- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монголд 1.8 сая ажилтан хэрэгтэй!
🇲🇳 Монголд 1.8 сая ажилтан хэрэгтэй!
ТОП-5: Цэвэр ашиг -8.8% | Happy LEGO Day! | $ERDN-н $25 саяын санхүүжилт
POWERED BY
🧱 Happy LEGO Day! 1958 оны 1 сарын 28-нд Godtfred Kirk Christiansen LEGO-н алдарт 2×4 пластик блокын патентыг анх бүртгэсэн нь зөвхөн тоглоом бус, бүтээлч сэтгэлгээний хүчийг дэлхийд харуулсан үйл явдал байлаа. Иймээс өнөөдөр бол гэр бүл, найз нөхөдтэйгээ Lego-р тоглох, Lego‑н түүх, брэндийн хөгжил, бүтээлч сэтгэлгээг хүндэтгэх өдөр юм шүү. ✨💡


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн 5 жилд 2.8 дахин нэмэгдэж ₮12.6 их наядад хүрчээ.
UB: Өнгөрсөн онд нийслэл 16 мега төслийн 10-ыг гэрээлж, 200 орчим жижиг, дунд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссан, заримыг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа аж.
MECC: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ оны II хагасаас эхлэн Улаанбаатар хотод евро 5 стандартын шатахуун ашиглах шийдвэр гаргажээ.
BOM: Монголбанк JP Morgan Chase (JPM)-тай банкнуудын корреспондент дансны харилцааг өргөтгөх, Ирээдүйн өв сангийн удирдлагыг дараагийн шинэ шатанд гаргах чиглэлд хамтран ажиллах санал тавив.

🔻 ТОП-5: Цэвэр ашиг -8.8%

ХХБ (TDB)-ны тайлан гарснаар ТОП-5 банкны 2025 оны тайланд шинжилгээ хийх боломжтой боллоо. 2024 оны эцэст бүх банкны ашгийн үзүүлэлт ногоон өнгөтэй байсан бол энэ удаад байдал өөрөөр эргэжээ.
😵💫 ₮75.3 тэрбумаар буурав
ТОП-5 банкны нийт цэвэр ашиг 2024 оны эцэст жилийн өмнөхөөсөө дунджаар 54.4% өсөж нийлбэр дүн нь ₮1.6 их наядыг давж байв. Гэтэл энэ жил:
3 банкны цэвэр ашиг буурч,
2 банкны ашиг бага зэрэг өссөнөөр нийт дүн 2024 оныхоос ₮75.3 тэрбумаар багасжээ.
📉 Зардал ихсэж, орлого дундрав: Цэвэр ашиг нь буурсан банкнуудын хувьд хүүгийн зардал нь нэмэгдэж, хүүгийн цэвэр орлого нь буурчээ. $SBM-н хүүгийн зардал 44.5%, Голомт банк (GLMT)-ных 50% тус тус өссөн байх жишээтэй.
🆙 Хөрөнгө нэмэгдсээр: Нөгөөтээгүүр банкны салбарын зээлийн багц тэлсээр байгаа тул ТОП-5 банкны нийт хөрөнгийн хэмжээ дунджаар 16% өсөж нийлбэр нь ₮74.7 их наяд болжээ. Энэ нь МХБ (MSE) дээр бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээнээс 5.3 дахин өндөр дүн аж.
👠 ROE = 19%: Анхаарууштай нь хөрөнгийн хэмжээ өсөхөөс илүүтэй түүнийг хэр үр ашигтай ашиглаж байгаа нь чухал. 5 банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-ийг харвал дунджаар 19% байгаа нь нэлээд өндөр түвшин. Тэр дундаа ХААН Банк (KHAN)-ных 24.6% буюу маш өндөр, Төрийн банк (SBM)-ных хэвийн буюу 12.5% байна.
🤑 Зах зээлийн үнэлгээ: +₮268.8 тэрбум
2024 оны эцэст ердөө 2 банкны зах зээлийн үнэ өсөж бусад нь унаж байв. Харин 2025 онд ХХБ (TDB)-ны зах зээлийн үнэлгээ ₮301.6 тэрбумаар, $SBM-нх ₮14.6 тэрбумаар тус тус буурсан бол үлдсэн 3 банкных нийт ₮585 тэрбумаар өссөн. Ингэснээр нийлбэр дүн ₮268.8 тэрбумаар нэмэгдсэн хэрэг.
📌 Цаашлаад, уг 5 банкны P/E үнэлгээ буюу үнэ ашгийн харьцаа 3.1-5.9-ийн хооронд байгаагаас ТОП-5 банкны ашгийг нэлээд хямд үнэлж байна гэж дүгнэж болохоор. Мөн тэдний ROE 12%-25% хооронд хэлбэлзэж байгаа ч P/B харьцаа 0.6-0.9 түвшинд байгаа нь банкны салбар системийн хэмжээнд доогуур үнэлэгдэж байгааг харуулж байна.
Эцэст нь… Зах зээлийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг болох ТОП-5 банкны тайланг харьцуулан тоймлож дууслаа. Одоо ногдол ашгийн шийдвэрийг хүлээх л үлдлээ дээ.

✍️ Fulbright-н тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. (БоловсролынЯам)
🦣 Авдраасаа iPhone 5s-ээ гаргаж ирэх цаг. (MacRumors)
♻️ COP17-г хуванцаргүй зохион байгуулах уриалга дэвшүүлэв. (БОУАӨЯ)
💳 Meta платформууддаа төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлнэ. (TechCrunch)

⛏️ Зэсийн төлөөх $25 саяын санхүүжилт
ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК Зэс-Молибдений төслүүдээ эрчимжүүлэх зорилгоор $25 саяын санхүүжилт босголоо. Компани уг санхүүжилтийг босгохдоо Paradigm Capital тэргүүтэй андеррайтерын компаниудтай “bought deal” хэлцэл хийсэн байна. Хэлцлийн дагуу андеррайтерын компаниуд нийт 2.8 сая хувьцааг нэгж бүрийг $8.9-оор урьдчилан худалдан авч, зах зээлд зарагдах эсэх эрсдэлийг өөрсдөө үүрч буй. Өөрөөр хэлбэл, компани “bought deal” хийснээрээ $25 саяын санхүүжилтийг босгох 100%-ийн баталгаатай болсон хэрэг. Тус хэлцэл 2 сарын 5-ны өдөр хаагдах нь ээ.

🇲🇳 2035 он гэхэд 1.8 сая ажилтан хэрэгтэй!

ЗГ залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үе үе хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд зарлаж л байдаг. Яг бодит байдал дээр хөдөлмөрийн зах зээл ямархуу байгааг харцгаая.
🎢 Хөдөлмөрийн зах зээл өнгөрсөн 10 жилд
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд дунд хугацаанд буюу 2035 он гэхэд дор хаяж 1.8 сая ажиллагч шаардлагатай. Өөрөөр бол ажиллах хүч одоогийнхоос ойролцоогоор 28% буюу 389 мянгаар өсөх ёстой болж байгаа юм. Өнгөрсөн 10 жилд ажиллах хүч 18.9% өсөж 1.5 сая, ажиллагчид 23% өсөж 1.4 саяд тус тус хүрсэн бол ажилгүйчүүдийн тоо 24% буурч 81 мянгад хүрсэн эерэг зураглал харагдана.
Гэсэн ч хамгийн ноцтой зүйл нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам өнгөрсөн 10 жилд 7.9% өсөж 878.5 мянгад хүрчээ. Энэ нь нийт хөдөлмөр эрхлэх боломжтой хүн амын 41.6% гэсэн үг.
🙅♀️ Хүн олдохгүй байна!
Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид “Хүн олдохгүй байна” гэх үгийг амны уншлага болтлоо хэлэх болсон. Энэ нь ч бодитой буюу 2017 онд ажлын байрны захиалгын гүйцэтгэл 73%-тай байсан бол жил бүр буурсаар 2023 онд 42%, 2025 онд бүр 21.8% болтлоо буурчээ. Тухайлбал, өнгөрсөн онд сард дунджаар 73 мянган ажлын байр зарлагдсаны ердөө 15.9 мянга нь хангагдсан байгаа юм.
😔 Монголоос зугтсан залуус
Мөн өнгөрсөн оны сүүлийн хагас жилд ажилд зуучлагдсан иргэдийг насны бүлгээр нь харахад, хамгийн их буюу 28.1% нь 35-44 насныхан, 27.1% нь 25-34 насныхан байв. Харин 15-24 насныхны ажилд орсон байдал 55 ба түүнээс дээш насныхтай бараг л ойролцоо байсан нь анхаарал татаж байв.
Эцэст нь… Манай хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцоо сүүлийн 10 жилд шальтай өсөж, буураагүй буюу 60%-д хэлбэлзэж ирсэн. Харамсалтай нь тус хугацаанд 15-49 насныхны оролцоо буурч, 50-69 насныхны оролцоо нэмэгджээ. Нэн ялангуяа шинэ төгсөгчид болон залуусын хувьд хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь “Монголд л ажиллахгүй юм шүү” гэх хандлагыг дэлгэрүүлж буй. Ай тэгээд чадварлаг ажиллах хүчин олдохгүй байна гэдэг байсан бол харин одоо чадвар шаардахгүй ажлын байранд ч хүн олдохгүй болчхоод байна даа.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.ЗГ-аас энэ жил Хятадаас авч түлсэн хагас коксон шахмал түлшний ачаар Улаанбаатарын агаарын бохирдол 35% буурсан гэж үзээд цаашид энэ түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэж барихаар судлаад эхэлжээ. Энэ тал дээр таны байр суурь? |


CNA
🍋 Хятадын Anta Sports (ANPDY) Puma (PUM.DE)-н 29.1%-ийн хувьцааг €1.5 тэрбумаар худалдан авлаа. Anta Sports-н хувьд Fila, Salomon, Arc’teryx, Wilson, Jack Wolfskin зэрэг брэндүүдийг эзэмшдэг бөгөөд хэлцлийн дүнд Puma-н хамгийн том хувьцаа эзэмшигч болж, Хятад дахь бизнесийг нь тэлэхээ амлав. Одоогоор Puma-н нийт орлогын 7%-ийг Хятад дахь зах зээл бүрдүүлж буй.
🍋 Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад $475 саяын санхүүжилтийг 25 жилийн хугацаатай олгоно. Санхүүжилт нь эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй бөгөөд үүгээр Монгол Улсын хэмжээнд 4 төсөл хэрэгжүүлэх аж. Үүнээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, 9 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөжээ.
🍋 Zijin Gold (2259.HK) Канадын Allied Gold (AAUC)-г CA$5.5 тэрбумаар худалдан авахаар тохиролцлоо. Хэлцлийн хүрээнд Zijin Gold нь Allied Gold-н нэгж хувьцааг 5.4%-ийн нэмэгдэлтэйгээр CA$44-оор худалдан авахаар болжээ. Ийнхүү Zijin Gold алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байгаа энэ үед олон улс дахь үйл ажиллагаагаа тэлж нийт 10 улсад үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь.
🍋 Казакстан, Монголын худалдааны эргэлтийг дунд хугацаанд $500 саяд хүргэнэ. Энэ нь одоогийн худалдааны эргэлтийг 4 дахин нугалсан дүн буюу өнгөрсөн оны эхний 11 сард 2024 оноос 5.5% их буюу нийт $121.5 саяын худалдаа хийжээ. Үүнээс 93% буюу $113 сая нь Казакстаны экспортын хэмжээ бөгөөд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Казакстаны зүгээс Монгол руу худалдааны төлөөлөгчдөө илгээхээр болсон байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply