- Lemon Press
- Posts
- 🌭 Халуухан салбар
🌭 Халуухан салбар
Нүүдэлчдийн наадам айсуй | Nintendo-н бүрхэг ирээдүй | Анхны чийзкэйкний concept дэлгүүр
POWERED BY
Өглөөний мэнд! Монголд 5 сарын 19-нөөс эхэлсэн таеквондогийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог уг тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин оролцсон бөгөөд өчигдөр Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд У.Сүрэнжав, -63 кг жинд Г.Болор-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ. Мөн Пүмзэ төрөлд С.Янжинлхам, Пүмсэ холимог хосын төрөлд Ү.Ган-Эрдэнэ болон У.Ханд нар хүрэл медалийн эзэд болжээ. Багт баярыг хүргэе. 🥳🇲🇳


*Нэг өдрийн өөрчлөлт.
UB: Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва албажих үгүйг өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэж, дэмжигдсэн тохиолдолд уг томилгоог Ерөнхий сайд албажуулах юм.
GOV: Монгол Улс хатуу түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжинэ.
MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 7 сарын 1-ний 10 цагаас танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр хийнэ.

🌭🍅 Хамгийн халуухан салбар: Хүнс, санхүү

Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр жижиг хувьцаа эзэмшигч буюу нэг компанийн 5%-иас доош хувь эзэмшдэг хөрөнгө оруулагчдын сонирхол өөрчлөгджээ. Юу вэ гэхээр 👇
🎫 Ягаан тасалбараас өргөн сонголт руу
1991-1994 оны хооронд цэнхэр, ягаан тасалбарын үеэс хойш 11 жилийн дараа анхны IPO хийгдэж байсан. Үүнээс хойш жижиг хөрөнгө оруулагчид компаниа сонгож, судалж хөрөнгө оруулдаг болоод 10 хүрэхгүй жилийг л үдэж байна. Тэгвэл уг хөрөнгө оруулагчдын тоо банкны реформын дараагаас буюу 2023 оноос хойш 20% буюу 107.5 мянгаар өсөж 644.3 мянгыг даваад байна.
💪 Томчуул доторх томчуул
Хамгийн олон жижиг хөрөнгө оруулагчтай 20 компанийг харвал 15 нь МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн компани аж. Уг 20 компанийн нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 407 мянгад хүрч нийтэд эзлэх хувь нь 63% болжээ. Жижиг хувьцаа эзэмшигчдийн сүүлийн 3 жилийн өсөлт нь дунджаар 41% байсан хэрэг.
🧲 Тогтвортой татах хүч: Хүнсний салбарын 4 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн өсөлт дунджаас бараг 2 дахин илүү буюу 81.7% байсан аж. Тодруулбал, Түмэн Шувуут (TUM)-ынх л гэхэд 93.7% өсөж. Хөрөнгө оруулагчид инфляц өндөр үед тогтвортой бизнесүүдийг илүү найдвартай гэж үзэж буй бололтой.
🧧 Тал нь санхүү: Түүнчлэн хамгийн нүд булаасан 20 компанийн 10 нь санхүүгийн салбарынх. Тэдэнд 167 мянган хүн хөрөнгө оруулсан нь нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн 25%-ийг бүрдүүлж байна. Давхардсан тоогоор 10 хувьцаа эзэмшигч бүрийн 4 нь санхүүгийн салбарыг сонгож дээ.
🍄 Bye, OG: Сонирхолтой нь, түүхэндээ хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй байсаар ирсэн хувьчлалын үеийн болон түүхэн компаниуд болох Жэнко Тур Бюро (JTB) болон Улсын Их Дэлгүүр (UID)-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо бараг өөрчлөгдөөгүй, харин ч үл ялиг буурчээ.
Эцэст нь... Жижиг хөрөнгө оруулагчид илүү прагматик, өгөөж болон эрсдэлийг тооцдог болсон гэж харж болохоор байна. Гэвч ногдол ашгийн бодлого, зах зээлийн хөрвөх чадвар гээд тэдний эрх ашгийг хангахын тулд сайжруулах олон зүйл байгаа. Мөн зах зээл дээр жижиг хөрөнгө оруулагчдын нүдийг булаасан олон гоё бүтээгдэхүүнүүд ч шил даран гарч ирэх биз ээ.

💀 Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлийг томчууд халаасаллаа. (iToim)
📝 Америкийг хуульчид, Хятадыг инженерүүд удирдаж байна. (TheTechBuzz)
📲 Казахстаны супер апп-ууд хэрхэн хуулиас түрүүлж алхах болов? (TheDiplomat)
💡 Хятад болон Монголын хамтын ажиллагааны ирээдүй гэрэлтэй байна. (UnderstandingChina)

🎮️ Nintendo-н бүрхэг ирээдүй
7974.T: Nintendo-н Switch 2 консол 2025 оны 6-р сар сард гарснаас хойш нийт 20 сая ширхэг борлуулагдсан нь компанийн түүхэн дэх хамгийн хурдан зарагдсан консол болж бүртгэгджээ. Мөн The Super Mario Galaxy Movie кино нь дэлхий даяар $1 тэрбумын орлого олж, энэ оны хамгийн өндөр ашигтай кино болоод байна. Гэвч компанийн нэгж хувьцааны үнэ сүүлийн 1 жилд 40.1% унаж ¥7,070-д хүрсэн аж. Үүний голлох шалтгаан нь Switch 2 дээрх тоглоомын хомсдол, ирээдүйд орох тоглоомын бүрхэг байдал, үнийн өсөлт зэрэгт хөрөнгө оруулагчид санаа зовниж буйтай холбоотой аж.

🐎 Нүүдэлчдийн наадам айсуй

Орон орны нүүдэлчид хуран чуулдаг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам 2026 эхлэхэд 100 хүрэхгүй өдрийн хугацаа үлджээ. Тэгвэл энэ удаагийн Киргизэд наадамтай холбоотой сонирхолтой тоонуудыг толилуулъя.
🇰🇬 6 дахь удаагаа
Хамгийн анх энэхүү наадам нь 2014 онд Киргизэд эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд Киргиз 3 удаа, Турк болон Казахстан нар тус бүр 1 удаа Дэлхийн нүүдэлчдийн спортын наадмыг нутагтаа зохион байгуулжээ. Энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулагдах уг наадамд Киргизээс $3.8 саяын төсөв баталсан нь 2024 онд Казахстанд болсон наадмаас 68% бага дүн болоод байна.
➕ Аялал жуулчлалд дэмтэй: Өмнөх наадмыг зохион байгуулахад Казахстан $11.8 саяын зардал гаргаж, үүний зэрэгцээ жуулчдын байр, тээвэр, хоол хүнс болон бусад зардлыг нэмбэл нийт $15.5 саяыг зарцуулсан аж. Нэмээд ерөнхий тооцооллоор наадмын оролцогчид Казахстаны эдийн засагт нэмэлтээр $625 мянгын хувь нэмэр оруулсан гэнэ.
💰 $560 мянгын шагнал: Наадмын хүрээнд үндэсний тоглоом, хурдан морины уралдаан, уламжлалт бөх, сур харваа, ан агнуур зэрэг нийт 40 гаруй төрлийн спортын тэмцээнүүд багтаж байна. Шагналын сангийн тухайд нийт $560 мянга байх ба үүнээс $57 мянгыг тулам булаалдахад, $11 мянгыг хурдан морины уралдаанд зориулахаар тооцсон гэнэ.
🏟️ Шинэ цэнгэлдэх
Төв Азидаа хамгийн томд тооцогдох 51 мянган хүний суудалтай Азаттык цэнгэлдэх хүрээлэн Киргизийн Бишкек хотод ирэх 8-р сард нээлтээ хийх гэж байна. Тус цэнгэлдэх хүрээлэнг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд зориулж, төрийн болон хувийн хэвшлийн $60 саяын санхүүжилтээр бүтээн байгуулжээ.
Эцэст нь… Өнгөрсөн удаагийн наадамд Монголоос спортын 16 төрөлд 66 тамирчин өрсөлдөж, 5 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 89 орноос 19-р байрт жагсжээ. Ер нь аялал жуулчлалаа хөгжүүлэх, өв соёлоо гадаадад сурталчлах амбицтай манай Засгийн газар энэ наадмыг зохион байгуулаад үзвэл яах бол? Манай лимонууд юу гэж бодож байна? 💭

Алдарт Heinz кетчупний слоган “57 бүтээгдэхүүн” гэж дугардаг нь үнэндээ азын тоотой холбоотой гэдгийг мэдэх үү?

GIPHY
🍅 Энэхүү маркетингийн слоган нь бүтээгдэхүүний тоог илэрхийлдэггүй бөгөөд анх 1896 онд брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх зорилгоор бий болжээ. Цаашлаад, компанийн үүсгэн байгуулагч H.J. Heinz энэхүү тоог сонгосон шалтгаан нь түүний азийн тоо 5, эхнэрийнх нь 7 байсан тул 57 хэмээн дугарах болсон гэж хүмүүс тайлбарладаг байна. Нэг үгээр “57 бүтээгдэхүүн” нь бүтээгдэхүүний тоо бус, харин урт хугацаанд хадгалагдсан маркетингийн амжилттай слоган ажээ.

🍰 Kumo Kumo: Анхны чийзкэйкний concept дэлгүүрээ нээлээ!

Хөвсгөр зөөлөн чийзкэйкээрээ зартай Kumo Kumo брэнд Монголын анхны чийзкэйкний Concept дэлгүүрээ Шангри-Ла-д албан ёсоор нээжээ. Тус салбар нь Япон технологиор шинэхэн чийзкэйкийг хэрэглэгчдэд шууд хүргэдгээрээ онцлог юм.
🇯🇵 Kumo Kumo: "Kumo" гэдэг нь Япон хэлэнд үүл гэсэн утгатай ба энэ нь бялууны хөвсгөр, зөөлөн бүтцийг илэрхийлдэг. Kumo Kumo нь бусад бялуунаас уурын зууханд, нарийн технологиор жигнэж болгодог гэдгээрээ ондоо аж.
🎊 Шинэ салбар: Нээлтээ тохиолдуулан Kumo Kumo хэрэглэгчдэдээ ангаахай самар, кири бяслагийн амттай Pistachio Semi чийзкэйк болон Oreo жигнэмгийн амтыг Kumo Kumo-н зөөлөн бялуутай хослуулсан Oreo Semi чийзкэйкийг санал болгож байна.
Хэрэв та Kumo Kumo-н чийзкэйкийг амтлахыг хүсэж байсан ч туршиж үзээгүй явсан бол шинээр нээгдсэн Шангри-Ла дахь салбарын нээлтэд хүрэлцэн ирээрэй! Мөн semi чийзкэйктэй шинэ төрлийн зайрмагийг ч турших боломжтой гэнэ дээ. 🍦😋


MSN
🍋 Хятадын авто экспорт 2020 оны 1 сая байсан бол өнгөрсөн онд 7 саяыг давжээ. Улмаар тус улс дэлхийн хамгийн том экспортлогч боллоо. Тэд Европ брэндүүдийн эсрэг Huawei-н технологитой, $104,000-$173,000-ын үнэтэй "Maextro S800" тансаг седаныг гаргав. Уг автомашины экспорт жилийн дотор 17,000-д хүрсэн бөгөөд цаашид $300,000-ын үнэлгээ бүхий супер загварыг нийлүүлж эхэлнэ гэнэ дээ.
🍋 Эдийн засгийн идэвхжилийг хэмждэг Худалдан авалтын менежерийн индекс 2026 оны I улиралд 39.4 хүрч, сүүлийн 5 улирал дараалан уналтын бүсэд хадгалагдлаа. 2025 онд бага зэрэг сэргэж байсан ч энэ удаад шинэ захиалга болон үйлдвэрлэл эрс багассанаар өмнөх улирлаасаа 6.6 нэгжээр огцом унав. Товчхондоо, зах зээлд захиалга хумигдаж, үйлдвэрлэлийн салбарын агшилт гүнзгийрчээ.
🍋 7-Eleven Japan-г үүсгэн байгуулагч, Японы конвиниенс дэлгүүрийн салбарын эцэг Тошифүми Сүзүки 93 насандаа зүрхний дутагдлаар таалал төгсжээ. Тэрээр 1973 онд Америкийн компанитай хамтран тус сүлжээг үүсгэж, 1974 онд Токиод анхны дэлгүүрээ нээсэн түүхтэй. Сүзүки 2005 онд Seven & i Holdings-г байгуулан жижиглэн худалдааны аварга конгломерат болгож, 2016 онд ТУЗ-ийн даргаасаа буусан байна.
🍋 Энержи Ресурс ХХК өнгөрсөн онд ₮2.6 их наядын худалдан авалт хийсэн байна. Үүний 77% буюу ₮2 их наяд нь дотоодын ханган нийлүүлэгчээс авсан худалдан авалт аж. Тэр дундаа ₮15 тэрбумыг нь аймаг, орон нутгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан гэнэ. Тэдний хувьд 2.5 мянга орчим дотоодын компанитай тогтвортой, тууштай хамтран ажилладаг байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply