🍦 Хүнд үеийн дэр

Интернэт эрх чөлөө | Paramount-н том хэлцэл | Нугардаг iPhone

POWERED BY

Өглөөний мэнд! Маргааш олон хүний үзэх дуртай “Малколмын эргэн тойронд” олон ангит киноны шинэчлэгдсэн хувилбар Disney+ болон Hulu платформууд дээр нээлтээ хийх гэж байна. Гол дүрүүдэд анхны жүжигчдийн ихэнх нь эргэн ирж байгаа ч Малколмын дүү Дьюигийн дүрийг бүтээсэн Эрик Пер Салливан тус кинонд тоглохгүй гэдгээ мэдэгдсэн аж. За тэгээд лимонууд минь элгээ мэдэж үзээрэй. 🙊😂

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилийн өмнөхөөсөө 7.4%, сарын өмнөхөөсөө 1.2% тус тус өслөө. Жилийн өмнө үйлчилгээний үнэ хамгийн их өсөж байсан бол энэ удаад хүнсний үнэ хамгийн ихээр нэмэгджээ.

POL: Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9,376 иргэн, ААН, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг цуцаллаа.

BOM: Он гарснаас хойш ₮-ийн $-той харьцах ханш алгуур суларсаар 2025 оны 12 сарын 10-ны өдрийнхөөс ₮26.4-өөр суларч $1=₮3,571 болоод байна.

OIL: Америк болон Ираны талууд 2 долоо хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрснээр брент болон WTI төрлийн газрын тосны үнэ буурч, нэг баррель нь $100-оос доошиллоо.

⛏️🔑 Уул уурхайн салбарын "Алтан хамаарал"

Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарт олгосон зээл олголтын хэмжээ 1,204% өссөн бол салбарын ДНБ 982% өсжээ. Яг энэ холбоо хамаарлыг ухъя. 

📈 Санхүүжилт ба Өсөлт

Уул уурхайн салбарын зээл олголт нэмэгдэхэд түүнийг дагаад эсвэл тодорхой хугацааны дараа салбарын ДНБ-ий хэмжээ өсдөг хамаарал ажиглагдаж байна.

  • 💰 Өсөлтийн хурдасгуур: Жишээ нь, 2011 онд зээл олголт 141.8% нэмэгдсэн нь салбарын эргэлтийг эрчимжүүлсэн. Мөн 2021-2023 оны хооронд зээлийн нийлүүлэлт тогтвортой өссөнөөр 2023 онд уул уурхайн ДНБ-ий жилийн өсөлт 59.8% хүрч түүхэн дээд үзүүлэлтээ тогтоожээ.

  • 🍦 Хүнд үеийн дэр: 2020 онд цар тахлын улмаас салбарын өсөлт -9.1% болж унахад зээл олголт 47.8% өссөн нь компаниудын хувьд үйл ажиллагаагаа хадгалж үлдэх гол тулгуур болсон аж.

🏦 Банкнуудын нөлөө

Уул уурхай бол хөрөнгө оруулалт хамгийн их шаарддаг, эрсдэл өндөртэй ч өгөөж нь эдийн засгийг бүхэлд нь чирдэг салбар. 2010 онд ₮403 тэрбум байсан тус салбарын зээл олголт 2025 онд ₮5.2 их наяд болж өссөн нь салбарын зардал тасралтгүй нэмэгдэж байгааг харуулж буй. Энэ утгаараа тус салбарын санхүүжилтэд банкнууд чухал үүрэгтэй.

  • 💵 TDB-н хувь нэмэр: Салбар дундаа ХХБ (TDB) өнгөрсөн онд худалдааны санхүүжилтийн 40%, уурхайн санхүүжилтийн 33%-ийг тус тус бүрдүүлсэн. Нийт зээлийн багцыг бүтцээр нь авч үзвэл,  алтны төсөл 60.7%, чулуун нүүрс 19.6%, төмрийн хүдэр 12.3%, бусад ашигт малтмалын салбар 7.4%-ийг тус тус эзэлжээ.

🤔 Уул уурхайн салбараа яах вэ… 

Өчигдөр ХХБ “Худалдааны санхүүжилтийн форум”-аа Нөөцийн эдийн засаг сэдвийн дор зохион байгуулсан. Форумын үеэр хөндөгдсөн гол асуудал нь ганц зээл олгох тухай биш эдийн засгийн ирээдүйг тодорхойлогч нөөцийг хэрхэн ухаалаг, тогтвортой бөгөөд олон улсад өрсөлдөх чадвартай болгох тухай байв.

🔱 Төр, хувийн хэвшил, банкны Алтан гурвалжин: Уул уурхайн салбарын нөөц боломжийг бүрэн нээхийн тулд энэ 3 тал хамтарч ажиллах нь чухал. Ингэснээр зөвхөн олборлолтыг дэмжих бус, экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн худалдааны санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлэх боломжтой байна даа.

  • 🎭 Ерөнхий сайд Н.Учралын тоглож үзүүлсэн 3 үзэгдэлт жүжиг. (unnu.news

  • 🔑 OpenAI-н үүсгэн байгуулагч Сэм Алтман хэр итгэж болохоор хүн бэ? (TheNewYorker)

  • 🧠 Хятадын тархи угаалт ба Монголчуудын үндэсний ондоошил. (BitterWinter)

  • 🐙 Хамгийн эртний наймаалж яг үнэндээ шал өөр амьтан байжээ. (ScienceAlert)

💰 Paramount-н том хэлцэл

PSKY: Энтертайнмент зах зээлд амбиц дүүрэн үйл ажиллагаа явуулж буй Paramount Skydance Арабын 3 том хөрөнгө оруулалтын сангаас $24 тэрбумын санхүүжилтийг амжилттай татжээ. Тус санхүүжилтийг Warner Bros. Discovery (WBD)-г $111 тэрбумаар худалдан авахад зарцуулах бөгөөд энэ нь Арабын хөрөнгийн оруулалтын сангуудын Холливудад хийсэн хамгийн том санхүүжилтийн болж байна. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдөрт 10.7% өсөж $10.9-т хүрсэн аж.

🇲🇳 Интернэтээр эрх чөлөөтэй вэ? 

Өмнө нь хүмүүсийн хэлдгээр ном ертөнцийг харах цонх байсан бол өдгөө интернэт энэ үүргийг гүйцэтгэж байна. Гагцхүү тухайн хүний дэлхийн хаанаас интернэтэд нэвтрэхээс шалтгаалан тэр цонх хэр том, хэр жижиг байх нь тодорхойлогдох болсон. Тэгвэл дэлхийн 171 орныг интернэт эрх чөлөөгөөр эрэмбэлсэн нэгэн судалгаатай танилцъя.

  • 📏 Тооцох арга: Улс орнуудын интернэт эрх чөлөөг тооцохдоо torrent хандалт, насанд хүрэгчдийн контент, сошиал медиа хэрэглээ, үзэл бодлын илэрхийлэл, VPN хандалт гэсэн 5 үзүүлэлтэд үндэслэн 0-100 оноогоор үнэлдэг. 2025 онд нийт 149 орныг хамруулсан бол энэ оноос эхлэн 171 орныг оролцуулсан ба шинээр нэмэгдсэн улсууд дунд Монгол багтаад байна.

🌐 Бүс нутагтаа #2

2026 оны интернэт эрх чөлөөгөөр Монгол 76 оноо авсан нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 22 орноос 2-т орох амжилт байлаа. Тухайлбал, бүс нутгийг 92 оноотой Шинэ Зеланд, Зүүн Тимор тэргүүлжээ. Харин Монгол болон Фижигийн хувьд адил 76 авснаар удаах байрыг эзэлжээ. Түүнчлэн Монголтой ижил 76 оноотой, дэлхийн жагсаалтын 4-т бичигдэж буй 14 улс байгаа аж. 

  • 🛜 Манай онцлог: Монголоос интернэт ашиглахад сошиал медиа, VPN хандалт бүрэн нээлттэй байдаг бол torrent хандалт, насанд хүрэгчдийн контент, үзэл бодлын илэрхийлэлд хязгаарлалт байдаг хэмээн тус судалгаанд тусгагджээ.

🚫 Эрх чөлөөний Э үсэггүй

Интернэт эрх чөлөөгөөр хамгийн боогдмол улсаар 0 оноотой Хойд Солонгос тодорлоо. Араас нь Орос, Пакистан, Иран, Хятад улс тус бүр 4 оноотой жагссан бөгөөд эдгээр улсуудад X, Facebook, YouTube, TikTok зэрэг томоохон сошиал платформуудыг бүхэлд нь эсвэл түр хугацаанд хаах, хориглох тохиолдол байсаар байна.

Эцэст нь… Интернэтийн эрх чөлөөгөөр Америк, Австрали, Герман, Өмнөд Солонгос, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнууд манай ард бичигдлээ. За тэгээд Монголын интернэтийн урсгалыг цонхоор бол дэлхийд харьцангуй томдоо багтаж байна даа. 🥸

26 орон
Энэ Бямба гарагт Монголд зохиогдож буй 26 орны тамирчид өрсөлдсөн Ази тивийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
20 жин
Тэмцээний шигшээ шатанд эрэгтэй, эмэгтэй 20 жингийн 11 улсын тамирчид медалийн төлөө өнөөдөр болон маргааш өрсөлдөнө.
5 медаль
Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан нар алтан медалийн төлөө тулалдана. Одоогийн байдлаар  эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 75 кг-д Г.Далай, эрэгтэйчүүдийн 85 кг-д Д.Бариахаан нар хүрэл медаль хүртээд байна.

💦 Усны нэгдсэн платформ

Ураа! Усны тоолуурын заалтаа мессежээр явуулах шаардлагагүй боллоо. Цаана чинь ус, дулаантай холбоотой бүхий л үйлчилгээг 1 дороос авах боломжтой E-water хэмээх платформ зах зээлд нэвтэрсэн байна. 

🙋‍♂️ Бүгдийг 1 дороос

Дан ганц усны тоолуурын заалтаа явуулаад зогсохгүй E-water платформоор иргэд, ААН-үүд усны хэрэглээгээ хянах, засвар үйлчилгээний дуудлага өгөх, санал гомдол гаргах гэхчлэн олон төрлөөр ашиглах боломжтой юм байна. 

  • ⚡ Хамгийн сонирхолтой нь иргэд тус платформоор усны тусгай зөвшөөрөл авах, ус ашиглуулах дүгнэлт гаргуулах гэхчлэн төрийн үйлчилгээг ч авч болох нь ээ. Системд нэвтрэхдээ ДАН системээр баталгаажуулаад хялбархан ашиглах боломжтой юм байна. 

Хамгийн гол нь тоолуурын заалтаа илгээхдээ апп доторх тоолуур цэс дээр дарж, мэдээлэл илгээх үл хөдлөхөө сонгоод тоолууртай холбоотой заалтын мэдээллээ бөглөөд л болоо. Мэдээж зургийг нь дараад явуулсан ч болно. За тэгээд туршаад үзээрэй.

JSW Steel

🍋 Дархан-Уул аймагт 1 сая тн-оос багагүй хүчин чадалтай, $806 саяын хөрөнгө оруулалт бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолбортой болно. Төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулах гэнэ. Үр ашгийн хувьд дотоодын гангийн хэрэгцээний 60%-70%-ийг хангаж, барилгын материалын өртгийг бууруулан импортын хамаарлыг багасгах стратегийн ач холбогдолтой аж.

🍋 Apple (AAPL) анхны нугардаг iPhone-оо ирэх 9-р сард iPhone 18 Pro загваруудтай хамт танилцуулна. Хэмжээний хувьд дэлгэцээ нээхэд 7.7-7.8 инч буюу iPad mini-тэй ойролцоо, хаалттай үедээ 5.5 инч орчим хэмжээтэй байх төлөвтэй байгаа бөгөөд A20 чип болон 12GB RAM-тай байх магадлалтай аж.

🍋 Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний нэгжийн өртөг ₮323-т хүрсэн ч хэрэглэгчдэд ₮280-өөр буюу зардлаасаа доогуур үнээр нийлүүлж байна. Энэхүү өртгийн бүтцийг авч үзвэл үйлдвэрлэлийн зардал хамгийн өндөр буюу 55.6%-ийг эзэлж байгаа бол түгээлтийн зардал болон алдагдал нийлээд 25.8%-ийг бүрдүүлж буй.

🍋 Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө. Улмаар “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг 1 удаа гаргадаг болгох аж. Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг олон нийтийн амралтын өдөр, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын 5 өдрийн 1 өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг гаргав.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.