• Lemon Press
  • Posts
  • ⚠️ Санхүүгийн эрсдэл

⚠️ Санхүүгийн эрсдэл

M&A тэсрэлт | Үйлдвэрээ өргөтгөх $MU | Леброн Жэймсийн цалин

POWERED BY

Happy Monday! Нэг талаас сур харваа, адууны өдөрт зориулсан арга хэмжээ эхлээд л, нөгөө талаас ДАШТ-ий шөвгийн 16 ид дундаа өрнөөд л. Хүн ардын сэтгэл догдолсон өдрүүд өнгөрч байна даа. 😁 Гэснээс өнөөдөр манай Lemonade in Japan контентын маань ээлжит дугаар цацагдана шүү. ЭНД дараад хүлээж байгаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

GEC: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Н.Мягмар албан ёсоор Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогджээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮303.5 тэрбумын болон $2.2 саяын арилжаа явагдав. Үүнээс $-н бүх арилжаа хоёрдогч зах зээл дээр хийгдсэн аж.

SUU: Сүү Трейд ХХК-ийн бүх хувьцааг Сүү ХК (SUU)-д үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ.

⚠️ Санхүүгийн салбарын эрсдэл

Саяхан зохицуулалттай салбарын 2025 оны комплайнсын эрсдэлийн үнэлгээний судалгааг СЗХ танилцуулжээ. Тэгсэн уг судалгаагаар ВХҮҮ өнгөлж, ХОМК бүдэрсэн дүр зураг ажиглагдлаа.

  • ✍🏻 Судалгааг гүйцэтгэхдээ комплайнсын эрсдэлийг тодорхойлох ерөнхий 4 төрөлд ангилсан 10 бүлгийн 42 багц, 93 асуулттай асуумжийг 80 гаруй итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ, даатгагч, ХОМК, ВХҮҮ-ийн дунд явуулав. Ингэхдээ ерөнхий төрөлд ёс зүй, нэр хүнд, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл ажиллагааны гэсэн 4 төрлийн эрсдэлийг тооцжээ. 

🔙 Ерөнхий тойм

Энэ жилийн тухайд зарим үнэлгээнүүд сайжирсан ч судалгаанд хамрагдсан байгууллагын тоо өмнөх оноос 14.9%-иар буураад байна. Тайлангийн ирц буурсан нь техникийн шинжтэй гэхээсээ илүү компаниудын хариуцлагын соёл, тайлангийн өгөгдөлдөө хандах хандлага суларсны дохио байх талтай аж. Цаашлаад, сонирхол татах зүйлсийг нь харвал:  

  • 📊 Жигд бус өсөлт: ВХҮҮ-ийн комплайнсын эрсдэлийн дундаж үзүүлэлт хамгийн их буюу 2.9 нэгж хувиар өсөж 36.7%-д хүрсэн бол ХОМК-ийн үзүүлэлт эсрэгээрээ 0.9 нэгж хувиар буурч 27.9% болжээ. Харин даатгагч болон ББСБ-ын үзүүлэлтүүд бага хэмжээгээр сайжирсан байна.

  • 👍🏻 Ёс зүй ахив: Эрсдэлийн төрлөөр нь авч үзвэл, ёс зүйн эрсдэлийн дундаж үзүүлэлт өмнөх оноос 3.5 нэгж хувиар өссөн нь хамгийн өндөр, нэр хүндийн эрсдэлийн дундаж үзүүлэлт 0.3 нэгж хувиар өсөж, хамгийн бага өөрчлөлттэй байв.

  • 🚿 МУТС эрсдэлтэй: Эрсдэлийн төрлүүдээс ББСБ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ 22.8%-д хүрсэн нь зөвхөн тус салбарын төдийгүй судалгаанд хамрагдсан бүх салбарын хамгийн сул үзүүлэлт болжээ.

Эцэст нь… Энэхүү судалгаанаас санхүүгийн салбарын комплайнсын ерөнхий чиг хандлагыг харж болно. Санхүүгийн салбарын комплайнсын үзүүлэлтүүд ерөнхийдөө ахисан ч салбаруудын хоорондын ялгаа өндөр хэвээр байна. За тэгээд ирэх жилүүдэд компаниуд МУТС, нэр хүнд, хяналт тайлагнал, сургалтын чиглэлд анхаарах шаардлагатай байна даа.

  • 🪩 Хөрөнгө оруулалтын тухай хуулийн онцлох шинэ зохицуулалтууд. (MongolianEconomy)

  • 🧑🏻‍🏫 Чинээлэг гэр бүлүүд хүүхдээ уламжлалт бус AI-д суурилсан сургуульд оруулж байна. (WSJ)

  • 🐴 Монгол 2040 он гэхэд залуу малчидгүй болно. (business.mn)

  • 📜 250 жил сураггүй байсан Америкийн Тусгаар тогтнолын тунхаглалын хуулбар Их Британиас олдов. (FT)

🏭 Үйлдвэрээ өргөтгөх $MU

MU: Хагас дамжуулагчийн аварга Micron Technology Японы Хирошима хотод $9.3 тэрбумын өртөгтэй үйлдвэрийн өргөтгөлийн ажлаа эхлүүллээ. Үр дүнд нь бусад томоохон компаниудын GPU-тэй хамт ашиглагддаг, өндөр зурвасын өргөн болон хурдтай HBM чипний эрэлтийг хангах аж. Мөн үйлдвэрийн өргөтгөлийн 1/3 буюу $3.1 тэрбумыг Японы ЗГ-аас татаас хэлбэрээр дэмжиж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу ирэх 2028 оны зунаас анхны HBM чипийг үйлдвэрлэж эхлэх юм. Сонирхуулахад, $MU-н нэгж хувьцааны үнэ сүүлийн 1 жилд 701.3%, он гарснаас хойш 241.8% тус тус өсөөд байна.

💥 M&A тэсрэлт 

2026 оны эхний хагас жил дэлхийн бизнесийн түүхэнд мега-хэлцлүүдийн эрин үе болж үлдэх нь. Юу болов оо?

📻🤑 Трэндийн парадокс: Цөөн хэлцэл, Их мөнгө

M&A буюу компани хоорондын нэгдэл, худалдан авалтын хэлцлийн нийт дүн жилийн өмнөхөөсөө 48% өсөж $2.8 их наядад хүрсэн нь 1980 оноос хойших хамгийн өндөр дүн юм. Гэхдээ нөгөө талаас хэлцлийн нийт тоо сүүлийн 6 жилийн ёроолдоо хүрч 24,000 болж буурчээ. Цөөн хэлцэлд асар их мөнгө яригдсан хэрэг.

🌓 Эзэгнэл = 47 мега хэлцэл

Энэхүү түүхэн өсөлтийг дундаж компаниуд биш, харин $10 тэрбумаас дээш үнэлгээтэй 47 хэлцэл чирсэн аж. Тэдгээр нь нийтдээ $1.3 их наяд буюу дэлхийн нийт M&A үнийн дүнгийн бараг талыг бүрдүүлжээ. Үүний хамгийн тод жишээ нь:

  • ⚡️ Эрчим хүчний салбарт: NextEra Energy (NEE) компани Dominion Energy (D)-г $66.8 тэрбумаар өөртөө нэгтгэв.Дата төвүүд болон AI-н үсрэнгүй хөгжил нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг асар хурдтай нэмэгдүүлж байгаа тул эрчим хүчний аваргууд цар хэмжээгээ тэлж байгаа нь энэ.

  • 🚀 Технологийн салбарт: Илон Маскийн SpaceX (SPCX) компани Cursor-г $60 тэрбум орчмоор худалдаж авсан.Сансрын технологи болон дэд бүтцийн салбарт хийгдэж буй энэ M&A нь ирээдүйн дата тээвэрлэлт, дэлхийн холбоо харилцааны монопол байдалд нөлөөтэй.

💭 Шалтгаан ба Хөрөнгө оруулагчдын хандлага

Геополитик болон макро эдийн засгийн тогтворгүй ч компаниудад том хэлцэл хийх санхүүжилт, зээл хангалттай олдож байгаа. Мөн банкны шинжээчдийн үзэж буйгаар $1-$3 тэрбумын дундаж хэлцлийг хийхэд зарцуулагдах хугацаа, хүчин чармайлт нь том хэлцэл хийхтэй бараг адилхан байдаг тул компаниуд шууд том хөдлөхийг илүүд үзэж байгаа аж. 

Эцэст нь... Компаниуд зүгээр нэг санхүүгийн ашиг олох гэж биш, харин ирээдүйн зах зээлийн өөрчлөлтөд тэсэж үлдэх бизнесийн хамгаалалтын шугамаа зузаатгах зорилготой хөдөлж байгаа нь харагдаж байна даа.

NBA-н амьд домог Леброн Жэймс ирэх улирлаас эхлэн багаа сэлгэж, замналын 24 дахь улиралдаа өөр багийн нэрийн өмнөөс тоглохоор болсон билээ. Тэгвэл түүний өнгөрсөн жилүүдийн цалинтай танилцъя. 

  • 🟡 Los Angeles Lakers (2018-26): $346.9 сая 

  • 🔴 Cleveland Cavaliers (2014-18): $107.9 сая

  • ⚫️ Miami Heat (2010-14): $67.1 сая

  • 🔴 Cleveland Cavaliers (2003-10): $62 сая

Тэрээр 2003 онд NBA-д орсноосоо хойш нийт $583.9 саяыг зөвхөн цалингаасаа олсон байна. Энэ дээр нэмээд зар сурталчилгаа, реклам, хөрөнгө оруулалт зэрэг бусад орлогыг нь тооцвол замбараагүй өндөр дүн гарах нь ойлгомжтой. Тиймдээ ч тэрээр сагсан бөмбөгийн спортоос төрсөн тэрбумтнуудын нэг бөгөөд зодог тайлаагүй байхдаа $-ын тэрбумтан болсон анхны тамирчин юм. 👑🏀

GIPHY

🍋 "The Angry Birds Movie 3" хүүхэлдэйн кино ирэх 12-р сард нээлтээ хийхээр товлогдлоо. Уг бүтээлийг Rovio, SEGA болон Prime Focus Студи хамтран гаргаж байгаа бөгөөд DNEG Animation студи анимейшнийг нь гүйцэтгэж байна. Өмнөх ангиуд нь $65-$73 саяын төсвөөр бүтэж байсан бөгөөд 3-р ангийн санхүүжилтийг түншлэгч компаниуд нь гаргаж байгаа аж.

🍋 Багануурт баригдах $134 саяын хөрөнгө оруулалттай нүүрс-пиролизын үйлдвэрийн бэлтгэл ажил эхэллээ. Тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор жилд 600 мянган тн хагас кокс үйлдвэрлэж, импорт, татаасны ₮200 тэрбумыг хэмнэх аж. Мөн үйлдвэрлэлээс ялгарах хийгээр 40 МВт цахилгаан гаргаж, агаарын бохирдлыг 50%-60% бууруулах гэнэ.

🍋 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён 7 сарын 9-11-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь 15 жилийн дараах анхны айлчлал бөгөөд талууд стратегийн түншлэл болон эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцохоор байна.

🍋 Америкт амьжиргааны өртөг өссөн ч хандивын хэмжээ 2025 онд түүхэн дээд цэгтээ буюу $617.2 тэрбумд хүрчээ. Нийт хандивын 64%-ийг иргэд бүрдүүлсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дагаад гэрээслэлээр өгөх хандив хамгийн өндөр буюу 17% өссөн аж.

🍋 Төвийн бүсийн цахилгаан сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шатны €17 саяын зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа. Уг санхүүжилтээр Сүхбаатар дүүрэгт шинэ дэд станц, хос кабель шугам барьж, Туул дэд станцыг өргөтгөх ажил гүйцэтгэнэ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд гадаад зээлийн бодлого, өвөлжилтийн бэлтгэл болон ханшийн өөрчлөлт төслийн өртөгт нөлөөлж буйд анхаарахыг онцлов.

  • Даваа: $BMNR, $AXG, $BNED нарын санхүүгийн тайлан ил болно.

  • Мягмар: Дэлхийн шоколадны өдөр тохионо.

  • Лхагва: Өнгөрсөн 6-р сарын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.

  • Пүрэв: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён айлчилна.

  • Баасан: 10 хоног үргэлжлэх Үндэсний их баяр наадмын амралт эхэлнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.