- Lemon Press
- Posts
- 🇨🇳 Хятад ажилчдын тоо +3.7 мянга
🇨🇳 Хятад ажилчдын тоо +3.7 мянга
Сурталчилгааг хэн базах вэ? | $SEND-н цэвэр ашиг 19.9% өслөө | 146 зөвшөөрөл
POWERED BY
Өглөөний мэнд! Хүссэн газраасаа олуулаа зэрэг зурж болох Everyone Draw платформыг мэдэх хэр олон хүн байна? Өнгөрсөн сарын байдлаар тус платформ дээр нийт 512 сая орчим зураг зурагдаж, 140 гаруй улсын 466 мянган хэрэглэгч өөрийн бүтээлээ үлдээжээ. Манайхаас ч мөн адил зургаа оруулсан байгаа шүү. Хэрэв сонирхож байвал ЭНД дарж үзээрэй. Мөн лимонууд маань ч бас хүссэнээрээ зургаа нэмээрэй. Гэхдээ эелдэг, хүндэтгэлтэй байж, бусдын бүтээлийг битгий баллаарай. 🤗🎨


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны I улиралд өмнөх оны мөн үеэс 11.9% өсөж ₮7.2 их наядад хүрсэн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 17.9% нэмэгдэж ₮7.7 их наядад хүрснээр тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарчээ.
HIGA: Энэ оны I улиралд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 3.2% буурч ₮593.4 тэрбумд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 15.5% багасаж ₮609.6 тэрбумд тус тус хүрэв.
MSE: УУББ-ийн өчигдрийн арилжаагаар Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс ₮6.3 тэрбум, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 3 багц дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс $9.3 тэрбум зэргээр арилжаалагдаж нийт ₮48.7 тэрбумын арилжаа явагдлаа.

😲 Унтааг сэрээж, аргууг зөөллөнө

Шинэ Ерөнхий сайд маань дугуйн засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг өдөр тутмын үйлчилгээний бизнес эрхлэх гэж байгаа бол зөвшөөрөл гэж бүү зов гэлээ.
📌 Тодруулбал, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 146 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шат дамжлагаас чөлөөлсөн аж. Шинэ зохицуулалтын дагуу иргэд www.e-business.mn системээр гар утаснаасаа мэдэгдэл өгч, үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой болсон гэнэ. Энэ шийдвэр нөхцөл байдлыг өөрчлөх үү?
Аргуу нөхцөлийг зөөллөх үү?
Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүдийн тоо нийт дүнгээрээ тогтвортой өсөж байгаа ч бодитой үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо идэвхгүй, унтаа эсвэл бүртгэлтэй ч зогсонги ААН-үүдээс хамаагүй бага хэвээр байна. Энэ нь бизнесийн орчны хүндрэл, татвар, авлигал, хүнд суртал, зөвшөөрлийн олон шат дамжлага зэрэг шалтгаантай холбоотой.
☯️ Ин янг тоогоор: Уг нь бол үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн тоо 2022 оны эхнээс 2026 оны эхэн хүртэл 37% өсөж 117,381 болсон буюу жил бүр дунджаар 7-10 мянгаар нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ бүх хугацаанд идэвхгүй ААН-үүдийн тоо идэвхтэйгээсээ дунджаар 29.8 мянгаар их байсаар иржээ.
👼 Илүү бага хүнээр ажиллана
Сонирхолтой нь одоогоор 1-9 хүнтэй компаниудын нийтэд эзлэх хувь 86.9% байгаа юм. Энэ нь 2023 оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт. Нөгөө талд 50+ хүнтэй компаниудын эзлэх хувь 0.4 нэгж хувиар буурчээ. Энэ нь мэдээж үйл ажиллагааны зардлын өсөлт, санхүүжилтийн хомс байдалтай холбоотой.
💭 Шийдвэрийн нөлөө
ЗГ-ын шийдвэр хөрсөн дээрээ бууж хэрэгжвэл жижиг бизнес эрхлэгчид хялбархан бүртгүүлж, ажлаа эхлүүлэх боломжтой болно. Улмаар ирэх улирлуудад идэвхтэй хуулийн этгээдийн өсөлт 10%-15% хурдсаж, нийт тоо 280-300 мянгад хүрэх боломжтой. Гэхдээ бүртгэл, зөвшөөрөл авах процессыг сайжруулах нь дангаараа хангалтгүй.
❤️🩹 Юунд анхаарах ёстой вэ? Өмнө нь бизнес эрхлэгчид зээлийн хүүг хамгийн том саад гэж нэрлэдэг байсан бол 2025 оны эцсийн байдлаар үнийн өсөлт, инфляц хамгийн том толгойны өвчин болсон. Үүний араас санхүүжилт, ажиллах хүчин, төрийн тогтвортой байдал гээд олон асуудал байна даа.

📝 Монос Хүнс ХК-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа. (LemonPress)
👀 Эмэгтэй улс төрчдийг бодлогоор нь бус гадаад төрхөөр нь олон нийт шүүж байна. (gogo)
🇰🇷 Чэжү арал аялал жуулчлалын зах зээлээ тэлэхээр Монголыг онилжээ. (JoongAngDaily)
🥃 Яагаад дэлхийн бурбон вискиний 95% нь Кентаки мужид үйлдвэрлэгддэг вэ? (Freakonomics)

🔥 $SEND-н цэвэр ашиг 19.9% өслөө
SEND: 2026 оны I улиралд Сэндли ББСБ ХК ₮3.1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 19.9% өссөн дүн байлаа. Тус өсөлтөд хүүгийн бус орлого 132.1% нэмэгдэж ₮3.2 тэрбумд хүрсэн нь томоохон нөлөө үзүүлсэн аж. Задлаад харвал, компанийн ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого 25.1 дахин өсөж ₮1.8 тэрбумд, арилжааны цэвэр орлого 3.4 дахин нэмэгдэж ₮263.4 саяд хүрсэн байна. Өчигдөр тус санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй болохоос өмнө компанийн нэг хувьцааны үнэ 3% өсөж ₮128.9 дээр хаагджээ.

💎 Сурталчилгааг хэн базах вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхийн зар сурталчилгааны зах зээлд сошиал медиагийн орон зай улам бүр тэлж, Meta (META), Google (GOOG) зэрэг томчууд давамгайлах болсон. Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгааг өнөөдөр толилуулъя.
📈 Тэлэх нь гарцаагүй
Omdia-н тооцооллоор, 2030 он гэхэд дэлхийн зар сурталчилгааны орлого $1.6 их наядад хүрэх төлөвтэй байна. Үүний 94% буюу $1.5 их наядыг онлайн сурталчилгаа бүрдүүлэх аж. Одоогоор онлайн сурталчилгаа түлхүү сошиал медиад төвлөрч, энэ трэнд цаашид ч үргэлжлэхээр байна. Өнгөрсөн онд онлайн зар сурталчилгааны орлого $935 тэрбумд хүрсэн ба 2026 онд 13% өсөхөөр таамаглажээ.
$META 🆚 $GOOG
Өмнө нь онлайн сурталчилгаагаар $GOOG-г гүйцэх компани байдаггүй байлаа. Харин энэ онд $META анх удаа онлайн сурталчилгааны орлогоор $GOOG-г гүйцэж магадгүй байна. Тухайлбал, $META-н сурталчилгааны орлого 2025 оноос 24% өсөж $243.5 тэрбумд хүрэхээр байгаа бол $GOOG-н орлого 12% нэмэгдэж $239.5 тэрбумд хүрэх төлөвтэй аж. Тус өсөлтөд WhatsApp, Threads дээр сурталчилгаа нэвтэрч, Instagram-н Reels TikTok-той өрсөлдөж эхэлсэн нь хүчтэй нөлөөлөх гэнэ.
👑 Платформ дундаа $META: Өнөөдрийн байдлаар сошиал медиагийн сурталчилгааны орлогын 90%-ийг Facebook, Instagram, YouTube, TikTok бүрдүүлж байна. Нарийвчлаад харвал, $META сошиал медиагийн сурталчилгааг базаж, нийт орлогын 70% нь Facebook болон Instagram-д төвлөрөх болсон аж.
💫 Шинэ суваг: Өдгөө олон хүний хэрэглээнд нэвтрээд буй ChatGPT дээр сурталчилгаа нэвтрүүлэх эсэх дээр туршилт хийгдэж эхэлжээ. Хэрэв тус туршилт амжилттай болвол онлайн сурталчилгааны зах зээлд AI-д суурилсан шинэ экосистем бүрдэх юм.
Эцэст нь… Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар Монголд 2.7 сая хүн сошиал медиа ашиглаж байгаа нь нийт хүн амын ойролцоогоор 76.5%-тай тэнцэж байна. Энэ нь өнөө үед компаниудын хувьд зар сурталчилгаагаа сошиал медиагаар хүргэх нь хамгийн үр дүнтэй сувгуудын нэг болсныг харуулж байна. 🔎

149 сайд
2016 оноос хойш Монголд 7 Засгийн газар солигдоход давхардсан тоогоор нийт 149 сайд томилогджээ.
20 байр
Дэлхийн банкнаас гаргасан ЗГ-ын үр ашгийн судалгаанд Монгол 2016 оноос 2023 оны хооронд 12 оноо алдаж, 20 байр ухраад байна.
1.4 жил
Өнгөрсөн 7 ЗГ-ууд дунджаар 1.4 жил ажилласан бөгөөд хамгийн тогтвортой нь 2021–2024 он буюу 3.4 жил ажилласан Л.Оюун-Эрдэнийн ЗГ байв.

😋 Triple Catering: Хүслийн амтыг, хүссэн газартаа

Наадам, фестиваль, хурим найрын сар ч дөхөж байна даа. Судлаад л гүйгээд байна уу? Хэрэв тэмдэглэлт өдөр, арга хэмжээн дээрээ найдвартай катеринг үйлчилгээ хайж байгаа бол Triple Catering-г судлаад үзээрэй.
🎡 Бөөндөнө
Triple Catering тэмдэглэлт өдөр, арга хэмжээний катеринг үйлчилгээ үзүүлэхээс гадна уул уурхайн компаниудад зориулсан тусгай цогц үйлчилгээтэй.
Тухайлбал, кемпийн хоол үйлдвэрлэлээс эхлээд, кемпийн өдөр тутмын цэвэрлэгээ, ахуйн үйлчилгээ, явуулын ресторан, зөөврийн асар гэхчлэн кемпийнхээ бүх асуудлыг 1 дор шийдэх боломжтой гэж байгаа.
Туршлагын хувьд ч 2018 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт давтагдсан тоогоор 300,000 гаруй хүнд хүрч үйлчилсэн туршлагатай аж.
Гэснээс яг одоо болж буй “Mongolia Mining 2026” арга хэмжээнд оролцож, Triple Catering-н бүүтээр зочлоод халуун кофегоор дайлуулж, буу халангаа үнийн санал, мэдээлэл авах боломжтой гэсэн шүү. За тэгээд тулсан газар хэрэг болох тул хадгалаад аваарай. 😉
📍 Буянт-Ухаа Спортын ордон
⏰ 4 сарын 15-17


tenor
🍋 Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо жилийн өмнөхөөсөө 18.7% нэмэгдэж 11.8 мянгад хүрэв. Энэ тоог 2 жилийн өмнөхтэй харьцуулбал бүр 3.7 мянгаар нэмэгдсэн байна. Нийт гадаадаас ирж хөдөлмөр эрхлэгчдийн 59.6%-ийг Хятадын иргэд эзэлж байгаа бөгөөд тэдний тоо жилийн өмнөхөөсөө 18.5% өсөж 7 мянгыг давжээ.
🍋 Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1% өслөө. Улмаар м.кв-н дундаж үнэ нь ₮4.91 саяд хүрсэн бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу ₮5.91 сая байна. Харин хуучин орон сууцны үнэ 9.5% өсөж дундаж нь ₮4.71 сая болсон бөгөөд мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүрэгт хямд байгаа аж.
🍋 Claude AI-н бүтээгч Anthropic компани венчур капиталистуудаас хөрөнгө оруулалтын санал авснаар $800 тэрбумын үнэлгээд хүрээд байна. Энэ нь хоёрхон сарын өмнөх үнэлгээнээс 2 дахин өссөн үзүүлэлт юм. Компани энэ жил IPO хийхээр байгаа. Хэрэв ийм хэмжээний үнэлгээтэйгээр хөрөнгө оруулалт татах эсвэл IPO хийвэл AI салбарт гал гарахаар байна даа.
🍋 “Эрчим хүч-4” төсөл буюу Мандалговь-Арвайхээр чиглэлийн дэд станцыг өргөтгөх төслийг $78 саяын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Үүнд 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 1 дэд станцыг шинээр барих, 3-ыг өргөтгөх ажлууд хийгдэх хамрагдах нь. Санхүүжүүлэгч нь Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк бөгөөд зээлийн хугацаа 25 жил гэнэ дээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply