🚤 Живлээ!!!

Тэдний нүдээр Монгол | $GOV-н III улирал | Цахиурын төсөл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Зөвшөөрөлгүйгээр таксинд явбал торгуультай болсон. Нэмээд таксины үнийг км нь ₮1,500 гээд тогтоочхож. Бензин, такси гээд хамаг юмны үнийг төр тогтоож байна даа. 🤔

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ашиг энэ оны III улиралд өмнөх оны мөн үеэс 9 нугарч ₮25.7 тэрбумд хүрчээ

MGLA: Эм Жи Эл Акуа ХК-ийн ТУЗ-ийн даргаар С.Алтантуяа сонгогдлоо

HK: 29 дахь удаагийн Азийн үнэт цаасны холбоодын жилийн уулзалт 10 сарын 22-24-ний хооронд болно

KHAN: Өчигдөр ХААН Банк ХК-ийн ам.долларын "Ногоон бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг KBMG-BD-17/10/27-C0076 үсгэн кодтойгоор эхлүүллээ.

 

‼️ Авлигад живсээр

Энэ оны III улирлын байдлаар авлига, албан тушаалын хэрэг жилийн өмнөхөөсөө 5.3% нэмэгджээ. Юу болоод байна вэ? 

🫨 1,543 хэрэг шүү, Цэнцэрэн минь!

Прокурорын байгууллага 1,543 хэргийг авлига, албан тушаалын хэрэг гэж бүртгэсэн ч үүнийхээ 13.4%-д нь л буюу 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Нийт гэмт хэргийн 78.3%-ийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, 16.8%-ийг хахууль авсан, 10%-ийг нь эсрэгээрээ өгсөн гэмт хэрэг тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргүүд ч гарчээ. 

  • Хаана гарав? Уг хэргүүдийн 66.7% нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт үйлдэгдсэн аж. Үүний хүрээнд авсан арга хэмжээ нь, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн ₮43 тэрбумын эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, ₮1.8 тэрбумын эд хөрөнгийг хураан авсан гэнэ. 

  • Зөвхөн хохироод зогсохгүй: Авлигыг мөнгөн дүнгээр хэмжиж болох ч шууд бус нөлөө нь ч дэндүү том. Өнгөрсөн жилийн судалгаагаар сурагчдын 22% нь улсынхаа ирээдүйд огт итгэлгүй байна гэсэн үр дүн гарсан. Үүний шалтаан нь авлигал болон боловсролын системийн чанар. Тэгэхээр авлигал зөвхөн хохироогоод зогсохгүй ирээдүйн итгэлийн унагааж байгаа юм. 

🔻 Ухарсаар байна шүү дээ

Дэлхий дахинд энэ бол авлигач улс гэдгийг таниулдаг “Авлигын төсөөллийн индекс” гэж бий. Өнгөрсөн оны байдлаар бид 180 орноос 121-т жагсаж байна. Уг нь 2022 онд 116-д жагсаж байсан сан. Жил ирэх тусам энэ байр хойшилсоор 2015 оноос хойш уг индексийн оноо нь хамгийн ихээр буурсан орнуудын дунд орж цоллуулаад авсан. Ийм байхад яаж гаднынхан бидэнд итгэж хөрөнгөө оруулж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх вэ дээ.   

Эцэст нь… Яг ил болсон нь л бидэнд ингэж харагдаж байгаа болохоос илрээгүй хэдэн хэрэг байгаа вэ? Хэзээ Монгол авлигагүй болно доо…

$GOV-н III улирал

GOV: Говь ХК-ийн борлуулалтын орлого III улиралд өмнөх оны мөн үеэс 0.9% өсөж ₮167.9 тэрбумд хүрлээ. Харин компанийн алдагдал тус хугацаанд ₮1.2 тэрбумаар нэмэгдэж ₮5 тэрбумд хүрсэн байна. Үүнд нийт ашиг нь 8.7% буурч ₮72.8 тэрбум, ерөнхий ба удирдлагын зардал нь 24% өсөж ₮17.9 тэрбумд хүрсэн нь нөлөөлжээ. Цаашлаад тэдний богино хугацаат зээл 26% өсөж ₮229 тэрбумд хүрсэн бол урт хугацааны өр төлбөр 2 дахин буурч ₮57.6 тэрбумд хүрсэн байна.

🇺🇸 Тэд биднийг ингэж хардаг…

Америкийн Төрийн департментаас улс орнуудын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг харгалзан гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулахад хэр эрсдэлтэй байгаа талаар судалгааг тогтмол гаргадаг. Өнгөрсөн удаад бид Туркменистаны талаар бичиж байсан бол одоо өөрсдийн толгой дээрх бухлыг харах цаг болжээ.

  • Гэснээс: Монгол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлдэг ч хууль тогтоомж нь хоорондоо зодолдоод байдаг учраас бүрэн хэрэгждэггүй гэхчлэн олон сонирхолтой дүгнэлтүүдийг гаргасан байна лээ. Бүрэн эхээр нь ЭНД дараад уншаарай. 

🫤 Уг нь дажгүй. Гэхдээ!

Асар их байгалийн баялагтай Монгол уул уурхайн салбар руугаа хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой нь нэг хэрэг ч, эдийн засгийн эмзэг байдал, ядаад хөрөнгө оруулагч нартай холбоотой хэрэг, маргааныг сунжруулдаг нь Америкийг бидэнд хөрөнгө оруулахад болгоомжлоход хүргэдэг. 

  • 🔕 ХЗЗ нь л гэхэд: Монголын ХЗЗ сул хөгжсөн тул фьючерс болон дериватив арилжаа хийх боломж хомс. 2021 оны сүүлээр биржийн бус зах зээл байгуулагдаж, хурдацтай хөгжиж байгаа. Мөн уул уурхайн болон ХАА-н бүтээгдэхүүний биржтэй болсон нь сайшаалтай ч шинэ биржүүдийг хувийн хэвшлийнхэн хэрхэн ашиглах талаар тодорхой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 

ХАА-н бүтээгдэхүүний бирж гэснээс ХАА тэр дундаа ноолууран бүтээгдэхүүнийг Америк хөрөнгө оруулах өндөр боломжтой салбар гэж харж буй. 

🐏 Ноолуурын зах зээлийн гэрэл

Өнгөрсөн оны байдлаар Монгол ноолуурын гаралтай $441.2 саяын дүн бүхий бүтээгдэхүүн экспортолжээ. Үүнээс, угаасан ноолуур 5,449 тонныг $263.6 саяар, 1,001 тн хялгасыг нь ялгасан ноолуурыг $95.8 саяар тус тус гаргасан байна. Бид жилд 10 мянган тн түүхий ноолуур бэлтгэдэг улс ч бүтээгдэхүүн болгож худалдахгүй байгаа нь асуудал. 

  • 🤑 Ээрье, сүлжье: Ноолуураа түүхээр гаргаж байгаа нь асуудал болж байгаа ч ээрсэн болон сүлжсэн бүтээгдэхүүн гаргадаг болбол зөвхөн уг бүтээгдэхүүнээс жилд $1.5 тэрбумыг олох боломжтой. Энэ нь зүгээр ч нэг хийрхэл бус буюу Монголд ноолуураа ээрээд, сүлжээд гаргах үйлдвэрлэлийн хүчин чадалтай гэдгээс гарсан үг шүү.  

Эцэст нь… Америкийн өнцгөөр бол Монгол дахь гаднын түргэн хоол, хүнсний дэлгүүр гэх мэт франчайз бизнесүүд хүлээлтээс давсан сайн үзүүлэлттэй байгаа нь зах зээл нээлттэй, боломжтой байгааг илтгэж буй. Харин өндөр ашиг олох боломжтой уул уурхай, эрчим хүчний салбаруудад улс төрийн нөлөөлөл их байдаг тул өндөр эрсдэлтэй гэж харж байна. Төр ороод ирэхээр л асуудал х2 томрох юм…

🕵️ Таавар таацгаая. … бол хамтын ажиллагааны талуудын хоорондох нөхцөл, амлалт болон үүрэг хариуцлагыг тодорхойлж, тэдгээрийг бичгээр баталгаажуулдаг. Түүнгүйгээр бизнесийн хэрэгцээг хангах, найдвартай хамтын ажиллагаа үүсгэх боломжгүй. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

🎯 Хямдралтай, бэлэгтэй, ваучертай

“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатай BSB групп33 жилийн ойгоо тохиолдуулан бүх салбарууддаа “BSB тавилгын экспо” үзэсгэлэн худалдааг энэ сарыг дуустал зохион байгуулж байна. 📢

Оффисын тавилгаа дараах гайхалтай нөхцөлөөр аваарай. Үүнд,

  • 🛒 Хямдралтай: Сонгогдсон загваруудыг 10%-40% хямдруулан авах,

  • 🎟️ Ваучертай: Худалдан авалтын үнийн дүнгээс хамааран ₮500,000 хүртэл ваучер авах,

  • 🎁 Бэлэгтэй: ₮5 саяас дээш худалдан авалтад эргономик сандал бэлэглэх бөгөөд сонгогдсон загваруудад оффис хэрэгцээний багц бэлэглэнэ.

Гэснээс 10 сарын 18 хүртэл худалдан авалт хийхэд BSB бонус оноо 2 дахин үржигдэх гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

CNBC

🍋 Lucid (LCID) 265.2 сая ширхэг хувьцаагаа нэмэлтээр гаргасны дараагаар хувьцааны үнэ нь 15% уналаа. Уг шийдвэр Lucid-н хамгийн том хувь эзэмшигч Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангийн охин компани болох Ayar Third Investment Lucid-н хувьцааг худалдан авч буйтай холбоотой бөгөөд тэд Lucid-н 58.8%-ийг эзэмших төлөвтэй байна.

🍋 Монгол Европын холбоотой хамтран Ойн түншлэлийн хүрээнд 2 төсөл хэрэгжүүлнэ. Тодруулбал, “Монгол оронд ХАА-н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг БОУАӨЯ, ЕХ болон Германы  ЗГ-тай хамтран 2028 он хүртэл хэрэгжүүлэх бол “Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх” төслийг НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэнэ.

🍋 Монгол, Орос болон Хятадын "Талын зам" хөтөлбөр болон "Бүс ба зам" санаачилгыг уялдуулна. Тодруулбал, Ши Жиньпин Хятад болон Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн тус хөтөлбөрүүдийг уялдуулахад бэлэн буйгаа илэрхийлсэн бол Монгол, Орос болон Хятадын төрийн тэргүүн нар эдийн засгийн коридор байгуулах, тээвэр, эрчим хүч, соёлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдэв. 

🍋 Канадын Troy Minerals (TROY.CN) Монгол дахь “Цагаан залаа” цахиурын төслийн хайгуулын ажлыг 2025 оноос эхлүүлнэ. Уг төсөл нь Хятадын хилийн ойролцоох Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 1,670 га талбайг хамрах бөгөөд Ойрхи Дорнод болон Азийн зах зээлд эрэлт нь өсөж буй өндөр цэвэр цахиурыг олборлох юм. 

  • ✈️ United Airlines яагаад Монголыг сонгов? (CNN)

  • 🏡 Монголын уур амьсгалын онцлогт тохирсон ногоон барилгын “BestGER” үнэлгээний систем. (ХББОСЯ)

  • 🌈 Kindle-н өнгөт дэлгэцтэй хувилбар гарах нь ээ. (Mashable)

  • 👀 Тэд Монголыг Зөвлөлтийн мартагдсан хиймэл дагуул гэв үү? (RFERL)

Reply

or to participate.