- Lemon Press
- Posts
- 🇲🇳 $1 тэрбумын орлого олно
🇲🇳 $1 тэрбумын орлого олно
Америк хязгаарыг давсан уу? | Samsung-н онцгой өдөр | Цоо шинэ ХБҮЦ
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр ЕС маань 2026 онд Монгол 1 сая жуулчин хүлээн авч, $1 тэрбумын орлого олно хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган аймгийн бүс нутгийг аялал жуулчлалын алтан гурвалжин хэмээн зарлав. Чадах уу, эс чадах уу харж л сууя даа. 🦦


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Даваа гаргаас эхлэн 3 сар хойшлогдоод байсан ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэллээ. Улмаар 14,996 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжид ₮45 тэрбумыг нөхөн олгох аж.
SUU: Сүү ХК (SUU)-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 2025 онд 100%-тай үнэлэгджээ.
GOV: ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалтын худалдааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо.

🎯 Бух унах уу, баавгайд самардуулах уу?

Шинэ онд хөрөнгө оруулалтын багцаа шинэчлэхээр төлөвлөж буй хүмүүс цөөнгүй биз. S&P 500 (^GSPC), Nasdaq (^IXIC), Dow Jones (^DJI) зэрэг Уолл Стрийтийн гол индексүүд 3 дахь жилдээ дараалан хоёр оронтой өсөлтөөр хаагдлаа. Харин энэ олон жилийн өсөлт 2026 онд үргэлжлэх үү гэдэг нь хамгийн том асуулт хэвээр байна.
🪩 AI улам гялалзана
Goldman Sachs (GS) болон Bank of America (BAC)-н зүгээс AI дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалт 2028 он гэхэд $1 их наядыг давна гэж таамаглаж байна. Мөн McKinsey-н судалгаагаар дэлхийн AI-д суурилсан дата төвийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт 2030 онд ойролцоогоор $7 их наядад хүрэх ажээ.
🌊 Давлагааны нөлөө: Энэхүү хөрөнгө оруулалтын давлагаа нь зах зээлийг хөтөлж буй “Гайхамшигт 7” компанийн өсөлтийг үргэлжлүүлэхээр байгаа юм. Тодруулбал, 2026 онд S&P 500 индексэд багтдаг компаниудын нийт ашиг жилийн өмнөхөөсөө 12.3% өсөх хүлээлттэй байгаа аж. Alphabet (GOOG)-н хувьцааны үнэ л гэхэд 2025 онд 66% өсөөд амжсан даа.
😻 Хэр ихээр өсөх вэ?
Томоохон хөрөнгө оруулалтын компаниудын таамгаа S&P 500 индекс энэ оны эцэст одоогийн түвшнээсээ дунджаар 11.7% өсөх нь. Эдгээр төсөөлөл нь томоохон гэнэтийн шок үүсэхгүй гэсэн суурь таамагт тулгуурласан бөгөөд AI салбарын эрэлт цаашид нэмэгдэх, Америкийн эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдах, мөн бодлогын хүү буурах хүлээлт зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байна.
Эцэст нь… Гадаад хувьцаа сонирхож байгаа хөрөнгө оруулагчид маань бодлогын хүүгийн болон макро орчны өөрчлөлтийг тогтмол ажиглах, өсөлтийн салбарт төвлөрөхдөө багцаа тэнцвэржүүлэх, эрсдэлээ тооцоолох хэрэгтэй болж байна даа. Харин дотоодын хувьцааны зах зээлийн хувьд оны эхний улиралд шинэ IPO-гүй нам гүм байх хэдий ч ногдол ашгийн шийдвэрүүд ихээхэн хөдөлгөөн үүсгэхээр хүлээгдэж байна. Цаг бүрд нь тоймлоод явам зээ.

💫 Samsung-н онцгой өдөр
005930.KS: Өчигдөр болсон CES 2026 арга хэмжээний үеэр Samsung Electronics ирэх жилүүдийн AI-д суурилсан алсын хараагаа танилцуулж, хэрэглэгчийн дуу хоолойгоор ажиллах Vision AI Companion программыг 2026 онд бүх зурагтдаа нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Мөн “Your Companion to AI Living” сэдвийн хүрээнд AI-г Samsung-н бүх экосистемийг холбох үндсэн гүүр хэмээн тодорхойлсон аж. Үүний дараа буюу өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 7.5% өсөж ₩138,100-д хүрчээ.

🪖⚔️ Америк хязгаарыг давсан уу?

Америк Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж, 2 цаг гаруйн хугацаанд тус улсын удирдагч болон түүний эхнэрийг баривчилснаас хойш 2 хоног өнгөрлөө. Үйл явдал, талуудын байр суурийг ажиглах, дүгнэж болохуйц хугацаа өнгөрсөн тул тойм мэдээгээ хүргэж байна.
Мэдээд авахад Америкийн цагаар Даваа гаргийн үдээс хойш Николас Мадурогийн хар тамхи, зэвсгийн наймаатай холбогдох шүүх хурал эхэлнэ.
✊ Газрын тосны хяналт
Доналд Трамп Венесуэлийн удирдагч Мадурог баривчилсны дараа олон нийтэд хандан үг хэлэх үеэр яриандаа 20 удаа Венесуэлийн газрын тосыг дурдсан байдаг. Мөн Мадуро удирдлагын эрх мэдлээ алдсантай холбоотойгоор дараагийн хүн нь гарч ирэх хүртэл буюу шилжилтийн үед нь Венесуэлийг удирдахаа мэдэгдэв. Ингэснээр Америк дэлхийн хамгийн том газрын тосны нөөцийг удирдах, нөлөөлөх бүрэн боломжтой болох юм.
🤨 Ингэхдээ Америк Венесуэлийг шууд удирдахгүй. Гэсэн ч бодлогын түвшинд нөлөөлөхийн тулд газрын тосны карентиныг үргэлжлүүлж, Америкийн газрын тосны компаниудыг Венесуэлд чөлөөтэй ажиллах боломжийг олгох аж.
📊 Зах зээл хэрхэн хөдлөв?
Геополитикийн хурцадмал нөхцөл байдал үүсэж байгаатай холбоотойгоор Даваа гарагт алтны үнэ 2.7% өсөж унц нь $4,420-ыг давсан бол мөнгө 4.9% өсөж $75.9-т хүрээд байна. Харин газрын тосны үнэ төдийлөн савлаагүй буюу 0.1% л өсжээ. Цаашлаад, хөрөнгө оруулагчдын дунд Венесуэлийн улс төрийн дарамт буурах, өрийн бүтцээ шинэчилнэ гэх хүлээлт үүсэж, 2027 онд эргэн төлөгдөх ЗГ-ын бонд нь 27% гаруй өсөж нэрлэсэн нэгж үнэ нь $0.4-т хүрчээ.
Юутай ч Венесуэлийн эрх баригчид яаралтай ЗГ-аа байгуулж, Ерөнхийлөгчөө сонгох шаардлагатай болж байна. Харин Америкт Трамп конгрессоор хэлэлцэлгүй бие даан Венесуэлд тусгай ажиллагаа явуулсан нь асуудал болох магадлалтай байгаа. Мадуро дарангуйлагч, муу удирдагч байсан нь үнэн ч түүнийг түлхэн унагаах эрх мэдэл Америкт байх ёстой эсэх нь маш том сэдэв. Юутай ч энэ хэрэг байгалийн баялагтай, улс төр нь тогтворгүй жижиг орнуудад маш том сургамж болж байна.

🫸 Шинэ жилийн баяраа Coca-Cola-гүй тэмдэглэсэн Мексикийн хот. (Yahoo)
🗺️ ГХЭ-ийн салбарт давамгайлах зорилготой Хятадын 6 жилийн кампанит ажил. (JapanTimes)
💡 Хорыг хороор тайлна л гэнэ. (SFG)
⛄ Өвлийн аялал жуулчлалыг ажил хэрэг болгож буй Өвөр Монголчууд. (MalaysiaSun)

Excel дээр хүссэн загвараараа хүснэгт үүсгэх MAKEARRAY функцтэй танилцъя. Түүнийг тестийн өгөгдөл бэлтгэх, мөр ба баганын индекс ашиглан утгуудыг тооцоолох, түүнчлэн тодорхой дүрэм, загварын дагуу утгуудыг тооцоолж массив үүсгэх шаардлагатай үед хэрэглэдэг. ✍️
Жишээ нь, 4×4 хүснэгт үүсгэж, бүх нүдэнд 1-ийн утга өгье. Энэ тохиолдолд, томьёо =MAKEARRAY(4, 4, LAMBDA(r, c, 1)) болох юм.
Харин үндсэн томьёоны хувьд =MAKEARRAY(rows, columns, function) бөгөөд =MAKEARRAY (мөр, багана, функц) буюу функцийн оронд бид нүд бүрийн утгыг тооцоолох LAMBDA томьёог ашигласан болно.

👀✨ Цоо шинэ ХБҮЦ айсуй!

Зээ, Монголын ХЗЗ-ийн 2026 оны салхийг хагалж Булл Капитал ББСБ ХХК бодит хөрөнгөөр баталгаажсан, СЗХ-ны албан ёсны зөвшөөрөлтэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргахаа мэдэгдлээ!
📄 ХБҮЦ гаргагчийн тухайд: Булл Капитал ББСБ ХХК нь ХЗЗ-д нийт 6 удаа бонд гаргаж, цаг тухайд нь бүрэн төлж барагдуулсан туршлагатай бөгөөд энэ удаад тусгай зориулалтын компани болох Булл Капитал Эй Би Эс ТЗК ХХК-аар дамжуулан бондоор олж авсан туршлагаа ХБҮЦ хэлбэрээр зах зээлд санал болгож буй.
💰 ХБҮЦ-ны тухайд нэгжийн үнэ нь ₮100 мянга байх бөгөөд 24 сарын хугацаатай байх юм. Цаашлаад жилийн хүү нь 19.5%, орлогын татвар 5% буюу банкны хадгаламж болон энгийн бондын хүүгийн орлогод ногддог татвараас 2 дахин бага аж. Мөн хүүг улирал тутам төлөх нөхцөлтэй.
ХБҮЦ-ны Андеррайтераар Мандал Капитал Маркетс ҮЦК ажиллаж байгаа бөгөөд ХБҮЦ-ны урьдчилсан захиалга 1 сарын 11-нд хаагдаж, 1 сарын 12-ноос анхдагч зах зээлийн арилжаа албан ёсоор эхлэх нь ээ.
📞 Холбогдох: 7575-3399


iStock
🍋 Өнгөрсөн оны эхний 9 сард 2024 оны мөн үеэс 5% их буюу нийт 1.1 тэрбум гаруй жуулчид олон улсад аялжээ. Энэ нь 2019 он буюу Ковид-19-ийн өмнөх үеэс 3% өссөн үзүүлэлт бөгөөд дэлхий даяар жуулчдын хөдөлгөөн сайжирсныг илтгэж буй. Тэр дундаа Ази, Номхон далайн бүсэд 8%-ийн өсөлттэй байсан бөгөөд үүнээс Японд хамгийн их буюу 18%, харин Монголд 16% өссөн байна.
🍋 Нийслэл энэ онд өнгөрсөн оноос 5 дахин их буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлнө. Газар чөлөөлөлтийн ажлыг дэд төв байгуулах, инженерийн шугам сүлжээ тавих, орон сууц барих гэхчлэн нийт 124 төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн оны хувьд газар чөлөөлснөөр нийт 11,575 айлын орон сууц, 60.3 км авто зам барьсан гэнэ.
🍋 Дубайн хувийн хөрөнгө оруулалтын компани GII Ойрх Дорнодын Blackstone (BX) болно. Компани сүүлийн 4 жилд $1 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийж тус бүс нутгийн хамгийн амжилттай дотоодын хувийн хөрөнгө оруулалтын компаниудын нэг болсон бөгөөд 2030 он гэхэд удирдах хөрөнгөө 3 дахин нэмэгдүүлж, $10 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн аж. Энэ хүрээнд GII нь $4 тэрбум хүртэлх хөрөнгө босгохоор төлөвлөж буй.
🍋 Монгол Улс өнгөрсөн онд нийт 124,945 гадаадын иргэнд виз олгожээ. Тодруулбал, ГИХГ мөн хугацаанд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас ийнхүү 96.9%-д нь зөвшөөрч, 3.1% буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна. Үүнээс нийт олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply