- Lemon Press
- Posts
- 🔥 Шинэ бонд айсуй
🔥 Шинэ бонд айсуй
Нохойн дуу ойртсоор | OpenAI-г хэн хүсэмжлэв? | Инновацлаг шар айраг
POWERED BY
Hey! Өнөө бродюрын асуудал дууссан гэж бодож байна уу? Үгүй шүү, гүзээлзгэнэ минь. Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ гэнэ. 🍓
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогын хүрээнд ГБХНХЯ-наас урьдчилгаа төлбөрийн 50%-ийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргалаа.
MSE: Тэнгэр Даатгал ХХК-ийн олон нийтээс ₮10 тэрбумыг татан төвлөрүүлэх анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж ирэх Лхагва гараг буюу 12 сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
🔥 Шинэ бонд айсуй
Монголын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг болох “Шунхлай” ХХК “Шунхлай” нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авлаа.
Бонд гаргагчийн тухай: 30 гаруй жилийн түүхтэй Шунхлай ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй. Одоогоор компани 1,000 гаруй ажилтан, 110 гаруй шатахуун түгээх станц, 8 агуулахтай болсноор газрын тосны салбарын тэргүүлэгч болжээ.
💰 Шунхлай Холдингийн том хэсэг
Шунхлай Группийн хамаарал бүхий 30 гаруй компани бий. Тодруулбал, та бидний сайн мэдэх "АПУ" ХК (APU), "Дижитал концепт" ХХК, "Медиа Групп" ХХК, "Скайтел" ХХК, Эн Ти Ви телевиз зэрэг компаниуд уг групптэй хамааралтай. Өнгөрсөн онд тус группийн 8 компани ТОП-100 ААН-ээр шалгарсны 1 нь бонд гаргагч “Шунхлай” ХХК бөгөөд уг компани нь Шунхлай Группийн томоохон хэсэг билээ.
👑 Газрын тосны зах зээлд: “Шунхлай” ХХК-ийн сарын шатахууны худалдан авалт нь ойролцоогоор $50 саяыг давна. Ингэснээр компани нийт шатахууны зах зээлийн 20% гаруйг дангаараа эзэлж буй.
🔍 Бондын тухай
Бондын зээлжих зэрэглэлийг MIRA буюу Монголын зээлжих зэрэглэл тогтоох агентлаг тогтоож “Шунхлай” нээлттэй бонд нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” рейтингтэй бонд болж буй. Бондын нөхцөлийн хувьд, нийт ₮80 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд 12 сарын хугацаатай, 17%-ийн хүүтэйгээс гадна хагас жил тутамд хүү төлөгдөж явах аж.
📈 Өндөр өгөөж: Бондын нэрлэсэн үнэ ₮100,000 бөгөөд жилийн хүү нь 17% байгаа нь улсын инфляцаас 10 нэгж хувиар, ТОП-5 банкны энгийн, ₮-ийн 1 жилийн хадгаламжийн дундаж хүүгээс 5 нэгж хувиар илүү байгаа хэрэг. Нэмээд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10% байдаг бол бондынх 5% байдаг нь өгөөжийг илүү нэмэгдүүлнэ гэсэн үг.
💭 Давуу тал: “Шунхлай” нээлттэй бонд нь өндөр рейтингтэй гэдэг утгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн. Энэ утгаараа бондын эргэн төлөлт ямар нэгэн байдлаар дарамт үүсэхгүй гэсэн үг. Тодруулбал, тэдний ₮80 тэрбумын санхүүжилт нь борлуулалтын орлогынх нь 6.1%, нийт хөрөнгийнх нь 13.2%-тай дүйж буй.
Эцэст нь… Өнгөрсөн онд ТОП-100 ААН-ийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр батлагдсан. Энэ утгаараа ТОП-100 ААН-ийн нэг, 30 гаруй жилийн үйл ажиллагааны туршлагатай “Шунхлай” ХХК нээлттэй бонд гаргаж, анхдагч зах зээлийн арилжаа нь 12 сарын 3-нд эхлэх гэж байна. Гэснээс бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер компани болох Голомт Капитал ҮЦК-иас болон ЭНД-ээс авах боломжтой шүү.
😋 OpenAI-г хэн хүсэмжлэв?
9984.T: SoftBank OpenAI-д $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Ингэхдээ тэд OpenAI-н ажилчдаас хувьцааг нь худалдан авах санал гаргасан бөгөөд нэгж хувьцааг нь $210-оор үнэлж байгаа бололтой. Өнгөрсөн удаад OpenAI технологийн луугаруудаас нийт $6.6 тэрбумыг босгох үед SoftBank $500 гаруй саяын хөрөнгө оруулалт хийж байсан ч энэ удаагийн саналаас нь харахад OpenAI дахь эзэмшлээ илүү ихээр нэмэгдүүлэх хүсэлтэй байна даа.
🇷🇺🇲🇳 Нохойн дуу ойртсоор
Энэ 12-р сард Монгол Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны чөлөөт худалдаанд нэгдэх түр хэлэлцээр хийгдэх төлөвтэй байна. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа хэлэлцээрээ хийж чадвал ирэх онд соёрхон баталж 3 жилийн хугацаанд буюу 2028 он хүртэл хүчинтэй байх юм.
📰 ЕАЭЗХ өмнө нь Иран, Вьетнам, Сербитэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бол одоо Монгол, Индонез, АНЭУ, Египет тэргүүтэй 6 улстай худалдааны хэлэлцээр байгуулахаар эцсийн шатны хэлэлцүүлгээ хийж буй. Одоогийн байдлаар Евроазийн чөлөөт худалдааны бүсэд Орос, Хятад, Сингапур, Казакстаны хамтаар 10 улс нэгдээд буй.
🫷 Монголоос бусдыг нь ирэх онд
Саяхан Оросын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук “Энэ ондоо багтан Индонез болон АНЭУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж амжихгүй байх магадлалтай ч Монголынхыг энэ ондоо багтаан байгуулахаа” мэдээлсэн. Процессын хувьд өнгөрсөн 9-р сард Евразийн эдийн засгийн комиссын зөвлөл бидэнтэй хийх худалдаагаа хөнгөвчлөх, өргөжүүлэх зорилготой түр хэлэлцээрийн төслийг эцэслэн баталж байв.
Татвар 0%: Тус төсөлд талууд 375 нэр төрлийн барааны гаалийн татварыг ямар ч тохиолдолд “0” байхаар тогтоосон. Энэ дундаа Монгол тус холбооны орнуудаас импортолж буй бараг бүх гол нэрийн бараа буюу чихэр, сүүн бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн, авто тээврийн хэрэгсэлд давуу эрх олгох бол хариуд нь мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир зэрэг ХАА-н бүтээгдэхүүнийхээ татварыг хөнгөлүүлэхээр тохиролцжээ.
🤝 Хүлээгдэж буй боломж: Үр дүнд нь урьдчилсан тооцооллоор Монголоос ЕАЭЗХ-ны орнууд руу чиглэсэн экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, 3 жилийн хугацаанд $150 саяын ашиг олох боломжтой л гэнэ.
Эцэст нь… Тус холбоо Евроазийн чөлөөт худалдааны бүс гэсэн том нэртэй ч угшил нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени, Казакстан, Киргизстан, Беларусь гэсэн 4 улсын хамтаар үүсгэж байсан. Нидэр дээрээ Оросын ЕАЭЗХ-ны орнуудтай хийсэн худалдаа бусад улсуудынхаас хамаагүй бага төдийгүй 2021 онд ЕАЭЗХ-ны худалдааны эргэлт $73 тэрбумд хүрсний 72% нь рублиэр хийгдсэн. Монгол шиг жижиг зах зээлтэй улсад 5 улс руу татварын хөнгөлөлттэй худалдаа хийх нь ашигтай ч хэрэгжилт нь ямархуу байхаар тохиролцсон юм бол доо.
$64.4 тэрбум
2028 он гэхэд хиймэл оюун ухаанд суурилсан кибер халдлага дэлхийн эдийн засагт $64.4 тэрбумын хохирол учруулах магадлалтай байна.
3.4 сая
Үүнийг дагаад дэлхий дахинд нийт 3.4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай болох аж.
2.7 сая
Тэгвэл үүнээс 2.7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад хамгийн эрэлттэй буй.
🍺 Инновацын гайхамшиг шар айрагт
Японы шар айргийн зах зээлийн 36.5%-ийг дангаараа баздаг Asahi Super Dry Монголын зах зээлд тус улсаас импортоор орж ирдэг болоод 1 жилийг үдэж буй. Тэгвэл тэд ойн босго дээрээ Asahi Super Dry Draught буюу задгай төрлөөр худалдаалдаг болжээ. 📢
Ялгаа нь юу вэ?
🌟 Asahi Super Dry: Үүний хөрөнгийг Японы уламжлалт сакэ исгэх технологийг орчин үеийн инновацтай хослуулан урт хугацааны туршилт болон судалгаанд үндэслэн бүтээсэн бөгөөд уусны дараа тааламжгүй мэдрэмж үлдээдэггүй гэдгээрээ онцлог.
🆕 Asahi Super Dry Draught: Харин тус бүтээгдэхүүний задгай төрөл нь аягалсны дараах сэнгэнэсэн хуурай амтыг алдагдуулалгүй хадгалдаг нарийн ширхэгтэй, нягт бөгөөд цөцгий мэт хөвсгөр хөөстэй гардгаараа алдартай аж.
Сонирхуулахад, Asahi нь Япон дахь уулын булгийн уснаас өндөр чанартай ус хэрэглэдэг бөгөөд энэ нь үүний хуурай, цэнгэг амтыг бий болгоход тусалдаг гэнэ шүү.
MMdardas
🍋 ЗГ жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулахад 40% хүртэл хөнгөлнө. Түүнчлэн дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх гэнэ. Цаашлаад Цагаан сар, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсын хэмжээнд өндөр түвшинд зохион байгуулах гэнэ дээ. Үр дүн нэхье дээ.
🍋 Америкийн ЗГ Intel (INTC)-д Аризона, Нью-Мексико, Охайо болон Орегон мужуудад шинэ чипийн үйлдвэрүүд барихад нь $7.9 тэрбумын татаас өгнө. Санхүүжилттэй холбоотой гэрээний дагуу Intel 5 жилийн хугацаанд хувьцаа худалдан авах ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээжээ. Сонирхуулахад, энэ нь Америкийн чипийн салбарыг сэргээх зорилготой Жо Байдений ЗГ-ын хөтөлбөрийн хамгийн том санхүүжилт юм.
🍋 TMK Energy (TMK.AX)-н “Гурвантэс XXXV” төсөл өрөмдсөн туршилтын 3 цооногоосоо олборлолт хийхэд бэлэн болжээ. Улмаар өмнөх бэлэн болоод буй 3 цооногийн хамт олборлолт хийхэд шаардлагатай хийн урсгалыг илүү хурдан гарган авах боломж бүрдэх бөгөөд компани тус олборлолтыг энэ сардаа багтаан эхлүүлэх аж. Ийнхүү тус төслийн олборлолтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж буй.
🍋 Энэтхэгийн JSW Steel (JSWSTEEL.NS) болон Steel Authority of India (SAIL.NS) Монголоос коксжих нүүрс импортлохоор яригдаж байна. Энэ хүрээнд JSW Steel 2,500 тн, харин Steel Authority of India 7,500 тн нүүрс импортлохоор төлөвлөж буй. Сонирхуулахад, Энэтхэг коксжих нүүрсний нийт хэрэгцээнийхээ 85%-ийг импортоор хангадаг гэнэ.
📢 Монголын Мянганы Сорилтын Сан шинэ ажлын байр зарлажээ. (MCA)
❌ Нүүрсний хэрэглээг зогсоовол хөрөнгө оруулагчдад $5.7 тэрбумыг нөхөн төлөх нь. (TheEconomist)
🃏 Wirecutter-с санал болгож буй энэ оны ТОП ширээний тоглоомууд. (NYT)
🚨 Дональд Трампын импортын татвар компьютерын үнийг 45% өсгөнө. (Yahoo!Finance)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply