- Lemon Press
- Posts
- 👅 Хэлээрээ түлхсэн шар тос
👅 Хэлээрээ түлхсэн шар тос
GTA-г тойрсон мөнгө | $MSE-н шинэ хамтрал | Цаг хугацаа зогссон өдөр
POWERED BY
Hey! Playtime Festival эхлэхэд өнөөдөр, маргааш гэсэн 2 өдөр л үлдлээ. Тасалбараа авч, явах бэлтгэлээ базаасан хүмүүс байна уу? Эхний өдрийн онцлох хамтлаг болон уран бүтээлчдийн гарах цагийг ЭНД дарж хараарай. 🎶🧑🎤🎸


*Нэг өдрийн өөрчлөлт.
MRT: Монгол, Канадын хооронд шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн үзэглэж, эрх зүйн орчныг бүрдүүллээ.
GOV: Unlock the Mongolian economy хуралдаанаар $545 саяын гэрээ байгуулагдаж, гадаадын сан, банкнууд Монголын зах зээлд нэвтрэхээр болов.
FRC: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлж буй 303 хуулийн этгээдийн нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ ₮6.1 тэрбумд хүрчээ.

💉❌ Зах зээлийг сэргээх тарианаас татгалзав

Монгол Улсын алтны экспорт жил ирэх тусам буурч байгаа. Гэвч Гацуурт, Эрээн-Баавгайтын алтны ордыг ашиглах тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав. Энэ хойшлуулалт ямар үр дагавартай вэ?
🧟 Салбарын уналт: Цонхийсон тоонууд
Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тн байсан бол 2025 онд 10 тн болж огцом буурав. Улмаар 2026 оны эхний таван сарын байдлаар алтны экспорт ердөө 2.5 тн байгаа нь өмнөх оны мөн үеэс 27% унасан үзүүлэлт юм. Дотоодоос алт худалдан авалт ийнхүү тасалдсан нь төгрөгийн тогтвортой байдал болон валютын нөөцөд шууд дарамт учруулж буй.
👅 Хэлээрээ түлхсэн шар тос
Өнгөрсөн 7 хоногт Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Улмаар 42.3 тн-н алтны нөөцтэй Гацууртын орд, 10.5 тн-н нөөцтэй Эрээн-Баавгайтын ордууд эдийн засгийн эргэлтэд орж, алт тушаалт 5 тн-оор нэмэгдэж, жилд $620-$750 саяын орлого олох байв. Гэвч өчигдөр ЗГ-аас уг тогтоолын төслийг хэлэлцэхийг намрын чуулган хүртэл хойшлуулжээ.
💸 Юу алдаж байна вэ? Тогтоол батлагдмагц хөрөнгө оруулагч талаас улсын төсөвт ₮500 тэрбумыг урьдчилгаа хэлбэрээр шууд тушаах байв. Алтны үнэ дэлхийн зах зээлд түүхэн дээд цэгтээ хүрсэн энэ үед олборлолт, экспортын болон татварын орлого нэмэгдэх нь төгрөгийн ханшийг хамгаалахад нөлөөлөх байлаа.
🙂↔️ Үндэсний баялгийн сан томрох уу? Гацууртын төслийн нийт хугацаанд Үндэсний баялгийн санд $3.6 тэрбум буюу ₮12.3 их наяд хуримтлагдах байж. Энэ нь манай улсын бүтэн жилийн төсвийн бараг тал хувь бөгөөд Монголын иргэн бүрийн нэр дээр ₮3.5 саяын бодит хуримтлал үүсгэх баялаг байв.
🔻 Өөрөө унасан хүүхэд…
Манай экспортын орлогын дийлэнх хэсэг нь уул уурхайн орлогоос хамааралтай байгаа. Гэвч сүүлийн үед уул уурхайн салбарт хортой, ухралт хийсэн олон үйлдэл болж байна. Оюу толгойн үйл ажиллагааг доголдуулж, стратегийн ач холбогдолтой ГХЭ-ийн төслийг зогсоов. Харин одоо алтны үндсэн ордуудын гацаа үргэлжилсээр. Стратегийн томоохон төслүүдээ хааж боох нь эдийн засгийн хувьд асар том алдагдсан боломжийн өртөгтэй. Онолоороо өнөөдрийн ₮1 ирээдүйн ₮1-өөс үргэлж илүү үнэ цэнтэй байдаг ч Монголд маань арай өөр л байгаад байна даа.

🎧 Playtime Festival 2026-д оролцох электроник хөгжмийн артистуудтай танилцъя. (iKon)
📉 Японы хөрөнгийн зах зээл дэх IPO-н тоо сүүлийн 15 жилийн ёроолдоо хүрэв. (FT)
♟️ Улс төрийн тоглоомд УИХ-ын дарга асан М.Энхболд иргэн ирэх үү? (graph.mn)
💉 Дэлхийн анхны AI-д суурилсан хорт хавдрын вакцин Бээжинд үйлдвэрлэгдэнэ. (SCMP)

🤝🏻 $MSE-н шинэ хамтрал
MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК Сингапурын Phillip Capital Group-тэй урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Үүний хүрээнд хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадвар болон бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлэх, зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэх, Phillip Capital Group-н зүгээс $MSE-д стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах гэх мэт ажлууд багтаж байна. Сонирхуулахад, Phillip Capital Group нь дэлхийн 15 гаруй оронд салбар, төлөөлөгчийн газартай ба 2 сая гаруй харилцагчид хүрч, $87 тэрбумаас хөрөнгийг удирддаг аж.

💸 GTA-г тойрсон мөнгө

Өнгөрсөн 7 хоногт видео тоглоом сонирхогчдын арааны шүлсийг олон жил ялгаруулж ирсэн Grand Theft Auto VI буюу GTA VI-н урьдчилсан захиалга эхэлсэн. Үүнээс хойш GTA VI нь ёстой л нүд ирмэхийн зуурт 39 сая ширхэг борлуулагдаж, айхтар амжилтын эзэн болсон сурагтай шүү.
🤑 1 өдөрт $3 тэрбум
Урьдчилсан захиалга эхэлснээс хойш 1 өдрийн дотор GTA VI 39 сая гаруй ширхэг борлуулагдаж, нийт $3 тэрбумын орлого олсон гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Өөрөөр хэлбэл, GTA VI ердөө нэг өдөрт өмнөх цуврал GTA V-н 13 жилийн хугацаанд бүрдүүлсэн нийт орлогын бараг 1/3-тэй тэнцэх хэмжээний орлого олжээ. Сонирхуулахад, хамгийн өндөр борлуулалттай тоглоомын нэгээр тооцогддог GTA V нь 2013 оноос 230 сая ширхэг борлуулагдаж, $10 тэрбумыг олсон гэнэ.
🕵🏻♂️ Зардлыг нь сөхвөл GTA VI-г зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд ойролцоогоор $1-$2 тэрбумыг зарцуулжээ. Энэ нь GTA VI-г түүхэн дэх хамгийн үнэтэй видео тоглоом болсныг илтгэх бөгөөд алдарт Бурж Халифаг барьсан өртөгтэй дүйцэхүйц дүн аж.
🌠 Толгой компани: Сүүлийн 1 сарын хугацаанд GTA цувралыг хөгжүүлэгч Rockstar Games-н толгой компани Take-Two Interactive (TTWO)-н нэгж хувьцааны үнэ 8.1% өсөж $238.5-т хүрээд байна. Тэдний хувьд дан GTA VI-г борлуулах бус тус тоглоомыг тойрсон экосистемийг бүрдүүлж, стриминг, Roleplay (RP) зэргээс нэмэлт орлого олох бүрэн боломжтой юм.
🇲🇳 Хэдэн цаг ажиллаад авах вэ?
Эхний ээлжид зөвхөн PS 5 болон Xbox Series X/S дээр гарах GTA VI-н энгийн хувилбар $79.99-оор, ultimate хувилбар $99.99-оор худалдаалагдана. Эндээс GTA VI тоглоомын энгийн хувилбарын үнийг өнгөрсөн 5-р сарын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинтай харьцуулбал нэг хүн дунджаар 17 цаг ажиллаад GTA VI-г авахаар байна. Хамгийн богино хугацаанд авах боломжтой нь Орхон аймгийнхан бөгөөд тэдний сарын дундаж нэрлэсэн цалин ₮3.8 сая буюу 12.6 цаг ажиллаад л GTA VI-тай болох аж.
Эцэст нь… Манайхан дунд ирэх 11 сарын 19-нд болох GTA VI-н нээлтийг хүлээж байгаа хэр олон хүн байна даа? Худалдаж авахдаа хуримтлуулсан мөнгө байгаа биз? 🤓

Одоогоос 54 жилийн өмнөх яг энэ өдөр анх удаа цаг хугацаа зогсож байсан гэвэл итгэх үү?

Гол шалтгаан нь 1967 онд олон улсын стандартад нэвтэрсэн, хэдэн сая жилд ч секунд алддаггүй атомын супер цагтай холбоотой бөгөөд сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн эргэх хурд удааширч, үүний улмаас атом цаг дэлхийн хугацаанаас түрүүлээд явчихсан аж. Энэ зөрүүг арилгахын тулд энэ өдөр цагийг 1 секундээр зогсоож, түүхэнд анх удаа 23:59:60 гэсэн ер бусын заалтыг гаргасан байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтөн 27 удаа тус тохируулгыг хийж байсан гэнэ шүү.

✨ Absolute: Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам

Absolute төвөөс 9-12 дугаар ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш нар болон олон улсын бакалаврын түвшинд суралцах хүсэл сонирхолтой бүх хүнд зориулсан The First Step боловсролын арга хэмжээг Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
✍🏻 Уг арга хэмжээний үеэр IELTS, SAT-н бэлтгэлийн зөвлөгөө, Америк, Хятад, Солонгос, Тайвань зэрэг улсад суралцах боломж, их сургууль сонгох, өргөдөл гаргах үйл явц, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх практик мэдээлэл, нээлттэй Q&A болон ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
🇲🇳 Энэ жилийн хувьд арга хэмжээ 3 өдөр болох бөгөөд Дархан хотын Залуучууд театрт 6 сарын 30-нд, Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрт 7 сарын 1-нд, Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын ордонд 7 сарын 5-нд зохион байгуулагдана.
Эцэст нь… Их сургуулийн сонголт, тэтгэлгийн боломж, элсэлтийн бэлтгэл, суралцах орчны талаар бодит туршлага, үнэ цэнтэй мэдээллийг нэг дороос авах бол The First Step арга хэмжээг зорин очоорой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.


NBC News
🍋 Google (GOOG)-н Андройд газар хөдлөлтийн систем Венесуэлийн 11.4 сая хүнд хүчтэй газар хөдлөлт болохоос өмнө сэрэмжлүүлэг илгээжээ. Үндэсний дохиоллын системгүй тус улсад гар утасны мэдрэгчийг ашиглан чичиргээг илрүүлж, мэдээллийг шуурхай дамжуулсан байна. Дэлхийн 100 шахам оронд ажилладаг энэхүү систем нь хүмүүст аюулаас урьтаж хамгаалалтын арга хэмжээ авах хугацааг олгож байна.
🍋 Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлэх зорилгоор өнөөдрөөс ажил хаялт эхлүүлж буй. Тэд яамны 10%-ийн нэмэгдлийг эсэргүүцэж, инфляцтай уялдуулан цалинг 30%-иар шатлалтай нэмэхийг шаардаж байгаа. Улмаар ЗГ шуурхай хэлцэл хийхгүй бол 7 сарын 1-нээс шуурхай албаныхан ч нэгдэж, тог тасрах эрсдэл үүснэ. Гэвч салбарын яамнаас төсөв байхгүй гэсэн мэдээллийг өгсөн билээ.
🍋 Дэлхийн банкны төслийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа. Энэхүү баримт бичиг нь төслийн сөрөг нөлөөллийг Дэлхийн банкны стандарт болон дотоодын хуульд нийцүүлэн бууруулах, хянах зорилготой. Төлөвлөгөө батлагдсанаар замын ажлыг эрсдэлгүй, тогтвортой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэв.
🍋 Hancom Lifecare (372910.KS) компани Монголд амьсгалын аппарат нийлүүлэх гэрээ байгуулж, гадаад зах зээлээ өргөжүүлж байна. Тус төхөөрөмж нь гал түймэр болон гамшгийн үеийн хорт хийнээс хамгаалах бөгөөд тэдний Ази дахь байр суурийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй. Компани цаашид хамгаалалтын бүтээгдэхүүнээрээ Ази, Ойрх Дорнодын зах зээлийг тэлж, захиалгаа ₩30 тэрбумд хүргэхийг зорьж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply