- Lemon Press
- Posts
- 💔 ХХОАТ-ын 1%-ийн хуваагдал
💔 ХХОАТ-ын 1%-ийн хуваагдал
Цочирдом олон IPO | $TCK-н засаглал | Onitsuka Tiger бие даана
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр энэ жилийн эхний CS-н дэлхийн аварга шалгаруулах IEM Cologne Major 2026 тэмцээний III шатны тоглолтууд эхэлж байна. Манай The MongolZ-н хувьд 17 цагаас Оросын BetBoom-тэй тоглох бөгөөд энэ шатанд 3 хожил байгуулбал Playoff-д өрсөлдөх эрхээ авах юм. Гэснээс, The MongolZ-н Говь ХК (GOV)-тай хамтарсан Limited edition-г харсан л байлгүй. Харин өнөөдрөөс тэдний шинээр танилцуулсан “WILD MIND” өмсгөл худалдаалагдаж эхэлнэ гэнэ дээ. 🔫


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Орон сууцны үнийн индекс 5-р сард өмнөх оны мөн үеэс 6.3% өсжээ. Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 6.1% өсөж 1 м.кв-ын дундаж үнэ ₮4.7 саяд, хуучин орон сууцны үнэ 6.4% нэмэгдэж 1 м.кв-ын дундаж үнэ ₮4.8 саяд хүрэв.
GOV: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах түншээр дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35%-ийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон Эн Эф Си компани шалгарлаа.
POL: Татварын багц хуулийн төслүүдийн эргэн тойронд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг ₮400 сая болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, ААН, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасна.

💔 ХХОАТ-ын 1%-ийн хуваагдал: Хэтэвч зузаарах уу, Төсвийн суурь ганхах уу?

Өчигдөр Төрийн ордонд Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг тойрсон халуухан мэтгэлцээн өрнөв. Цалин хөлсний орлогын татварыг бүхэлд нь 1% болгох анхны зоримог санал дэмжлэг авч чадаагүй ч арай өөр, дундаж давхаргыг чиглэсэн ухаалаг хувилбарыг дэвшүүлэн хэлэлцэж эхэллээ.
🔢 Шинэ математик: Хэний хэтэвч рүү хэдэн ₮ орох вэ?
₮0-₮792 мянга хүртэлх орлогод: 0%. Өмнө нь суутгаад дараа нь буцааж олгодог байсан бол одоо анхнаас нь чөлөөлнө.
₮792 мянгаас ₮2 сая хүртэлх орлогод: 1%.
Уг зохицуулалтад нийт цалин авч буй иргэдийн 53% орчим буюу 544,183 хүн шууд хамрагдах аж. Сонирхолтой нь, энэ өөрчлөлт батлагдвал ₮2 сая+ цалинтай иргэн бүрийн гар дээр ч сар бүр ₮188 мянга илүү үлдэх боломж бүрдэнэ.
📌 Өнцөг А: Иргэдийн худалдан авах чадвар ба бизнес
Сар бүр гар дээр үлдэх ₮188 мянга бол дундаж өрхийн хүнс, хэрэглээнд том нэмүү өртөг болно. Энэ нь эргээд зах зээл дэх мөнгөний эргэлтийг дэмжиж, дотоодын худалдаа эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.
📌 Өнцөг Б: Сүүдэр талын бодит байдал
Гэвч зоос үргэлж хоёр талтай. Нээлттэй Нийгэм Форумын судалгааны тайланг сөхвөл Монгол Улсын ХХОАТ-ын систем бүтцийн гажигтай байгааг харж болно.
🗿 Цалинтайнуудын хүнд ачаа: Монгол Улсад ХХОАТ ногддог 6 үндсэн эх үүсвэр байдаг ч нийт татварын орлогын 70%-75%-ийг зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлснөөс бүрдүүлдэг. Харин үйл ажиллагааны орлогын татвар дөнгөж 4%-6%-ийг эзэлдэг.
🧨 Татварын шударга бус хуваарилалт: Тогтмол цалинтай, гэрээгээр ажиллаж буй хүмүүсээс татварыг нь шууд суутган авдаг тул хэрэгжилт өндөр. Харин хувиараа тайлагнадаг бусад орлогын эх үүсвэрүүд нуун дарагдуулах, татвараас зайлсхийх эрсдэл өндөр хэвээр байна.
🤔 Төсвийн алдагдал & системийн гажиг: Хэрэв нийт ХХОАТ-ын 75%-ийг бүрдүүлдэг цалингийн татварыг ийнхүү огцом бууруулчихвал улсын төсвийн орлого хэрхэн нөхөгдөх вэ? OECD-н орнуудад ХХОАТ төсвийн 24%-ийг бүрдүүлдэг бол манайд ердөө 8%-9% байна. Энэ нь манай улс татварын бааз сууриа тэлж чадахгүй, зөвхөн цалин авдаг хэсгээ тасралтгүй шахсаар ирсний илрэл.
🧩 Шинэчлэл хаашаа чиглэх ёстой вэ?
Өчигдөр ярьсан шинэ хувилбар батлагдвал иргэдийн гар дээр бодит мөнгө үлдэх нь үнэн. Гэвч энэ нь зөвхөн цалингийн орлоготой иргэдэд чиглэсэн түр зуурын гал унтраалт төдий бөгөөд татварын системийн суурь өвчнийг анагаахгүй.

🔦 Ажилгүйдэл өсөхөд AI-с илүү зайнаас ажиллах илүү нөлөө үзүүлж байна. (NYFED)
💸 Наадмын шагайн харвааны шагналын сан 2 дахин өсөж ₮236 саяд хүрэв. (gogo)
😭 Тейлор Свифт таныг уйлуулж магадгүй. (Yahoo!Finance)
🚫 Ойрын 10-14 хоногтоо Богдхан уул руу гараад хэрэггүй. (Bogdkhan)

🥴 Төгс засаглалтай $TCK
TCK: Өчигдөр Талх чихэр ХК-ийн өнгөрсөн оны компанийн засаглалын үнэлгээний тайлан танилцуулагдлаа. Тус тайланд засаглалын 9 шалгуур үзүүлэлтийг компанийн зүгээс 100% бүрэн хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Сонирхуулахад, өнгөрсөн онд ТУЗ-ийн хувьд нийт 8 удаа хуралдаж, гишүүд нь 100%-ийн ирцтэй оролцсон бөгөөд 2025 онд ТУЗ-ийн гишүүн бүр сард ₮100 мянгын цалин авсан аж. Энэ мэдээтэй зэрэгцэн өчигдрийн арилжаагаар Талх чихэр ХК-ийн нэгж хувьцааны үнэ 7.2% өсөж ₮28,980 хүрснээр хувьцааны үнийн өсөлтөөр бусад компаниудыг тэргүүллээ.

💥 Цочирдом олон IPO

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд 2026 он тодоор бичигдэж үлдэх төлөвтэй байна. Учир нь технологийн салбарын хамгийн халуухан сэдэв болоод буй AI хөгжүүлэгч 3 том компани энэ онд IPO хийх болсноо мэдэгдлээ.
⏳ Он цагийн цаглавар
Хамгийн эхлээд өнгөрсөн 3-р сард SpaceX IPO хийхээ мэдэгдсэн бол тэдний араас долоо хоногийн өмнө Anthropic IPO-н материалаа SEC-д хүргүүлэв. Мөн би юугаараа дутахав гэсэн шиг OpenAI ч хэдхэн хоногийн өмнө IPO хийх хүсэлтээ гаргаад байна. Хамгийн эхэнд мэдээж түрүүлж дугарсан SpaceX-н IPO энэ Баасан гарагт тохиох бол OpenAI-нх энэ 9-р сард, Anthropic-нх энэ оны төгсгөлд болно.
💰 Аварга том дүн: IPO хийх нь ойлгомжтой болсон энэ 3 компанийн нийт үнэлгээ $3.6 их наядад хүрчээ. Энэ нь дэлхийн 7,8 дахь хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд болох Broadcom (AVGO) болон Saudi Aramco (2223.SR)-н зах зээлийн үнэлгээг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүн юм.
🔎 Задаргаа: IPO хийсний дараа OpenAI болон Anthropic нар $1 их наядын үнэлгээг зорьж байгааг эх сурвалжууд мэдээлэв. SpaceX-н тухайд $1.75 их наядын үнэлгээнд хүрэх бүрэн боломжтой ба одоогийн байдлаар захиалгын хэмжээ $250 тэрбумыг давсан нь компанийн босгохоор төлөвлөж буй $75 тэрбумын санхүүжилтээс 3.5-4 дахин өндөр үзүүлэлт гэнэ.
📊 Эерэг трэнд
Сүүлийн 23 жилд Америкийн нээлттэй компаниуд жил бүр агшсаар ирсэн бол энэ онд SpaceX, OpenAI, Anthropic-н IPO-с шалтгаалж уг тренд өөрчлөгдөх магадлалтай. Тухайлбал, компаниудын тоо 1996 онд 8,090-д хүрч байсан бол өдгөө энэ тоо 3,700-4,500 хүртэл буурчээ. Товчхондоо AI хөгжүүлэгчид болон бусад технологийн компаниудын IPO хийх замыг SpaceX, OpenAI, Anthropic засаж өгснөөр, нээлттэй компаниудын тоо өсөх төлөвтэй байна.
Эцэст нь… Америкийн зах зээлд энэ жил хэд хэдэн томоохон IPO болох гэж байгаа бол Монголын зах зээл нам гүм байсаар байна. Хамгийн сүүлд дотоодын хөрөнгийн зах зээлд Тэнгэр Даатгал ХК (TGI) 2 жил буюу 736 өдрийн өмнө IPO хийж байжээ. 🕰️

117 баг
Америк эзэнтэй Европын хөлбөмбөгийн багуудын тоо энэ оны байдлаар 117 байгаа нь 2015 онтой харьцуулахад 9 дахин өндөр дүн болоод байна.
55%
Английн Premier League-н нийт 20 багийн 55% буюу 11 нь Америк хөрөнгө оруулагчтай аж. Энэ нь Premier League-г Европын ТОП-5 лиг дундах хамгийн олон Америк эзэдтэйг лиг болохыг харуулна.
23.4 сая
2018 онд Америк хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авснаас хойш тус спортоор хичээллэгчдийн тоо өсөн нэмэгдсээр 23.4 саяд хүрчээ.

🌅 Playtime Festival 2026: Зуны өнгийг тодорхойлно

Азийн ТОП-5 хөгжмийн наадмын эгнээнд багтах зорилготой Playtime Festival 2026 эхлэхэд ердөө 21 өдрийн хугацаа үлджээ. Энэ жилийн хувьд Playtime Festival 2026 нь өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж буй бөгөөд үүний дагуу түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй lineup-г бүрдүүлсэн байна шүү.
📯 Супер lineup: Амьд хөгжим болон электроник хөгжмийн чиглэлээр дэлхийд танигдсан 21 улсын 124 хамтлаг, уран бүтээлч оролцох бөгөөд Molchat Doma, Kings of Convenience, DIIV, Hyukoh, Stereolab зэрэг нэр хүндтэй артистууд тайзнаа гарна.
🌐 Олон улсын продакшн баг: Энэ жилийн хувьд Нидерланд болон Японы мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайзны дизайн, визуал концепцоо шинэчилжээ. Мөн тайз хоорондын дууны давхцалыг бууруулах техникийн шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.
Эцэст нь… Зуны улирлыг Playtime Festival-гүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс Playtime Festival-д оролцож, энэ зундаа өнгө нэмэх бол эртхэн тасалбараа авах хэрэгтэй шүү. 🎸


WWD
🍋 Asics корпорац (7936.T) ретро гутлын Onitsuka Tiger брэндийг 2027 оны 1 сарын 1 гэхэд бие даасан охин компани болгон тусгаарлахаар шийдвэрлэв. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь шийдвэр гаргалтыг хурдасгаж, зах зээлд илүү уян хатан стратеги хэрэгжүүлэх боломжийг олгох юм. Аялал жуулчлалын өсөлтөөр брэндийн эхний улирлын борлуулалт 34% өсөж ¥37.8 тэрбумд хүрснээр Asics-н хувьцаа 2026 онд 20% өсжээ.
🍋 ЗГ олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжих хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоолоо. Уг шинэчлэлээр ажилласан жилээс хамаарч ₮100-₮300 мянгын баталгаат тэтгэвэр олгож, тэтгэврийн зөрүүг арилгахаар дахин бодно. Мөн 25-аас дээш ажилласан жил тутмын нэмэгдлийг 2% болгож, тэтгэвэр гарахыг хойшлуулсан эмэгтэйчүүдийнхийг жил тутам 4% өсгөнө.
🍋 Нийслэлд “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ нь замын хөдөлгөөний удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм гэнэ. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор нийслэлийн 176 уулзвар, гарц дахь 2,606 камераар замын хөдөлгөөний гэрлэн дохиог зохицуулдаг байна. Цаашид нийтийн тээвэр, камер, зогсоолын мэдээллийг нэгтгэн, хиймэл оюун ухаанд суурилсан тээврийн системийг өргөжүүлнэ гэнэ дээ.
🍋 Нью-Йорк хотын Пенн метроны буудлыг (Penn Station) нийт $8 тэрбумын өртөгтэйгөөр иж бүрэн шинэчлэн засварлахаар шийдвэрлэсэн байна. Төслийн хүрээнд барилгын бүтцийг өөрчлөн шинэ баганууд босгож, дотоод орчинд байгалийн нарны гэрэл тусах ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн тус шинэчлэгдсэн метроны буудлыг Доналд Трампын нэрэмжит болгохоор тусгасан нь энэхүү томоохон бүтээн байгуулалтын гол онцлог аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply