- Lemon Press
- Posts
- 🫄 Төрийн данх цайгаар дүүрнэ
🫄 Төрийн данх цайгаар дүүрнэ
Өвөр Монголын сэргээгдэх эрчим хүчний амжилт | $ERDN: Алтны олборлолт 37% өсөв | Бүтээмж: +9.5%
POWERED BY
Өглөөний мэнд! Стресстэй үедээ юу хийж байна даа? Хөгжим сонсох ч бас л шалгарсан арга шүү дээ. Сонирхолтой нь, Radox Spa-н захиалгаар хийгдсэн Marconi Union хамтлагийн "Weightless" аялгуу хамгийн өндөр тайвшруулах нөлөө үзүүлдэг гэнэ. Бачимдсан үедээ ЭНД дарж сонсоорой. 😮💨🧘


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Өчигдөр буюу 8 сарын 18-нд Оросоос 41 вагон буюу 1.2 өдрийн хэрэглээтэй тэнцэх АИ-92 бензин, 53 вагон буюу 0.8 өдөр хэрэглэх дизелийн түлш хүлээн авсан бол Хятадаас 13 вагон буюу 4-5 өдрийн хэрэгцээ бүхий онгоцны түлш авлаа.
NSO: Өнгөрсөн улирлын байдлаар 1 ажиллагчид ногдох бодит ДНБ 9.5% өсөж ₮6.8 сая болжээ. Том салбарууд дундаа ганц үйлчилгээний салбарын хөдөлмөрийн бүтээмж буурсан аж.
JTB: Өнгөрсөн оны эхний хагаст алдагдалтай ажиллаж байсан Женко тур бюро ХК (JTB) энэ оны мөн үед ₮629.5 саяын цэвэр ашиг олов.

‼️ ₮1 саяын ард ямар түүх байна вэ?

Ирэх оноос сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ) ₮792 мянга биш ₮1 сая болно. 1 цагийн цалин ₮5,952 болох нь. Энэ шийдвэр юунд хөтөлж байна вэ?
🙀 Нугарсан өсөлт
2007 онд ₮90 мянга байсан ХХДХ сүүлийн 20 орчим жилд 11.1 дахин өссөн. Нэг удаагийн тохируулгаар дунджаар 27% нэмсэн хэрэг. Тэр тусмаа сүүлийн 10 жилд 4.2 дахин тэлээд байгаа.
📌 Өсөлтийн өрсөлдөөн: Голч цалин 2014 оноос 4.4 дахин нэмэгдэж байхад ХХДХ 5.2 дахин өссөн байдаг. Улмаар ирэх онд ХХДХ голч цалингийн 40%-тай дүйх нь.
🫄 А хэсэг: Төрийн данх цайгаар дүүрнэ
ХХДХ нэмэгдэх шийдвэрээс ашиг хүртэгч нь төсөв. Түүнийг зарцуулагч нь төр. Тодруулбал, ХХДХ-ийг дагаад НДШ-ийн доод хэмжээ, төрөл бүрийн торгууль, татвар автоматаар өсдөг. 2025 онд ХХДХ-г ₮132 мянгаар нэмэгдүүлэхэд тус оны эхний хагаст НДШ-ийн орлого 22%, ХХОАТ 13.2% өссөнөөс цалингийн суурийн тэлэлт болон төсвийн орлогын хамаарал харагдана.
😬 Б хэсэг: Иргэдийн сагс улам хоосорно
Гэтэл нөгөө талд цалин өссөн сургаар барааны үнэ дагаж хөөрдөг нь манай зах зээлийн бодит байдал. Одоогоор 7%-8% нь ХХДХ-гээр цалинждаг гэхээр 100 мянга орчим хүний цалин ирэх оноос сарын багадаа ₮208 мянгаар нэмэгдэнэ. Зарим салбарын ХХДХ бүр ₮1.2-₮2.2 сая болж нэмэгдэнэ.
🔻 Гал дээр тос: Ажлын бүтээмжтэй хамааралгүй энэхүү өсөлт нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр инфляцыг өдөөх эрсдэлтэй. Ингэснээр нэмэгдэл цалин үр өгөөжтэй байхаас илүүтэй үнийн өсөлтөд идэгдэх аюултай.
💀 Сүүдрийн эдийн засаг: Нэмээд ХХДХ-гээр цалинждаг бүлэг ихэвчлэн жижиг ААН, бичил салбарт төвлөрдөг. Тэгэхээр хөдөлмөрийн өртөг нэмэгдэх нь зардлаа даахгүй бизнесүүд албан бус хөдөлмөр эрхлэлтийг нэмэх эрсдэлтэй. Үр дүнд нь ажилтнууд НДШ-ийн баталгаагүй үлдэнэ.
Эцэст нь… Хүнсний үнэ тэнгэрт хадаж, инфляц нь бодлогын хүүгээсээ давсан энэ цагт нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй шийдвэрүүд нэмэгдсээр. Төр засаг маань эгзэгтэй үед бүсээ чангална, танана гэж ярьдаг ч төсвөө томруулах арга замыг сонгосоор…

🥔 Хүнсний хувьсгал хийсэн Монголд хүнсний инфляц 25.5% өсөв. (Baabar.mn)
🌟 Америк орон энтрепренерүүдийн диваажин боллоо. (TheEconomist)
👨🏻🍳 Ховдоос Harvard биш Michelin 2 одтой ресторанд ажилласан тогоочийн түүх. (seheeten)
📼 Boxoffice ганзага дүүрэн байгаа ч үзэгчид хуучны контентод дурласаар байна. (SherwoodNews)

📈 $ERDN: Алтны олборлолт 37% өсөв
ERDN: Өнгөрсөн II улиралд Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн Баянхөндийн уурхайн алтны олборлолт өмнөх улирлаас 37% өсөж, 11,709 унц алт, 3,317 унц мөнгө олборложээ. Үүний үр дүнд алт, мөнгөний борлуулалтын орлого нь CA$75 саяд хүрч, компани тайлант улиралд CA$9.99 саяын цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь 2025 оны мөн үеийн CA$4.12 саяын алдагдлаас ашигт ажиллагаанд шилжсэн үзүүлэлт болсон аж. Мөн өчигдөр компани Торонтогийн хөрөнгийн биржид 75 мянган ширхэг энгийн хувьцаа нэмж бүртгүүлснээр нийт бүртгэлтэй хувьцааны тоо 65.5 саяд хүрчээ.

🫨 Дэлхийн хамгийн том цэнэг хуримтлуурын станц

Хятадын сэргээгдэх эрчим хүчний хөгжил шинэ түвшинд гарлаа. Хятад нүүр болон сэргээгдэх эрчим хүчийг арга билэг шиг хослуулахаар шийдсэн бололтой дог шүү.
⚡ Дэлхийн хамгийн том…
Энэ сарын эхээр Хятад Өвөр Монголд 1 ГВт хүчин чадалтай, 4 ГВт.ц багтаамжтай DongSu хэмээх батарей хуримтлуурын станцыг төвийн сүлжээнд холбоод буй. Хамгийн чухал нь уг цэнэг хуримтлуулагч нь сүлжээ тогтворжуулагчтай дэлхийн хамгийн том станц болсон юм. Тэгэхээр уг станц зүгээр ч цахилгаан хуримтлуулах бус шаардлагатай үед цахилгааны сүлжээний хүчдэл, давтамжийг өөрөө тогтворжуулж, нар, салхи гэхчлэн тогтворгүй эрчим хүчийг тогтворжуулж тасралтгүй ашиглах боломжтой болгож буй.
🤑 Уг станцыг $445 саяын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан бөгөөд жилд ойролцоогоор 1 ТВт.ц цахилгаан нийлүүлэх боломжтой аж. Үүнийг өрхийн хэрэглээгээр тооцож үзэхэд, 1 өрх жилд дунджаар 3-5 МВт.ц цахилгаан хэрэглэдэг гэхэд ойролцоогоор 200-330 мянган өрхийн жилийн хэрэглээг хангах хүчин чадалтай гэсэн үг.
🤔 Яагаад Өвөр Монголд гэж?
Хэрэв та мэдэх бол Өвөр Монгол нар, салхины эрчим хүчний томоохон үйлдвэрлэлийн бүс буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр илүүдэл цахилгаанаа хадгалах, сүлжээний хэлбэлзлийг зохицуулах хэрэгцээ тасралтгүй өсөж байгаа. Харин одоо цэнэг хуримтлуурын станцтай болсноор Өвөр Монгол цахилгаан хэрэглээнийхээ 30%–40%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой болох юм.
👉 Бид хаана явна?
Манай улс ч энэ зун хэзээ хэзээнийхээс илүү олон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг зэрэг, зэрэг эхлүүлсэн. Тэр ч байтугай анх удаа сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт аукцион зарлаад амжсан. Уг аукционоор шалгарсан компаниуд төвийн бүсийн 5 байршилд нийт 220 МВт нарны болон 135 МВт багтаамжтай, 440 МВт.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурыг энэ оны 12 сараас өмнө ашиглалтад оруулахаар болсон юм.
📌 Мөн баруун болон зүүн бүсэд 110 МВт нарны станц, 52 МВт-ын багтаамжтай батарей хуримтлуур барих гэхчлэн хаа сайгүй л сэргээгдэх эрчим хүчний төслүүд эхэлсэн нь сайшаалтай.
Эцэст нь… Урд хөршийн маань сэргээгдэх эрчим хүчний хөгжил гүйцэгдэхгүй тээр урд явж байна. Трэндээ дагаад гэдэг шиг бид ч чадахаараа сэргээгдэх эрчим хүчинд шилжих гэж хичээсээр. Угтаа манай улс шиг цахилгаан, шатахууны гаднын хамааралтай улс сэргээгдэх эрчим хүчинд амжилттай шилжвэл овоо олон асуудлаа шийдэж хөнгөлж, чадна. Гэвч олон төсөл зэрэг, зэрэг эхлэхээрээ ч…

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэМонголын Батлан хамгаалах салбар дотооддоо дрон үйлдвэрлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Тэгсэн төслийн явц хоцорч, хяналт сул байгаа нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Ер нь манай лимонууд дотооддоо дрон үйлдвэрлэхийг дэмжиж байна уу? |


Staffing Industry Analysts
🍋 Монголчуудын ажилгүйдлийн түвшин 4.5%-иас 5.5% болж өслөө. Энэ оны 7-р сарын байдлаар монголчуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1 нэгж хувиар буурч 58.1%, харин ажилгүйдлийн түвшин 1 нэгж хувиар өсөж 5.5%-д хүрсэн байна. Улмаар хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо 1.6% буурч 1.34 саяд хүрсэн бол ажилгүй иргэдийн тоо 20.4% өсөж 79.3 мянгад хүрчээ.
🍋 ДНБ энэ оны эхний хагаст 7.7% өсөж, өнгөрсөн оны мөн үеийн 5.6%-ийн өсөлтийг давав. Улмаар хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ ₮52.5 их наядад хүрсэн байна. Уг өсөлтөд уул уурхайн салбарын ДНБ-д үзүүлэх нөлөө өмнөх оноос огцом буюу 2.8 нэгж хувиар өсөж 3.9%-д хүрсэн нь нөлөөлжээ. Эсрэг талд ХАА-н эдийн засагт үзүүлэх нөлөө 2.2 нэгж хувиар буурч 1.4%-д хүрсэн байна.
🍋 Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Өмнөд Солонгос дахь айлчлал эхэллээ. Уг айлчлал түүний 5 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм. Хойд Солонгостой ойр дотно харилцаатай Хятадын өндөр дээд албан тушаалтан Өмнөд Солонгост айлчилж байгаа тул зорилго нь мэдээж Солонгосын хойгийн асуудал.
🍋 Шатахуун тэгш, сондгой дугаараар олгох хязгаарлалт дууслаа! Өчигдөр Петровис Групп Улаанбаатар хот дахь ШТС нь хэвийн ажиллагаанд шилжиж, ямар нэгэн хязгаарлалтгүй шатахуун олгож эхэлснээ мэдэгдсэн юм. Мөн АҮЭБ сайд импорт нэмэгдэж байгаа тул шатахууны хомсдол ойрын хугацаанд хэвийн болох төлөвтэй байгаа гэв.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply