• Lemon Press
  • Posts
  • 🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 5 жил

🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 5 жил

Инновацын индексээр 78-т | $NVDA болон $INTC-н хослол | COP17 хурлаас $1.5 тэрбум

POWERED BY

Happy LP Day! 🍋 Тэртээ 2020 оны 9 сарын 22-ны өдөр бид хамгийн анхны товхимлоо өлгийдөн авч байжээ. Шинэ цахим товхимол мэндэлж байна гэж мэдэгдсэн өдрөөс хойш бид олон ч ажлын ард гарч, олон ч уншигч, дэмжигчтэй болжээ. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. 🫂 

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 76 гишүүн хамтран боловсруулж, өргөн УИХ-ын даргад мэдүүллээ.

UB: Улаанбаатар хотын 2025 оны төсөвт ₮14.4 тэрбумын тодотгол оруулах тогтоолын төсөл боловсруулсан ба урсгал зардлыг ₮1 тэрбум, хөрөнгө оруулалтын зардлыг ₮13.4 тэрбумаар нэмэгдүүлэхээр болов.

U.S.: Доналд Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудын визний жилийн төлбөрийг $100 мянгаар тогтоохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд нийт ₮87.5 тэрбумын, $1.1 саяын арилжаа тус тус явагджээ. Үүнээс анхдагч зах зээлд ₮34.5 тэрбумын арилжаа явагдсан аж.

🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 5 жил

Монголын анхны бизнес, хөрөнгө оруулалтын цахим товхимол мэндэлснээс хойш 5 жил өнгөрлөө. Энэ хугацаанд Lemon Press ямар үнэ цэн бүтээв?

💌 Шинэ соёлоос дадал руу

Бид ажлын өглөө бүрийн 7 цагт товхимол илгээсээр нийт 1,134 дугаар гаргажээ. Бизнес, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн ойлголт, мэдээ мэдээллийг энгийн ойлгомжтой шинэ өнгө аясаар хүргэдэг болсноос хойш манай 38 мянган уншигч өглөө бүр товхимол уншдаг дадалтай болсон байна. Үүнээс улбаалан Монголд товхимлын шинэ соёл дэлгэрч, олон шинэ товхимол төрөн гарсан билээ.

  • ⏳ 1,134 дугаар: Хэрэв бид өөрсдийн гаргасан бүх товхимлыг нэгтгэж ном болгон хэвлэвэл ойролцоогоор 5.5 мянган хуудастай ном болох нь. Уншигч та бүхний болон үе үеийн хамтрагчдын дэмжлэг бидний тууштай амжилтыг бий болгожээ. 

  • 🎥 300+ видео: Мөн бид хэрэгцээтэй, чанартай видео контент хүргэхийг зорьж хэдийн өөрсдийн брэнд цувралуудыг бүтээв. Манай баг өөрсдийн редакцын бодлогын дагуу бүхий л контент, бүтээлдээ хараат бус, энгийн ойлгомжтой, хэрэгцээт байх зарчмыг баримталсаар 210 мянга гаруй дагагчтай болсон байна. Энэ тоо сүүлийн 2 жилд л гэхэд 29% өссөн аж. 

  • 🇲🇳 Өргөн цар хүрээ: Бид Lemon Press-н вэбсайт дээрээ 2.2 мянга гаруй хэрэгцээт нийтлэл гаргаснаас гадна Монголын соёл, үйл явдал, хөрөнгийн зах зээлийг гадагш гаргах зорилгоор Inside Mongolia сувгийг үүсгэсэн нь өдгөө сошиал орчинд 23 мянган хүнд, имэйлээр 5 мянган хүнд хүрч байна

📈 Стартапаас компани руу

Өнгөрсөн хугацаанд бид давхардсан тоогоор 497 байгууллагатай хамтран ажилласан байна. Энэ туршлагаас бид итгэлцэл, ил тод, мэргэжлийн байдлыг сурчээ. Өөрөөр хэлбэл, бид стартапийн дүрмийн дагуу эхлээд өөрсдийн өнгө төрхөө тодорхойлж, зах зээлд танигдаж, уншигч, үзэгч, дэмжигчтэй болж, үүнийг дараа өөрсдийн байр сууриа бий болгосон байна.

  • 🍋 LP нөлөө: Бид хөрөнгийн зах зээл, бизнесийн талбарын болох, болохгүй байгаа нарийн ширийнийг мэдээлэх, цаашлаад буруу жишгийг зөв голдирол руу чиглүүлэхэд нөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ хүрээнд бид контент хийхээс гадна янз бүрийн хамтын ажиллагаа, уриалга, санамж зөвлөмж гаргадаг билээ.

Эцэст нь… Өнгөрсөн 5 жил өсөлт, тэлэлтийн он жилүүд байлаа. Цаашид ч бид өөрсдийн бүтээсэн зарчим, бодлогын дагуу, хараат бусаар хөрөнгө оруулагч, уншигчдад хэрэгцээтэй, ойлгомжтой контентуудыг хүргэсээр байх болно. 5 жил бидэнтэй хамт байсан уншигч, дэмжигч та бүхэндээ баярлалаа.

  • 🔫 The MongolZ баг Fissure Playground 2 тэмцээнд дэд байр эзлэв. (HLTV)

  • 🗡️ Америкийн улс төрд үүссэн том ангалын илрэл. (CBS)

  • 📐 Улаанбаатарын төвийн дахин төлөвлөлт ямар байх нь вэ? (Ulaanbaatar)

  • 👓 Нүдний шил ухаалаг утсыг орлох замдаа… (TechCrunch)

🤝🏻 $NVDA болон $INTC-н хослол

NVDA: Өнгөрсөн долоо хоногт технологийн салбарын хүчирхэг тоглогч Nvidia AI, процессор болон чипийн дэд бүтцээ бэхжүүлэх зорилгоор Intel-д 5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэхүү хамтын ажиллагаа нь 2 компаниудын хувьд технологийн салбарт томоохон өөрчлөлт авчирч чадах чухал үйл явдал аж. Тус мэдээний араас $NVDA-н нэгж хувьцааны үнэ 3.5% нэмэгдэж $176.2-т хүрсэн бол  $INTC 22.8% өсөж $30.6-т хүрчээ.

🇲🇳 Бид хэр инновацлаг вэ? 

Дэлхийн оюуны өмчийн газраас жил бүр инновацын индексийг танилцуулдаг уламжлалтай. Монгол энэ онд инновацын индексээр 139 орноос 78-д бичигдсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 11 байр ухарсан үйл явдал байв. 

  • 🧭 Аргачлал: Тус индексийг улс орнуудын институт, хүмүүн капитал ба судалгаа, дэд бүтэц, зах зээлийн болон бизнесийн хөгжил, мэдлэг ба технологийн гаралт, бүтээлч үйлдвэрлэл гэсэн 7 үндсэн багц үзүүлэлт 80 гаруй нарийн индикаторын нийлбэр оноогоор тооцдог

🌐 Дэлхийд #78

Инновацын индексээр Монгол энэ онд 26.7 оноо авсан нь дэлхийн дунджаас 4.8 оноогоор бага үзүүлэлт аж. Тус бууралтад дотоодод судалгаа хөгжүүлэлт, стартапын хөрөнгө оруулалт, боловсролын чанар сул байгаа болон бүс нутгийн өрсөлдөгч орнууд илүү хурдацтай инновацлаг болж буй нь нөлөөлжээ. Мөн Азийн бүс нутагтаа 17 орноос 13-т орсон бөгөөд Узбекстан, Казахстаныг ам мөлтөс оноогоор ардаа орхисон аж. Цаашлаад индекстэй холбоотой зарим нэг үзүүлэлтүүдийг харвал:

  • ГШХӨ өндөр: Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хэмжээ өндөр байсан нь энэхүү үзүүлэлтээр 139 орноос 6-т эрэмбэлэгдэхэд хүргэжээ.

  • 118-т: Бизнес эрхлэхэд төрөөс үзүүлэх бодлого тогтворгүй байгаа бөгөөд тус үзүүлэлтээр 23.3 оноо авч, дэлхийд 118-р байранд оров.  

  • 0.01%: Судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй мөнгө ДНБ-ий 0.01%-д ч хүрэхгүй яваа нь дэлхийд сүүл мушгисаар явааг хэлнэ.

  • Бүтээхдээ сайн: Инновацын индексийн дэд хэсэг болох Output Sub-Index 68.9 оноо авч 69-т орсон нь патент, барааны тэмдэг, контент гэх мэт инновацын бодит гарц талдаа дунджаас дээгүүр явааг харуулав. 

Эцэст нь… Монгол Улс инновацын индекс дээр ICT, бүтээлч салбар, гаднын шууд хөрөнгө оруулалтаар өнгөтэй өөдтэй байгаа ч боловсрол, судалгаа хөгжүүлэлт, санхүүжилт дээр том дутагдалтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, энэ дутагдалтай тал нь шинэ санаа гаргах боломжийг хязгаарлаж буй хэрэг ажээ.

Улаанбаатарын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийг авч үзвэл,

  • Гэр хороолол: 55.6%

  • Автомашин: 28.9%

  • Бусад (усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан): 15.5%-ийг бүрдүүлдэг аж. 

Тэгвэл Нийслэл 2028 он гэхэд Улаанбаатарын нийт гэр хорооллын өрхийн 49.5% буюу 103,090 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбох юм гэнэ. 

ZeroCap

🍋 Америкийн Үнэт Цаас, Биржийн хороо криптовалют дээр суурилсан Биржээр арилжаалагддаг сан (ETF) байгуулах журмыг баталлаа. Журмаар компаниуд крипто ETF гаргахад зөвшөөрөл авах үйл явц хялбаршиж, нөгөө талаар хөрөнгө оруулагчид илүү олон крипто валютыг ETF хэлбэрээр авах боломж олгож буй. Гол шалгуур нь тухайн хөрөнгийн фьючерс зах зээл зохицуулалттай бирж дээр дор хаяж 6 сар идэвхтэй ажилласан байх ёстой.  

🍋 Монгол Улс ирэх онд зохион байгуулах COP17 хурлаас $1.5 тэрбумын санхүүжилт босгох боломжтой. Санхүүжилтийг "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд бэлчээр, ус ба газар, байгальд төвлөрсөн багц санаачлагуудаар татах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Урьд Саудын Араб $12.15 тэрбумын санхүүжилт босгосон туршлагатай аж.

🍋 Энэ оны III улиралд Монгол дахь 2 дугуйт тээврийн хэрэгслийн борлуулалт өнгөрсөн оноос 37.1% өсөж 33,269 ш болжээ. Борлуулалтын дийлэнхийг мотоцикл эзэлж буй бөгөөд мөн хугацаанд 38.3% өссөн байна. Зах зээлийн тоглогчдын хувьд ихэнх нь Хятадынх бөгөөд Dayun-н борлуулалт 85.1%, Shineray-нх 9.5%, Haojue-нх 26.1% өссөн бол Японы Yamaha (YAMHF)-н борлуулалт 23.8% өсжээ. 

🍋 Zijin Gold $3.21 тэрбумыг босгох энэ оны Хонконгийн хоёр дахь том IPO-г эхлүүллээ. Компани өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн IPO-р энэ Лхагва гараг хүртэл 349 сая ш хувьцааг HK$71.59 нэгж үнээр арилжаалж буй. Өнгөрсөн 5-р сард Contemporary Amperex Technology (CATL) IPO хийж $5.24 тэрбумыг босгож байсан билээ. 

  • Даваа: Хонконгийн 8-р сарын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.

  • Мягмар: AmCham Монголбанктай ирэх оны мөнгөний бодлогын хэлэлцүүлэг хийнэ

  • Лхагва: Японы инфляц зарлагдана.

  • Пүрэв: Хятадын Ляонин мужийн Олон Улсын Худалдаа хөрөнгө оруулалтын 6 дахь удаагийн экспо болно

  • Баасан:Эрүүл мэндийн экспо 2025” эхэлнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.