• Lemon Press
  • Posts
  • ⚡️ Гүн нойрноос сэрсэн бирж!

⚡️ Гүн нойрноос сэрсэн бирж!

Сонсголын эргэн тойронд | LG-н байгуулсан аварга хэлцэл | МИАТ-ийн шинэ CEO

POWERED BY

Өглөөний мэнд! Манайхан ажлаа хийж суухдаа хэрхэн төвлөрч байна? Хэрэв зүгээр л байгалийн чимээ сонсоод төвлөрчихдөг бол A Soft Murmur-г ашиглаад үзнэ байгаа. Өөрийнхөө хүссэн чимээг үүсгээд үүсгээд сонсох боломжтой юм байна шүү. 🌊🔊

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: “Шунхлай-3” бондын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 96 хөрөнгө оруулагчийн 97 захиалга бүртгэгдэж, захиалга ₮50 тэрбумд хүрч амжилттай хаагдлаа

POM: МАН-ын бүлэг Монгол болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хоорондын 367 нэр төрлийн барааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр хоёр талын зах зээлд нэвтрүүлэх түр хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.

GOV: МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Т.Тэлмэнг томилжээ.

UB: Улаанбаатарт баригдах “Нэгдүгээр тойрог зам” төслийн санхүүжилтийн 15% буюу ₮492 тэрбумыг Эрдэнэс Монгол нэгдэл санхүүжүүлнэ.

👀 Сонсголын эргэн тойронд 

Өчигдөр Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг хянан, шинжлэх сонсголын эхний өдөр болж, 116 гэрчийг дууджээ. Уг сонсгол 3 өдөр турш буюу Лхагва гараг хүртэл нээлттэй болно. 

  • ⛑️ Гол сэдэв: Сонсголын эхний өдрийн сэдэв “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй “Жавхлант”, “Шивээ толгой” ордууд дахь ЗГ-ын эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг тойрон өрнөсөн юм. Оюу толгойн бүлэг орд 5 лицензээс бүрддэг бөгөөд үүний 2 нь “Онтрэ Ресурс” ХХК-ийн эзэмшиж буй лиценз юм. 

🤨 Юу яригдав?

Юуны өмнө сонсголын шинжээчид "Онтрэ Ресурс" ХХК-ийн эзэмшиж буй 2 тусгай зөвшөөрөл 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний тал биш хэмээн дүгнэв. Өөрөөр бол ЗГ “Онтрэ Ресурс” ХХК-тай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах сонирхолтой байгаа. Угтаа энэ асуудал өнгөрсөн 4-р сард тус компанийн эзэмшиж буй 2 ордыг стратегийн ордын ангилалд оруулах үед л яригдаж байсан. Энэ асуудалд “Онтрэ Ресурс” ХХК-ийн талаас мэдээлснээр, 2023 оноос ЗГ-т 34%-иа эзэмшүүлэхэд бүрэн нээлттэй байгаагаа илэрхийлж ирсэн ч сунжирсаар өнөөдрийг хүрээд буй.

  • 👉 “Оюу толгой” ХХК-ийн байр суурь: Тус компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, 2009 онд Оюу толгойн бүлэг ордын хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ Ресурс” ХХК-ийн талбайг ашиглах тооцоолол хийгдсэн хэмээж, тус талбайг ашиглаж эхэлсэн үед ашгаасаа хуваалцах эсвэл нөхөн төлбөр төлөх гэхчлэн дараагийн асуудал дээрээ зөвшилцөлд хүрэх зорилготой ирсэн хэмээв

  • Эрх баригчдын байр суурь: Харин нөгөө талд гэрчээр оролцсон УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулах үед “Онтрэ Ресурс” ХХК-ийн нэр дурдагдаж байгаагүй хэмээсэн юм. 

🧳 Чемодан дүүрэн баримттай гэрч

Тус сонсголын өөр нэгэн онцлох гэрч нь Сангийн сайд асан С.Баярцогт байв. Тэрбээр сонсголд чемодан дүүрэн нотлох баримттай оролцож буйгаа мэдэгдэхийн сацуу талуудын хөрөнгө оруулалтын гэрээний талаарх байр суурь маш хол зөрүүтэй байгааг дурдсан юм. Тэрбээр “Онтрэ Ресурс” ХХК хөрөнгө оруулалтын тал биш учраас 34%-ийг Монгол Улс шууд эзэмшинэ хэмээсэн юм. 

Юутай ч эхний өдрийн сонсголоор талуудын байр суурь таван талд гарчихсан сонсгол болж өнгөрлөө. Ирэх өдрүүдэд зээлийн хүү, лиценз эзэмшлээ хэрхэх гэхчлэн бодит асуудалд шийдвэр гаргах сонсгол болно гэж найдъя. 

💰 LG-н байгуулсан аварга хэлцэл

373220.KS: Өмнөд Солонгосын LG Energy Solution дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг Mercedes-Benz-тэй EV-н батарей нийлүүлэх $1.4 тэрбумын гэрээ байгууллаа. Тус дүн нь LG Energy Solution-н бүтэн жилийн орлогын 8%-тай тэнцэх хэмжээний дүн бөгөөд тэд 2028-2035 онуудад Mercedes Benz-н Европ болон Хойд Америкт худалдаалагдах EV автомашинуудын батарейг нийлүүлэх аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 6% өсөж ₩451,500-д хүрээд байна. 

☕️ Гүн нойрноос сэрсэн бирж!

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ) дээр энэ оны эхний хагаст ердөө 5.3 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдаад байв. Олон хүмүүс үүнийг хараад цөвүүн цаг ирлээ гэж үзсэн ч түүнээс хойш үлдсэн хугацаанд биржээр даруй 18.1 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагджээ

🔦 Оройхон гараад ширүүхэн дайрав

Өнгөрсөн II улирлаас хойш УУББ дээр сард дунджаар 3.6 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь 2024 оны мөн үеэс 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт байв. Том зургаар, 2024 оны эхнээс 11 сар хүртэлх хугацаанд УУББ-ээр 24 сая тн бүтээгдэхүүн арилжаалагдсан бол энэ онд тус хугацаанд 23.5 сая тн бүтээгдэхүүн арилжаалагдсан аж. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 2024 оны амжилттай зэрэгцэн ирсний дохио юм. Юу нөлөөлөв? 

  • Шинэ журам: Өмнө нь УУББ-ийн нүүрсний арилжаа зоосон тогтмол үнээр явж байсан бол өнгөрсөн 4-р сараас эхлэн үнийг зах зээлтэй уялдуулж, төлбөрийн нөхцөлийг сайжруулсан. Ингэснээр 4-р сард УУББ-ээр 1.3 сая тн нүүрс арилжаалагдсан нь 2025 оны I улирлын нүүрсний арилжааны дүнгээс 2 дахин их дүн болжээ. 

  • АМНАТ-ийн өөрчлөлт: Өнгөрсөн 8-р сард ашигт малтмал экспортлогчид бүтээгдэхүүнийхээ 1/4-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцох боломжтой болсон. Үр дүнд нь компаниуд олоогүй орлогодоо татвар төлөх явдал зогсжээ. 

🔢 Жилийн гүйцэтгэл

УУББ-ийн арилжаа хэдий идэвхэжсэн ч эрдэс бүтээгдэхүүний экспортод бууралтад ажиглагдсаар байна. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт $11.5 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 7.1% буурсан дүн юм. Төлөвлөгөөний хувьд нүүрсний экспортын гүйцэтгэл эхний 10 сард 82%-д хүрчээ.

Эцэст нь… Бүтээгдэхүүний хэмжээгээр өнгөрсөн оны амжилтыг эвдэхэд ойрхон байгаа ч үнийн дүнгээр бол биелэгдэшгүй даалгавар болоод байна. Нүүрсний үнэ унаснаас үүдэн энэ оны эхний 11 сард нийт ₮1.7 тэрбумын арилжаа хийгдсэн нь өнгөрсөн оны гүйцэтгэлийн дөнгөж 54%-тай тэнцэх дүн юм.

  • 💵 Paramount Skydance Warner Bros. Discovery-г $108 тэрбумаар худалдан авах санал гаргав. (CNBC)

  • 🏁 Алхам алхмаар, сөөм сөөмөөр байгуулсан ялалтын жишээ. (Formula1)

  • 🖥️ 20, 50, 100-н жилийн цаг уурын нөхцөл байдлыг таамаглан гаргана гэнэ дээ. (ЦУОШГ)

  • 🏚️ Луврын Музейн менежментийн алдаа үнэт олдворуудыг гэмтэхэд хүргэв. (DW)

Excel багана дээрх өгөгдлүүдийг тодорхой хязгаар дотор шүүж авахад туслах TRIMRANGE функцтэй товчхон танилцъя. 👇

  • Жишээ нь: B2:B11 баганад 10-100 хүртэлх утга өгөгдсөн байя. Эндээс 20-70 хоорондох утгуудыг шүүж авах бол шинэ нүдэнд =TRIMRANGE (B3:B8,20,70) томьёог оруулахад болох нь ээ. 

За тэгээд тус функцийг ашиглаад дадчихвал гар аргаар шүүх шаардлагагүй болж, цаашлаад том хүснэгт дээр маш хурдан ажиллахад дэм болох юм шүү. ЭНД дарж бичлэгээр үзээрэй. 

Tenor

🍋 Хятадын хоол, ундааны салбарын томчууд Америкт эрчтэй тэлсээр байна. Тодруулбал, Хятадын TОП-10 цайны брэндүүдийн III байрт жагсдаг HeyTea Америкт 2023 оноос хойш 30 гаруй салбар нээсэн бол Luckin Coffee (LKNCY) өнгөрсөн 6-р сард Америкт нэвтэрмэгцээ 5 салбартай болжээ. Гэснээс Хятадын хоол, ундааны салбар асар их өрсөлдөөнтэй бөгөөд шинэ нээлт хийсэн рестораны тал хувь нь нэг жилд хаагддаг гэнэ.

🍋 Монгол Улс Англи хэлний мэдлэгийн түвшнээр 123 орноос 95-т эрэмбэлэгджээ. Энэ нь сүүлийн 3 жил дараалан ухарсан үзүүлэлт бөгөөд улмаар 447 оноотой Англи хэлний мэдлэгийн 5 түвшний хамгийн доод буюу “Very low” түвшинд үнэлэгдсэн байна. Тэгвэл нийт жагсаалтыг Нидерланд 624 оноотой тэргүүлсэн бол Малайз 581 оноотой Азийн орнуудыг тэргүүлж нийт жагсаалтын 24-т бичигджээ. 

🍋 Япон өөрийн AI технологийг хөгжүүлэхийн тулд иргэдийнхээ АI хэрэглээг үе шаттайгаар 80%-д хүргэнэ. Энэ хүрээнд Японы ЗГ AI судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хувийн хэвшлээс ойролцоогоор ¥1 их наядын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буй. Одоогоор Японы иргэдийн 26.7% AI ашигладаг бол энэ өрсөлдөөнд тэргүүлж буй Хятадынх 81.2%, Америкийнх 68.8% байгаа юм.

🍋 Монгол, Турк хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Энэ дашрамд Монголын талаас Хархорин хотыг сэргээн хөгжүүлэх төсөлд хамтран ажиллах, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г боловсруулахад хөрөнгө оруулахыг хүссэн байна. Мөн бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд Туркийн загварыг судлан нэвтрүүлэх талаар санал солилцсон аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.