☕ 60 аяга кофе

$TDB-н өсөлт | Хятадын томоохон худалдааны экспо | Ахиад л Монголын авлигын хэрэг

POWERED BY

Шинэ сарын мэнд! Энэ он дуусахад яг 60 өдөр үлдэж байна. 2025 он хүртэл 60 аяга кофе ууж, 60 өндөг идэж, нэлээд хэдэн товхимол унших нь дээ. 😜

MSE: ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн $-ын Ногоон Бондын анхдагч зах зээлийн арилжаанд 148 захиалга ирснээр зах зээлээс $11 саяыг амжилттай татан төвлөрүүлж 100%-ийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа

GOV: Монгол болон Итали агаарын бохирдлыг бууруулах сайн туршлагуудын талаар санал солилцож, ногоон орон сууц, ногоон барилгын стандартыг хэвшүүлэх чиглэлд хамтран ажиллана

OT: “Оюу Толгой” ХХК болон Канадын Entree Resources-н хамтран эзэмшиж буй “Шивээ толгой" тусгай зөвшөөрөл бүхий талбайн “Лифт 1”, “Панель 1”-ийн гүний уурхайн хөгжүүлэлтийн ажил эхэллээ.

 

🤑 $TDB-н өсөлт

Зээ, удаан хүлээсний эцэст Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны тайлан гарчээ. Цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 83.4% өсөж ₮200 тэрбумыг давсан байна. Юу нөлөөлөв өө?

🔍 Түүхэн ашгийн цаана

Тус банкны хүүгийн орлого тайлант хугацаанд 50.9% өссөн бол зардал нь 28% л нэмэгдсэн байгаа юм. Улмаар хүүгийн орлого болон зардлын зөрүү ₮166.6 тэрбумаар холдсон буюу ашигт ажиллагаа сайжирсан хэрэг. Угаас тэдний цэвэр зээл 33% өсөж ₮5.8 их наядад, харилцах хадгаламжийн хэмжээ нь 20.7% нэмэгдэж ₮8.7 их наядад хүрсэн байна. Иймээс л тэдний цэвэр ашиг огцом нэмэгдсэн хэрэг. 

  • 📌 Дунджаас доогуур: Гэхдээ ХХБ-ны энэ өсөлт нь ТОП-5 банкны дундаж өсөлтөөс доогуур байгаа юм. Жишээ нь ТОП-5 банкны нийт хөрөнгө дунджаар 27.7% өссөн байхад ХХБ-ны өсөлт үүнээс 5 нэгж хувиар доогуур байна. Мөн цэвэр зээл, харилцах хадгаламж, цэвэр ашгийн өсөлтийн хувь зэрэг нь бүгд дунджаас ялимгүй доогуур аж. 

  • 🔻 1 бүхлээс 0.4 рүү: Түүнчлэн яг  жилийн өмнө тус банкны чанаргүй зээлийн хэмжээ ₮1 их наядыг даваад байсан бол тайлант хугацаанд ₮432 тэрбум болж буурсан байна. Гэхдээ нийт цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ нь 7.5% буюу салбар дундаа өндөр хэвээр байгаа гэсэн үг. 

😴 Сэргэдэггүй ханш

Үргэлжлүүлээд, $TDB-н хөрөнгийн зах зээл дэх дүр төрхийг авч үзвэл байдал тийм ч сайн биш байна. Тодруулбал, тэдний хувьцааны үнэ өнгөрсөн оны 6-р сард л түүхэн дээд хэмжээ буюу ₮35.5 мянгад хүрсэн. Харин үүнээс хойш унаж^2 өнгөрсөн оны сүүлээр л ₮33 мянга буюу IPO-н үнэ дээрээ очсон юм. Өчигдрийн байдлаар бол хувьцааны үнэ нь ₮24,500 буюу IPO үнээсээ 34.7% доогуур байна. Улмаар тэдний зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш л гэхэд ₮445 тэрбумаар буурчээ. 

Эцэст нь… ХХБ-ны санхүүгийн үзүүлэлтүүд өсөлттэй ч салбарын дунджаас доогуур, нэмээд хувьцаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэг их татахгүй л байна уу даа. 

🇲🇳 Нэмэлт өрөмдлөгөөс олзтой!

TMK.AX: TMK Energy “Гурвантэс XXXV” төслийнхөө “Lucky Fox” талбайд нэмэлтээр хийж буй өрөмдлөгөөр 60 м зузаан хийтэй нүүрс илрүүлжээ. Тэд тус талбайд нэмэлтээр 3 цооногийн өрөмдлөг хийж байгаа бөгөөд 2 дахь цооногоосоо буюу 475 м-ийн гүнд хийсэн өрөмдлөг нь амжилттай болсон байна. Компани нэмэлт өрөмдлөгийн хүрээнд эхний буюу Lucky Fox-05" цооногийн 480 м өрөмдлөгийн дүнд 60 м зузаан хийтэй нүүрс огтолсноо мэдээлж байв. Тус 3 цооногийн өрөмдлөгийн ажил дууссаны дараа үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

🦬 Хятадын хамгийн том импортын үзэсгэлэн

Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE) ирэх Мягмар гарагт эхэлж 11 сарын 10-ныг хүртэл Шанхай хотод зохион байгуулагдах гэж байна. Хятад тус экспог 2018 оноос хойш тасралтгүй буюу Ковидын жилүүдэд ч уламжлал болгон зохиож байгаа билээ

🌉 Импортод суурилсан платформ

Тус экспод энэ жил дэлхийн 128 гаруй орноос 3,400 орчим оролцогч оролцох төдийгүй экспо болох нийт талбайн хэмжээ 500,000 м.кв-г хамарч буй. Энэ нь Сүхбаатарын талбайгаас даруй 16 дахин их талбайг хамарсан гэхээр тус экспог хэр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг нь харагдах биз ээ. 

  • 👍 Шинэ + хэрэгцээт техник, технологиуд: Экспогоор ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи, автомашинаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тээвэр логистикийн гэхчлэн олон төрлийн хэрэгцээт, сонирхолтой бараа бүтээгдэхүүн, техник, технологиор дүүрэн байна гэнэ шүү. 

  • 🔝 Өсөн нэмэгдсээр: Өнгөрсөн жил тус экспогийн үеэр хийгдсэн худалдан авалт болон хэлцлийн дүн 2022 оноос 6.7% өсөж $78.4 тэрбумд хүрснээр түүхэн дээд амжилт тогтоож байв.

🌐 Дэлхий нийтийг хамарсан худалдааны экспо

Үүнээс гадна Хятад жилдээ 2 удаа дотоод болон гадаадын бизнес эрхлэгчдийг холбосон “Canton Fair” худалдааны экспог зохион байгуулдаг. Тус экспог Хятад бүр 1957 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр л өргөн цар хүрээ, нүсэр зохион байгуулагддагаараа дэлхийд зартай даа. 

Эцэст нь… Дэлхийн өнцөг булан бүрээс Хятадад зохион байгуулдаг үзэсгэлэн худалдааг зорих бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр л байна. Нөгөө талдаа эдгээр үзэсгэлэн худалдаа, экспонууд тус улсын төдийгүй дэлхийн худалдаа, эдийн засгийн дипломат харилцааг өргөжүүлэх хүчирхэг хэрэгсэл болсон хэвээр. Ялангуяа өрнийн орнууд Азийн зах зээлийг Хятадаар харж байгаа үед “CIIE” болон “Canton Fair” шиг экспонууд бизнесээ Азид өргөжүүлэхэд нь томоохон хөшүүрэг болдог нь гарцаагүй.

💡 Таавар таацгаая. “…” нь өндрөөр үнэлэгддэг зүйл боловч харах боломжгүй бөгөөд сурталчилгаа шаардахгүйгээр борлуулалтыг өсгөж байдаг. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

🟢 Бизнесийн хүрээгээ тэлэх боломж

Бизнес эрхлэгч та Юнител групп болон түүний охин компаниудтай бизнесийн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдсэн үү? Тэд хүн бүрд  нээлттэй нийлүүлэгчийн хамгийн том нэгдсэн мэдээллийн сан болох MCS Supplier Portal-д таныг хүлээж байна. 📢

  • 😎 Төсөөллөөс илүү: Юнител групп нь энэ оны эхний хагаст нийт нийлүүлэгчээсээ ₮100 тэрбум, үүнээс 86% буюу 640 дотоодын нийлүүлэгчдээс 1,077 захиалга авч, улмаар ₮80 тэрбумын худалдан авалт хийсэн байна.

Түүнчлэн тус компани нь дотоодын нийлүүлэгчдэдээ давуу боломж олгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж илүү хүртээмжтэй бөгөөд олон талын төлөөлөлтэй бизнесийн орчныг бүтээхээр зорин ажилладаг аж.

Гэснээс, Юнител групп саяхан “Видео контентын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах” тендер зарласан байна шүү.

Miu Miu

🍋 Miu Miu-н ашиг энэ оны III улиралд өмнө жилийн мөн үеэс 105% нэмэгджээ. Харин мөн оны эхний 9 сард компанийн ашиг өмнөх оны мөн үеэс 97% нэмэгдсэн байна. Эсрэгээрээ тэдний толгой компани болох Prada (PRDSY)-н ашиг энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 18% л нэмэгдсэн байна.  

🍋 ХХБ (TDB) Францын хөрөнгө оруулалт, санхүүгийн, төрийн өмчит банк Bpifrance-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Тодруулбал, Монгол Францаас $100 гаруй саяын бүтээгдэхүүн импортоор авч, $25 орчим саяын бүтээгдэхүүн экспортолж буй ч энэ нь ноолуур болон зарим нэг уул уурхайн бүтээгдэхүүнээр хязгаарлагдаж буй. Тэгвэл уг хамтын ажиллагаа нь Монголын экспортыг солонгоруулах эхлэл болох нь.

🍋 Trafigura-н Монгол дахь газрын тосны бизнесийн луйврын шинжтэй үйл ажиллагааны улмаас $1.1 тэрбумын алдагдал хүлээнэ. Илүү харамсалтай нь тус компани өмнө нь мөн л энэ асуудлаар 2021 онд $500 саяас илүү хохирол амсаад байсан юм. Уг нь компанийн II улирлын орлого $1.47 тэрбумд хүрсэн бөгөөд оны эцэст жилийн орлого $2 тэрбумд хүрэхээр тооцоо гараад байж. 

🍋 Монголын шүүхийн индекс өмнө жил 53.22 болж 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахив. Уг индексийн судалгааг Нээлттэй нийгэм форум 2021 оноос эхлэн 2 жил тутамд хийж буй бөгөөд шүүхийн үйл ажиллагааг 42 үзүүлэлт дээр үндэслэн 100 онооноос үнэлдэг аж. Үүнээс гадна өмнө жилийн судалгааны өгөгдөл нь 400 гаруй хуульчийн үнэлгээ, захиргааны статистик мэдээллээс бүрдсэн байна.

  • 🆕 Samsung брэндийн нэрээ шинэчилнэ. (TechRadar)

  • 🤝 Нэр төр болон манлайллын нийцэл. (HBR)

  • 📱 Андройд утастай хүүхдүүд ирэх жилээс Google Wallet ашиглах боломжтой болно. (9to5Google)

  • 🏆 Дэлхийн ТОП стартапуудын өрсөлдөөнд энэ жил хэн тэргүүлэв? (TechCrunch)

Reply

or to participate.