- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Үлэмж биетнүүд
🇲🇳 Үлэмж биетнүүд
Нисэхийн томчууд улайлаа | $TEX: Алдагдлаас ашиг | Баян Овоо 50% өснө
POWERED BY
Өглөөний мэнд! Дурлалаар бороо нь ордог, дугарч амжилгүй хацар минь нордог гэж… Урлаг соёлын зүтгэлтэн, олны танилууд маань улс төрд ордог жишиг улам л тэлж байна даа. Ирэх 2 жилд дараалан сонгуультайг ч хэлэх үү, илүү олон зүйл үзэх нь дээ. 😮💨😮💨


*Нэг өдрийн өөрчлөлт.
PMI: Монгол Улсын PMI индекс II улиралд үйлдвэрлэл болон шинэ захиалгын өсөлтийн нөлөөгөөр өмнөх улирлаас 5.1 нэгжээр өсөж 44.5-д хүрсэн боловч сүүлийн 6 улирал дараалан агших мужид хэвээр хадгалагдлаа.
UB: Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг батлав.
LEND: ЛэндМН ББСБ (LEND) Монложистикс Холдинг ХК (MLG)-тай худалдан авалтын зээлийн гэрээ байгууллаа.

😬 Тэрбумаар хэмжигдэх өсөлт

Өмнө нь сайд нарын 2027 онд үрэх төсвийн зардлыг тоймлож байсан бол одоо дарга нарынх руу өнгийе. Ирэх онд төрийн өндөр албан тушаалтнуудын төсөв нийт ₮31.2 тэрбумаар нэмэгдэхээр тусгагджээ. Энэ бялууг хэн хамгийн их хүртэж, хэн бүсээ чангалав?
🤯 Аюулгүй байдлын тэсрэлт: +83.8%
Хамгийн их анхаарал татах нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсөв юм. Тодруулбал, бараг 2 дахин өсөж ₮39.4 тэрбумд хүрчээ. Үүний араас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга орж байгаа бөгөөд төсөв нь 22.5% өсөж ₮30.5 тэрбум болсон байна. Төрийн тэргүүний аппаратад ийнхүү томоохон санхүүжилт хуваарилагджээ.
🧑⚖️ Төсвийн үлэмж биетнүүд ба шүүх засаглал
Хамгийн их мөнгө захиран зарцуулж буй рекордыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ба Их Хурлын дарга нар эзэмшсэн хэвээр. Мөн шүүх засаглалын шинэтгэлтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зардал 15.5%, Үндсэн хуулийн цэцийн даргынх 18.7% дээшилсэн байна.
🔻 Бүсээ чангалагчид: Хэн хасагдав?
Бүх дарга нарын төсөв өсөөгүй. 15 даргын 2-ынх нь төсөв буурч. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын төсөв 10.1%, Төрийн албаны зөвлөлийн дарга 6.6% тус тус танагджээ. Нөгөө талаар Авлигатай тэмцэх газар болон Үндэсний Статистикийн Хорооны даргын төсвийн хязгаар харьцангуй даруухнаар өссөн аж.
Эцэст нь.. Ирэх оны татварын орлогоос аюулгүй байдал, Ерөнхийлөгчийн институтэд томоохон хөрөнгө урсах ба хяналтын байгууллагууд бүсээ чангалах жил болох нь. Сонгуультай жил гэдгийг бодохоор утга нь тайлагдах шиг.

🇲🇳 Дэлхийн зах зээлд метан хий гаргах Jade Gas-н талаар заавал мэдэх фактууд. (iToim)
🐟 Төвөдийн Ярлун Цангпо голын загасны нүүдлийг царай таних AI-р судалж байна. (SCMP)
🗾 Индонез хүмүүс хүүхдээ Японы анимийн дүрээр нэрлэх нь түгээмэл боллоо. (Japantimes)
🗣️ Бодлого боловсруулагчдад бизнес эрхлэгчдийн дуу хоолой хүрэх боломж. (BusinessPulse)

💰 $TEX: Алдагдлаас ₮1.4 тэрбумын ашигтай
TEX: Энэ оны эхний хагас жилд Техник Импорт ХК-ийн борлуулалтын орлого 2025 оны мөн үеэс 8.3% өсөж ₮70.8 тэрбумд хүрчээ. Ингэснээр компани ₮1.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, 2025 оны мөн үеийн ₮528.3 саяын алдагдлаас ашигт ажиллагаанд шилжсэн аж. Цэвэр ашиг өсөхөд түрээсийн орлого 36.3% өсөж ₮530.1 саяд хүрсэн болон хүнтэй холбоотой зардал 1.4% буурч ₮2.4 тэрбумд, санхүүгийн зардал 31.3% багасаж ₮1.8 тэрбум болсон нь ихээхэн нөлөөлжээ. Сонирхуулахад, энэ он гарснаас хойш $TEX-н хувьцаа ердөө 8 өдөр арилжаанд орж, нийт 397 ширхэг хувьцаа ₮10.3 саяар арилжаалагджээ.

✈️ Нисэхийн томчууд улайлаа

Шатахууны хямрал зөвхөн Монголын асуудал биш болоод багагүй хугацаа өнгөрлөө. Үүний нэг жишээгээр агаарын тээврийн салбарынхан тодорч, салбарын хамгийн олон зорчигчтой ТОП-10 компанийн цэвэр ашиг өнгөрсөн II улиралд дунджаар 38.5% буурчээ.
💥 Титануудын уналт
Нислэгийн титануудын дундаас хамгийн том цохилт амссан нь жилд ойролцоогоор 275.5 сая зорчигч тээвэрлэдэг American Airlines (AAL) боллоо. Тухайлбал, $AAL-н цэвэр ашиг өнгөрсөн улиралд 2025 оны мөн үеэс 88.3% буурч $71 саяд хүрсэн аж. Үүний араас Европын акул Deutsche Lufthansa (LHA.DE) жагсаж, өнгөрсөн улиралд $141 саяын цэвэр ашигтай ажилласан ч энэ нь жилийн өмнөхөөсөө 87.1% бага үзүүлэлт байв.
💭 Б төлөвлөгөө: Дэлхийн ТОП-10 авиа компанийн дийлэнхийнх нь цэвэр ашиг буурсан ч Southwest Airlines (LUV)-н хувьд суудлын дүүргэлтийг сайжруулж, нэмэлт үйлчилгээний хураамжаар орлогоо өсгөсний үр дүнд $233 саяын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр $LUV-н цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 9.4% өссөн байна.
🇨🇳 Бүрхэг тэнгэр: Саяхан хятадын төрийн өмчит агаарын тээврийн их гурвал болох Air China (0753.HK), China Southern Airlines (1055.HK), China Eastern Airlines (0670.HK) нар II улирлын хүндхэн санхүүгийн гүйцэтгэлээ урьдчилж мэдээлжээ. Товчхондоо дотоодын өрсөлдөөн, онгоцны түлшний үнийн өсөлтийг хедж хийгээгүйн улмаас тэдний алдагдал $1.1-$1.3 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж.
🔮 Салбарын ирээдүй
Дэлхийн агаарын тээврийн холбоо (IATA)-ноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр 2026 онд олон улсын томоохон авиа компаниудын цэвэр ашиг $45 тэрбумаас $23 тэрбум болж, хямралын өмнөх үеэс 2 дахин буурах хүлээлттэй байна. Цаашлаад, зорчигчдын эрэлт өндөр байж, орлого өсөхөөр байгаа ч үүнийг даган зардал нэмэгдэхээр байгаа аж. Үүний үр дүнд салбарын цэвэр ашгийн маржин 4.2%-иас 2% хүртэл унах гэнэ.
Эцэст нь… Авиа компаниуд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд зардлаа танаж, тийзийн үнээ нэмэхээс гадна урт хугацаанд эко-түлш (SAF) рүү шилжих шаардлага тулгарч байна. Нэг үгээр, дэлхий даяар тэнгэрээр нэг онгоц нисэж байгаа ч авиа компаниудын ашиг урьдын өндөрлөгтөө эргэн очиход амаргүй бололтой…

Apple-н анхны лого Исаак Ньютоны зурагтай байсан гэвэл итгэх үү?

Fine Print Art
🍎 Тэртээ 1976 онд Apple-н анхны логог компанийн хамтран үүсгэн байгуулагч Рональд Уэйн алдарт эрдэмтэн Исаак Ньютоныг алимын модны доор сууж буйгаар дүрслэн бүтээжээ. Гэвч энэхүү лого нь бүтээгдэхүүн дээр хэвлэхэд хэтэрхий төвөгтэй байв. Иймээс ердөө жилийн дараа Стив Жобс илүү орчин үеийн, энгийн хэр нь хүмүүсийн ой санамжид шууд үлдэх солонгон өнгөтэй хазсан алимын дүрсээр логогоо бүрмөсөн сольсон түүхтэй.


investingLive
🍋 Өчигдөр технологийн хувьцаанууд буурсан бөгөөд Meta (META) AI-ийн шинэ стратегиа танилцуулж, Intel (INTC) хувьцаагаараа санхүүжилт босгохоо зарлав. Тодруулбал, Марк Цукерберг хүн бүрд нээлттэй "Muse Glimmer" AI загвараа танилцуулсан бол Intel үйл ажиллагаагаа өргөтгөхөөр $15 тэрбумын нэмэлт хувьцаа гаргахаар болжээ.
🍋 Хятад Өвөр Монгол дахь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд буюу Баян Овоогийн олборлолтын хүчин чадлыг 50% өргөжүүлнэ. Тодруулбал, жилийн олборлолтын хэмжээг 10 сая тонноос 15 сая тн болгож байгаа аж. Хятад дэлхийн чухал ашигт малтмалын зах зээл дэх монопол давамгайллаа улам чангаруулж байна даа.
🍋 Чингис хаан Баялгийн сан нэгдэл ХХК Өмнөд Солонгосын Samsung C&T корпорацтай уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, хүний нөөцийг бэхжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ нь Монголын баялгийг дэлхийн хөрөнгө оруулалт, мэдлэг технологитой холбох чухал алхам болж байна.
🍋 Казахстан Улс $500 саятай тэнцэх хэмжээний юанийн бонд гаргана. Улмаар Хятадын банкнуудтай хэлэлцээ хийж өрийн эх үүсвэрээ зөвхөн барууны зах зээлээс хамааралтай байлгахгүй олон талт болгох, хүүгийн зардлыг бууруулах болон төсвийн алдагдлаа санхүүжүүлэх нь ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply