- Lemon Press
- Posts
- 🤯 Алдагдал = $1.9 их наяд
🤯 Алдагдал = $1.9 их наяд
Дараагийн туршилт: Pearson! | TUM-н ашиг | Google шүүмжлүүлэв
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Монголын хамгийн анхны салхин цахилгаан станц болох "Салхит" СЦС-ын талаарх Business Spotlight контентыг маань үзэж амжсан уу? Хараахан үзээгүй байгаа бол ЭНД дарж сонирхоорой. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: “Сэндли Бонд 2.0” нээлттэй өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
UB: Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ИТХ-ын сонгуулиас 60 хоногийн өмнө буюу 8 сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.
MSE: Тэнгэрлиг Медиа Групп ХК (TNGR)-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс Б.Гантулгыг чөлөөлж Ж.Алтангүнийг түр томилжээ.
📚 Дараагийн туршилт: Pearson!
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн англи хэлний сургалтын Pearson цогц хөтөлбөрийг ЕБС-ийн 3-4-р ангид туршилтаар хэрэгжүүлэхээр болсон гэнэ.
👩🏫 Ямар онцлогтой хөтөлбөр билээ?
Английн боловсролын байгууллага Pearson-н хэрэгжүүлдэг тус хөтөлбөр нь дэлхийн 80 гаруй орны 6,500 гаруй сургуульд хэрэгждэг.
👩🎓 Ач холбогдол: Тус хөтөлбөр нь технологид суурилсан контент, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил зэргийг багтаасан цогц хөтөлбөр төдийгүй дасгал, даалгаврууд нь шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэх зорилгоор зохиогддогоороо онцлог аж.
ОУ-ын хөтөлбөр хэрэгтэй 🆚 хэрэггүй
Тус хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургуулийн 5-9-р ангийн 30,000 сурагч хамрагдсан бол энэ хичээлийн жилээс хамрах хүрээг нь нэмэгдүүлж буй.
☁️ Хүлээлт: Pearson хөтөлбөрийг үзээд 12-р ангиа төгсөж байгаа хүүхэд гадаадын их дээд сургуулиудад суралцаж чадахуйц хэлний мэдлэгтэй болох нь хөтөлбөрийн гол үр дүн байх аж. Цаашлаад цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгах давхар зорилготой гэж байгаа.
🔠 Үр дүн + Бодит байдал: Хот, хөдөөгийн 38 сургуульд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэн туршихад 29% орчим хувьтай байсан сургалтын түвшин 40% гаруй хувь болж өсжээ. Ямартай ч туршаад үзсэн болохоор хэрэгцээт тоног төхөөрөмж, багш, сурагчдад тулгарч буй асуудал зэргээ мэдэж авсан нь давуу тал.
👨👩👧👦 Монгол хүүхдийн онцлог гэж бий: Гэхдээ гаднын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхлээд эх хэлээ сайн эзэмшсэн байх гэх зэрэг улсын дархлаатай холбоотой асуудал ч яригдана. Яагаад гэвэл хэл бол сэтгэхүйн үндэс шүү дээ.
🤔 Гэснээс бусад хөтөлбөр яалаа?
Одоогоор Cambridge-н хөтөлбөр, Финляндын математикийн сургалтын Eduten зэрэг ОУ-ын хөтөлбөрийг туршиж байна. Eduten хөтөлбөрөөр гэхэд л энэ жил 2-5-р ангийн 276,198 суралцагч хичээллэх юм. Гэтэл бодит байдал дээр Cambridge-н хөтөлбөрийн 1 хүүхдэд ногдох зардал хэт өндөр тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй улсын сургуулийн тоо гарын 10 хуруунд хүрэхтэй үгүйтэй л байна.
Эцэст нь… Манай боловсролын салбарынхан гаднын гоё^2 нэртэй хөтөлбөрийг шууд л аваад нутагшуулах гэж үзэж тарж байх шиг. Энэ нь тэгээд хэр үр дүнтэй байх юм бол доо?
🔜 “Түмэн шувуут-3” төсөл
TUM: Түмэн Шувуут ХК-ийн ашиг оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеэс 45% өсөж ₮8.3 тэрбумд хүрлээ. Компани тус хугацаанд 66.8 сая өндөг борлуулсан бөгөөд борлуулалтын орлого 30% өсөж ₮38.6 тэрбумд хүрсэн байна. Цаашлаад тэд энэ оны эхний хагас жилд “Түмэн шувуут-3” шувууны аж ахуй байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн төдийгүй 2026 онд бүрэн ашиглалтад оруулах хүлээлттэй байгаа аж. Харин хувьцааны үнийн хувьд он гарснаас хойш 15% өсөж ₮379-т хүрээд байна.
📉 Хөрөнгийн зах зээлийн 1 өдөр
Өчигдөр унтаад л сэрсэн чинь индексүүд улаанаараа эргэлдчихсэн, хөрөнгийн зах зээлээс $1.9 их наяд арчигдчихсан мэдээтэй өглөөг угтлаа даа. Зах зээл улаарахад юу нөлөөлөв? Цаашид юу болох гээд байна?
🗓️ Эдийн засгийн календарь
Хөрөнгийн зах зээлийн гэнэтийн уналтыг шинжихийн тулд өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн ямар^2 шийдвэр гарсныг эргэн нэг санацгаая. Өнгөрсөн Лхагва гарагт ХНС бодлогын хүүг 5.25%-5.5%-д хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Гол нь түүний араас буюу Баасан гарагт Америкийн ажилгүйдлийн түвшин 4.3% буюу Ковидын жил болох 2021 оны түвшинтэй ойролцоо гарсан юм. Үүний араас S&P 500 (^GSPC) 1.8%, Nasdaq (^IXIC) 2.4% тус тус унасан байдаг. Улмаар индексүүдийн уналт арилжаа хаагдсаны дараа ч үргэлжилсээр Даваа гарагт 3%, 3.4% тус тус унаад буй.
🧐 Хонь, ямаагаар нь ялгаадахъя: Үүн дундаа технологийнхны хувьцааны үнэ нэлээн унасан буюу гайхамшигт 7 гэгддэг технологийн акулуудын зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээрээ $2.3 саяар буураад авсан. Түүнчлэн чипийн зах зээлийн од Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ ч 6% унаж $100-т хүрээд буй. Тус компаниудын II улирлын тайлан дажгүй гарч тайлангийн араас хувьцааны үнэ нь овоо өсөж байсан ч Даваа гаргийн шуурганд арчуулав аа гэж.
📈 Сэргэлт: Харин 1 өдрийн дотор 12% унаж уналтын түүхэн амжилтаа эвдсэн Nikkei индекс (^N225) арилжаа хаагдсаны дараа 10% өссөн бол ид шуурганы үеэр 10% унасан Биткойны үнэ эргэн 4% өсөөд байна.
Даамжрал: Цаашлаад Даваа гаргийн шуурга даамжирсаар Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 3.8%, мөнгө 7% унасан бол 3 хоног дараалан унаад байсан газрын тосны үнэ харьцангуй сэргэж WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 0.34% өсөж $73, брент төрлийнх 0.25% өсөж $76 болов.
😱 Хөрөнгө оруулагчдын айдас ба хямрал
ХНС бодлогын хүүг 23 жилийн түүхэн өндөр түвшинд хадгалсаар гэтэл зэрэгцээд ажилгүйдэл гаарч байгаа нь хөрөнгө оруулагчдад ахин нэг эдийн засгийн хямрал ирж байна уу даа, гэх айдсыг төрүүлж орхисон. Хөрөнгийн зах зээл тэр чигтээ хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйгээр хөдөлж байдаг тул тэдний айдас Даваа гаргийн уналтад хөтөлсөн гэлтэй.
🔜 Цаашид
Юутай ч хөрөнгийн зах зээлийн улаан шуурганы дараагаас ХНС энэ 7 хоногт хуралдах магадлалтай байгаа. Улмаар 9-р сараас наашгүй байсан олны хүсэмжит бодлогын хүүгийн шийдвэрийг ойрын хугацаанд гаргах ч магадлалтай юм. Даваа гаргийн үйл явдал нэг талдаа ХНС бодлогын хүүг хэт удаан өндөр түвшинд барьсны хариу үйлдэл болох шиг. Ямартай ч ойрын өдрүүдэд ХНС ямар шийдвэр гаргахыг хүлээж л сууя даа.
🚗 Top Motors танд тусална
Тоёотагийн албан ёсны дилерүүдээс худалдан авсан дугаартай автомашинаа худалдах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 👀
Toyota Top Motors таны цаг завыг хэмнэх дараах үйлчилгээг санал болгож байна.
📢 Toyota-Q: 2018 оноос хойш худалдан авсан буюу 7 хүртэлх жилийн насжилттай, 100,000 км хүртэлх гүйлттэй Toyota болон Lexus маркийн автомашинд Тоёотагийн мэргэшсэн сертификаттай механик, инженерүүд 150 цэгийн үзлэг оношилгоо хийж, чанартай байдлыг баталгаажуулсан, дахин худалдан борлуулах үйлчилгээ юм.
🚀 14 хоног: Таны автомашиныг зах зээлийн бодит үнэлгээгээр 1.5%-2.5% хувийн шимтгэлтэйгээр ердөө 14 хоногийн дотор борлуулах аж.
За тэгээд автомашинаа зарах гэж байгаа бол Toyota Top Motors-н мэргэжлийн борлуулалтын зөвлөхтэй холбогдоно биз ээ. Аан тийм, хэрэгтэй нэгэндээ дуулгаарай.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг 8888-9056 дугаараар болон ЭНД дарж аваарай.
Forbes
🍋 Америкийн шүүхээс Google-г хайлтын системийн монопол тоглогч, чөлөөт өрсөлдөөнийг боомилогч гэж дүгнэжээ. Тус шийдвэр нь Google-н толгой компани Alphabet-г бизнесийн загвараа өөрчлөхөд хүргэж болзошгүй юм. Сонирхуулахад, Google ийм онцгой эрхийг авахын тулд Apple, Samsung, Mozilla зэрэг компаниудад жил бүр $10 гаруй тэрбумыг төлдөг аж.
🍋 Камала Харрис 4,567 төлөөлөгчийн саналыг авснаар Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болзлоо хангав. Улмаар тус намаас түүнийг албан ёсоор өрсөлдөгч хэмээн зарлах юм. Сонирхуулахад, CBS-с хийсэн судалгаагаар Камала Харрис Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампаас 1 оноогоор илүүрхжээ.
🍋 Улаанбаатар хотноо 8 сарын 13-нд Монгол болон Хятадын Ляонин мужийн худалдаа, ХО-ын бизнес уулзалт болно. Тус уулзалтын хүрээнд Хятадын эрчим хүч, мал аж ахуй, хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн SANY, TBEA тэргүүтэй 20 орчим томоохон компаниудын удирдлага хүрэлцэн ирэх гэнэ.
🍋 Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн магистрын хөтөлбөрт энэ жил 15 хүн суралцана. Тодруулбал, Японы элчин сайдын яамны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй тус хөтөлбөрт хамрагдсан хүмүүс Сайтама, Мэйжи зэрэг 7 их сургуульд суралцах аж. Монголд 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт нийт 416 оюутан залуус суралцаж төгсжээ.
Алдааг олоорой! 🔎
A. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.
B. Даваа гарагт технологийн акулуудын зах зээлийн үнэлгээ нийтдээ $2.3 саяар буурсан.
C. Түмэн Шувуут ХК-ийн нийт борлуулалтын орлого 45% өсөж ₮9 тэрбумд хүрчээ.
🫂 Ажилчдаа тогтоон барих нь
Хаа сайгүй л чадварлаг талентын төлөө өрсөлдөж, байдгаа барьж гүйн арай гэж ажилд автал нийх удалгүй ажлаасаа гарлаа гэхэд хүний нөөцийнхөн маань “Чамайг гэсэн сэтгэлээ салхинд даатгая даа” гээд үлддэг байх даа.
🥴 Биелэгдэшгүй даалгавар?
Яг үнэндээ “Юунаас болж хүмүүс ажлаа сольдог, гардаг вэ” гээд нөлөөлөгч хүчин зүйлийг нь жагсаавал цалин, ажил амьдралын тэнцвэргүй байдал, удирдлага гээд хөвөрч өгнө. Харин нөгөө талд компаниудад хөдөлмөрийн зах зээлийн ийм динамик байдалтай хөл нийлүүлэн алхана гэдэг бас л хэцүү даалгавар. Гэсэн хэдий ч одоо цагт компаниуд ажлаа мэддэг, чадвартай ажилтнуудаа торгоох олон төрлийн урамшуулал, хангамж бүр цаашлаад сэтгэл зүйг ч нь халамжлах бодлоготой болсон цаг. Гэсэн ч хүнээ тогтоож чадахгүй байсаар…
🙋♂️🙋♀️ Оролцоо чухал шүү!
Цалин урамшуулал, тэнцвэртэй ажил амьдрал зэргийг удирдлагатайгаа ярилцаад шийдэх боломжтой асуудал гэж тооцвол түүний цаадах дараагийн чухал зүйл бол ажилтнуудын оролцоо. Юу вэ гэхээр, ажлаасаа гарахыг хүсэж буй хүмүүс ажил дээрээ оролцоо бага байгаа нь сэтгэл ханамж, бүтээмж зэрэг олон зүйлсэд нөлөөлж байдаг аж.
♾️ Мөнхийн хэрэгцээ: Нөгөөтээгүүр хүний тасралтгүй өсөж, хөгжих байгалийн хүслийг нь өрдөх тийм л ажлын орчин, удирдлагатай газар хүмүүс үлдэх сонирхол өндөртэй байгаад байх шиг.
Эцэст нь… Саяхан Gallup-с аз жаргалгүй ажилчид дэлхийн ДНБ-ийг 9% буюу $8.9 их наядаар бууруулах магадлалтай талаарх судалгааг танилцуулсан. Хөдөлмөрийн зах зээлд нийгэм, эдийн засгийн нөлөө хамгийн ихээр нөлөөлж байдаг болохоор ажил олгогчид маань ч давхар хямрах юм даа.
Технологи: AI ашиглаж бичсэн текстийг 99.9%-ийн нарийвчлалтай илрүүлэх программ. (Futurism)
Тэмцэл: Бангладешийн оюутнуудын бослогын шалтгаан, үр дүн. (Independent)
Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өдөр уртсах магадлалтай. (TheGuardian)
Статистик: Эрдэм шинжилгээний хуралд бүтээл хүлээн авах удирдамж. (NSO)
Зөв хариулт нь C буюу Түмэн Шувуут ХК-ийн нийт борлуулалтын орлого 45% өсөж ₮9 тэрбум биш ₮8.3 тэрбумд хүрсэн нь шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply