- Lemon Press
- Posts
- 🧌👹 Том дайсан
🧌👹 Том дайсан
Саалийн үнээ мэт $NFLX | Анхны алтны ETF | Cisco-н айхтар гүйцэтгэл
POWERED BY
Номын баяртай өдрийн мэнд! Өнөөдөр 2026 оны хаврын Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлж байна. Жил бүрийн номын баяраар дунджаар 300 мянга гаруй номын хорхойтнууд цугладаг бөгөөд 200 орчим хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, эрдэмтэн судлаачид тогтмол оролцдог байна. Лимонууддаа уншихыг хүссэн номоо номын баяр дээрээс олох өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. 📚🤞🏻


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүд хамаарах гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
NSO: Төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 5.4% өсөж ₮8.9 их наядад хүрсэн ч үүнээс илүү зардал гаргаснаар төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдал хүлээв.
TVL: Тавилга ХК (TVL)-ийн хувьцаа эзэмшигч О.Батнаран тус компанийн нийт гаргасан энгийн хувьцаа болох 96,593 ширхэг хувьцааг бүхэлд нь нэг бүрийг нь ₮142,000-өөр худалдан авах санал гаргажээ. Энэ нь $TVL-н өчигдрийн хаалтын үнээс 5.5 дахин өндөр үнэ аж.

👔 ТОП-52 CEO-н дайсан үг

MMCG компанийн “CEO Survey 2026” судалгааны тайлан нийтлэгджээ. Монголын хамгийн л том компаниудын компанийн гүйцэтгэх удирдлагыг оролцуулж бизнесийн орчны талаарх төсөөлөл хандлага, шийдвэр гаргалтын өнөөгийн байдлыг тодруулдаг уг судалгааны үр дүн яаж гарсныг харцгаая.
🪖 Бизнесийн төлөв: Сорилттой өсөлт
Монголын бизнес эрхлэгчид 2026 оныг сорилттой өсөлтийн жил болж байна гэж дүгнэжээ. Гэхдээ энэхүү өсөлт нь том саадуудтай.
🧌👹 Том дайсан: Компаниудын өсөлтөд тулгарч буй хамгийн том дайснаар 62%-ийн санал авсан улс төрийн тодорхойгүй байдал, араас нь 38%-ийн саналаар бага хүүтэй санхүүжилтийн олдоц буурах асуудлууд тодорч. Мөн татварын дарамт болон төрийн зохицуулалт, хүнд суртал нь бизнесийн идэвхжилийг боомилж буй гол хүчин зүйлүүдээр нэрлэгджээ.
🏓 Анхаарал татах үзүүлэлт: Цаашлаад, СЕО нарын 66% нь хөрөнгө оруулалтын орчныг таагүй гэж үзэж байгаа бөгөөд 34% нь ирэх онд зардлаа бууруулах стратеги баримтлахаар төлөвлөж байна.
🤝 Хөрөнгө оруулах уу?
Судалгааны хамгийн сонирхолтой хэсгээс онцлоход, ТОП компаниудын 46% нь шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тэр дундаа 36% нь хүнсний үйлдвэрлэл, 26% нь худалдаа, 24% нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж. Ер нь Монголын хамгийн халуухан салбарууд байна даа.
💨 IPO айсуй юу? Мөн нийт судалгаанд оролцогчдын 30% нь ойрын 3 жилдээ үндсэн болон охин компаниа олон нийтэд нээлттэй болгоно гэж хариулсан аж.
☠️ Бүтээмжийн хавх ба AI
Анхаарууштай нь, дотоодын бизнесүүдэд тулгарч буй хамгийн том дотоод асуудал бол бүтээмжийн хавх аж. Ажиллах хүчний хомсдолоос шалтгаалж цалингийн зардал огцом өсөж байгаа ч ажилтнуудын бодит бүтээмж дагаж өсөхгүй байгаа нь ашигт ажиллагааг унагах эрсдэл дагуулж буй.
🧪 Гарц нь хаана байна: Захирлууд энэхүү хавхнаас гарах гарцыг AI болон автоматжуулалт гэж харж байна. AI нь зөвхөн трэнд байхаа больж, өдөр тутмын процесс, дата аналитик, хэрэглэгчийн үйлчилгээнд бодитоор нэвтэрч эхэлжээ. Угаас тэдний 64% нь AI, дижитал шилжилт, технологид хамгаас анхаарна гэнэ.
Эцэст нь… 2026 он бол бизнесүүдээс илүү ухаалаг, илүү үр ашигтай байхыг шаардсан жил болж байна. Энэ үед төрөөс бодлогоор бодитой дэмждэггүй юм гэхэд хааж боохгүй, тогтвортой бодлогоор хангаж ажиллаасай.

🕵🏻♂️ ЗГ-ын кассын машин Эрдэнэс Тавантолгойг удирдах Б.Чагнаадорж гэж хэн бэ? (iToim)
⚽️ ДАШТ-ын финалын тоглолтын дундуур Madonna, Shakira, BTS ая дуугаа өргөнө. (FIFA)
🎞️ Каннын кино наадмын маркетад Монголоос 6 уран бүтээлийг танилцууллаа. (gogo)
🇺🇸 Холбооны Нөөцийн Сангийн шинэ даргаар Кевин Уорш сонгогдоход тун ойртов. (CNBC)

✅ Cisco-н айхтар гүйцэтгэл
CSCO: Өнгөрсөн улиралд технологийн салбарын томчуудад тооцогдох Cisco Systems-н орлого өмнөх оны мөн үеэс 12% өсөж $15.84 тэрбумд хүрсэн нь түүхэн рекорд болж бүртгэгджээ. Ингэснээр компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 10% нэмэгдэж $1.06-д хүрсэн аж. Цаашлаад, компани AI болон компьютер сүлжээний стратегидаа өөрчлөлт оруулах замаар 4 мянга орчим ажилтнаа цомхотгох шийдвэр гаргаад байна. Үүнтэй холбоотой Лхагва гарагт арилжаа дууссаны дараа $CSCO-н нэгж хувьцааны үнэ даруй 19% өсөж $121.3-т хүрчээ.

💰 Саалийн үнээ мэт $NFLX

Кино контентын арвин сан, олон сая хэрэглэгчтэй Netflix (NFLX) нь дэлхий нийтийн хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Саяхан компанийн дадлагын тайлан шиг л өнгөрсөн 10 жилийн хийж, бүтээсэн ажлуудаа дүгнэсэн “The Netflix Effect” интерактив вэбсайтаа танилцуулаад байна.
📈 Эдийн засагт $325 тэрбум
Сүүлийн 10 жилд $NFLX дэлхийн эдийн засагт $325 тэрбумын хувь нэмэр оруулсан бөгөөд өөрсдийн оригинал контентдоо $135 тэрбумаар санхүүжүүлсэн байна. Түүнчлэн тэд кино контентоо 50 орчим улсад хийж, 2 мянга гаруй компанитай хамтран ажиллажээ. Ажлын байрны хувьд 1.1 сая гаруй хүнийг ажлын байраар хангасны 425 мянгыг нь жүжигчид, зохиолчид, найруулагчид, судлаачид, VFX уран бүтээлчид эзэлсэн аж.
🎥 Нэрийн хуудас: Netflix-н хамгийн алдартай цувралуудын нэг Stranger Things нь 2015-2025 оны хугацаанд Америкийн эдийн засагт $1.4 тэрбумын хувь нэмрийг оруулсан гэнэ. Тус цувралтай холбоотой $NFLX 8 мянга орчим хүнийг ажлын байраар хангажээ. Сонирхуулахад, сүүлийн бүлэгт 200 гаруй орлон тоглогч оролцсон гэдгээрээ онцлогтой байв.
🌏 Хаа сайгүй зураг авалт
Тэдний кино контентын амжилт нь дэлхийн өнцөг булан бүрт зураг авалтаа хийдэгтэй салшгүй холбоотой. Тухайлбал, Netflix зураг авалтаа манай гаргийн 4.5 мянган хот, сууринд хийжээ. Ингэснээр орон нутгийн иргэдийг дэмжихээс гадна илүү өргөн хүрээний түүхийг өгүүлж, илүү олон хүмүүсийг хамруулах боломж бүрдүүлдэг байна.
🍊 Мандаринтай кино: Өнгөрсөн жил олон хүний нус, нулимсыг барсан “When Life Gives You Tangerines” цувралыг үзээгүй хүн ховор биз. Тус киноны дийлэнх зураг авалтыг Өмнөд Солонгосын Чэжү арал дээр авч, продакшн болон ханган нийлүүлэгчдийн тоо нь 4 мянгыг давсан аж. Үр дүнд нь 16 ангит тус цуврал Солонгосын эдийн засагт ₩90 тэрбумын хувь нэмэр оруулжээ.
Эцэст нь… Тэдний интерактив вэбсайтаас онцлоход нэг иймэрхүү байлаа. Дэлгэрүүлээд танилцах бол ЭНД дараад уншихыг зөвлөж байна. Cүүлийн жилүүдэд ч Netflix дээр Монголтой холбоотой кино контентууд ч цөөнгүй нэмэгдэх болсон. Жишээлбэл, Marco Polo, Vivant, Strong Girl Nam-soon, Physical: Welcome to Mongolia гээд байна даа. 😎

🎥🎬 Алдартай эшлэлээр кино таах гээд үзэх үү?
"Амьдрал гэдэг хайрцаг дүүрэн шоколад шиг... Чи дотроос нь ямар төрлийн шоколад гарч ирэхийг хэзээ ч мэддэггүй." (Life was like a box of chocolates... You never know what you're gonna get.) 🍫
Таасан бол оффисын хамтрагчдаараа ч бас ийм төрлийн таавар таалгаарай.

🤖 Цоо шинэ TradFi Combo Bot
Саяхан дэлхийн томоохон крипто биржүүдийн нэг Bybit уламжлалт санхүүгийн зах зээлд зориулсан шинэ TradFi Combo Bot-оо танилцууллаа. Энэхүү бот нь арилжаачдад олон төрлийн санхүүгийн хэрэгсэл дээр нэгэн зэрэг long болон short байрлал нээх, multi-leg стратегийг автоматаар хэрэгжүүлэх зэрэг боломжийг олгож буй аж.
🔎 Сонирхуулахад: Өмнө нь амжилттай хэрэгжсэн Bybit Futures Combo Bot-н архитектур дээр суурилсан бөгөөд хэрэглэгчдэд зөвхөн крипто бус уламжлалт санхүүгийн зах зээлд ч автомат арилжааны стратеги хэрэгжүүлэх боломжийг нээж өгөөд байна.
Мөн TradFi Combo Bot-н нээлттэй зэрэгцэн уг ботын чадал чансааг шалгах, шилэгдмэл арилжаачдыг шалгаруулах TradFi Combo Trading Competition тэмцээн тун удахгүй зохион байгуулагдах гэнэ дээ. 🏁


Монголын Хөрөнгийн Бирж ХК
🍋 Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) дээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ. Би Би Эс Эй ХОМК-ийн танилцуулж буй алтны Гоулд Траст ETF нь $ALTT тикер дор бүртгэгдсэн бөгөөд кастодиан байгууллагаар ХААН Банк ХК (KHAN), мэргэжлийн оролцогчоор Би Ди Сек ХК (BDS) нар ажиллах аж. Уг бүтээгдэхүүн нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой юм.
🍋 Korean Air (003490.KS) болон Asiana Airlines (020560.KS)-н нэгдэх үйл явц эцэслэгдэж, энэ оны 12 сарын 17-нд нэгдсэн агаарын тээвэрлэлтээ эхлүүлнэ. Уг нэгдлээр Korean Air компани Asiana-н бүх хөрөнгө, боловсон хүчин, өр төлбөрийг өөртөө шингээх бөгөөд хувьцааг 1:0.3 харьцаагаар солилцох юм. Энэхүү нэгдэл нь Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Инчон нисэх буудлыг ОУ-ын томоохон зангилаа болгон бэхжүүлэх ач холбогдолтой.
🍋 Санхүүгийн мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Тодруулбал, үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжилтэнд олгосон эрхийг цахимжуулах юм. Ингэснээр гэрчилгээний хүчинтэй эсэхийг нээлттэй шалгах боломж бүрдэх бөгөөд уг ажлыг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хариуцан хэрэгжүүлэх аж.
🍋 Худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 6.3% нэмэгдэж ₮14.9 их наядад хүрчээ. Нийт орлогын 22.7%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлсэн аж. Худалдааны орлогын өөрчлөлтийг байршлаар харвал Дорноговь аймгийнх хамгийн ихээр буюу 19.1% өссөн бол Ховд аймгийнх хамгийн багаар буюу ердөө 0.9% өсжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply