• Lemon Press
  • Posts
  • 🔮 Байрны үнэ хэдээр өсөх вэ?

🔮 Байрны үнэ хэдээр өсөх вэ?

Өнөөдөр айлчлалтай | Тасалбар болон хувьцаа пуужиндав | БЭТ баяртай

POWERED BY

Шинэ долоо хоногийн мэнд! Ирэх сард нээлтээ хийх Кристофер Нолан найруулагчийн The Odyssey кино нийт $250 саяын зардлаар бүтээгдэж байна. Домогт туульсын нэг Одиссейг харуулах уг киноны гол дүрд алдарт Мэтт Деймон тоглох бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний тоглосон Saving Private Ryan, Interstellar, The Martian, удахгүй гарах The Odyssey зэрэг киноны дүрүүдийг нь аврахын тулд Холливуд ойролцоогоор $600 саяыг зарцуулжээ. Ёстой л заяа нь тэгширсэн хүн гэж тэр бололтой шүү. 😅🛟

*Нэг өдрийн өөрчлөлт.

POM: БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа. Ингэснээр ЗГ БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгч томилох боломжгүй болов.

MSE: Улсын их дэлгүүр ХК (UID)-ийн Гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд нь шинэ Гүйцэтгэх захирлаар Ч.Өндэлгэр томилогдлоо.

MOCSTY: Энэ оны эхний 5 сарын байдлаар Монголд нийт 292.1 мянган гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь 2025 оны мөн үетэй харьцуулахад 32% өссөн үзүүлэлт боллоо.

🔮 Байрны үнэ хэдээр өсөх вэ?

Өөрийн гэсэн орон сууцтай болох нь олон залуусын амьдралын томоохон зорилго болсон. Гэвч орон сууцны үнэ сараас сард, жилээс жилд өссөөр энэ зорилго холын мөрөөдөл болоод байна. Тэгвэл ер нь байрны үнэ цаашид хэрхэн нэмэгдэх боломжтойг сонирхоод үзье.

  • ✋🏻 Юуны түрүүнд: Энэхүү мэдээг Инвескор Проперти ХХК-ийн Улаанбаатар хотын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилийн тайлан 2025-2026”-д үндэслэн гаргалаа. Тус тайлан нь жил бүр танилцуулагддаг гэдгээрээ онцлог юм. 

🏢 2 жилийн дараа гэхэд

Өнгөрсөн сарын байдлаар шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 7.4% өсөж ₮4.8 саяд, хуучин орон сууцны үнэ 10% нэмэгдэж ₮5 саяд тус тус хүрчээ. Судалгаагаар, 2027 он гэхэд шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ ₮5.8 саяд, хуучин орон сууцны үнэ ₮5.7 саяд хүрэх төлөвтэй байна. Товчхондоо 2026-2027 онд байрны үнийн өсөлт инфляцтай ойролцоо түвшинд хадгалагдаж, ҮХХ-ийн зах зээл эрчимтэй өсөлтийн үе шатаас тогтвортой өсөлтийн шат руу шилжих аж.

  • 🔎 Өсөлтөд юу нөлөөлөх вэ? Үнийн өсөлтийг нийлүүлэлт богино хугацаанд хязгаарлагдмал хэвээр байх, ипотекийн зээлийн хүртээмж, мөнгөний бодлого аажмаар зөөлрөх зэрэг хүчин зүйлс өдөөх бол өсөлтийн хурдыг сааруулахад бодлогын хүүгийн түвшин, барилгын салбарын санхүүжилтийн эрсдэл, өрхийн санхүүгийн боломж зэрэг нь нөлөөлөх гэнэ.

💭 Зан төлөвийн хувьд

Хэрэглэгчдийн ҮХХ-ийн зах зээлд үзүүлж буй нөлөө томоохон жинг дардаг. Тодруулбал, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд оролцогчдын 70.6% нь ойрын 1-2 жилд орон сууц худалдан авах эсвэл түрээслэх төлөвтэй байгаа бөгөөд 66.2% нь барилгын чанар, хийц, байршлыг хамгийн чухал шалгуур гэж үзжээ. Мөн ихэнх өрхийн сарын орлого ₮2-₮5 саяын хооронд хэлбэлзэж, ₮100 саяын урьдчилгаа төлбөр гаргах боломжтой гэж хариулсан байна.

Эцэст нь… Уг судалгаанд орон сууцнаас гадна хаус, оффис, худалдаа үйлчилгээний талбай, агуулах логистик гэх мэт олон ҮХХ-ийг онцлон харуулсан байна шүү. За тэгээд дэлгэрэнгүй унших бол ЭНД дараарай. 👀

  • 🧮 ХХОАТ-ыг буурууллаа гэхэд ямар зардлыг танах хэрэгтэй вэ? (Baabar.mn)

  • 🤔 Ираны дайн эхэлснээс хойших 100 өдрийг графикаар дүрсэлье. (CNBC)

  • 🇲🇳 Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээ хэдийгээр болох вэ? (iToim)

  • 👽 Холливуд харь гаригийнхныг хэзээ ч бүрэн зөв дүрсэлж чадахгүй байх талтай. (FT)

🔥 Тасалбар болон хувьцаа пуужиндав

MSGS: NBA-н аваргын цувралд Нью Йорк Никс баг цувралын харьцааг 2:0-оор тэргүүлж эхэлсэнтэй холбоотой Нью Йорк хотын Madison Square Garden дахь тоглолтын хамгийн хямд тасалбарын үнэ $11.5 мянгад хүрчээ. Сонирхуулахад, Нью Йорк Никс баг нь 1968 оноос хойш өөрийн талбайгаар Madison Square Garden-г сонгон ирсэн бөгөөд сүүлийн 1 жилд тус аренаг эзэмшигч Madison Square Garden Sports компанийн нэгж хувьцааны үнэ 103.5%, он гарснаас хойш 49.3% өсөж $386.2-т хүрээд байна.

🤝🏻 Өнөөдөр айлчлалтай

Өнөөдөр Ким Жон Уны урилгаар Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчилж байна. Энэ нь Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Хойд Солонгост хийж буй айлчлал юм. Тиймээс энэ айлчлалаас онцлох мэдээллийг тоймлон хүргэе.

🔴 65 жилийн ой

Тэртээ 1961 онд Хойд Солонгос болон Хятад “Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны гэрээ”-г байгуулсан бөгөөд энэ онд уг гэрээ байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байна. Хятадын хувьд Хойд Солонгосын эдийн засгийн гол түшиц тулгаар байсаар ирсэн бөгөөд Хойд Солонгос руу эрчим хүч, эмнэлгийн хэрэгсэл, цахилгаан бараа экспортолдог бол вольфрам, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийг импортоор авдаг.

  • 💵 Статистик тоо: Хятадын Хойд Солонгос руу хийсэн экспорт өнгөрсөн онд $2.3 тэрбумд хүрсэн ч энэ үзүүлэлт нь цар тахлын өмнөх 2019 оны $2.5 тэрбумын экспортын амжилтаас доогуур хэвээр байгааг илтгэнэ. Харин Хойд Солонгосоос Хятад руу хийсэн импорт бараг 2 дахин өсөж, 2019 оны $235 саяас $440 саяд хүрчээ.

🏞️ Түмэн голын яриа 

Энэ удаагийн айлчлалаар Зүүн Хойд Азийн эдийн засагт чухал нөлөөг үзүүлэх Түмэн голын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Тодруулбал, өнгөрсөн сард Ши Жиньпин болон Владимир Путин нар уулзахдаа 1991 оны хилийн гэрээнд тулгуурлан 3 улсыг дамжин өнгөрөх Түмэн голын далайн гарцын асуудлыг хөнджээ. Үүний хүрээнд Хятадын зүгээс Хойд Солонгостой боомт, тээвэр, тусгай бүс зэрэг эдийн засгийн тодорхой төслүүд дээр хэлэлцээ хийгдэх магадлал өндөр байна.

  • ☢️ Цөмийн асуудал: Энэхүү айлчлал зарлагдахаас өмнөхөн Ким Жон Ун цөмийн зэвсгийн нөөцөө өргөжүүлэхийг уриалсан бөгөөд сүүлийн 5 жилд цөмийн зэвсгийн түүхий эд үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөх үеэс 2 дахин илүү нэмэгдсэнийг онцолжээ. 

Эцэст нь… Энэ он гарснаас хойш Ши Жиньпин эх орондоо дэлхийн 23 улсын 26 удирдагчийг хүлээж аваад байна. Өнөөдрийн айлчлал нь түүний энэ жилийн анхны хилийн дээс алхсан гадаад айлчлал юм.

2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс шалгуулагчид хамгийн ихээр ямар хичээлээр шалгалт өгч байгааг харцгаая.

  • Математик: 35.3 мянга

  • Англи хэл: 33.2 мянга

  • Нийгэм судлал: 31.4 мянга

  • Монгол хэл: 17.5 мянга

  • Биологи: 7.2 мянга

Сонирхуулахад, бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87% нь энэ оны төгсөгчид бол үлдсэн 13% нь өмнөх оны төгсөгчид аж. За тэгээд нийт шалгуулагчдадаа сургалтын өндөр амжилт хүсье. 🍀

Unsplash

🍋 Google (GOOG) SpaceX-д xAI-н дата төвийн тооцоолох хүчин чадлын төлбөрт сард $920 саяыг төлнө. Үүний хүрээнд Google ойролцоогоор 110 мянган ширхэг Nvidia (NVDA)-н GPU-г ашиглах ба бусад CPU, санах ой болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг SpaceX-н хангаж ажиллах аж. Гэрээний тухайд энэ оны 10-р сараас эхлэн 2029 оны 6-р сар хүртэл үргэлжилж, 2027 оноос хойш аль нэг талын 90 хоногийн мэдэгдлээр гэрээг цуцлагдах боломжтой гэнэ.

🍋 Энэ онд нийт 82.6 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ үүсээд байна. Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр ажиллах хүчний эрэлтийн 90.7%-ийг байнгын ажлын байр эзэлж байгаа бол үлдсэн 9.3%-ийг түр ажлын байрны эрэлт бүрдүүлж байна. Түүнчлэн ажиллах хүчний нийт эрэлтийн 80.7% буюу 66.6 мянга нь Улаанбаатар хотод бий болох төлөвтэй бөгөөд үүний 52% нь шинээр бий болох ажлын байр аж.

🍋 Монголд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт болно. Маргааш эхлэх тус уулзалтад Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос зэрэг 10 орны 40 орчим албаны хүмүүс оролцох төлөвтэй байна. Чуулга уулзалтын хүрээнд Монголын санхүүгийн салбарын оролцогчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагууд нэг дор цуглаж, дэлхийн хөгжлийн чиг хандлага болон салбарын шилдэг туршлагуудыг хэлэлцэх юм.

🍋 Ирэх 8 сард эхлэх COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа. Тодруулбал, угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Францын GL Events Live, туслан гүйцэтгэгчээр НБИК болон LIRI групп ажиллажээ. Эдгээр байгууламжийг нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт зэрэг хурлын гол арга хэмжээнүүдэд ашиглах аж. Одоогоор цахилгаан, ус хангамж, шилэн кабель холболтын ажил бүрэн дуусаад байна.

  • Даваа: Өнгөрсөн сарын хэрэглээний үнэ, гадаад худалдааны нөхцөлийн индекс ил болно.

  • Мягмар: Өмнөд Солонгосын ДНБ-ий өсөлттэй танилцана

  • Лхагва: Технологийн аварга $ORCL-н санхүүгийн тайлан танилцуулагдана.

  • Пүрэв: 2026 оны 5-р сард мөнгөний нийлүүлэлт хэр байв?

  • Баасан: Хөлбөмбөгийн ДАШТ албан ёсоор эхэлнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.