- Lemon Press
- Posts
- 🗣️🙊 ХЗЗ-ийн хов базъя!
🗣️🙊 ХЗЗ-ийн хов базъя!
2025 оны хөрөнгийн зах зээлийн тойм
POWERED BY
Зул сарын баярын мэнд! Цаад Америкчууд энэ жил зул сарын баярын бэлэгт дунджаар $627.93-ыг зарцуулсан бололтой. Харин бидний зүгээс та бүхэнд 1,200 дахь дугаар буюу хөрөнгийн зах зээлийн тойм товхимлоороо бэлэг барьж байна. Өндөр өгөөж хүртэх хөрөнгө оруулалтын шийдвэрт нь нэмэр болох биз ээ. 🎁🎄

📈 Өсөлт үргэлжилсэн 2025

Өнөөдрийн товхимлын эхний хэсгээ томоохон индексүүдийн хөдөлгөөнөөр эхлүүлж байна. Цөөн үгээр бол энэ жил дэлхийн томоохон индексүүд дөмөгхөн, манай ТОП-20 индекс даруухан өсжээ.
🔬 Дэлгээд харъя
2025 онд технологийн хөгжил дэвшлийн нөлөөллөөр он гарснаас хойш NASDAQ (^IXIC) индекс он 22%, S&P 500 (^GSPC) индекс 17.5% тус тус өсөв. AI-н хэрэглээ, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн болон тарифын маргааны асуудал намжсан зэрэг нь Америкийн томоохон индексүүд өсөхөд жинтэй нөлөө үзүүллээ. Үүнээс гадна, энэ жил ХНС бодлогын хүүгээ 3 удаа бууруулж, чип үйлдвэрлэлийн аварга NVIDIA (NVDA)-н үнэлгээ $5 их наядад хүрсэн үйл явдлууд тохиожээ.
🌏 Азийн хөдөлгөөн
Энэ жил Японы Nikkei 225 (^N225) индекс он гарснаас хойш 28.1% өсөж, түүхэндээ анх удаа 50 мянган нэгжийг өнгөрсөн 10 сарын 27-нд давлаа. Үүнд компаниудын засаглал сайжирсан, шинэ Засгийн газар байгуулагдсан, иений ханшийн тогтвортой байдал, AI-тай холбоотой эрэлт нэмэгдсэн зэрэг нь ихээхэн нөлөөлжээ. Харин Хонгконгийн HANG SENG (^HSI) индекс 2025 онд 31.6% өссөн нь Хятадын ЗГ-ын дэмжлэг, технологийн салбарын томчуудын өндөр гүйцэтгэл, IPO нэмэгдсэнтэй холбоотой байв.
🇲🇳 Даруухан өсөлт: Бусад томоохон индексүүдтэй харьцуулахад манай ТОП-20 индекс тун даруухан амжилтын эзэд болсон буюу он гарснаас хойш ердөө 4.8% өсжээ. Энэ жил ТОП-20 индексэд шинээр 4 ХК орж ирсэн бөгөөд тэд бүгд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гэдгээрээ онцлог байлаа. Том зургаар, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өчигдрийн байдлаар он гарснаас хойш 6.8% нэмэгдэж ₮13.8 их наядад хүрээд байна.

🔀 Өсөж, уруудсан хувьцаанууд

Одоо тэгвэл 2025 онд МХБ-ийн I ангиллын компаниудын хувьцааны хөдөлгөөнийг харцгаая. Энэ жил тус ангилалд бүртгэлтэй 25 компаниас 11-ийнх нь хувьцааны үнэ өссөн бол үлдсэн 14 компанийн хувьцааны үнэ буурчээ.
❤️🔥 Гялалзсан хэд: Хувьцааны үнийн өсөлтөөр БиДиСЕК (BDS) тэргүүлж, компанийн нэгж хувьцааны үнэ оны эхнээс 75% өсөж ₮2,800-т хүрчээ. Түүний араас 50.2%-ийн өсөлттэй, хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа зарах эрхийг өгсөн нь Премиум Нэксус (CUMN) удааллаа. Сонирхуулахад, өсөлтөөр аваргалсан эхний 4 компанийн 3 нь санхүүгийн бус салбарынх аж.
🏦 Том банкнууд: Системийн нөлөө бүхий 5 банкны нэгж хувьцааны үнэ 2025 онд дунджаар 1.4% нэмэгджээ. Хамгийн их өссөн нь 17.4%-иар ХААН Банк (KHAN)-д, хамгийн уналт нь 20%-иар Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-д тохиолдов.
Хувьцааны үнэ хамгийн их өссөн ТОП-10 компанийн 7 нь санхүүгийн салбарынх бол үлдсэн 3 нь хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбарын компаниуд байлаа. Түүнчлэн, нүүрсний үнийн уналт Тавантолгой (TTL) болон Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д ихээхэн нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Энэ оны эхний хагаст тус компаниудын хувьцааны үнэ дунджаар 23.8% унаад байсан бол жилийн сүүлээр тус уналт 13.1% болж буурчээ.

🔻 Арилжааны идэвх буурав

Энэ оны эхний III улирлын байдлаар $MSE-н хувьцааны арилжаа 2024 оны мөн үеэс 40.6% буурч ₮144.9 тэрбумд хүрээд байна. Мөн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар мөн үеэс 0.7 нэгж хувиар буурч 1.1%-д хүрсэн нь 2017 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрсэн явдал болжээ. Нэмээд, арилжаанд давтагдсан тоогоор 91.2 мянган иргэн оролцсон нь мөн үеэс 4.6%-иар багассан дүн байв.
Анхаарлын төвд: 2025 онд жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь хамгийн ихээр нэмэгдсэн компани Түмэн Шувуут (TUM) бөгөөд жижиг хувьцаа эзэмшигчид 4 орчим мянгаар нэмэгджээ. Тэдний хувьд өнгөрсөн онд жижиг хувьцаа эзэмшигчид нь хамгийн ихээр нэмэгдсэн ТОП-10 компанийн эхний 3-т бичигдэж байсан аж.

🦄🛸 Гадаадын хөрөнгө оруулагч ховрын бараа

Зөвхөн арилжаа буураад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын нийт арилжаа дахь оролцоо утаарчээ. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын ердөө 0.8%-ийг гадаадын иргэн, 0.1%-ийг гадаадын ААН-үүд бүрдүүлсэн аж.
📌 Тодруулбал, 1 болон 3-р саруудад гадаадын хуулийн этгээдийн нийт арилжаанд эзлэх хувь овоо хөөрхөн нэмэгдээд 3%-5% байсан бол 5-р сараас эхлэн огцом буурч 9-р сард бүр 0% болсон байна. Угаас IPO ч хийхгүй, олигтой арилжаа ч явагдахгүй байгаа зах зээлийг хэр баргийн хүн тоохгүй биз ээ.
🐐 Иргэдийн хүч: Харин нөгөө талд дотоодын иргэдийн нийт арилжаа дахь оролцоо оны сүүлээр нэмэгдэж 11-р сард 75.78%-ийг дангаар бүрдүүлсэн байна. Энд мэдээж ногдол ашгийн хүлээлт, зарим ХК-иудын онцгой шийдвэр нөлөөлж буй. Харж байгаачлан манай зах зээлд илүү их идэвх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүсэл тачаалыг өдөөх орчин, нөхцөл ус агаар мэт хэрэгтэй байна.

🗣️🙊 Хов базъя!
2025 он хөрөнгийн зах зээлийн хувьд тун даруухан өнгөрснийг харж байгаа байх. Гэхдээ хэд хэдэн онцлох үйл явдлууд байна, байна.
📢 Говь ХК-ийн алаан: Монголоос олон улсад тэлж буй бизнесүүдийн хамгийн сайн жишээ Говь (GOV) хэдий ч дотоодын хөрөнгийн зах зээл дахь хамгийн муу ХК-ийн жишээ мөн л $GOV болсон. Тэд хаалттай компани болох шийдвэр гаргасан ч СЗХ-ноос тэднийг хууль зөрчсөн болон сүүлийн 6 жил ашиггүй ажиллан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон гэж үзсэн билээ.
🧐 $CUMN чухал шийдвэр: Премиум Нэксус ХК (CUMN)-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчид нь компанийн нийт энгийн хувьцааны 75%-ийг эзэмшдэг болж нэгж хувьцаагаа сүүлийн 6 сарын жигнэсэн дунджаасаа 75.2%-иар илүү дүнгээр буюу ₮350-өөр худалдаж авах санал гаргасан. Энэ шийдвэр унтаа байсан хөрөнгийн зах зээлд бага ч болов сэрүүлэг болсон доо.
📈 UBX-н сэргэлт: 2024–2025 онд UBX дээр хийгдсэн арилжааны дүн сүүлийн 8 жилийн арилжааны нийлбэрээс 13 дахин, бүртгэлтэй үнэт цаасны тоо 12 дахин өссөн бол гишүүн компанийн тоо 16% нэмэгдээд байна. Мөн уг бирж дээр арилжаалагдаж буй ХБҮЦ, бондын тоо нэмэгдэж Grand Bull Awards-н Шилдэг дэд бүтцийн компанийн шагналыг хүртсэн билээ.
🥵 OTC-н халуурал: 2001 онд хөрөнгийн бирж дээр 1 компанийн бонд анх гарч байсан.Үүнээс хойш төдийлөн олон гараагүй. Харин биржийн бус зах зээл дээр 4 жилийн дотор 150 үнэт цаас гаргагчийн 300 гаруй бонд гарсан. Улмаар 2021 оны 9-р сараас хойш ₮4.9 их наядын арилжаа хийгдсэн байна. Мөн энэ оны III улирлын байдлаар ББЗЗ дээр ₮920.6 тэрбум төвлөрсөн нь 2022 оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдсэн дүн билээ.
Койн: Монголд 2021 онд койны сэдэв буцалж, зах зээл шатаж байсан бол сүүлийн жилүүдэд унтаа, утаа байдалд орсон. Харин Ардкойны хувьд энэ онд бага зэргийн сэргэлт авлаа. Өнгөрсөн 9-р сард ARDX-н ханш ₮35-т хүрч, энэ оны дээд ханшид хүрсэн. Мөн Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) энгийн хувьцаагаа токенжуулж, виртуал биржээр арилжаалахаар шийдээд буй.

‼️ Хэрүүл тэмцэл басхүү өсөлт!

Явж явж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь хүн шиг өсөлттэй байлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ) дээр энэ оны эхний хагаст ердөө 5.3 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан бол II хагаст 18.1 сая тн бүтээгдэхүүн арилжаалагдав.
🥸 Хэрүүл нь юу болов? Яг ч УУББ-ийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй ч хамааралтай болсон хэрэг нь ЗГ-ын 8-р сард гаргасан 55-р тогтоол. Ашигт малтмал экспортлогч ААН тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ 1/4-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцох боломжийг нээсэн гэж байгаа. Арилжааны идэвхийн цаана олон зүйл байгаагийн нэг нь энэ.
❤️🩹 Гэхдээ УУББ-ийн арилжаа хэдий идэвхэжсэн ч нүүрсний үнэ сэргэхгүй, унасаар байгаа тул эрдэс бүтээгдэхүүний экспортод бууралтад ажиглагдсаар байна. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт $11.5 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 7.1% буурсан байна.
Базаагийн базаа… Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж хөрөнгийн зах зээлийн сонин хачин, солжир галжир тоонуудыг баруун зүүнээс нь мөлжиж дууслаа. Ухаандаа манай зах зээл хөгжсөөр байна. Гэхдээ илүү хурдан хөгжиж, илүү том цар хүрээтэй, хөрвөх чадвартай байхын тулд бодлогын хөшүүрэг хэрэгтэй байгаа. Нэмээд баахан болж бүтэхгүй ТӨХК-иудаа олон нийтэд нээлттэй болгосны дараа зах зээл нь юу болох юм бол доо. 2026 онд энэ нутагт бороо хур тэгширч, нар гарч, солонго татах болтугай.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply