• Lemon Press
  • Posts
  • 🎄 Баярын ширээний багагүй зардал

🎄 Баярын ширээний багагүй зардал

Duolingo-н тайлан | Samsung-н шинэ утас | Биржийг орхин одох $TAH

POWERED BY

Лхагва гарагийн мэнд! Томуу, томуу төст өвчний оргил үе 12 сарын 15-нд тохиох судалгаа гарсан байна. Өөрөөр бол өвчлөл өнгөрсөн 11-р сарынхаас аймшигтай болох нь ээ. Томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр 119 тусгай дугаар ажиллаж байгаа юм байна. Хэрэг болж магад. 😥

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Монгол, Орос 2026–2030 онд 11 салбар, чиглэлд 72 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцов

BOM: Өнгөрсөн сард Монголбанк 899.5 кг үнэт металл худалдан авснаар нийт худалдан авсан үнэт металлын хэмжээ жилийн өссөн дүнгээр 13.6 тн-д хүрэв.

LEND: LendMN (LEND) DWM Asset Management-с $2.5 сая хүртэлх санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулж, татан төвлөрүүлнэ

MSE: Тахь-ко (TAH) ХК-ийн нэг бүр нь ₮168-ийн нэрлэсэн үнэтэй 1.2 ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж (MSE) ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

🎄 Баярын ширээний багагүй зардал

Манай лимонууд сүүлийн жилүүдэд шинэ жилийн баярын ширээгээ хэдэн төгрөгөөр засаж байна?

🚀 Айхтар өсөлт

Одоогоос 10 жилийн өмнө шинэ жилийн баярын ширээгээ үхрийн мах, нийслэл салат, бялуу, мандарин, алим, оргилуун дарс зэрэг зүйлсээр дунджаар ₮55 мянгаар засдаг байлаа. Гэтэл 2025 онд ширээгээ ₮132 мянгаар арай гэж засдаг болжээ. Өөрөөр хэлбэл баярын ширээний зардал дунджаар 2.7 дахин өсөөд байна шүү.

  • 🥔 Нийслэл салат: Хэрэв таны нийслэл салатанд сонгино ордог бол сүүлийн 10 жилд нийслэл салатны өртөг 182.1% буюу 2.8 дахин өсөөд байна. Энэхүү өсөлт нь хиам ороогүй үнээр тооцсон бөгөөд салатны орцонд ордог бүтээгдэхүүнүүдээс хамгийн өсөлттэй нь сонгино байв. Тухайлбал, 1 кг сонгинын үнэ 2016 оноос дунджаар 3.4 дахин нэмэгдэж, ₮3.8 мянга болжээ.

  • 🍾 Орос оргилуун дарс: Монголчуудын эртний танил Советское оргилуун дарс 2016 онд ₮6.5 мянгаар худалдаалагддаг байсан бол өдгөө үнэ нь 2 дахин өсөж ₮13 мянга болжээ. Үүнээс гадна сонирхолтой мэдээ хуваалцахад, тус оргилуун дарсыг тухайн үеийн Оросын удирдагч Иосиф Сталины захиалгаар 1937 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа аж. 

  • 👁️ Бага өсөлт: Баярын ширээг алимгүйгээр төсөөлөхөд бэрх. Импортын шар алимын 1 кг-ын үнэ 2016 оноос хойш 93.1% нэмэгдсэн нь баярын ширээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд дундах хамгийн бага өсөлттэй бараагаар тооцогдов.

🫗 Өрхийн төсөв

Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг өрхийн сарын дундаж орлого 3.1 дахин нэмэгдэж ₮2.9 саяд хүрсэн бол нэг сарын дундаж зарлага 3.2 дахин ихсэж ₮3.1 саяд хүрчээ. Өрхүүдийн хувьд сард дунджаар ₮500 мянгыг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж байгаа бөгөөд үүний хамгийн их болох 33.6%-ийг мах, махан бүтээгдэхүүнд зарцуулж буй аж. 

Эцэст нь… Жил бүрийн шинэ жилийн баяр зарлага ихтэй болдог нь хорвоогийн жам болоод уджээ. За тэгээд манайхан санхүүгийн сахилга баттай байж, санхүүгээ зөв удирддаг юм шүү.

  • 🕵️‍♀️ Apple-н өрсөлдөгчдийнхөө стратегийг дотроос нь тандах шинэ төлөвлөгөө. (FindArticles)

  • 🚗 MSM Automotive Дархан руу тэлжээ. (BYDMongolia)

  • 🏫 Шинэ Зеланд ЕБС-ын сурагчдад криптовалютын боловсрол олгож эхэлнэ гэнэ. (Scoop)

  • 🎮 “MARVEL Cosmic Invasion” PC болон консол дээр нээлтээ хийлээ. (Marvel)

🇰🇷 Samsung-н шинэ утас

005930.KS: Өчигдөр ухаалаг утасны зах зээлийн томчуудын нэг Samsung Electronics шинэ төрлийн Galaxy Z TriFold хэмээх нугардаг гар утсаа танилцууллаа. Тус гар утас нь 3 нугардаг гэдгээрээ онцлог бөгөөд энэ сарын 12-нд $2.5 мянгын үнэтэйгээр зах зээлд нэвтрүүлэх аж. Тус мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ Солонгосын бирж дээр 2.6% өсөж ₩103,400-д хүрээд байна.

👅 Duolingo-н энэ оны тайлан

Duolingo-н 2025 оны тайлан гарчээ. Дан ганц нэг компанийн тайлан гэхээсээ илүүтэй дэлхий даяарх хүмүүсийн хэл суралцах зан төлөв, үйлдлийн давтамжийг харах боломжит сонирхолтой тайлан тул анхаарлаа нааш нь хандуулна уу. 

🔝 Гадаад хэл сурах хүсэл, эрмэлзэл түүхэн өндөр түвшинд… 

Энэ оны онцлох үйл явдал нь хэл сурах хүмүүсийн сонирхол хэзээ, хэзээнийхээс илүүтэй нэмэгдэж, түүхэн өндөр түвшинд хүрсэн явдал байлаа. Харин Duolingo-н хувьд хэл суралцах процессыг илүү сонирхолтой болгохоор платформ дээрээ анх удаа шатрын хичээл, математик, дууны сан нэмсэн сонин хачинтай байв. 

🔟 Duolingo-н ТОП-10 хэл

Duolingo 2020 оноос хэрэглэгчдийнхээ зан төлөв, суралцах арга барилд дүн шинжилгээ хийсэн тайлан гаргаж эхэлсэн. Хэдий 5 жил өнгөрсөн ч Duolingo-н хамгийн алдартай хэлний эхний 3 байрыг Англи, Испани, Франц хэл тасралтгүй эзэлсээр байна. Гол өөрчлөлт нь 5 жилийн өмнө ТОП-10-т Орос хэл багтдаг байсан бол оронд нь Хинди хэл орж ирэв. Дайны нөлөө болов уу даа. 

  • ☝️ Харин энэ онд Япон болон Солонгос хэл тус бүр 1 байр ахиж, 4 болон 6-р байранд жагсах болжээ. Үүнд компани тус 2 хэлийг суралцах боломжит улсын тоог 20 болгон нэмэгдүүлсэн нь нөлөөлөв. 

  • 📝 Санаж байгаа бол 2020 оноос эхлэн дэлхийн алдартай сургуулиуд Duolingo-н англи хэлний шалгалтын (DET) оноог хүлээн зөвшөөрч, өдгөө түгээмэл ашиглаж буй. Энэ ч утгаараа Duolingo-н Англи хэлний шалгалтын эрэлт өсөж, энэ онд 219 улсын, 148 төрлийн эх хэлтэй хүмүүс шалгалт өгчээ. 

Хамгийн олон хэлээр ярьдаг орнууд

Өөр нэгэн сонирхолтой өөрчлөлт нь 3 ба түүнээс дээш хэл суралцдаг орны жагсаалтыг анх удаа Япон, Австрали тэргүүлсэн байна. Өмнө нь Финланд, Герман, Их Британийн иргэд ТОП-3-т бичигддэг байсан юм. Харин хамгийн мятаршгүй, тууштай хэл суралцдаг орнууд нь Япон, Унгар, Беларусь, Орос байх нь шүү. 

Энэ оны байдлаар Монголчуудын хувьд хамгийн түгээмэл суралцдаг хэл нь Англи, 2 дахь нь Солонгос хэл байв. Сонирхолтой нь 2021-2024 он хүртэл Солонгос хэл 1-рт, удаад нь Англи хэл жагсаж байжээ. Харин 2 хөршийн маань хувьд, мэдээж Англи хэлийг хамгийн түгээмэл суралцаж, 2 дахь гадаад хэлээрээ оросууд Герман хэлийг, хятадууд Япон хэлийг сонирхон судалж байна даа. За нэг иймэрхүү. 

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

УИХ өчигдөр бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр тусгасан хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулаад буй. Энэхүү хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаар таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

Reuters

🍋 Өмнөд Солонгосын цахим худалдааны платформ Coupang (CPNG)-н 34 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагджээ. Компани цагдаагийн байгууллагад 11 сарын 18-нд 4,500 хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан хэмээн мэдэгдсэн ч угтаа сүүлийн 5 сарын хугацаанд ийнхүү сая сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан нь тогтоогджээ. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч энэ асуудалд Coupang-д хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. 

🍋 Монгол Улс 2030 он гэхэд дотоодын эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадлыг 4,189 МВт хүргэнэ. Энэ нь одоогийн хүчин чадлыг 2.6 дахин нугалсан үзүүлэлт бөгөөд Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-5-ын бүтээн байгуулалт, бусад эх үүсвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн нийт 10 төсөл хэрэгжүүлснээр энэ үр дүнд хүрэх боломжтой аж. Түүнчлэн мөн хугацаанд эрчим хүчний зах зээлийн 10%-ийг чөлөөт өрсөлдөөнтэй болгох юм гэнэ. 

🍋 Япон криптовалютын арилжаанаас олсон ашигт 20%-ийн татвар ногдуулна. Одоогоор Япон криптовалютын ашгийг цалин ба бизнесийн орлоготой уялдуулж шаталсан хэлбэрээр татвар ногдуулдаг бөгөөд улмаар татварын нийт хэмжээ хамгийн ихдээ 55%-д хүрдэг аж. Шинэ зохицуулалтын дагуу криптовалютын орлогын татварыг тусад нь тооцож, татварын дарамтыг бууруулснаар Япон дотоодын зах зээлийн арилжааг идэвхжүүлэхээр зорьж буй аж.

🍋 Монгол, Хятад мах, махан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэхээр тохиролцов. Энэ хүрээнд талууд шинэ бүтээгдэхүүний төрөл нэвтрүүлэх, махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг ОУ-ын түвшинд ойртуулах чиглэлээр хамтран ажиллах аж. Монгол Улсын хувьд энэ оны эхний 10 сард нийт 56 мянган тн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний ихэнхийг Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Казахстан, Узбекистан бүрдүүлжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.