- Lemon Press
- Posts
- 🙅🏻♀️ Цалин нэмэхгүй бол ажиллахгүй!
🙅🏻♀️ Цалин нэмэхгүй бол ажиллахгүй!
Биткойн ба алтны хамаарал | $WMT: Оносон хамтрал | Оюу толгойн шинэ рекорд
POWERED BY
Өглөөний мэнд! Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 40.4 мянган эх амаржиж, 40.7 хүүхэд орчлон хорвоод мэндэлсэн нь 2024 оны мөн үеэс 6.2% буурсан үзүүлэлт болжээ. Үүний улмаас сүүлийн 10 жилд хүн амын цэвэр өсөлт 2 дахин буурсан. Алдарт эхийн одон, хүүхдийн мөнгөний хөтөлбөр хүн амын өсөлтөд нөлөөлөхгүй байна уу даа? 😬


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: 2025 оны эхний 9 сард үнэт цаасны зах зээлийн арилжааны дүн өнгөрсөн оны мөн үеэс 27.3% буурч ₮726.6 тэрбумд хүрчээ.
GOV: 2025 оны эхний 9 сарын байдлаар улсын төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ ₮22.1 их наядад хүрснээр тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.3 их наядын алдагдалтай гарлаа.
KHAN: ХААН Банк (KHAN) Таван Богд Холдингс ХХК-тай байгуулсан олон зориулалттай зээлийн гэрээний үнийн дүнг ₮13 тэрбумаар нэмэгдүүлж ₮110 тэрбум болгожээ.

😞 Багш нарын цалин: Улсын дунджаас ямагт доор

Улс төрийн буцалсан тогоон дотор эмч, багш нарын цалингийн асуудал чанагдаж байна даа. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?
‼️ Цалин нэмэхгүй бол ажиллахгүй!
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн 9-р сард мэдэгдэл хийж багшийн цалинг ₮3.5 саяд хүргэхийг шаардсан. Үүнээс гадна жагсаал ч зохион байгуулж өнөөдрөөс ажил хаялт зарлаж буй.
📌 Гэнэтийн шийдвэр: Харин Ерөнхий сайд Мягмар гаргийн 18 цагийн үед Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15%-20%, эмчийн цалинг 10%-15%, ахмадуудын тэтгэврийг 8% нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг мэдэгдсэн билээ.
🧐 Арын тайлбар: Үүний араас өчигдөр ЗГ ээлжит хуралдааныхаа шийдвэрийг танилцуулсан. Тодруулбал, ₮831 тэрбумыг төсөв багтааж багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмэх нь. Ингэхдээ хүүхдийн мөнгө болон зээлийн эргэн төлөлтөөс бусад зардлыг танах буюу төрийн үйл ажиллагаа, түүнд гарах зардлыг 10% танах нь. Үүнд бүх төрлийн төсөл, хөтөлбөр багтах аж.
🔺 Инфляц хөөрөгдөх үү? Сангийн сайдын мэдэгдсэнээр хэрэв төрийн зардлыг танахгүй хэр нь цалин болон тэтгэврийг нэмбэл инфляц 1.5%-2% нэмэгдэнэ гэнэ. Иймд энэ удаагийн нэмэгдлийн эсрэг бусад зардлаа танаж байгаа тул инфляцад нөлөө үзүүлэхгүй гэж тооцжээ.
🔻 Мөнхөд дунджаас доогуур
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд боловсролын салбарын ажилчдын дундаж цалин ₮732.2 мянга буюу улсын дунджаас 14% бага байсан. Үүнээс хойш тус салбарын дундаж цалин болон улсын дундаж цалингийн зөрүү улам холдсоор 2023 оны III улиралд ₮543.9 мянгад хүрсэн буюу улсын дунджаас 27.1% бага болсон хэрэг.
Эцэст нь… Бүхий л асуудлын суурь нь боловсролтой нягт холбоотой байдаг. Манай боловсролын чанар, хүртээмж мөнхөд асуудалтай байсан. Үүнийг шийдэхийн тулд Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулсан л гэнэ. Гол нь асуудлыг дарж намдаах өнгөц шийдэл хайх бус үндсээр нь шийдэх хэрэгтэй байна даа.

💍 Юм хөгжинө өө гэж. Бөгжөөрөө эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянадаг болж. (StartupHub)
🇬🇧 Үндэсний үйлдвэрлэгчид Лондонд. (Ikon)
🔉 Дуу чимээ ашиглан ойн түймрээс сэргийлэх боломжтой гэнэ. (TechCrunch)
✍️ Алиных нь нийтлэлийг уншмаар байна? Хүнийх үү? AI-нх уу? (Graphite)

🤝🏻 $WMT: Байгаа оносон хамтрал
WMT: Жижиглэн худалдааны аварга Walmart хэрэглэгчийн үйлчилгээний төвөө шинэчилж, худалдан авалтын явцад OpenAI-н ChatGPT-г нэвтрүүлэхээр болжээ. $WMT нь уг хамтралаар үйлчилгээний чанар, дижитал худалдан авалтаа сайжруулж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хүлээлт үүсээд байна. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 5% өсөж $107.2-т хүрсэн аж.

💞 Алтны замаар хөдлөх биткойн

Энэ жил хөрөнгө оруулагчдыг олон гэнэтийн мэдээ цочирдуулж, зах зээлд урьд өмнөх жилүүдээс илүү тодорхой бус давамгайлах боллоо. Эндээс алтны үнийн өсөлт л тодорхой байна даа.
🌕 Хязгааргүй уудам руу
Он гарснаас хойш алтны фьючерс гэрээний үнэ (GC=F) 61.9% өсөж $4,223.2-т хүрснээр бүх цаг үеийн дээд үнээ шинэчилсэн бол Биткойн (BTC)-ы үнэ оны эхнээс 20.4% өсөж $112,083.3-т хүрчээ. Үнийн өсөлтөд макро орчны тодорхойгүй байдал хамгийн их нөлөөлж байгаа ба энэ цөвүүн цагт хөрөнгө оруулагчид алт болон $BTC-д л итгэл хүлээлгээд байна.
🧮 Корреляци 0.85: Криптовалютаар дагнасан CryptoQuant-н мэдээллээр 180 хоногийн $BTC болон алтны корреляци одоогийн байдлаар 0.85-ыг давсан аж. Нэг ёсондоо алтны үнэ өсөхөд $BTC-ы үнэ ч дагаад өсөх хандлагатай байгааг итгэнэ.
🕵🏻♂️ Өсөлтийн цаана
Яагаад өсөөд байгааг задлаад үзвэл, нэг талаас Доналд Трамп Хятадын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах тарифын асуудлыг дахин сөхсөн болон Америкийн Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэнтэй холбогдох аж.
📄 IMF-н шинэхэн тайлан: Саяхан гарсан Олон Улсын Валютын Сангийн тайланд, 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдсэн бөгөөд хэрэв тарифын маргаан хурцадвал өсөлт саарч болзошгүйг анхааруулжээ.
🧨 Таамаглаагүй гамшиг
Өнгөрсөн Баасан гарагт криптовалютын түүхэнд өмнө нь байгаагүй хар дүүрсэн зүүд шиг өдөр байлаа. Учир нь Доналд Трампийн тарифын мэдэгдлээс үүдэн нэг өдрийн дотор криптовалютын зах зээлийн үнэлгээ $19.3 тэрбумаар агшсан. Тус мэдэгдлийн дараа $BTC-ы үнэ бүх цаг үеийн дээд үнэ болох $126 мянгаас 15% унасан бол алтны үнэ тогтвортой байж, эрэлтээ хадгалж чадсан аж.
Эцэст нь… $BTC болон алтны корреляци өндөр байгаа ч гэнэтийн мэдээнүүдэд үнийн хөдөлгөөн харьцангуй өөр хэвээр байна. Тэгэхээр $BTC яг дижитал алт болох эсэх нь урьдын ёсоор асуултын тэмдэг бололтой… 🤔

3%
Энэ өвөл Монголын нийт газар нутгийн 3%-д нэн их, 22%-д их, 21%-д дунд зэрэг, 26%-д бага, 28%-д маш бага зудтай байх урьдчилсан төлөв гарчээ.
60%
Хар түүхийг сөхвөл, 2023 оны өвөл мөн үеэр гарсан урьдчилсан төлөвөөр, Монголын нийт газар нутгийн 60% гаруйд зудын өндөр эрсдэлтэй гэж тооцоолж байв.
7 аймаг
Тэгвэл одоогоор Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай аймаг болон зарим сумдын бэлчээрийн даац хэт ихээр хэтэрсэн байгаа аж.

Монголын технологийн салбарт 🔥 ассан 7 хоног

Hey! Цаана чинь Монголын технологийн стартап-уудын томоохон төлөөлөл Болорсофт ХХК, Чимэгэ Системс ХХК, Эгүнэ Оюун ХХК бүтээгдэхүүнүүдээ төгөлдөржүүлэн хөгжүүлсээр байна шүү. 📢
Технологийн халуухан шийдлүүдтэй танилцъя:
💻 Болор дуран macOS дэмждэг болов: Монгол хэлний дүрмийн алдаа хянагч тус программ macOS-н бүх төрлийн программ дээр Pages, Notes зэргийг бүрэн дэмжихийн сацуу Office 365 дээр ч ажиллах боломжтой болжээ.
🚀 Хадмалтай бичлэгийг хормын дотор: Мөн Chimege Sub-р бичлэгээ Монгол хадмалтай болгохоос гадна Англи, Орос, Хятад, Япон, Солонгос хэл рүү хөрвүүлж хадмалтай болгодог болжээ. Супер үү?
Харин Монголын анхны үндэсний хиймэл оюун Egune AI-н хувьд “Egune Chat” апп-тай болсон байна шүү. Тус апп-аар цаг агаар, түгжрэл, автобусны маршрутаа харах, хамгийн гол нь дуу хоолойгоороо ярилцах боломжтой гэдгээрээ онцлог.


CCN
🍋 Япон 2026 оноос дотоод мэдээлэлд үндэслэсэн криптовалютын арилжааг хориглох шинэ дүрэмтэй болно. Тус улсад энэ оны 8-р сарын байдлаар 7.88 сая ширхэг виртуал хөрөнгийн арилжааны данс бүртгэгдсэн бөгөөд улмаар энэ төрлийн арилжаанд торгууль ногдуулах, цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэх зохицуулалттай болох нь. Ийм төрлийн зохицуулалтыг ЕХ болон Өмнөд Солонгос хэрэгжүүлдэг.
🍋 Оюу толгой энэ оны эхний хагаст дэлхийн хамгийн их зэс үйлдвэрлэсэн 12 дахь том уурхай боллоо. Уг уурхай мөн хугацаанд 152 мянган тн зэс үйлдвэрлэсэн бөгөөд энэ онд зэсийн гарц нь 50% нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Цаашлаад 2028-2036 оны хооронд жил бүр дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх зорилтоо биелүүлснээр энэ жагсаалтыг тэргүүлэгчийн байр сууринд очих боломжтой.
🍋 Казакстанд ажиллаж буй Монголчууд тэтгэвэр тогтоолгох боломжтой болно. Өдгөө Казакстанд 8,000 Монголчууд оршин суугаагаас 38% нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй бөгөөд тэдгээр нь ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах нь. Казакстанаас гадна одоогоор Орос, Хятад, Унгар, Польш, Чехэд оршин суугаа Монголчуудад энэ боломж нээлттэй байгаа.
🍋 Broadcom (AVGO) Nvidia (NVDA)-н зах зээлийг булаах цоо шинэ сүлжээний чип танилцуулжээ. Nvidia-н хувьд одоогоор Mellanox-н сүлжээний чип ашигладаг бөгөөд Broadcom-н шинэ гаргасан Thor Ultra нь үүнээс 2 дахин өндөр хурдтай ажилладаг онцлогтой аж. Том зургаар Broadcom олон төрлийн AI чипүүдийн зах зээлээ 2027 он гэхэд $60-$90 тэрбум орчимд хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй яваа.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply