%-тай гарчээ

VIK: Тандэм Инвест ББСБ ХК (VIK) Рэйн Жи Ти Си БЗГ ХХК-тай нэгдэх асуудал хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдсэнгүй.

 

♟️ Нүүрсээрээ тахална

Ирэх оны төсөвт ₮36.7 их наядын орлого орж ирэх ёстой. Үүний тулд түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 83 сая тн нүүрсийг экспортлох нь. 

💹 Их нэмэгдэл

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2018 онд 28 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөө тавиад үүнийгээ 29.3% давуулж биелүүлсэн. Харин үүнээс хойш 2019-2022 оны хооронд 1 ч удаа нүүрсний экспорт төлөвлөгөөндөө хүрээгүй явсаар өнгөрсөн онд буюу Ковид-19-ийн дараах сэргэлтийн улмаас 50 сая тн-г төлөвлөж 69.6 сая тн-г экспортолсон. Харин ирэх онд 83 сая тн-г экспортлох гэнэ. 

  • 🚀 Огцом өсөлт: 2018 оноос хойш нүүрсний экспортын төлөвлөгөө жилд дунджаар 18.9% өссөн. Харин 2025 оны төлөвлөгөө энэ дунджаас 19.4 нэгж хувиар өндөр байгаа хэрэг. Түүнчлэн зэсийн экспортын төсөөллийг ч мөн энэ оныхоос 20% нэмж 1.8 сая тн гэж тооцоолоод байна. Энэ бол Оюу толгойн гүний уурхайн олборлолт нэмэгдэж байгаатай холбоотой. 

📊 Тэнгэрлэг төсөөллийн синдром

Нүүрсний экспортын биет хэмжээний төлөвлөгөөнөөс гадна өөр нэг асуудал нь төсөвт орж ирнэ гэж төлөвлөсөн орлого. Жишээ нь 2024 оны төсвийг батлахдаа нүүрсний орлогоос ₮71.8 тэрбум орж ирнэ гэж тооцоолсон буюу 1 тн нүүрсний үнийг $182.5 байна гэж төсөөлсөн хэрэг. Гэтэл бодит байдал дээр энэ сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр Эрдэнэс Тавантолгойн коксжих нүүрс тн нь $90.2-оор арилжигдсан байгаа юм. 

  • ☁️ Дээгүүр, дээгүүр: Угаас манай төсөвт тусгагдсан түүхий эдийн үнийн төсөөлөл хэт дээгүүр байдаг. Нүүрсний үнийн таамаг л гэхэд Fitch Ratings-н таамгаас 40% өндөр байх жишээтэй. Түүхий эдийн үнийг өндрөөр төсөөлж орлогоо таамаглаад зардлаа аль хэдийн гаргаад үрчихээр төсвийн алдагдал нэмэгдэхээс яах вэ. 

Эцэст нь… Хятадын зах зээл дээр нүүрс эрэлттэй хэвээр байгаа нь үнэн. Гэхдээ удаан хугацаанд Монголоос их хэмжээний нүүрс аваад байж чадахгүй л болов уу. 2025 онд 83 сая тн нүүрс экспортолж% үүнээс орж ирэх орлого нь төсөөлөлдөө хүрэхгүй бол төсвийн өр нэмэгдэх эсвэл төсвийг дахин тодотгохоос өөр аргагүй болно. Юу л болох бол доо. 

💵 Зээл авна

SEND: Сэндли ББСБ ХК гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор $10 саяын зээлийг жилийн 13%-ийн хүүтэй, 36 сарын нөхцөлтэйгөөр авна. Одоогоор компанийн хөрөнгө жилийн өмнөхөөсөө 21.1% нэмэгдэж ₮66.2 тэрбумд хүрээд буй. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар IPO-н үнээсээ ₮4-өөр доогуур буюу ₮146-өөр хаагджээ. 

🇰🇷 Өмнөд Солонгосын франчайз бизнесүүд 

Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн дажгүй үзүүлэлттэй яваа уул уурхайгаас бусад бизнесийг нэрлэ гэвэл ямар бизнес гэж бодож байна? Энэ удаад Өмнөд Солонгосын Монгол дахь франчайз бизнесүүдийг шинжье. 

👍 Давгүй

Сүүлийн жилүүдэд Солонгосын алдартай франчайз брэндүүд Монголд нэмэгдэх болсон. Энэ онд л гэхэд Өмнөд Солонгосын алдартай франчайзуудын нэг болох Mega Coffee Монголын зах зээлд орж ирээд буй. Нэмээд Америкаас угшилтай ч Өмнөд Солонгост алдаршсан Subway орж ирж 3 сарын дотор 2 дахь салбараа нээгээд байна. Харин өнгөрсөн жил түргэн хоолны франчайз болох Mom’s Touch Монголд салбараа нээж өдгөө 7 салбартай болжээ. Гэснээс тэд ирэх жил Монголд 20 салбар байгуулж KFC-г давах амбицтай ажиллаж байгаа гэнэ

  • 🍗🍕 Сонирхолтой нь Mom’s Touch-н эхний 4 салбарынх нь сарын борлуулалт Өмнөд Солонгос дахь салбаруудаас хамаагүй өндөр байсан тул Монгол дахь зах зээлийн орон зайгаа улам тэлэх хүсэлтэй байгаа аж. 

  • 🍰 Цаашлаад, Монголчуудын дурладаг амттаны брэнд болсон Tous les Jours-н өнгөрсөн 9 сарын орлого өмнөх оныхоосоо 20% өссөн сурагтай. Тэд Монголын зах зээлд 8 жилийн өмнө орж ирж байсан бөгөөд өдгөө 19 салбартай болжээ.  

🦋 Франчайз бизнесийн нөлөө

Аливаа улсад дэлхийн алдартай брэндүүд салбар дэлгүүрээ нээх, франчайзаа нэвтрүүлэхэд тухайн улсын эдийн засагт шинэ ажлын байр бий болгохоос эхлээд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэг тул хөөрхөн дэм болчихдог. Түүнчлэн тогтсон бизнесийн нөү-хау дээр үндэслэн хийгдэж буй бизнес тул франчайз эрхийг нь худалдан авлаа гэхэд дотоодын бизнес эрхлэгчид дэлхийн жишигт нийцсэн стандартыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх гэхчлэн олон талаараа тухайн орны эдийн засагт дэм болдог доо. 

Эцэст нь… Америкийн Монголд хийсэн хөрөнгө оруулалтын эрсдэлийн тайланд Монголыг хөрөнгө оруулж болохуйц улс гэж дүгнэсэн байдаг. Үүнд гадаадын франчайз бизнесүүд манай улсад давгүй үзүүлэлттэй ажиллаж байгаа нь ихээхэн нөлөөлж буй. Улс төрийн оролцоо багатай л бол уг нь Монголын зах зээл шинэ зүйлсэд нээлттэй гэдгийг эдгээр франчайзуудын үзүүлэлт харуулж байх шиг…

💡 Таавар таацгаая. … цаг хугацааны явцад итгэлээр бэхжиж томордог ч ганцхан буруу алхам хийхэд нурах эрсдэлтэй. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

🏰 Загвар, дизайн, урлагийн цогц ертөнц

Дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр худалдаалдаг Âme Concept Store болон Quinto Concept Store 50%-70%-ийн хямдрал зарлажээ. 📢

  • 💎 Шинэ загвар: Тэд улирал бүр тансаг зэрэглэлийн брэндийн шинэ цуглуулгаас шилдэг загваруудыг шилэн авчирдаг ба Европын үнээр үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй.

  • 🕶️ Мэргэжлийн зөвлөгөө: Худалдан авалт хийхээс гадна cтилист, дизайнеруудаас мэргэжлийн зөвлөгөө авч, өөртөө тохирсон загварыг сонгох боломжтой. 

За тэгээд, уг хямдрал Minister Tower-н 9 давхарт 3 долоо хоногийн турш үргэлжлэх тул улирал солигдож буй энэ үед хувцасны шүүгээгээ шинэчлэх гэж буй хэн бүхэн заавал зорино биз ээ!

📆 Хямдралын хугацаа: 11 сарын 10 дуустал
📍 Хаана: Minister Tower, 9 давхар, 906 тоот

Freepik

🍋 Хүүхдийн төлөө санд ₮19 тэрбумын орлого төвлөрчээ. Үүнд Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос ₮16.9 тэрбум, Хүүхдийн фонд ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос ₮2.1 тэрбум, харин байгууллага болон иргэдийн хандив ₮17.2 сая багтаж буй. Одоогоор тус сангаас ₮490.9 саяыг олон улсад амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал, урамшуулал олгоход зарцуулжээ.

🍋 Өмнөд Солонгос хиймэл оюун ухааны инновацын сан байгуулж ирэх онд ₩45 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Уг сан нь дотоодын компаниудаа үүлэн тооцооллын системд шилжихэд дэмжих зорилготой аж. Цаашлаад тус улс AI-д суурилсан компаниудаа дэлхийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Электроник, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн дор AI аюулгүй байдлын судалгааны институт байгуулах юм. 

🍋 ГБХНХЯ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Дадлагажигчаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол эзэмшсэн, цагийн ажил хийдэг болон албан бус хөдөлмөр эрхлэгч 7,500 иргэнийг ажилтай болгоно гэж тооцоолсон аж. Цаашлаад төслийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, мэргэжлийн холбоо, цагийн ажлын бирж болон ур чадвар олгодог сургалтуудын уялдаа холбоог нь сайжруулах юм байна.

🍋 Төрийн албан хаагчийн цалинг ирэх онд 6% нэмнэ. Одоогоор 226.2 мянган төрийн албан хаагч бүртгэлтэй байгаа бөгөөд цалинг нэмэхдээ инфляцын түвшинтэй уялдуулах гэнэ. Харин инфляцын түвшин энэ оны 9-р сарын байдлаар 6.7%-тай байна.

  • 🗺️ National Geographic-с аялагчдадаа санал болгож буй шилдэг газрууд. (CNN)

  • 🪭 128 орны бизнесийн төлөөллүүд цуглах “Шанхайн бизнес аялал”-ын бүртгэл эхэллээ. (MongolChamber)

  • 🛋️ Бодит байдал дээр тийм ч таатай харагддаггүй интерьер шийдлүүд. (BusinessInsider

  • 💸 Хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? (VOX)

Reply

or to participate.