- Lemon Press
- Posts
- !!️ Хүн амын 72% нь халамжтай
!!️ Хүн амын 72% нь халамжтай
2024 оны IPO трэнд | $MNP-г авлаа | Тансаг зэрэглэлийн үдэшлэг дууслаа
POWERED BY
Амар мэнд ээ! Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн дийлэнх буюу 62.3% нь эрэгтэйчүүд, 37.7% нь л эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдэд гадагшаа явах сонирхол бага байна уу, боломж олдохгүй байна уу? 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
REP: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр жилийн өмнөхөөсөө 28.9% нэмэгдэж ₮22.8 их наядад хүрэв.
MNG: Өчигдөр Хятад болон Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиолоо.
BOM: Инфляц 2024-2026 оны эцэст харгалзан 6%, 7.8%, 5.7% байх төсөөлөлтэй байна.
‼️ Хүн амын 72% нь халамжтай
ҮСХ-ны тайлангаас харахад Монголын нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо 2021 оны энэ үеэс 166 мянгаар нэмэгдэж 2.5 саяд хүрээд байна. Үүний эргэн тойронд юу болж байна вэ?
💭 Орлого, зардал нь юу болов?
Бүх төрлийн халамжид хамрагдагсдын халамж нийгмийн даатгалын сан (НДС)-гаас гарч байгаа. Уг сангийн энэ оны эхний 9 сарын орлого 2021 оны мөн үеэс 86.7% өсөж ₮4 их наядад хүрсэн бол зардал нь 72.8% нэмэгдэж ₮3.8 их наядад хүрсэн буюу төсөв нь ашигтай гарсан хэрэг.
📊 Зардлын 91.6%: НДС-гийн зардлын 91.6%-ийг тэтгэврийн даатгалын сангийн зардал бүрдүүлж буй. Угаас өндөр настны тэтгэвэр авагчдын тоо сүүлийн 10 жилд 64.6%, сүүлийн 1 жилд 4.3% нэмэгдэн 399.2 мянгад хүрээд байна. Улмаар тэтгэврийн даатгалын сангийн зарлага сүүлийн 1 жилийн хугацаанд дангаараа 29.9% буюу ₮794.2 тэрбумаар нэмэгдэв.
🤔 Ташраараа халамжтай
Цаашлаад, дээр дурдсанчлан нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт иргэдийн 72% буюу 2.5 сая иргэн хамрагдаж байгаа. Эдгээрийн 51.3% нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг бөгөөд дараагийн том бүлгийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авагчид бүрдүүлж байна. Ерөнхийдөө Монголын 1 сая хүрэхгүй хүн ам буюу 984 мянган хүн л ямар нэгэн байдлаар нийгмийн халамжид хамрагддаггүй гэсэн үг.
Эцэст нь… Манайхаас нэлээд том эдийн засагтай Герман, Франц, Финланд зэрэг улсууд манайхтай ойролцоо халамжийн томоохон системтэй байдаг. Нэмээд өндөр настны тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж хүн амын ачаалал нэмэгдэх шатандаа явж байгаа энэ үед тэтгэврийн реформ хийх, халамжийн системд илүү оновчтой, зорилтот хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, НДС-гийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна.
💰 $MNP-г авна
ADB: Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD) нь Монгол шуудан ХК (MNP)-ийн 508.7 мянган хувьцааг нэгж бүрийг нь ₮589.7-өөр буюу нийт ₮300 саяар худалдаж авлаа. Улмаар Монгол Шуудангийн хувьцааны үнэ өчигдрийн байдлаар $AARD-н худалдаж авсан үнээс 5.7% өсөж ₮623.49-т хүрээд байна. Харин Ард Санхүүгийн Нэгдэлийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногийн Мягмар гарагт 2021 оноос хойших хамгийн доод түвшинд очсон билээ.
🆕 2024 оны IPO трэнд
Төрийн өмчит Tokyo Metro олон нийтэд нээлттэй компани болж, зах зээлээс $2.3 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Тус IPO Японы хөрөнгийн зах зээлд сүүлийн 6 жил тохиогоогүй томоохон сэргэлт болох төлөвтэй байгаа юм. Тэгвэл энэ жилийн IPO-н эргэн тойронд юу болов?
🔴 2024 оны IPO өнгө
Он дуусахад 3 хүрэхгүй сар үлдсэн ч III улирлын байдлаар IPO хийсэн компаниудын тоо өнгөрсөн оны мөн үеэс 13.6%, татан төвлөрүүлсэн дүн нь ч 35% бууран $24.9 тэрбумд хүрээд байна. Тус үзүүлэлт нь гагц энэ онд л муу байгаа бус цар тахлаас хойш ер л компаниуд олон нийтэд нээлттэй болох сонирхолгүй байгааг илтгэж буй.
😌 Нүүр тахалсан хэд
Уг нь энэ онд Skims, Canva-с эхлээд олон компаниуд сүр дуулиантай IPO хийхээ мэдэгдэж байсан ч таг. Харин оронд нь өнгөрсөн Мягмар гарагт Hyundai Motor India (HYUN.NS) Энэтхэгийн зах зээлийг тэсэлж IPO хийн $3.3 тэрбумыг босгохоор зорьж буй. Тус IPO Lineage (LINE)-н араас 2-рт бичигдэх томоохон IPO болох бөгөөд өнөөдөр IPO-нх нь сүүлийн өдөр. Үргэлжлүүлээд 2024 оныг өнгөлсөн IPO-нуудыг эргэж, тойръё.
🙄 Эхэндээ л гоё байв: Хэдий энэ оны хамгийн том IPO-г хийж $4.4 тэрбумыг татан төвлөрүүлсэн Lineage-н хувьцааны үнэ тасралтгүй уруудсаар IPO-н үнээсээ 6.8% унаад байна. Харин Reddit (RDDT) өнгөрсөн 4-р сард IPO хийснээсээ хойш хувьцааны үнэ нь 53.8% өсөн өдгөө $75-т хүрчээ.
🔙 Эргэн дурсахуй
Өнгөрсөн жилийн онцлох IPO-уудаас $4.8 тэрбумыг босгосон ARM (ARM)-н хувьцааны үнэ IPO-с хойш 168% өсөж амжилтаараа тэргүүлж байна. Эсрэгээрээ хамгийн муу үзүүлэлттэй IPO-р Хятадын EV үйлдвэрлэгч U Power (UCAR) тодроод буй. Угтаа IPO-н дараа хувьцааны үнэ нь даруй 1,100% өссөн ч тэр цагаас хойш 99% унаж $6.8-т хүрчээ. Үүнд компанийн гэхээсээ илүү Хятадын EV-н зохицуулалт чангарсан нь голлон нөлөөлсөн юм.
Эцэст нь… Цар тахлаас хойш үргэлжилж буй “Харзная” гэх трэндийг үгүйсгэж энэ ондоо IPO хийнэ гэсэн хэд хэдэн компаниуд байгаа. Тэдний нэг бол Stripe. Гэхдээ бусад шигээ мурих магадлал өндөр болохоор харж л байя.
₮23.7 их наяд
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноосоо 9.5% өсөж ₮23.7 их наядад хүрлээ.
Уул уурхайнх ₮17 их наяд
Тус өсөлтөд уул уурхайн салбарын олборлолт 12%, цахилгаан, хий, агааржуулалтынх 7.5% өссөн нь голлон нөлөөлжээ.
Борлуулалт ₮27.6
Цаашлаад, гадагш ₮27.6 их наядын дүн бүхий бүтээгдэхүүн борлуулсны ₮26.9 их наяд нь уул уурхайн борлуулалт аж.
🍷 Time to wine!
Дарсанд дурлагсдадаа дуулгах сайхан мэдээтэй. World Wine-с 2 жил тутамд зохион байгуулдаг Монголын хамгийн том дарсны үзэсгэлэн Wine Expo 2024 7 дахь жилдээ эргэн ирлээ! 🥂
👀 Уг экспогийн эргэн тойронд юу болох вэ?
🍾 Амтлууштай: Дэлхийн алдартай брэндүүдийн 1000 гаруй төрлийн улаан, цагаан, ягаан оргилуун дарс болон коктейлуудаас амтлах,
🍇 Мэдүүштэй: Дарсны мэдлэг олгох хөтөлбөрт хамрагдаж олон улсын дарсны зөвлөхүүдээс мастер зэрэглэлийн сургалт авах,
🪩 Үзүүштэй: Түүнчлэн дарсанд дурлагсадтай танилцан хөгжөөнт тэмцээн болон уралдаанд оролцох, мөн урлагийн тоглолт үзэх боломжууд хүлээж буй.
За тэгээд дарсны гайхамшигтай танилцаж өөрийн дуртай амтаа олоорой.
⌛ Хэзээ: 10 сарын 18, 19
📍 Хаана: UG Palace
CNBC
🍋 LVMH (MC.PA)-н борлуулалт цар тахлаас хойш анх удаа буурлаа. Тодруулбал, компанийн орлого III улиралд 3% буурч €19 тэрбумд хүрсэн бөгөөд үүнд борлуулалтынх нь бараг талыг эзэлдэг хувцас болон савхин эдлэлийн борлуулалт 5% буурч €9 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Цаашлаад, дарсных 7%, цаг болон үнэт эдлэлийнх нь борлуулалт 4% тус тус буурчээ.
🍋 Golomt Capital Championship-2 уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 28 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 282.98%-тай байлаа. Харин ТОП-3 оролцогчийн өгөөж 758.62%-тай байсан бөгөөд Omodo 3 дахь 7 хоногтоо 282.98%-ийн өгөөжтэйгөөр тэргүүлж байна.
🍋 Хятадаас Орос руу 9-р сард хийсэн экспорт өмнөх оны мөн үеийнхээс 15.7% өсөв. Энэ нь он гарснаас хойших 9 сарын хугацаанд тус улсын Орос руу хийсэн экспортын хамгийн их өсөлттэй сар болоод буй. Харин 2 талын нийт худалдаа энэ оны эхний 9 сарын хугацаанд өмнө жилийн мөн үеэс 2.7% нэмэгдэж, $180.3 тэрбумд хүрчээ.
🍋 Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэд 17.8 мянга болж өмнөх улирлаас 14.2% өсжээ. Үүнд цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхлэгчдээс гадна сайн дурын ажил хийж байгаа гадаад иргэд ч багтаж буй. Харин тус хугацаанд гадаадад хөдөлмөр эрхлэхээр 136 иргэн зуучлагдсан нь өмнөх улирлаас 48.7% буурсан дүн юм.
Сургалтын зөвлөх / SCC: Инженерийн судалгаа, барилга, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, илтгэх чадвар сайтай, нарийн төвөгтэй мэдээллийг ойлгомжтой, үр дүнтэй дамжуулах чадвартай бол ийшээ. 👉 (Link)
Сүлжээний инженер / CallPro: CallPro багтаа ур чадвартай, урам зоригтой сүлжээний инженер хайж байна гэсэн шүү. Системийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангаж ажиллах сонирхолтой хүмүүс анхаараарай. 👉 (Link)
Маркетингийн ажилтан / SCC: Маркетингийн чиглэлээр мэргэшсэн зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийж, урьдчилсан таамаглал гаргах чадвартай мэргэжилдээ гарамгай нэгнийг хайж байна. 👉 (Link)
⚖️ Бизнесийн хамтрагчаа сонгоход анхаарах зүйлс. (INC)
🤝 Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерүүд багийнхаа хамтын ажиллагааг сайжруулах арга. (HBR)
🔍 Dropbox (DBX)-н бизнес эрхлэгчдэд зориулан гаргасан платформ. (SmallBizTrends)
🖌️ Photoshop-н шинэ хиймэл оюун ухаанд суурилсан функцүүд. (TheVerge)
Seeking impartial news? Meet 1440.
Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply