- Lemon Press
- Posts
- 👺 Урд хормойгоо үрэв
👺 Урд хормойгоо үрэв
Нефтийн акулуудын хагас жил | $GTL-н огцом өсөлт | Монгол руу аялаад хэрэггүй!
POWERED BY
Өглөөний мэнд! Шатахууны хомсдолтой эдгээр өдрүүдэд ШТС-уудын очер ямархуу байгааг харуулах нэгэн апп ашиглалтад нэвтэрчээ. Тус апп-ийг ашиглахдаа очерлож буй шатахуун түгээх станцаа сонгон зураг болон сэтгэгдэл үлдээхэд хангалттай. Ингэснээр бусад хүмүүс тухайн станцын ачаалал, очерын мэдээллийг урьдчилан харах боломжтой юм. Хэрэв ашиглаж үзэх бол ЭНД дараарай. Тэгээд өнөөдөр шатахуунаа амжилттай авч, очерт аль болох бага цаг зарцуулахыг ерөөе. ⛽️🤞🏻


*Нэг өдрийн өөрчлөлт.
FRC: СЗХ болон Өмнөд Солонгосын Даатгалын хөгжлийн институт 2 улсын даатгалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тогтолцоонд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, АI-д суурилсан мэдээллийн системийн хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD) Blockchain.com платформ дээр арилжааны болон кастоди данстай болжээ.
MMHI: Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгож эхэлснээр автомашины дугаарлалт 2 дахин буурч, бензин авах хүртээмж 2.4 дахин нэмэгдэж өдөрт 115,000 автомашинд шатахуун олгодог болсон гэнэ ээ.

‼️ Хэмнэ, хэмнэ бас дахин хэмнэ

Төсвийн сахилга бат алдагдсаны төлөөсөнд ЗГ хэмнэлтийн хатуу горим руу шилжихээс өөр сонголтгүй боллоо. Яаж хэмнэх вэ?
🤦 Их алдлаа, одоо танана
Энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө бүр 3 дахин өсөж ₮2.1 их наядыг давсан. Угаас сүүлийн 27 жилийн 17 жилд нь эхний хагас тус бүрд алдагдал хүлээсэн байдаг. Энэ нөхцөл байдал ирэх саруудад цалин, тэтгэвэр олгоход доголдол үүсгэх бодит аюул дагуулж байгаа аж.
👺 Урд хормойгоо үрэв: Нэмээд 2026 онд авах байсан татварыг өмнөх онд нь урьдчилж авч ашиглаад ₮1 их наядын алдагдал үүсгэсэн гэнэ. Мөн багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахад гаргасан зардал төсвийн тэнцвэрийг алдагдуулсан л гэж байна.
😬 Танаад нэмсэн биш үү? Уг нь бол ₮831 тэрбумын төсөвт багтааж багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмнэ. Ингэхдээ хүүхдийн мөнгө болон зээлийн эргэн төлөлтөөс бусад зардлыг танах буюу төрийн үйл ажиллагаа, түүнд гарах зардлыг 10% танана гэж байсан санагдана.
😈 Баяртай томилолт минь
Юутай ч өрийн бүх шатанд 2026 оныг дуустал баяртай гэж хэлэх зардлууд тодорхой болжээ. Ойн тэмдэглэлт өдөр, найр наадам, хэрэгцээгүй гадаад томилолт, шинэ автомашин болон тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зогсоож, урсгал зардлыг салбар бүрд 20% хэмнэх үүрэг өгөгдөв. Мөн орон тоо шинээр нэмэхгүй, хурал сургалтыг цахимжуулах замаар төрийн аппаратын бүсээ чангалахаар шийдвэрлэжээ.
❌ Гэхдээ заримыг нь танахгүй
Хэмнэлтийн шуурганаас хүний аюулгүй байдал, нийгмийн халамжийн суурь салбаруудыг хамгаалж үлдээв. Эрүүл мэндийн салбар хэмнэлтэд хамаарахгүй бөгөөд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургууль цэцэрлэгийн урсгал шийдлүүд хэвийн үргэлжилнэ. Түүнчлэн, стратегийн хүнсний нөөцийг бэлтгэхэд цахим систем, таваарын биржийг ашиглаж, агуулах зоорьтой ААН-үүдэд эрчим хүчний болон зээлийн дэмжлэг үзүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангах шинэ бүтцийг санал болгох аж.
🧐 Ирэх онд яах юм бэ?
Цаашлаад, 9-р сард энэ их хэмнэнэ гээд байгаа 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг өргөн барина. Ирэх 2027 оны төсвийн хязгаараас харахад Боловсрол, Эрүүл мэнд, Сангийн сайдын багц онцгой өсжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй тоймоор удахгүй уулзъя.

🛑 Америкийн Элчин сайдын яам: Монгол руу аялаад хэрэггүй! (USEmbassy)
🤕 Нийслэлийн өр ₮4.6 их наядад хүрчээ. (News.mn)
🚱 Европын томоохон гол, нуурууд ширгэж эхлэв. (Bloomberg)
🧊 Хэт халалтын нөлөөгөөр Японд хүний хөргүүр моодонд орж байна. (TheJapanTimes)

👞 $GTL-н огцом өсөлт
GTL: Энэ оны эхний хагаст цэвэр ашгаа бага зэрэг буюу 5.6% өсгөж ₮2.6 тэрбумд хүргэсэн Гутал ХК-ийн хувьцааны үнэ өчигдөр хамгийн ихээр буюу 15% өслөө. Тус компанийн хувьцаа тогтмол идэвхтэй арилжигддаггүй ч гэнэт огцом өссөөр ирсэн. Тодруулбал, 2020 онд $GTL-н 1 хувьцааны үнэ ₮15 мянга байсан бол 2022 оны 10-р сард ₮40 мянга болж одоо ₮69 мянга болтлоо өсөөд буй. Түүнчлэн тэд жил бүр ногдол ашиг тарааж байгаа бөгөөд өнгөрсөн оны ногдол ашгийн өгөөж нь 5.3% байсан байна. Сонирхуулахад, уг компани нийт 871 жижиг хөрөнгө оруулагчтай аж.

🛢️ Нефтийн акулуудын хагас жил

Дэлхийн нефтийн акулуудын хагас жилийн тайлан гарлаа. Дайны дараах тайлан гэсэн шиг ашиг, орлого нь бараг л цөмрөх нь ээ цөмрөх нь.
🤑 Хагас жилд $705 тэрбумын орлого
Энэ оны эхний хагас жилд их дөрвөл буюу Saudi Aramco (2222.SR), Exxon Mobil (XOM), BP (BP), Chevron (CVX)-н орлого өнгөрсөн оны мөн үеэс 18%-30% өсжээ. Уралдаан гэж харвал, тус хугацаанд дэлхийн нефтийн зах зээлийг Saudi Aramco-н үнэмлэхүй базаж, $263.7 тэрбумын орлоготой, $65.2 тэрбумын ашигтай ажилласан байна. Ашиг нь л гэхэд нөгөө 3 компанийн ашгийг нийлүүлснээс ч их гэхээр яахын аргагүй өнгөлөг хагас жил байсан нь харагдана.
🚀 Үнэмлэхүй өсөлт: Харин BP болон Chevron-н хувьд ашиг нь 3 оронтой %-иар буюу үнэмлэхүй өсөлттэй гэх тодотголтой хагас жил байв.
🔎 Нийлүүлэлт буурсан ч… Сонирхолтой нь ашиг, орлогоороо тэргүүлсэн Saudi Aramco тайлант хугацаанд газрын тосны нийлүүлэлт нь буурсан хэдий ч ашиг, орлогод ердөө нөлөө үзүүлээгүй гэх мэт тайландаа дурдсан байна лээ.
Аргагүй дээ газрын тосны нийлүүлэлтийн гол зам болсон Ормузын хоолой 2 сараас хойш дайны хөлд чирэгдсэнээр 2025 оны өдийд 1 баррель тутам нь $66.7-аар худалдаалагддаг байсан газрын тос өнгөрсөн саруудад $108 хүрсэн дэг.
🙊 Трамп: Ашиг олж байгаа бол үнээ буулга!
Шинжээчид, хөрөнгө оруулагчдаас эхлээд нефтийн акулуудыг энэ хэмжээний бадрангуй тайлан гаргах багцаа байсан ч тайлангийн араас гарч ирэх Доналд Трампыг л таамагласангүй. Тодруулбал, өчигдөрхөн Доналд Трамп өөрийн улсын компаниуд болох Chevron, Exxon Mobil-д хандан энэ хэмжээний мөнгө олсон бол одоо шатахууны үнийг бууруул хэмээн зандраад авлаа.
🗣️ Буруу ч юм яриагүй л дээ: Тэрбээр нефтийн компаниуд хомсдолыг ашиглаж халаасаа түнтийлгэсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоо буцаагаад иргэдэд үнээ буулгаж хариу барихыг шаарджээ.
Эцэст нь… Одоог болтол Ормузын хоолой бүрэн нээгдээгүй л байна. Өмнө нь өдөрт 70-130 хөлөг тус хоолойг дамжин өнгөрдөг байсан бол одоо 2-10 хөлөг л дамжин өнгөрдөг болсон. Ер нь л 2-р сараас хойш хаа сайгүй л эрх баригчид канистр бариад гүйх нь холгүй шатахуун хайж байна даа.

8.7 сая зорчигч
Өнгөрсөн 5 жилд Чингис Хаан ОУ-ын нисэх буудал 8.7 сая зорчигч үйлчлүүлжээ.
50 мянга тн
Тус хугацаанд 50 мянга гаруй тн ачааг агаараар тээвэрлэж, агаарын хөлөг 74.4 мянган удаа аюулгүй хөөрч, газарджээ.
1 өдөрт
Сонирхуулахад, Чингис Хаан ОУ-ын нисэх буудал өдөрт 40-50 орчим нислэг, 6,300 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай аж.


EVT
🍋 “The Odyssey”-н ачаар IMAX (IMAX)-н хувьцааны үнэ түүхэн дээд түвшинд хүрэв. Өнгөрсөн Даваа гаргийн байдлаар компанийн хувьцаа 4.9%, тус кино нээлтээ хийснээс хойш буюу 7 сарын 17-ноос хойш 30% гаруй өсөж $51-т хүрлээ. Тус сард IMAX дэлхий даяар $257 саяын тасалбарын орлого олсон нь компанийн 50 жилийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой сар болоод буй. Тус орлогын 86%-ийг дан ганц “The Odyssey”-с олсон гэж байгаа.
🍋 Өмнөд Солонгосын залуус өндөр цалинтай ажлын төлөө Япон руу нүүдэллэх болов. Сүүлийн 5 жилд Японыг зорьж буй солонгос залуусын тоо эрчимтэй нэмэгдсээр гадагш урсаж буй хөдөлмөрийн зах зээлийн №1 улс болжээ. Үүгээр тогтохгүй Өмнөд Солонгосын ЗГ-ын тусламжтайгаар 2,257 залуус шинээр ажилд орсон буюу 2024 онтой харьцуулахад 47% өсөөд буй. Сонирхолтой нь эсрэг талд Америкийг зорьж буй залуусын тоо 29% буурсан байна.
🍋 Өнгөрсөн 7-р сард Tesla (TSLA)-н Шанхай дахь үйлдвэр зах зээлд 93,579 автомашин нийлүүлж түүхэн рекорд тогтоолоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 37.8% өссөн дүн төдийгүй тус үйлдвэрийн нийлүүлэлт 9 сар дараалан өсөөд буй. Уг өсөлт нь Хятадад гэхээсээ илүү Шанхайн үйлдвэрээс бусад оронд нийлүүлсэн экспортын өсөлт байсан юм.
🍋 Америк: Иений сулрал Азийн бусад улсын валютад нөлөөлөхөөс сэргийлж, шаардлагатай бол ахин интервенц хийнэ! Өнгөрсөн 7 сарын 31-нд Америк болон Япон хамтран валютын интервенц хийж, 40 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн иений $-той харьцах ханшийг 4% чангаруулсан билээ. Америк уг үйлдлээ дан ганц Япон бус Азийн бусад валютын ханшийг тогтвортой байлгахын тулд хийсэн хэмээгээд шаардлагатай бол ахин интервенц хийх боломжтой гэдгийг мэдэгдлээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply