🍔 68 настай Whopper

CS-г цочроосон мэдэгдэл | $BODI: Цэвэр ашиг 3 нугарав | Квант тооцоолол

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Өнөөдөр 2025 оны хамгийн сайн өдөр тохиож байна. Учир нь Дорнын зурхайд Дашням, Балжиннямтай дээрээс нь үс засуулбал эд мал баялаг болно хэмээн заажээ. Дээрээс нь Баасан гараг давхцаж байна гэхээр энийг уншиж, шинэ өглөөгөө эхлүүлж буй танд сайхан зүйл тохиох биз ээ. ✌🏻

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Өргөдлийн байнгын хороо төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас 2%-ийг танаж, эмч нарын цалинг 50% нэмэх саналыг дэмжлээ

CN: Өнгөрсөн 9-р сард Монголын Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 15.2% өсөж 9.2 сая тн-д хүрлээ. Энэ нь сарын дунджаараа 2015 оноос хойших түүхэн өндөр үзүүлэлт юм. 

MBW: Монгол Базальт ХК энэ оны эхний 3 улиралд ₮338.6 тэрбумын ашигтай ажиллаа

OIL: Америк Оросын томоохон 2 газрын тосны компани болох Rosneft болон Lukoil-д хориг тавьсантай холбоотой 1 баррель газрын тосны үнэ 5.8% өсөж $61.9-т хүрчээ.

😱 CS-г цочроосон мэдэгдэл

Сүүлийн өдрүүдэд улс төрийн зодоон олон хүний анхаарлын төвд ороод байгаа ч үүнийг хангалттай давах мэдэгдэл гарсныг хэн хүнгүй мэдсэн байх. Энэ бол CS тоглоомын дэлхийн шилдгүүдийн нэг Senzu түр хугацаанд завсарлага авсан явдал байлаа.

⭐️ Залуу одын шийдвэр

Тэртээ 2023 оны 9-р сард The MongolZ-н бүрэлдэхүүнд нэгдсэн өдгөө 19 настай Senzu нь багийн тоглогчид болон менежментийн багтайгаа хэлэлцсэний үндсэн дээр “Inactive” статус буюу сэлгээ рүү шилжжээ. Энэ нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн CS сонирхогчдыг шуугиулсан бөгөөд X дээр гэхэд тус мэдэгдлийг 7.4 сая хүн үзсэн аж. Сонирхуулахад, 2025 онд ТОП-10 багуудын сэлгээнд орсон тоглогчдын дундаас хамгийн залуу нь Senzu байв.

🏆 Амжилтын түүх

Senzu буюу Азбаяр нь The MongolZ-той хамт дэлхийн аварга шалгаруулах Major тэмцээнд 3 удаа оролцож, сүүлд зохиогдсон BLAST.tv Austin Major 2025-ын дэд аваргаар шалгарсан. Мөн томоохон тэмцээнд тооцогдох Esports World Cup 2025, Thunderpick World Championship 2024, YaLLa Compass 2024-т түрүүлжээ. Одоогийн байдлаар түүний мэргэжлийн замналдаа тэмцээнүүдийн шагналын сангаас авсан мөнгөн дүн $453.8 мянгад хүрээд байна.

  • 🚀 Стикер пуужиндав: Сэлгээ рүү шилжсэн мэдээний дараа, өчигдрийн 17 цагийн байдлаар Senzu-н Major тэмцээнд гаргаж байсан стикер болон пайзны үнэ дунджаар 20 дахин өсөж $15.6-оор худалдаалагдах болжээ. Хамгийн үнэтэй нь болох BLAST.tv Austin Major 2025-н пайз 135.5 дахин ихсэж $93.5-т хүрсэн аж.

📉 Зах зээлийн уналт

The MongolZ-той холбоотой мэдэгдлээс гадна CS2 тоглоомын шинэчлэл салбарыг шуугиулаад амжлаа. Тухайлбал, CS2 тоглоомын скин зах зээлийн үнэлгээ саяхан $6 тэрбумд хүрээд байсан бол шинэчлэлээс хамаарч нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээ 28.4% унаж $4.3 тэрбумд хүрчээ. Тус тоглоомыг тоглох дуртай хүмүүст сүүлийн шинэчлэл тийм ч таалагдаагүй бололтой.

Эцэст нь… Хүмүүсийн дунд Senzu-г ямар тоглогч орлох болон Senzu-н дараагийн алхам юу байх бол гэсэн 2 асуулт үүссэн. Ямартай ч эхний асуултын хариу олдож, удахгүй болох IEM Chengdu тэмцээнд The MongolZ туршлагатай тоглогч controlez-г түр орлон тоглогчоор оролцуулахаар шийджээ. Харин одоо сүүлийн асуултын хариу хэзээ тодорхой болохыг хүлээх л үлдлээ. 👀

  • 📈 Дэлхий даяарх нүүрсний хэрэглээ талийж өгчээ. (TheGuardian)

  • 🪄 Бензин хэрэглэдэг машинаа EV-р соливол $4,000 өгнө гэнэ. (TheVerge)

  • ♟️ Шатрын спортын салбарт гараад буй томоохон дуулиан. (APNews)

  • 🔁 Апп дээрх мэдээллээ iPhone, Android хооронд саадгүй шилжүүлдэг болох нь. (9to5Mac)

🔎 $BODI: Цэвэр ашиг 3 нугарав

BODI: Бодь Даатгал ХК өнгөрсөн III улиралд ₮4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь 2024 оны мөн үеэс 3.1 дахин өссөн дүн боллоо. Тус өсөлтөд даатгалын хураамжийн нийт орлого 50.4% нэмэгдэж ₮34.4 тэрбумд хүрсэн болон нөхөн төлбөрийн зардал 13.2% буурч ₮7.6 тэрбум болсон нь жинтэй нөлөө үзүүлсэн аж. Үүнтэй холбоотой өчигдөр компанийн нэгж хувьцааны үнэ 1.2% өсөж ₮83 дээр хаагдаад байна.

🍔 Burger King Mongolia-н 10 жилийн түүх

Америкийн 71 жилийн түүхт түргэн хоолны франчайз Burger King Монголын зах зээлд нэвтрээд хэдийнээ 10 жил болжээ.

  • 🫨 Та мэдэх үү? 1954 онд Burger King үүсгэн байгуулагдахдаа Insta-Burger King нэртэй байсан төдийгүй өөрсдийн брэндийн бэлгэ тэмдэг болсон “Whopper” бургерээ 1957 онд танилцуулж байжээ. Өөрөөр бол одоо зах зээлд худалдаалагдаж буй “Whopper” бургер 68 настай. 

📍 14 + 1 салбар

Тус франчайзыг Макс Групп дотоодын зах зээлд нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд Улаабаатарт 14, Дархан аймагт 1 буюу нийт 15 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Макс Группийн тухайд 1992 онд буюу үүсгэн байгуулагдсан жилдээ монголын анхны түргэн хоолны сүлжээ ресторан болох Berlin Burger рестораныг нээснээр хүнс үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан түүхтэй. Улмаар 2015 онд Монгол Burger King-н франчайз нээгдсэн 100 дахь улс болж байв. 

  • 🧑‍🍳 Бургерчид: Өнгөрсөн хугацаанд Burger King Монголд орж ирснээр 400 гаруй ажлын байрыг бий болгожээ.

  • 🗞️ Өдгөө тэд уул уурхай, барилга, сүү, сүүн бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал гэсэн үндсэн 5 чиглэлд үйл ажиллагаа явуулж, 2032 он гэхэд ДНБ-ий 5%-ийг дангаар хангах томоохон зорилтыг тавиад буй.

🤑 Burger King-н сүлжээ

Burger King-н тухайд өдгөө дэлхийн 100 гаруй оронд 20,000 гаруй салбартай. Сонирхолтой нь, Burger King-н франчайз эзэмшигчид тухайн бүс нутагтаа онцгой эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг буюу 1 бүс нутаг, 1 эзэмшигчийн онцгой эрх гэсэн зарчим баримталдаг. 

  • 🏅 Burger King-н нууц жор: Мэдээж нэгэнт олон улсын франчайз тул хүнс үйлдвэрлэлийн нарийн стандартуудыг мөрдөх шаардлагатай. Энэ ч утгаараа  Burger King орц түүхий эддээ олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашиглаж, монголын хэрэглэгчдэд хүргэдэг байна. 

Эцэст нь… Монголчууд 68 жилийн түүхт “Whopper” бургертэй танилцсаны 10 жилийн ой тохиож байна. Нийт бургерчдэдээ ойн баярын мэнд хүргэе. Гэснээс Burger King Mongolia ойн баяраа тохиолдуулан “Амт ба Аз”  урамшууллын хүрээнд “10 Whopper”, “All in”, “Double Double”, “3XL” гэсэн 4 төрлөөс худалдан авалт хийсэн хэрэглэгчдэдээ хүрд эргүүлж, азтан болох урамшуулал зарласан байна лээ шүү. 😋

💡 Таавар таацгаая. 

…. кино цуврал нь 1962 онд анхны ангиа гаргаснаасаа хойш адал явдалд дуртай үзэгчдийг байлдан дагуулж цагтаа цалгиж явсан ч өдгөө франчайзийн эрх нь ердөө $20 саяар үнэлэгдэн борлуулагджээ. Энэ ямар кино цуврал вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 

Жич: 2028 онд тус цувралын шинэ анги нээлтээ хийнэ. 🤫

Getty

🍋 Энэ оны эхний III улирлын байдлаар Tesla (TSLA)-н борлуулалт бүх бүс нутагт өссөн ч цэвэр ашиг буурлаа. Тэр дундаа Өмнөд Солонгос дахь борлуулалт нь 32.4% өссөнөөр тус улс Америк, Хятадын дараа 3 дахь том зах зээл нь болжээ. Компанийн нийт борлуулалт 12% өсөж $28.1 тэрбумд хүрэхэд Хятад, Америкийн EV зохицуулалтын бодлого нөлөөлсөн бол цэвэр ашиг 30% буурч $1.8 тэрбум болоход шинэ төслүүдэд хийсэн ХО нь нөлөөлсөн аж. 

🍋 Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88%-д хүрчээ. 5 жилийн хугацаатай компакт гэрээ ёсоор хөтөлбөр ирэх оны 3-р сард хэрэгжиж дуусах хуваарьтай ч, шинэ усны эх үүсвэр байгуулах, худгийг өрөмдөж ус түгээх сүлжээнд холбох ажлын явцад нэмэлт санхүүжилт шаардлагатай болж. Уг хөтөлбөрт Америкийн ЗГ-ын $350 саяын буцалтгүй тусламж, ЗГ-ын $111.76 саяын санхүүжилт хэдийнээ цутгагдсан. 

🍋 Америкийн ЗГ квант тооцооллын компаниудад хөрөнгө оруулах замаар хувьцаа эзэмшихээр хэлэлцэж байна. Хэлэлцээнд IonQ, Rigetti Computing, D-Wave Quantum зэрэг компаниуд оролцож байгаа бөгөөд тэд төрөөс $10 саяын санхүүжилт авч, хариуд нь хувь эзэмшүүлэх нь. Квант тооцооллын салбар нь шинэ нээлт хийн, ЭЗ-ийн бүхий л салбарыг үр ашигтай болгоход шаардагдах хэдэн мянган жилийн тооцооллыг товчлох стратегийн ач холбогдолтой. 

🍋 Өмнөд Солонгосын Midbar компанийн боловсруулсан “Air Farm” системийг Монголд туршилтаар нэвтрүүлж эхлэв. Тус ухаалаг хүлэмжийн системийг KOICA-н дэмжлэгтэйгээр нэвтрүүлж байгаа бөгөөд ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилготой аж. Төхөөрөмжийн хувьд уламжлалт тариалантай харьцуулахад усны хэрэглээг 99% илүү хэмнэдэг гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.