- Lemon Press
- Posts
- ✋ Даатгал: 4+1=5
✋ Даатгал: 4+1=5
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч | Банкнуудын ногоон мөрөөдөл | Өглөө яах вэ?
POWERED BY
Morning! Тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэх асуудлаар хэлэлцэх нь ээ. Машин унах улам үнэтэй болох нь дээ. 🚗
UB: Нийслэлийн ирэх оны төсөвт агаарын бохирдол болон зам ашигласны төлбөрийг одоогийнхоос 3-4 дахин нэмэгдүүлэхээр тусгажээ.
CHAM: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдов.
SK: Samsung (005930.KS)-н удирдлагын багт анх удаа үүсгэн байгуулагч гэр бүлийн хамааралгүй эмэгтэй буюу Ким Кён-А шинээр орж ирлээ. Тэрбээр Samsung Bioepis-н Ерөнхийлөгч болон CEO-р томилогджээ.
📗🌎 Банкнуудын ногоон мөрөөдөл
Эдгээр өдрүүдэд Монгол Улсын ногоон санхүүжилтийг хэлэлцэх ТоС Форум зохион байгуулагдаж, өнөөдөр форумын сүүлийн өдөр тохиож байна. Форумд системийн нөлөө бүхий 5 банк, ТоС холбооны гишүүд болон эрх баригчид оролцож 3 өдөр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ.
🗺️ Том зургаар харъя
Олон улсын тавцанд тогтвортой хөгжлийн чиглэлд хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилготой улсын хувьд бидэнд Парисын гэрээнээс эхлээд үндэсний алсын хараа болох “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”-н хүрээнд хүрэх ёстой олон ногоон амлалтууд бий. Цаашлаад ногоон эдийн засгийг дэмжихэд Монгол Улсад ₮15 их наяд шаардлагатай гээд байгаа. Энэ ч утгаараа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд банкнуудын оролцоо асар их.
🔑 Тоглогчдын жишээ
Төрийн банк ХК (SBM) л гэхэд өнгөрсөн хугацаанд зээлийн санхүүжилтээ тогтвортой хөгжлийн чиглэл дэх санхүүжилтээ боловсрол, стартап, өрхийн, эмэгтэй бизнес эрхлэгчдэд буюу 4 чиглэлд чиглүүлж ирсэн. Харин саяхан 15 жилийн ойгоо тохиолдуулан алсын хараагаа өргөжүүлж “Малчны ногоон зээл”-ийг зах зээлд нэвтрүүлж цаашлаад ногоон бонд гаргахаа зарлаж байв. Энэ нь ч тэдний ногоон хөгжилд түүчээлэгч банк байх зорилтын нэг хэсэг.
👍 Гоё мэдээ: Өчигдөр Төрийн банк ХК болон Зээлийн Батлан Даалтын Сан ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсноо зарласан. Үр дүнд нь ногоон санхүүжилт шаардлагатай ЖДҮ-д зориулсан ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүнийг шинээр гаргах юм.
Эцэст нь.. Монгол Улс ногоон зорилтуудаа урагшлуулахад асар их ногоон санхүүжилт хэрэгтэй. Энэ хүрээнд ч Монголбанк бодлогын чанартайгаар банкнуудын өмнө нийт зээлийн 10%-иа ногооруулах даалгавар, зорилтыг гарган шахаж буй. Нөгөө талд банкнууд эрчимтэй хөдөлж байна даа.
😰 Toyota Хятад дахь зах зээлээ алдаж байгаа юу?
7203.T: Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Toyota-н үйлдвэрлэл III улиралд дэлхий даяар 8% унаж 893,164 ширхэгт хүрчээ. Энэ нь компанийн үйлдвэрлэл 9 сар дараалан буурсан үзүүлэлт болоод буй. Тодруулбал, Америкийн зах зээлд аюулгүйн дэрний асуудлаас болж Grand Highlander болон Lexus TX-нхээ үйлдвэрлэлийг 4 сар зогсоосноор үйлдвэрлэл 13% буурсан бол Хятадад дотоодын автомашин үйлдвэрлэгчид нь хүчтэй байгаатай холбоотойгоор 9% буурсан байна. Харин өлгий нутаг болох Япон дахь үйлдвэрлэл нь 8% өсжээ.
🌅👇 Өглөө яах вэ? Ийшлэх үү?
Эрдэмт ТББ-ийн 6 дахь жилдээ зохион байгуулж буй Өглөөний хүн - Өглөөний уулзалт арга хэмжээний 63 дахь зочноор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцох гэж байна.
Тэрээр олон жижиг дунд бизнесүүдэд хөрөнгө оруулж, залуу манлайлагчдын ментороор ажиллаж байсны сацуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон амжилттай удирдсан туршлагатай нэгэн билээ.
🔗 За тэгээд ЭНД дарж бүртгүүлээд нэгэн өглөөг мэдлэгээ тэлж өгөөжтэй яриа сонсон эхлүүлээрэй.
📍 Хаана: Баянгол ресторан
📆 Хэзээ: 12 сарын 6-нд 06:00 цагт
🧐 Даатгалын салбарын шинэ IPO
Тэнгэр Даатгалын IPO эхлээд 1 хоног өнгөрлөө. Одоогоор анхдагч зах зээлийн захиалгын явц нь 83.5%-д хүрээд байна. Энэ IPO-г шинжье.
✋ Даатгал: 4+1=5
Одоогоор МХБ (MSE) дээр бүртгэлтэй 4 даатгалын компани бий. Үүнээс Мандал Даатгал (MNDL) ганцаараа ТОП-20 индексэд, Ард Даатгал (AIC) болон Бодь Даатгал (BODI) I ангилалд, Монгол Даатгал (MDIC) II ангилалд тус тус багтаж буй. Харин Тэнгэр Даатгал $MDIC-тэй хамт II ангилалд багтах юм. Ингэснээр МХБ дэх даатгалын салбарын компани 5 болох нь.
💰 ₮244.8 тэрбум + ₮48 тэрбум: Одоогоор олон нийтэд нээлттэй болсон 4 даатгалын компанийн нийт зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээрээ ₮244.8 тэрбум байгаа. Уг нь оны эхэнд ₮254.7 тэрбум байсан ч 3.9% унасан хэрэг. Харин Тэнгэр Даатгалын зах зээлийн үнэлгээ IPO хийснийхээ дараа ₮8 тэрбумаар нэмэгдэж ₮48 тэрбум болох юм.
🤔 ₮10 тэрбумыг 5 чиглэлд
Заа одоо шинэхэн IPO-н танилцуулга руу оръё. Тэнгэр Даатгал олон нийтэд 20.83%-иа санал болгож байгаа. Тэдний нэгж хувьцааны үнэ ₮800 бөгөөд нийт ₮10 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Үүнийхээ дийлэнх буюу 48%-иар нь борлуулалтаа дэмжиж, үлдсэн хэсгийг Мандал Праявит Экүити хувийн ХОС-гийн эзэмшиж буй хувьцааны төлбөр, сунгалтын систем болон апп хөгжүүлэлт, харилцагчдын боловсролыг дэмжих маркетинг, бусад хөрөнгө оруулалт гэсэн нийт 5 хэсэгт зарцуулах гэнэ.
🔀 Бүтцийн өөрчлөлт: Тэнгэр Даатгал 2022 онд Мандал Санхүүгийн Нэгдэлийн охин компани болсон тул одоогоор тэдний 51%-ийг Мандал Санхүүгийн Нэгдэл, 40%-ийг Мандал Праявит Экүити ХОС эзэмшиж байгаа. Харин IPO-н дараа энэ дүн харгалзан 43%, 29% болж буурах аж.
➗ 20/80: Түүнчлэн тэд олон нийтээс хөрөнгө оруулалт татахдаа нийт татан төвлөрүүлэх дүнгийн 20%-ийг олон нийтэд, 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгоно. 1 стратегийн хөрөнгө оруулах доод хэмжээ ₮100 сая гэсэн шүү.
🌌 Төсөөлөл: Тэнгэр Даатгалын даатгалын орлого 2023 онд ₮10.5 тэрбум байсан бол 2028 он гэхэд 2.9 дахин нэмэгдүүлж ₮30.5 тэрбумд хүргэх нь. Цэвэр ашгийн хувьд тус хугацаанд 2.7 өсөж ₮13.8 тэрбум болох аж.
Эцэст нь… Тэнгэр Даатгалын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол ЭНД байгаа танилцуулгыг сайтар хараарай. 2021-2023 онд харилцагчдын тоо нь 51.6% буурсан ч 1 гэрээний дундаж дүн нь 148.7% өссөн зэрэг анхаарал татсан үзүүлэлтүүд байна лээ шүү.
💡 Таавар таацгаая. … нь нэгж хувьцаанд ногдох ашиг болон нэгж хувьцааны зах зээлийн үнийн хамаарлыг илэрхийлэх харьцаа юм. Үүнийг нэгж хувьцаанд ногдох ашгийг хувьцааны одоогийн үнэд хуваагаад 100-аар үржүүлж гаргадаг. Тэр юу вэ?
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉
💸 Нэгж, дата аваад cashback-тай
Юнителийн хэрэглэгчдэд дуулгах таатай мэдээтэй! Тэд энэ оныг дуустал Toki дансаа ашиглан нэгж болон дата авах бүртээ 20% cashback авах урамшуулал зарлажээ. 📢
Тэгвэл нэгж, дата авахдаа Toki дансаа ашиглах нь өөр ямар давуу талуудтай вэ?
📲 Хялбар: Toki дансаа нэг цэнэглэчихсэн байхад “Гар утас” цэсээр нь ороод л нэгж, датагаа хялбархан авах боломжтой.
💰 Хуримтлалтай: Хэрэв сард ₮50 мянгын нэгж болон дата хэрэглэдэг бол ₮10 мянгыг хуримтлуулах нь.
🔜 Тун удахгүй: Гэснээс, хураасан cashback нь ирэх 1 сарын 1-нд Toki дансанд шилжин орох аж.
Сонирхуулахад, Монголчууд сард дунджаар 213 минут утсаар ярьж, 14.8 GB дата хэрэглэдэг гэнэ шүү.
За тэгээд Юнителийн хэрэглэгчид урамшуулалдаа хамрагдаад Toki дансаа ногооруулаад байж дээ.
CNN
🍋 Volkswagen (VWAGY) Шинжаан дахь автомашины үйлдвэрийн нийт 30%-ийн эзэмшлээ Шанхайн төрийн өмчит SMVIC-д зарна. Энэ нь Уйгурчуудын хүний эрхийн асуудал болон Хятадын цахилгаан автомашины эрэлттэй холбоотой аж. Харин компани тус үйлдвэрийн 70%-ийг эзэмшдэг SAIC (SAIC)-тай хийсэн түншлэлээ 2040 он хүртэл сунгаж, 2030 он гэхэд 18 загварын цахилгаан автомашин Хятадын зах зээлд гаргахаар төлөвлөж буй.
🍋 “Wicked” кино нээлтээ хийснээс хойш 7 хоногийн дотор дэлхий даяар $164.2 саяын орлого олох төлөвтэй байна. Үүний $114 саяыг нь зөвхөн Америк болон Канадын зах зээлээс олох төлөвтэй байгаа. Ийнхүү тус кино $145 саяар бүтсэн зардлаа нөхөж, Broadway Adaptation-н түүхэнд нээлтийн 7 хоногтоо хамгийн өндөр орлого олсон кино болох нь.
🍋 АТГ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан С.Цэдэнсодномыг ₮200 саяын хахууль авсан байж болзошгүй хэргээр баривчлав. Тодруулбал тэрээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ эх үүсвэр нь тодорхойгүй Mercedes-Benz болон өндөр үнэтэй амины орон сууц захиалсан тухайгаа тусгаагүй байсан гэнэ.
🍋 Ухаалаг утасны борлуулалт энэ онд өмнөх онтой харьцуулахад 6.2% өсөж, 1.24 тэрбум ширхэг борлуулагдах төлөвтэй байна. Үүнд Android утасны борлуулалт Япон болон Хятадаас бусад Азийн орнууд, Өмнөд Америк, Ойрх Дорнод болон Африкийн орнуудад 7.6% өсөх бол Apple (AAPL)-н ухаалаг утаснууд 0.4% өсөх нь. Энэ нь Android дунджаар $295-оор зарагддаг бол iPhone -н дундаж үнэ $1,000 орчим байдагтай холбоотой аж.
Мега төслүүд 🔄️ Ногоон шилжилт
Хог хаягдал, сэргээгдэх эрчим хүч, хүлэмжийн хий зэрэг асуудал дээр хаа сайгүй, салбар бүр л толгойгоо гашилгаж байна. Тэгвэл уул уурхайн мега төслүүд энэ тал дээр ямар шийдэл нэвтрүүлж байна вэ?
⛏️ Акул тоглогчийн жишээ
Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том тоглогчдын нэг Rio Tinto (RIO) өөрийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлээр ногоон эдийн засаг, ногоон хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй. Тодруулбал,
🏭 Сэргээгдэх эрчим хүч: Rio Tinto салхины болон нарны эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулж, уул уурхайн салбарын эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангахыг зорьж буй. Энэ хүрээнд компани Австралийн хамгийн том сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ байгуулснаар 25 жилийн хугацаанд Австралийн Бунгабаны салхины эрчим хүчний төслөөс үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 80%-ийг худалдаж авах аж.
⚡ Нийлүүлэгчийн нөлөө: Түүнчлэн Rio Tinto лити, зэс зэргийг нийлүүлж байгаа нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ашиглагдаж эрчим хүчний шилжилт, ногоон эдийн засгийн өсөлтөд шууд болон шууд бусаар нөлөөлж буй.
💪 Том зорилт том хөдөлгөөн
Цаашлаад, дэлхий нийтээр 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг “0” болгохын тулд жилд $9.2 их наядыг зарцуулах шаардлагатай байгаа. Үүнд Rio Tinto ч хувь нэмрээ оруулж 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын эрчмийг 2018 оныхоос 30% бууруулах зорилт тавин ажиллаж буй. Угаас тэд 2019 оны байдлаар хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2008 оныхоос 46% бууруулсан бөгөөд 2024 онд энэ чиглэлд $750 саяыг зарцуулахаар тооцжээ.
Эцэст нь… Нэг талаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хурцдаж байгаа ч нөгөө талаас Rio Tinto зэрэг мега компаниуд байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжихэд анхаарал хандуулж байгаа нь том нөлөө үзүүлж байна даа.
❤️🔥 Бизнесээ хөгжүүлэх үйл явцад дурлах нь бууж өгөхгүй байх томоохон шалтгаан. (Foundr)
🤾♀️ Жингээ хасахад дан ганц дасгал хийх хангалтгүй гэнэ. (WashingtonPost
🔵 Япончуудын амиа хорлолтын түвшнийг 84% бууруулахад юу нөлөөлсөн бол? (BusinessTips)
🐒 Хүн төрөлхтний үүсэл гарлын тухай бүрэн хэмжээний түүх. (Wired)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply