- Lemon Press
- Posts
- 🐘 Аварга заан
🐘 Аварга заан
CD: Моод эргэсэн үү? | $LEND: ХО өссөн ч ЦА буурав | Хуулийн этгээдийн тоо өсөв
POWERED BY
Morning! Өнөөдөр 29°C гэнэ. Нэмээд ванильтай мөхөөлдөс иддэг өдөр юм байна шүү. Халуун өдрийг хүйтэн ундаа, зайрмагаар л давах нь дээ. 🍦🍨


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Future Tech Innovations хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн ₮1,000-ийн нэрлэсэн үнэтэй, 200 сая ширхэг нэгж эрхийг Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.
PR: Улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах Олон улс судлалын хүрээлэн байгуулна.
BOM: Монголбанк Олон Улсын Санхүүгийн Корпорацтай “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II”-ын хүрээнд санамж бичиг байгуулж, уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулахад хамтрахаар болов.
GLMT: Голомт банк ХК (GLMT) Samsung Pay үйлчилгээг нэвтрүүллээ.

🚦 ТОП-5: Ногоон, улаан, шар

Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон хүргэе ээ.
🫸🚩 Тэлэлт гэхдээ...
Монголын банкны салбарын аваргуудын хөрөнгө энэ оны эхний хагас жилд лут хэмжээгээр томорлоо. Нийлбэр дүн нь ₮16.2 их наяд буюу улсын төсвийн талтай дүйх хэмжээгээр тэлж. Гэвч энэ удаад хөрөнгө өсөх тусам ашиг дагаж өсдөг дүрэм эвдэгдэж, банк тус бүр өөр өөр түүх өгүүлж байна. Тодруулбал, нийт 3 банкны цэвэр ашиг өссөн бол 2 банкных мэдэгдэхүйц буурсан байна.
👑 Аварга заан ХААН Банк: $KHAN-н нийт хөрөнгө 31.2% тэлснээр ТОП-5-ын нийт хөрөнгийн 35%-ийг дангаараа бүрдүүлжээ. Мөн тус банкны ашгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө ялимгүй буюу 1% өссөн ч системийн банкнуудын цэвэр ашгийн 49.9%-ийг эзэлсэн аж.
🚀 Гэнэтийн өсөлт Төрийн банк: $SBM-н цэвэр ашиг хамгийн ихээр буюу 105.8% огцом үсэрч ₮64.2 тэрбумд хүрсэн нь энэ хагас жилийн хамгийн сенсацтай тэсрэлт байв. Учир нь тэдний цэвэр зээлийн багц ₮608 тэрбумаар тэлснээр хүүгийн орлого нь 29.4% нэмэгдсэнээс гадна хүүгийн бус болон бусад зардлаа бууруулсан байна.
🥊 Хүнд цохилт Голомт ба ХХБ: Энэ хагас жилийн хамгийн хэцүү тоонууд $GLMT болон $TDB дээр харагдлаа. Голомт банкны хувьд нийт хөрөнгөө 32.9% нэмэгдүүлж ₮19.8 их наядад хүргэсэн ч ашиг нь 37.7% унав. ХХБ мөн адил ашиг нь 36.2% буурчээ.
📈📉 Зах зээлийн эрээн мяраан
Цаашлаад, ТОП-5 банкны зах зээлийн үнэлгээ тайлант хугацаанд нийлбэр дүнгээрээ 17.2% буюу ₮893 тэрбумаар нэмэгджээ. Тэр дундаа чанаргүй зээлээ хамгийн бага түвшинд барьсан ХасБанк (XAC)-ны зах зээлийн үнэлгээ хамгийн ихээр буюу 48.8% нэмэгдсэн байна. Араас нь $KHAN-нх 35.8% тэлж, $GLMT-нх 12.7% нэмэгдсэн бол $TDB-н зэх зээлийн үнэлгээ 33.5% уруудаж, $SBM-нх арай бага буюу 3.9% багассан байна.
😕 IPO-өөсөө яав? $XAC-н хувьцааны үнэ IPO үнээсээ хэдийн 86.9%, $KHAN-нх 51.2% давчихсан явна. Харин үлдсэн 3 банкны эхний хагасын хаалтын үнийг харвал IPO-н үеэсээ доогуур хэвээр байгаа юм. Энэ дундаас $TDB-нх хамгийн ихээр буюу 56.7% багасжээ.
Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнтэй байхад хамгийн их нэмэр оруулж байгаа 5 банкны эхний хагас жилийн тайлан иймэрхүү байлаа. Дараа нь ямар салбарын тоймыг уншмаар байгаагаа үлдээгээрэй.

🆚 Монголын автомашинд ногдуулдаг хураамж бусад улсаас 20 дахин бага. (gogo)
⚡️ Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл хэрхэн өөрчлөгдөж байна? (PEW)
🫡 COP-н Ерөнхийлөгчийн албыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2 жил хашина. (iToim)
🌎 Өндөр цалин хүсэж байвал дараах хот руу зорь. (TheEconomist)

📊 $LEND: ХО өссөн ч ЦА буурав
LEND: 2026 оны эхний хагас жилд ЛэндМН ББСБ ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 9.2% буурч ₮18.4 тэрбумд хүрчээ. Үүнд компанийн хүүгийн орлого мөн үеэс 37% өсөж ₮77.3 тэрбумд хүрсэн болон хүүгийн зардал 96%, хүүгийн бус зардал 19.2%, болзошгүй эрсдэлийн зардал 73.3%-иар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Нөгөөтээгүүр, өчигдрийн арилжаагаар $LEND-н нэгж хувьцааны үнэ 3.3% өсөж ₮159.1 дээр хаагджээ. Гэвч компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 9.1%-иар унаад байна.

📀 Моод эргэсэн үү?

Хамгийн сүүлд CD-р дуу сонссон хүн хэр их байна? Цаана чинь CD-н борлуулалт сэргэж, моод эргэсэн сурагтай. Тэгвэл энэ онд хөгжмийн салбарт ажиглагдаж буй сонирхолтой үзэгдлүүдийг харуулах нэгэн судалгааг харцгаая.
🏁 CD эргэн ирэв
Сүүлийн жилүүдэд пянз цуглуулагчдын тоо тогтмол өсөхийн хэрээр биет медиа зах зээлд пянзны эзлэх хэмжээ нэмэгдсээр ирсэн. Тэгвэл энэ оны эхний хагасын байдлаар Америкт Z үеийнхний дунд CD хадгалах тренд гарснаар борлуулалт нь энэ оны эхний хагаст 16% өсөж 16.3 саяд хүрчээ. Энэ нь пянзны борлуулалтын өсөлтөөс даруй 13.6 нэгж хувиар өндөр үзүүлэлт болоод байна.
🇰🇷 Нөлөөтэй К-поп
CD-ний борлуулалт ингэж өсөх өөр нэг том нөлөөг К-поп хөгжмийн нэрийн хуудас болсон BTS хамтлагийн 567 мянган ширхэг борлуулагдсан 10 дахь бие даасан ARIRANG цомог үзүүлжээ. Түүнчлэн BTS-с гадна ENHYPEN, ATEEZ зэрэг хамтлагийн цомгийн эрэлт өндөр байсан бөгөөд чамин сав, баглаа боодолтой эдгээр цомгууд нь сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалтыг ч давхар өсгөсөн гэнэ.
💎 Gen Z-н нөлөө: К-поп хөгжмийг бүхэлд нь хасаад тооцсон ч CD-н борлуулалт өмнөх оны мөн үеэс 6.7% өсжээ. Энэ нь Z үеийнхэн CD-г дан ганц сонсоод өнгөрөх хөгжмийн хэрэгсэл бус нандигнаж хадгалах сувинерээр харж эхэлсний дохио аж.
🎶 Ярианы сэдэв болсон AI
AI-р бүтсэн дуу хөгжим хэдийнээ олон нийтийн таалалд нийцэж эхэлсэн. Тухайлбал, 2023 оны 11-р сард домогт The Beatles хамтлагийн “Now and Then” дууг бүтээхэд Жон Ленноны хоолойг хуучин бичлэгээс салгаж цэвэрлэхэд AI ашигласан анхны өндөр түвшний кейс байв. Үүнээс хойш AI-н оролцоотой дуу хөгжим огцом нэмэгдсээр байна. Судалгаагаар, уран бүтээлчдийн 54% нь хөгжмийн салбар дахь AI-н оролцоог эергээр хүлээн авч байгаа бол олон нийтийн хувьд энэ үзүүлэлт 35%-тай гарчээ.
Эцэст нь… Сүүлийн нэг жилд Spotify (SPOT) платформ доторх AI бүтсэн, хуурамч байж болох 75 сая гаруй дууг устгасан талаараа мэдэгдсэн. Энэ бүгдээс технологийн дэвшлүүд бүхий л салбарт сорилтыг авчирч буйг харж болно.

274.2 мянга
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 274.2 мянган хуулийн этгээд бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.1% өссөн үзүүлэлт боллоо.
43.4%
Нийт бүртгэлтэй хуулийн этгээдийн 43.4% буюу 119.1 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа байна. Энэ нь 2025 оны мөн үеэс 6% нэмэгдсэн дүн аж.
1-9 ажиллагчид
Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр харахад хамгийн их болох 87.1%-ийг 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд бүрдүүлжээ.


Investopedia
🍋 SpaceX (SPCX) компани ирэх сарын 6-наас эхлэн $116 тэрбум хүртэлх өртөг бүхий хувьцааныхаа зарах эрхийн хязгаарлалтыг цуцална. Энэ нь өмнө нь хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад ашиг хүртэх боломж олгох ч хувьцааны үнэ унах эрсдэл дагуулж буй. Уг хүлээлт болон шорт арилжаачдын идэвх нэмэгдсэнээс үүдэн тус компанийн хувьцааны ханш 6-р сарын дээд цэгээсээ 37% унажээ.
🍋 Энэ оны эхний хагаст аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл ₮35.3 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 55.9% өслөө. Энэхүү өсөлтийг уул уурхайн салбар чиглүүлсэн буюу тус салбарын үйлдвэрлэл 68.2% тэлж ₮29.6 тэрбумд хүрэв. Ялангуяа металлын хүдэр болон нүүрс олборлолт голлон өсжээ. Боловсруулах салбар ердөө 15.4% өссөн нь салбарын өсөлт түүхий эдийн олборлолтоос хэт хамааралтай байгааг харуулж байна.
🍋 Америкийн Үндэсний Их Сургууль Монголын 3 их сургууль болон Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулав. Түншлэлийн хүрээнд Өмнөговь аймаг сувилахуй, компьютерын ухааны чиглэлээр 15 хүртэлх оюутныг Америкт суралцуулахаар болов. Энэхүү хамтын ажиллагаа нь монгол оюутнуудад олон улсын боловсрол эзэмших боломж олгож, мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэх зорилготой.
🍋 Хархорин-Яармаг чиглэлийн 4.2 км дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 85%-ийн гүйцэтгэлтэй байна. Уг чиглэлд 98 кабин үйлчилж, зорчигчдыг 11 минутад аюулгүй тээвэрлэх бөгөөд 9 сарын 19-нөөс туршиж эхэлнэ. Улсын комисс 10-11-р сард ажиллаж, дүүжин замын тээврийг энэ оны 12-р сард бүрэн ашиглалтад оруулна гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply