• Lemon Press
  • Posts
  • 💔 Эвдэрсэн итгэлийг сэргээх үү?

💔 Эвдэрсэн итгэлийг сэргээх үү?

OTC: Бондын татан төвлөрүүлэлт х 2.7 | $TTL-н гайхалтай гүйцэтгэл | NVDA x Naver

POWERED BY

Morning! Манай улс олон улсын нисэх буудлаа өргөтгөх талаар шуурхай шийдэх санаатай л байх шиг байна. Ингэхдээ Японы ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар ярилцаад амжжээ. Юу болохыг харж сууна л байя даа.🇯🇵✈️

MNG: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өмнө нь хахууль авах болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг эргэн сэргээж, яллагдагчаар татан хянан шалгахаар болжээ. 

CN: Хятад Америкийг Хятадын AI компаниудыг үндэслэлгүйгээр буруутгаж, хориг арга хэмжээ авахаас эхлээд шалтгаангүй заналхийлж байгаа явдлаа зогсоохыг шаардав

UBIM: Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК Улаанбаатарын хотын хөгжил, олон улсын арга хэмжээ, хөрөнгө оруулалт, стартап экосистемийг хөгжүүлэх чиглэлээр Швейцарын JJP Services SA-тай хамтрах боломжийг судалж байна.

💥 OTC: Бондын татан төвлөрүүлэлт х 2.7

Биржийн бус зах зээлд (ББЗЗ) энэ оны хагас жилд ₮2.3 их наядын бонд бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өслөө. Арилжаанд хэн идэвхтэй оролцож, хэн их бонд гаргав?

🎢 ҮЦК-иудын өрсөлдөөн

Тайлант хугацаанд төгрөгийн нийт арилжааны 50.1% буюу ₮1.5 их наяд нь анхдагч зах зээлд, 49.9%буюу ₮1.4 их наяд нь хоёрдогч зах зээлд хийгдсэн байна. Харин $-ын арилжааны хувьд нийт дүнгийн 38.0% буюу $59 сая нь анхдагч зах зээлд, 62% нь хоёрдогч зах зээлд тус тус арилжаалагдлаа.

  • 🗼 Өсөлтөөр тэргүүлэгч: Анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон ҮЦК-иудаас Тэнгэр Капитал ҮЦК ₮-ийн арилжааны өсөлтөөр салбартаа тэргүүлсэн бөгөөд нийт ₮399.8 тэрбумын арилжааг амжилттай гүйцэтгэсэн аж. Тэдний нийт арилжааны 48.1%-ийг дэд бүтцийн салбарын бонд 16.1%-ийг уул уурхайн салбарын бонд үлдсэн хэсгийг бусад салбарын бонд бүрдүүлсэн байна.

  • 🐘 ТОП-5 нөлөө: Түүнчлэн тайлант хугацаанд ББЗЗ-ийн арилжаанд хамгийн идэвхтэй байсан 5 ҮЦК нийт арилжааны 73.5%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна. Энэ дундаас Голомт Капитал ҮЦК болон Тэнгэр Капитал ҮЦК $-ын арилжаанд түлхүү идэвхтэй оролцжээ.

Өсөлтийн тэн хагасыг 2 хэлцэл бүрдүүлэв

II улиралд бүртгэгдсэн 64 бондын нийт дүн ₮1.8 их наяд буюу хагас жилийн бүртгэлийн 78.3%-ийг эзэлж, улирлын хооронд огцом хазайлт үүсжээ. Үүнээс Saker bond 1 ба Altgana bond 1 нь дангаараа ₮897.5 тэрбум буюу улирлын бүртгэлийн 49.7%-ийг эзэлсэн байна. Энэ хоёр хэлцлийг хасвал зах зээлийн зураг эрс өөрчлөгдөнө. Үлдсэн 62 бондын дундаж хэмжээ ₮14.6 тэрбум, медиан нь ердөө ₮10 тэрбум аж.

  • 📌 Салбарын бүтэц ч мөн адил. Уул уурхай II улиралд дүнгээрээ 54.2%-ийг эзэлж байгаа боловч зөвхөн 9 бонд буюу тооны хувьд 14.1%. Хоёр мега хэлцлийг хасвал уул уурхайн жин 54.2%-иас 8.9% болох нь. Цаашлаад санхүүгийн салбарын бонд нь нийт бондын 33%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд үүний 53%-ийг ББСБ-ын бонд байна.

📈 Богино хугацаа + өндөр хүү

Нийт 365 транчийн 50%-ийг 6-12 сарын хугацаатай бонд, 20%-ийг 18 сарын хугацаатай бонд, 24%-ийг 24 сарын
хугацаатай бонд, 6%-ийг 36+ сарын хугацаатай бонд бүрдүүлсэн аж. Тэгэхээр 2026 онд санхүүжилт татсан нийт бондын дийлэнх нь 2027 оны эхний хагаст төлөгдөж дуусна гэсэн үг.

  • 🗺️ Том зургаар: Хуримтлагдсан үзүүлэлтээр 2021 оноос хойш ББЗЗ дээр ₮6.5 их наядын санхүүжилт татагдаж ₮2.4 их наяд нь эргэн төлөгдсөн тул идэвхтэй үлдэгдэл ₮4 их наяд орчим байгаа хэрэг. 19%-21%-ийн өгөөжөөр тооцвол хүүгийн жилийн ачаалал ₮777-₮858 тэрбум байгаа аж.

Эцэст нь... ББЗЗ сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж байгаа нь нэг талаас компаниудын санхүүжилтийн эх үүсвэрийг тэлж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонголтыг ч солонгоруулж буй. Тус талбарт 6.3 мянган хувь хүн, 577 хуулийн этгээд оролцдог болжээ. Энэ хүрээнд ҮЦК-иудын арилжааны идэвх ч нэмэгдэж байна даа.

  • 🚗 Амралтын өдрүүдээр Сөүлийн гудамж хаалттай шүү. (Ulaanbaatar)

  • 😦 Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод 35 гал түймрийн дуудлага бүртгэгджээ. (eagle.mn)

  • 🤳 COP17 хурлын талбайд E-Mongolia-р нэвтэрч орно. (MECC

  • 👔 Нью-Йорк хотын дарга Зохран Мамданиний жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 50 шинэчлэлийн төлөвлөгөө. (INC)

🤯 $TTL-н гайхалтай гүйцэтгэл

TTL: Энэ оны эхний хагас жилд Тавантолгой ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 7.6 дахин нэмэгдэж ₮487 тэрбумд хүрчээ. Задлаад харвал, компанийн борлуулалтын орлого 7.1 дахин өсөж ₮1.4 их наядад хүрсэн бөгөөд нийт хөрөнгийн дундаж өгөөж (ROA) 38.9%, P/E үнэлгээ 3.5, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮9,246.5 болсон аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $TTL-н нэгж хувьцааны үнэ 5.5% өсөж ₮37,120 дээр хаагджээ. Ингэснээр компанийн нэгж хувьцааны үнэ 2026 он гарснаас хойш 18.1%, өнгөрсөн оны мөн үеэс 32.7% тус тус өсөөд байна.

💔 Эвдэрсэн итгэлийг сэргээх боломжтой юу? 

Зах зээлд тэсрэлттэй гарч ирсэн ч хэрэглэгчийнхээ итгэлийг алдсаны улмаас хормын дотор гялалзсан амжилтаа салхинд хийсгэсэн харамсалтай тохиолдлууд олон байдаг. Ер нь яагаад, юунаас болж хэрэглэгчдийн итгэл алдардаг вэ? 

  • 📜 Энэ удаагийн нийтлэлийг Oglivy-н гаргасан “Believablity Index 2026”-т тулгуурлан хүргэж байна. Сонирхуулахад, уг компани бол зар сурталчилгаа, брэндингийн загалмайлсан эцэг Дэвид Огилвигийнх шүү.

🥲 Чимээгүйхэн алга болно! 

Уг судалгаанд Австрали, Хятад, Хонконг тэргүүтэй 7 улсын 7,176 хүн хамрагдсан бөгөөд судалгаанд оролцогчдын 93% нь тухайн бизнес, брэндэд итгэл алдрах үед ямар нэгэн байдлаар чимээгүйхэн арга хэмжээ авдаг гэнэ. Задлан харвал, дийлэнх буюу 48% нь худалдан авалтаа зогсоодог бол 36% нь ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд эргэлзээтэй хандаж эхлэх, 28% нь өрсөлдөгч рүү нь шилждэг хэмээн хариулжээ. Сонирхолтой нь сөрөг сэтгэгдэл нийтэлдэг хэрэглэгчид ердөө 10%. 

  • 😦 Хэдий сөрөг сэтгэгдэл бичиж байгаа үйлчлүүлэгчдийн тоо цөөн харагдах ч үүний ард тухайн брэндээс чимээгүйхэн татгалздаг үйлчлүүлэгчийн тоо маш их байгаа нь анхаарал татахуйц үзүүлэлт. Цаашлаад, цахим орчинд сөрөг сэтгэгдлээ хуваалцсан 10% ирээдүйн боломжит хэрэглэгчдийн сонголтод ч нөлөөлнө гэхээр асар хохиролтой. 

🤔 Хэрэглэгчдэдээ хаягдах шалтгаан?

Хэрэглэгчид брэнд, бизнест итгэлгүй болж буй 3 гол шалтгааныг дурдахад эхэнд нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сурталчилдаг шигээ үр дүнгүй байх, удаад нь бизнесийн этик муутай, 3-рт хэрэглэгчид тулгарсан асуудлыг дорвитой шийдэж чадаагүй тохиолдол тэргүүнд бичигджээ. 

  • 🤷‍♂️ Одоо тэгээд яах вэ? Аз болоход бүгд л алдаа гаргадаг хүн юм хойно бизнесүүд алдаа гаргасан байлаа ч түүний дараа хийж буй үйлдлээсээ шалтгаалж хэрэглэгчдээ тогтоон барих боломж маш өндөр буюу 85%. Гол нь зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрөх бус тухайн асуудлыг хэрхэн бодитоор шийдвэрлэж байгаа нь хамгийн чухал аж. 

Эцэст нь… Сүүлийн үед манай улсад  “Cancel culture” гэх ойлголт эрчимтэй дэлгэрч байх шиг. Энэнд нь бизнес, брэндүүд арай өртчихгүй байгаа ч уг судалгаанаас аливаа брэнд болон үйлчлүүлэгч хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл жижигхэн асуудал дээр ч бүдэрч, цуурч болдгийг харж болохоор. Ер нь Монголд этиктэй, бүтээгдэхүүн, үйлчилгээ сайтай хэр олон дотоодын брэнд, бизнес байдаг билээ? Бодох л асуудал… 

🍻 Ховорхон олддог онцгой амт таны дэргэд – Chinggis Dark Draft!

Ресторан, пабад ч тэр бүр түгээмэл худалдаалдаггүй Chinggis Dark Draft задгай шар айргийн ховорхон, баялаг амт одоо таны гарт! “Chinggis Beer” брэндийн “Chinggis Dark Draft” буюу “задгай хар” шар айраг 2 литрийн савлагаатай худалдаанд гарснаар шар айрагт дурлагчдын хүлээлтийг эвдлээ. 

Зөвхөн эрчүүд ч биш, эмэгтэйчүүдийн дунд ч эрэлттэй! 

“Chinggis Dark Draft” задгай шар айраг нь премиум чанар, өвөрмөц амтыг таашаадаг эмэгтэйчүүдийн сонирхон дурладаг сонголт билээ. Олон улсад эмэгтэйчүүдийн 40% гаруй нь энгийн хөнгөн шар айргаас илүү баялаг болон тусгай жортой “dark” буюу “хар” шар айргийг илүүд үздэг аж. 

  • 🇲🇳 Чанараар түүчээлэгч, үндэсний брэнд: “Chinggis Beer” брэнд нь дэлхийн трэндтэй хөл нийлүүлэн борлуулалтын сувгаа B2C буюу томоохон худалдааны төвүүдээр тэлснээр шинэхэн амьд шар айргийн хүртээмжийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэгчийн хувиар зах зээл дэх орон зайгаа тэлж байна. Энэ нь FMCG салбарт хэрэглэгчдийнхээ амьдралын шинэлэг хэв маяг, хэрэгцээнд тохируулсан уян хатан шийдэл юм.

⏰🍺 Задгай шар айргийн амьд чанарыг яг хэвээр нь... Chinggis Dark Draft-н 2 литрийн савлагаа нь задгай шар айргийн шинэхэн, амьд чанарыг яг хэвээр нь хадгалж таны гарт хүргэж байна. Ажлын урт өдрийн дараах алжаал тайлах мөч, найз нөхдийн халуун дулаан цугларалт, эсвэл гэртээ тухлан суух орой бүрд амт нэмэх 2 литрийн савлагаатай “Chinggis Dark Draft” задгай шар айргийг өөрт ойр байрлах худалдааны төвүүдээс авах боломжтой. 

Дээд зэргийн амьд шар айргийн амтыг дэргэдээсээ!

Хятад залуус үнэхээр л ганцаардаж байгаа бололтой. 😦🤔

Neuroscience News

Учир юу вэ гэхээр, энэ сарын дундуур Хятадын эрх баригчид AI найз охин, найз залуу чатбот болон апп-уудад хатуу хязгаарлалт тогтоохоо зарласан байдаг. Залуус тус төрлийн апп-уудыг худалдан авч, бодит байдлаас хэт хол хөндий AI хамтрагчдадаа хамаг зовлон, жаргалаа хуваалцаж эхэлсэн нь эрх баригчдын айдсыг өдөөсөн хэрэг. 

Улмаар ByteDance, Alibaba, Tencent тэргүүтэй акулууд өөрсдийн апп-ууд дээрх AI хамтрагчийн функцүүдийг түр болон бүрмөсөн хаагаад буй. Ай мэдрэмжийг хүртэл худалдан авах хэмжээнд тултлаа ганцаардана гэхээр хэцүү л юм. 🥲

 

The Korea Times

🍋 Nvidia (NVDA) Өмнөд Солонгосын интернэт болон үүлэн үйлчилгээний аварга Naver (035420.KS)-н хувьцаа эзэмшигч болохын сацуу $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Nvidia компанийн хувьцааны нэгж бүрийг $140-оор үнэлж, 7.2 сая шинэ хувьцаа худалдан авснаар 4.5%-ийг нь эзэмшихээр болжээ. Өөрөөр бол Naver-н хамгийн том хувьцаа эзэмшигч болох Өмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн сан 9.25%, BlackRock Fund Advisors 6.12% байгаатай харьцуулахад чамгүй том хувьцаа эзэмшигч болж байгаа гэсэн үг.

🍋 Хуулиар хориглосон байршилд камер байрлуулсан 127 нийтийн үйлчилгээний байгууллагын 286 камерыг буулгажээ. Уг шалгалтад  архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2,458 байгууллага, гоо сайхан, алжаал тайлах үйлчилгээний газар, саун, зочид буудал зэрэг 1,156 байгууллага, оюутан, сурагчдын дотуур байр болон бусад 534 байгууллага хамрагдсан аж. Шалгалтын дүнд нийт ₮270 саяын торгууль ногдуулсан байна. 

🍋 Mom’s Touch Монголын зах зээлд нэвтэрснээс хойш 3 жилийн дотор 20 салбартай боллоо. Өөрөөр бол тэд жилд дунджаар 6.2 салбар нээж, Монголын түргэн хоолны салбарт хамгийн хурдацтай тэлж буй брэндүүдийн 1 болж байна. Үүгээр тогтохгүй компани ирэх сард 21 дэх салбараа нээж, энэ оны эцэс гэхэд 25 салбартай болохоор зорьж байгаа гэнэ. 

🍋 Хятадын AI чип үйлдвэрлэгч CXMT (688825.SS) Шанхайн хөрөнгийн бирж дээр гармагцаа Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй компани боллоо. Тодруулбал, компанийн IPO амжилттай гэж хэлэхэд ч багадахаар буюу арилжааны эхний өдрөө хувьцааны үнэ нь 500% өсөж ¥54.6-т хүрчээ. Улмаар CXMT-н зах зээлийн үнэлгээ $539 тэрбумд хүрч, хуучин аварга Tencent (0700.HK)-г давах нь тэр.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.