- Lemon Press
- Posts
- 😵 Утааны утаарсан бодлого
😵 Утааны утаарсан бодлого
Пентагоны хар жагсаалт | ТОП ⬆️10.5%, ТОП ⬇️ 7.9% | ₮1.7 тэрбумын камер
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Олон удаагийн торгуультай, замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчсөн жолоочийн жолоодох эрхийг хасах журам хэрэгжиж эхэлснийг мэдсэн үү? Торгуультай байгаа эсэхээ ЭНД дарж шалгаарай. 15 хоногийн дотор төлбөл 50% хөнгөлүүлэх юм байна лээ шүү. 😮💨
*Нэг өдрийн өөрчлөлт
CUS: Өнгөрсөн онд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа бүтээгдэхүүн өмнөх оноосоо 12% өсөж $27.4 тэрбумд хүрэв.
MNG: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
GOV: Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох төлөвтэй байна.
😵 Утааны утаарсан бодлого
Жавар тачигнасан Монголын их өвөл шувтрахтай зэрэгцэн ЗГ маань утаа, түгжрэлийн эсрэг эрчимтэй тэмцэж, бүр Ковид-19-ийн үе шиг ажиллахаа мэдэгдлээ.
😷 Түлшинд л асуудал байж…
Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглоод 7 жил болж байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс нийслэлийн утааг 50% бууруулсан гэж ярих ч одоо байгаа байдал аюулын түвшинг давчихсан. Гэтэл ахиад л өнөө түлшээ барьцалдуулагчийг нь шинэчилж Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлш болгох гэнэ. Үүнийгээ 3 сарын 1-нээс эхэлж солино гэж байгаа.
🗣️ Бүхнийг шийдэх хуультай болно
Цаашлаад утааг бууруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон бөгөөд утааны эх үүсвэр болж буй гэр хороолол, ДЦС, уурын зуух, одоо үйлчилгээнд явж байгаа 1,300 автобус гэхчлэн бүгдийнх нь 30%-ийг жил бүр хийн түлшинд шилжүүлнэ гэнэ дээ.
🧐 Ойрын шийдэл = Хий: Улмаар тусгай дэглэм бүхий ногоон болон шар бүсүүдийг тодорхойлж, ногоон бүс дэх 50 мянган айл өрхүүдийг хийн түлшний шугамд холбох бол шар бүсэд нь стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлэхээр 32 мянган зуухны тендерийг энэ сард багтаан зарлана.
😮💨 Харин урт хугацаандаа 2027 онд өнөө 14 мега төслийн нэг болох Нүүрс-пиролизийн үйлдвэрийг эцсийн байдлаар ашиглалтад оруулж утааг 60%-80% бууруулахын сацуу 100 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
🥲 Утаанд зарцуулсан мөнгө: Өнгөрсөн 10 жилд утаагүй болгоно гээд төсвөөс болон гаднын хөрөнгө оруулалтаар ₮1.5 их наядыг үргүй зарцуулчихсан. Утаа их байгаа болохоор ахиад төсөл хэрэгжүүлнэ. 🤐
🤔 Шинэ боломж
Нөгөө талд нүүрсээр л гэрэл, дулаантай амьдарч буй Монголд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх ирээдүйтэй төсөл амжилттай хэрэгжиж буй. Тухайлбал, TMK Energy (TMK.AX)-н метаны хийн Гурвантэс XXXV төслөөс олборлосон хийгээ Герман компанид эрчим хүч үйлдвэрлэхэд нийлүүлэхээр болсон.
🧮 Тооцоолол: Төслийн олборлолт хийх нийт нөөцийг 1.2 их наяд шоо фут хэмээн урьдчилан тооцсон байдаг. Үүнийг ChatGPT-н тооцуулахад гагц Монголын хэрэглээг бүхэлд нь 12-15 жил хангахуйц нөөц гэв. Тус компанийн удирдлага Монголын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспорт хийх ч боломжтой хэмээж байсан даа.
Эцэст нь… Энэ өвлийн утааны асуудал сарын дараагаас л аяндаа алга болно. Гэхдээ санаа зоволтгүй. Ирэх өвөл ч утааны асуудал гараад л ирэх тул эрх баригчид маань хийх ажилтай л байх нь. ЗГ жил жилийн өвөл гэнэт сэрж утаагаа шийдэх олон янзын арга туршиж байх зуур бид цэвэр биш юмаа гэхэд бүтэн амьсгалах боломжтой агаарыг л мөрөөдсөөр.
ТОП ⬆️10.5%, ТОП ⬇️ 7.9%
⬛✒️ Пентагоны хар жагсаалт
Америк хар жагсаалтаа зузааруулсаар Хятадын компаниуд тус улсад бизнес хийх улам л хэцүү болж байна даа.
🗣️ Хятадын акулууд: Заргалдана
Өнгөрсөн Мягмар гарагт Пентагон Tencent (0700.HK), CATL (300750.SZ), COSCO Shipping Corporation, арилжааны онгоц үйлдвэрлэгч компани гэхчлэн 50 гаруй компанийг Хятадын арми болон цэргийн тэлэлтэд нөлөө бүхий гэх үндэслэлээр “1260H” буюу хар жагсаалтдаа оруулсан юм. 2021 оноос хэрэгжих болсон тус жагсаалтад өдгөө 134 Хятад компани багтах болсон төдийгүй тус улсын хамгийн өндөр үнэлгээтэй ТОП-20 компанийн 4 нь багтаж буй.
🕵️♀️ Тагнаж байвал яах юм! CATL болон Tencent-н аль аль нь ямар нэгэн цэрэг, зэвсэгтэй холбогдох бизнес эрхэлдэггүй гэдгээ илэрхийлж, тус жагсаалтаас хасахгүй бол хуулийн арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Нөгөө талд Америк мэдээллийн аюулгүй байдал, тагнаж чагнах асуудлаар бамбай хийж буй.
👀 Ялгаа: Уг жагсаалтын худалдааны хар жагсаалтаас ялгаатай тал нь ямар нэгэн тодорхой хориг тавьдаггүй ч Америкийн компаниуд тус жагсаалтад орсон компаниудаас дөлөх, олон улсад Америкийн хар жагсаалтад орсон гэх утгаараа нэр хүндэд нь сөргөөр нөлөөлдөг аж.
🫅 Түүхэн өндөр хориг
Сонирхолтой нь Хятадтай нэг дэлхийд багтаж шингэх арга хайна гэдэг Байден худалдааны дайныг эхлүүлсэн Трампаас ч илүү олон Хятад компаниудыг хар жагсаалтад нэмсэн байдаг.
🤨 Гарах магадлал: Харин тус шийдвэрийг Трамп хадгалж үлдэх үү гэдэг сонин. Ядаж байхад CATL чинь Tesla (TSLA)-н томоохон ханган нийлүүлэгч гэхээр тус жагсаалтаас гарах магадлал өндөр.
🥲 Үлдэх магадлал: Tencent-н хувьд 2020 онд Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс Америкт WeChat-г хориглохыг оролдож байсан гэхээр тэднийг жагсаалтад үлдээхийг үгүйсгэхгүй л юм.
Эцэст нь… Америк болон Хятадын худалдааны дайн яван явсаар технологийн дайн болон хувирч байна. Олон улсын зүгээс Америкийн тус шийдвэрийг бодлогогүй алхам гэж харж байгаа буюу Хятад дэлхийн үйлдвэрлэлийг атгаж байгаа цагт тэднээс ангижирна гэдэг өөрсдийгөө дэлхийгээс тасалж байгаагаас ялгаагүй гэж буй. Үүний томоохон жишээ нь Huawei юм даа.
42.5 сая тн
Төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ өнгөрсөн жил 42.5 сая тн болж 2023 оноос 2.8 дахин өсжээ.
15 мянга
Уг салбарт нийт 15 мянга орчим хүн 1,115 км замыг хариуцан ажиллаж буй.
3.7 дахин
Сүүлд хэрэгжихээр болсон төмөр замуудыг тооцвол нийт төмөр замын сүлжээ 4,200 км болж 3.7 дахин өсөж, ажиллах хүчний тоо тэр хэрээр нэмэгдэх нь.
🪄🛋️ Uran AI: Интерьерийг AI-р төгсрүүлнэ
Өдгөө 120 гаруй интерьер төслийн ард гараад буй Uran Khiits Монголд анх удаа AI ашиглан интерьер загвар гаргах тун дажгүй шийдэл нэвтрүүлжээ. 👏
Нэг ёсондоо Uran AI нь интерьер загвараа тодорхойлох хамгийн эхний шатыг хялбарчилж өгч байгаа юм. Эхлэл бол нийт ажлын 90% гэдэг дээ.
👀 Бодитоор хар: Uran AI Demo хувилбарыг ашиглан орон сууц, оффис, худалдаа үйлчилгээ болон рестораны аливаа өрөөний талбайн зургийг оруулан хүсэж буй өнгө, хэв маягаа сонгоод хэдхэн минутад интерьер загвараа харах нь.
💡 Жишээ өгье: Хэрэв минимал хэв маягийг сонгосон бол Uran AI нь зөвхөн үүнд тохирсон хөшиг, тавилга зэргийн дүрслэлийг бусад хэв маягтай хольж хутгахгүй гаргах юм.
За тэгээд Pinterest ухаж толгойгоо гашилгалгүй Uran AI Demo хувилбараар туслуулан интерьер загвараа өөрийн гараар бүтээгээрэй. Өөрийн юм гэдэг сайхан даа. 🙂↕️
The Hollywood Reporter
🍋 Getty Images (GETY) болон Shutterstock (SSTK) $3.7 тэрбумаар нэгдэж AI-тай тэмцэнэ. Энэ хүрээнд Shutterstock-н хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаанд $28.8 бэлнээр, Getty-н 13.67 ширхэг хувьцаа эсвэл Getty-н 9.17 ширхэг хувьцаа ба нэгж хувьцаанд $9.50 бэлнээр хослуулан авах сонголттой бөгөөд нийт хувьцааны 54.7%-ийг Getty-н хөрөнгө оруулагчид эзэмших аж.
🍋 Эрдэнэс Тавантолгой ХК ₮1.7 тэрбумаар хяналтын камер авна. Нийт үнийн дүнд 182 ширхэг камер болон дагалдах төхөөрөмж багтаж байгаа аж. Улмаар гаалийн хяналтын бүсийн талбайн үйл ажиллагаа болон нүүрс тээврийн 8.2 км авто замыг “Шуурхай, удирдлагын төв”-д хянах, удирдах боломж бүрдэх гэнэ. Тендер нь 1 үе шаттай бөгөөд, гадаадын этгээд оролцох боломжтой.
🍋 Hyundai (HYMTF)-н автомашинууд Amazon (AMZN) дээр худалдаалагдаж эхэллээ. Тодруулбал Amazon Autos дээрээс Hyundai-н автомашины өнгө загварыг сонжихоос гадна тэдний дилертэй шууд холбогдож захиалга өгөх, хүргүүлэн авах цагаа тохируулах боломжтой аж. Ийнхүү Hyundai нь Amazon Autos дээр автомашинаа борлуулж буй анхны автомашины брэнд болов.
🍋 ЗГ-ын гишүүд ЗГ-аас санаачилсан хууль, тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асуух, эсэргүүцэх эрхгүй болов. Өчигдөрхөн батлаад буй “ЗГ-ын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай” тогтоолын төсөлд ийнхүү тусгагджээ. Түүнчлэн Яамдын Сайдууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаан тасалбал ЕС хариуцлага тооцох зохицуулалт тусгагдсан байна.
❌ Meta баримт шалгагчдыг улс төрийн хэт нэг талыг баримталдаг гэх үндэслэлээр баримт шалгах системээ халлаа. (Meta)
📡 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүлжээ оруулах цэгүүд. (ЦХИХХЯ)
💵 Япон Улс ажиллах хүчний хөгшрөлтөөс гарах арга олжээ. (Fortune)
🤖 Жефф Безос өнгөрсөн жил AI-д суурилсан стартапуудад нийт $2.2 саяын хөрөнгө оруулжээ. (Forbes)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply