🇲🇳 AI чадамж дутмаг

Их Британи ба AI | $SBM: Сингапурт бонд гаргалаа | 2026 оны төсвийн тооцоолол

POWERED BY

Номын баярын мэнд! Өнөөдөр Сүхбаатарын талбайд 38 дахь удаагийн “Үндэсний Номын Баяр” эхэлж байна. Жил бүрийн хавар болон намар 3 өдрийн туршид зохион байгуулагддаг номын баярт дунджаар 300 мянган уншигч, 200 орчим хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч нар оролцдог ажээ. Ном унших дуртай лимонууд маань аль өдөр нь очих гэж байна даа. 📚🤓

*Нэг өдрийн өөрчлөлт.

U.S.: Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 25 нэгж хувиар бууруулж 4.25%-д хүргэсэн нь 2024 оноос хойш анхны хүү буурсан тохиолдол болжээ.

CUMN: Премиум Нэксус ХК Финко Капитал ББСБ ХХК-ийн биржийн бус зах зээлд хаалттай хэлбэрээр гаргах “Финко Капитал-2" бондын эргэн төлөлтийн баталгаа болгож ₮4.2 тэрбумыг гаргана

SCM: Улсын дээд шүүхээс АН-ын даргын өөрчлөлтийг бүртгэх тухай өргөдлийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг хуулийн шаардлага хангасан тул АН-ын даргаар бүртгэв.

🔎 AI-н бэлэн байдал хэр байна?  

Технологийн дэвшил, тэр дундаа AI цаг минуттай уралдан хувьсаж буй энэ эринд Монголчуудын AI-н бэлэн байдлыг ЗГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран судалжээ. Товчхондоо хараахан бэлэн биш гэнэ дээ.   

  • 🧮 Хэрхэн тооцов?: Бэлэн байдлыг тооцохдоо хөгжиж буй орнуудын нөхцөлд тохируулан Монголын AI-н бэлэн байдлыг төрийн дэмжлэг, төрийн хэрэглээ, ёс зүйн ойлголт гэсэн үндсэн 3 тулгуур чиглэлийн хүрээнд нийт 12 үндсэн үзүүлэлт, 17 дэд үзүүлэлт дээр тулгуурласан аж. 

🙂‍↔️ Хараахан бэлэн биш

Монголын хиймэл оюуны бэлэн байдал 5-аас 3 оноогоор үнэлэгдсэн нь тогтолцоо бүрэлдэх үе шатанд явааг илтгэх аж. Тус үр дүн нь AI-н чиглэлээр үе шаттай ахиц гарч, дэд бүтэц сайжирч буй ч хувь хүн, байгууллага, нийгмийн чадавх дутмаг хэвээр байгааг харуулав. Идэвхжүүлэгч буюу төрийн AI-г дэмжих дэмжлэг 3.4, төрийн үйлчилгээнд ашиглах бэлэн байдал 3.2, ёс зүйн бэлэн байдал 2.4 оноогоор тус тус үнэлэгджээ. Өөр сонирхолтой тоо юу байв?

  • 81-р байр: 2024 оны StartupBlink-н дэлхийн гарааны бизнесийн экосистемийн индексээр Монгол 100 орноос 81-т жагсжээ

  • 23%: Нийт нутаг дэвсгэрийн 23% нь шилэн кабелийн сүлжээгээр интернэтэд холбогдсон ба шилэн кабелийн сүлжээний урт ойролцоогоор 52,480 км аж. 

  • Ахисан 11: Oxford Insight-н өнгөрсөн оны AI-н бэлэн байдлын индексээр манай улс 188 улсаас 98-т орсон нь 2023 оноос 11 байраар ахисан үзүүлэлт юм. 

  • 10.9%: 2023 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн цахим ур чадвар эрэгтэйчүүдээс 10.9% өндөр гарсан нь цахим ур чадварын түвшинд жендерийн зөрүүтэй байгааг илтгэв.  

  • 4,000: Боловсролын салбарт ICT-н нэг багшид ногдох оюутны тоо дунджаар 1,000–4,000 хүрсэн нь мэргэшсэн багшийн хомсдол үүсгээд буй аж. 

Эцэст нь… Интернэт холболт, өгөгдлийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээ урагшилсан ч инновац, хүний нөөцийн чадавх, ёс зүйн засаглал гацаад байна. Технологийн дэвшил Монголчуудыг хүлээхгүй тул эртхэн хөдөлж, энэ бүх асуудлыг шийдэх хэрэгтэй байх даа… 🏃🏻‍♀️

  • 🔍 2026 оны төсвийн тооцоолол хэр оновчтой байв? (ThinkMongol)  

  • 🚀 30 жилийн дараа Ангараг дээр суурьших боломжтой болно гэнэ. (Space)

  • 🆕 Маргааш E-Mongolia 5.0 хувилбартай танилцах нь ээ. (E-Mongolia

  • 🛡️ B3 витамин нь арьсны хорт хавдартай хамгийн найдвартай тэмцэгч. (NPR)

💰 $SBM: Сингапурт бонд гаргалаа

SBM: Системийн нөлөө бүхий Төрийн банк Сингапурын хөрөнгийн бирж дээр хаалттай бонд арилжаалж, $200 саяыг татан төвлөрүүлжээ. Тус бонд нь 3 жилийн хугацаатай, 8.9%-ийн купонтой бөгөөд татан төвлөрүүлсэн мөнгөөр тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэх аж. Сонирхуулахад, өчигдрийн арилжаагаар $SBM-н нэгж хувьцааны үнэд өөрчлөлт ороогүй ба нэгж хувьцааны үнэ оны эхнээс 9%, 2024 оны мөн үеэс 1.6% тус тус унаад байна. 

🤔 AI Их Британийн ЭЗ-ийг аварч чадах уу? 

Өнгөрсөн Лхагва гарагт Доналд Трамп Их Британид 2 дахь удаагаа айлчилж, Их Британийн ЗГ-ыг өөрийн улсын технологийн томчуудтай холбосон томоохон хэлэлцээр хийлээ

🌊 Атлантын далай дамнасан түншлэл

Америк болон Их Британи $42 тэрбумын дүн бүхий 2 орны AI, квант тооцоолол, цөмийн эрчим хүчний харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой “Технологийн хөгжил цэцэглэлтийн хэлэлцээр" байгуулаад буй. Их Британи хөрөнгө оруулахаар амласан компаниудын жагсаалтыг харвал BlackRock (BLK), Black Stone Minerals (BSM), Microsoft (MSFT), Google (GOOG) титануудын нэр явж буй. Зүгээр л солиотой. 

  • 🤫 Хариуд нь юу өгөх вэ? Их Британи Америкийн технологийн компаниудад тавьдаг хатуу зохицуулалтаа зөөлрүүлэх ёстой. Үүний сацуу Их Британийг дижитал үйлчилгээний 2%-ийн татвараа бууруулах, аль эсвэл бүр байхгүй болгох санаархал ч бий

  • 😏 Учир нь Их Британи технологийн компаниудын ашигт бус орлогод нь 2%-ийн татвар ногдуулдаг учраас хэдий бага хувийн татвар тогтоосон мэт харагдах ч компаниудад дарамт болдог гэнэ. 

Сүүлийн жилүүдэд Их Британийн Зах зээл, өрсөлдөөний газар $GOOG, Meta (META)-н үйл ажиллагаанд идэвхтэй хяналт тавьж, зарим гэрээг хориглох тохиолдол нь ихэссэн. Хэрэв Америк санасандаа хүрвэл технологийн компаниудынх нь хөлийг тушсан зохицуулалт байхгүй болно гэсэн үг. 

🤩 Хөрөнгө оруулалт + Эдийн засгийн өсөлт 

Трампын айлчлалыг дагалдан технологийн томчууд Их Британид цугласан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд эхнээсээ $MSFT гадаад дахь хамгийн том хөрөнгө оруулалтаа тус улсад хийж $30 тэрбумаар хөрөнгө оруулахаар болсон. Мөн Nvidia (NVDA)-н CEO Женсен Хуан уг хөрөнгө оруулалттай холбоотойгоор Их Британийг AI супер гүрэн болно хэмээсэн юм. 

  • 🤛 Хөгжүүлнэ: Их Британи AI-н судалгаагаараа бусад улсад хэдэн алхам урд алхаж яваа ч дэд бүтцээ угсарч чадаагүй. Тиймээс тус чиглэлд $NVDA Их Британийн дэд бүтцийн компани Nscale-тай хамтран ажиллахаар болов. 

Эцэст нь… Энэ сарын эхээр Доналд Трамп технологийн боссуудыг цуглуулж, улс орондоо хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах ам мөчгийг нь авч байсан. Трампийн шахалтаар технологийн титануудын улсдаа хийж буй хөрөнгө оруулалт ч асар их нэмэгдэж байна. Яг энэ аргаа дипломат харилцаандаа ч ашиглаж байна. Тактик гэж…  

💡 Таавар таацгаая!

… нь IPO хийхийн өмнө үнэт цаасыг бүртгүүлэхэд шаардагддаг нэг төрлийн баримт бичиг юм. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

🏡 GreenOn: Ногоон зээлээр сууцтай болох боломж

Дөмөгхөн шиг сууц бариад амар сайхан аж төрөх гэтэл санхүүжилт дутсан уу? Таван Богд Финанс ББСБ ХХК байгальд ээлтэй хувийн болон амины сууцны төслийг дэмжих зорилготой “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн гаргасан шүү. 📢

  • 🤲 Хэн хамрагдах вэ? Хэрэв хувийн болон амины сууцны төсөл тань эрчим хүчний хэмнэлттэй, А болон B чанарын гэрчилгээ, BestGER ногоон барилгын үнэлгээ 81+ оноо, барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй бол Ок.

  • 💸 Төслийн хэрэгцээндээ тохируулаад ав: Ийнхүү дээрх шаардлагуудыг хангаад 180 хүртэлх сарын хугацаатай, ₮300 хүртэл саяын санхүүжилт авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] И-Мэйл хаягаар болон 7533-1111, 9401-8222 дугаарт холбогдон аваарай.

AARP

🍋Google (GOOG) Paypal (PYPL)-н AI-д суурилсан төлбөрийн системийг платформууддаа нэгтгэх стратегийн түншлэл эхлүүлэв. Түншлэлээр PayPal-н төлбөр төлөх систем, Hyperwallet болон Payouts зэрэг үйлчилгээ Google Cloud, Google Play-д нэвтрэх юм. Сониноос, Paypal саяхан AI-д суурилсан хайлтын хэрэгслээ хөгжүүлэх зорилгоор Google-н AI хайлтын салбар дахь өрсөлдөгч Perplexity-тэй хамтран ажиллах болсон. 

🍋 “Замын Битум” ХХК Зөөвч-Овоо төслийн авто замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ. Уурхайн бүсийн стратегийн дэд бүтцийн нэг хэсэг болох тус авто замын ажилд 310 гаруй ажилтан, нэмээд цахилгааны шугам татах ажилд 240 гаруй хүн ажиллах боломж бүрдэж буй. Цаашлаад Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр 1,600 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болох тооцоо бий. 

🍋 Хятад технологийн тэргүүлэх компаниудыг Nvidia (NVDA)-с чип худалдан авахыг хориглолоо. Энэ хоригт голчлон Nvidia-н Хятадад борлуулах боломжтой хамгийн сүүлийн үеийн RTX Pro 6000D чип өртөх бөгөөд үүнийг ByteDance болон Alibaba (BABA) нар турших захиалга өгөөд байсан юм. Гэснээс Хятад өнгөрсөн онд Nvidia-н нийт борлуулалтын 13%-ийг бүрдүүлсэн байна. 

🍋 Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ. Тодруулбал, тус станцыг өнгөрсөн 12-р сарын эхээр ашиглалтад оруулж, тэр цагаас өдөрт 169 МВт.цаг, сард 5.13 сая кВт.цаг эрчим хүч дунджаар нийлүүлсэн байна. Улаанбаатарын 1 өрхийн эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гэж тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.