• Lemon Press
  • Posts
  • 🪖 Зэвсэгт хүчин: "1%"-ийн хөрөг

🪖 Зэвсэгт хүчин: "1%"-ийн хөрөг

NBA-н бүл нэмэх төлөвлөгөө | $META цомхотгол хийнэ | ЗГ-ын шинэ татаас

POWERED BY

Монгол цэргийн өдрийн мэнд! Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбараас Сүхбаатарын талбайд 3-р сарын 17-19-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Хэрэв энэ үеэр талбайтай ойрхон явах бол олон төрлийн үйлчилгээ, үзвэртэй танилцах нь байна шүү. 🪖🇲🇳

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн нийт хувьцааны тоо Торонтогийн хөрөнгийн биржид нэмэлтээр бүртгэсэн 69,171 ширхэг хувьцаагаар нэмэгдэж, нийт хувьцааны тоо 61,943,387 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд нь өөрчлөлт орлоо.

UB: Нийслэлээс 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

MNG: Энэ хаврын чуулганаар УИХ-д эдийн засгийн чөлөөт бүсийг амь оруулах төслүүдийг өргөн барина.

 🪖 Зэвсэгт хүчний "1%"-ийн хөрөг

Монгол Улсын нийт ажил эрхлэгчдийн яг 1% нь эх орныхоо амар амгалангийн манаанд зогсож байна. Гэхдээ энэ "1%"-ийн ард ямар тоо, ямар амьдрал нуугдаж байгааг сонирхоцгооё.

📈 5 жилд 4.4 мянгаар бүл нэмэв

Салбарын хүний нөөц сүүлийн 5 жилд эрчимтэй тэлжээ.Таван жилийн өмнөхтэй харьцуулахад зэвсэгт хүчний ажилтнуудын тоо 4.4 мянгаар нэмэгдэж, өнгөрсөн оны эцэст 13.4 мянгад хүрсэн байна. 

  • 📐 Хүйсийн харьцаа: Нийт бие бүрэлдэхүүний 89%-ийг эрчүүд бүрдүүлдэг бол, эмэгтэйчүүдийн оролцоо 11%-ийг эзэлж байна.

⏳ Залуу насаар гоёсон салбар

Зэвсэгт хүчний салбар бусад салбараас хамгийн залуу хамт олонтой гэдгээрээ ялгардаг. Шалтгаан нь мэдээж салбарын ажилчид эрт тэтгэвэрт гардагтай шууд холбоотой. Тодруулбал, нийт ажилтнуудын талаас илүү буюу 55% нь 20-29 насныхан байна.

  • 👸 Эмэгтэйчүүдийн онцлог: Сонирхолтой нь, эмэгтэй алба хаагчдын дийлэнх нь буюу 72% нь 30-34 насныхан аж. Энэ нь эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсны дараа тус салбарт илүү тогтвортой ажилладаг болохыг харуулж буй.

💰 Бодит дүр төрх: Цалин = ₮2.5 сая

Хэдийгээр тус салбарын хариуцлага өндөр, ажиллах хүч нь залуу байгаа ч цалингийн үзүүлэлт төдийлөн тогтвортой биш байна. 2024 оны I улирлаас хойш салбарын дундаж цалин улсын дунджаас дээгүүр явж ирсэн. Гэвч энэ он гарсаар тус салбарын дундаж цалин 2025 оны эцсээс ₮706.8 мянгаар буурсан байна. Улмаар зэвсэгт хүчний салбарын дундаж цалин улсын дунджаас 18% бага буюу ₮2.5 сая болжээ.   

  • 📌 Шалтгаан: Тус салбарын дундаж цалинг харвал жил бүрийн IV улиралд огцом нэмэгддэг. Энэ нь жилийн эцсийн урамшуулал, цолны нэмэгдэл эсвэл орон нутагт ажилласны нэмэгдэл зэрэгтэй хамааралтай. Мөн бага цалинтай залуу алба хаагчид олноор нэмэгдэж байгаа нь дундаж үзүүлэлтийг бууруулж буй. 

  • 🎧 Бүх талаараа илүү сайжирсан $549-ын үнэтэй AirPods Max 2 худалдаанд гарна. (Apple)

  • 🐼 ЗГ-ын санхүүжилттэй киноны нээлт ба хөрш орны Элчин сайдын царайны хувирал. (Baabar.mn

  • 🧊 Breaking Bad: Хорт хавдартай хүмүүсийн гэмт хэрэг хийх магадлал өндөр. (TheEconomist)

  • 👺 Экс ЕС Лхагвын тоймын үеэр ХЗДХ-ийн сайдыг хамгийн олон буюу 52 удаа дурджээ. (MFCC)

 🤖 $META цомхотгол хийнэ

META: Технологийн салбарын аварга Meta 79 мянган ажилтныхаа 20%-ийг цомхотгохоор төлөвлөж эхэлснийг томоохон эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь компанийн түүхэнд 2022 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй цомхотголоор тооцогдох бөгөөд цомхотголын гол шалтгаан нь энэ онд AI-д хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй холбоотой аж. Тус мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ Даваа гаргийн арилжаагаар 2.3% өсөж $627.4-т хүрчээ.   

🏀 Бүл нэмэх төлөвлөгөө

Дэлхийд орлогоороо эхний 3-т эрэмбэлэгддэг Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг буюу NBA 2028-2029 оны улирлаас 32 багтай болоход тун ойрхон байна. Тэгвэл үүнтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой тоог хуваалцъя.

  • 🔙 2004 он: Хамгийн сүүлд одоогоос 22 жилийн өмнө буюу 2004 онд NBA багийн тоогоо нэгээр нэмж 30-д хүргэжээ. Ингэхдээ Шарлотт хотын Charlotte Bobcats багийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд багийн зүгээс NBA-д $300 саяыг төлсөн аж. Энэхүү төлбөр нь 30 багийн дундаж үнэлгээтэй тэнцэх дүн байв. 

🇺🇸 2 хотод 2 шинэ баг

2020 оноос эхлэн шинэ багтай болох санааг судалсан NBA энэ удаад Сиэтл болон Лас Вегас хотуудад 2 шинэ баг нэмэхээр төлөвлөсөн. Энэхүү шийдвэрийг ирэх 7 хоногт болох NBA-н ТУЗ-ийн хурлаар шийдэхээр байна. Хэрэв ТУЗ-ийн зүгээс тус шийдвэрийг дэмжвэл 2028-2029 оны улирлаас эхлэн NBA-д 32 баг өрсөлдөх аж. 

🥧 30 хувьцаа эзэмшигч

NBA-н 30 багийн эзэд бол NBA-н хувьцаа эзэмшигч нар юм. Тэгэхээр удахгүй 32 багтай болсон тохиолдолд одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувь буурна гэсэн үг. Нөгөөтээгүүр, шинээр нэмэгдэх нэг багийн үнэлгээ дунджаар $7-$10 тэрбумаар үнэлэгдэх магадлалтай ба 2 багийн үнэлгээ нийлээд $15 тэрбумд хүрнэ гэж тооцвол одоо байгаа 30 хувьцаа эзэмшигч тус бүр $500 саяын урамшуулал авна.

  • 🕵🏻‍♂️ NBA-н баг хэр ашигтай вэ? Манай гаргийн хамгийн агуу шидэгч Stephen Curry-н баг болох Golden State Warriors-г 2010 онд одоогийн эзэн Жое Лакоб $450 саяар худалдан авчээ. Тэгвэл үүнээс хойш тус багийн үнэлгээ 24.4 дахин өсөж $11 тэрбумд хүрээд байна. Гэхдээ үүнд багийн үзүүлсэн амжилтыг харгалзан үзэх нь зүйтэй билээ.

Эцэст нь… Одоогоор манай сагсан бөмбөгийн эрэгтэй Үндэсний Дээд Лигт 10 баг өрсөлдөж байна. Сагсан бөмбөгийн спорт болон зах зээлийн хэмжээ өсөхийн хэрээр багийн тоо ч дагаад нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал биз ээ. ⛹🏻‍♂️📈

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл улс төрийн халуухан сэдэв болж, сошиал орчинд хэдэн талаас нь хэлэлцүүлэг өрнөж буй. Таны бодол?

Login or Subscribe to participate in polls.

💎 MaxPoint: Хөршөө уриад, оноогоо цуглуул

М-Март бүх сүлжээ дэлгүүрүүддээ “Хөршөө уръя” урамшуулалт хөтөлбөр зарлалаа. 🔥

Та ердөө М-Мартын “MaxPoint” апп дээр хөрш болон найзаа уриад л урилга бүрд өөртөө 1,000 “MaxPoint” оноо, уригдсан хэрэглэгч ч мөн адил бүртгэлээ баталгаажуулаад 1,000 “MaxPoint” авах юм. 

  • 😋 Худалдан авалтаа оноогоороо төл: Үүнээс гадна “MaxPoint” апп-аар хийсэн худалдан авалт бүрийнхээ 3% хүртэлх оноо цуглуулж, дараагийн худалдан авалтдаа ашиглахын сацуу худалдан авалт бүрдээ 1 урамшууллын эрх цуглуулах боломжтой. 

Урамшууллын бэлгүүдэд нь Tineco тоос соруулагч, Delifrance болон M-Select эрхийн бичиг зэрэг бусад онцгой бэлгүүд багтаж буй. Азтануудаа 3 сарын 27, 4 сарын 13, 5 сарын 1-нд тус тус тодруулах нь ээ. 

  • 🏃‍➡️ Урамшуулалт хөтөлбөр 4 сарын 30 хүртэл явагдах бөгөөд энэ хугацаанд сонгогдсон бүтээгдэхүүнүүд 34% хямдарсан гэсэн шүү. Гэснээс М-Мартын 34 салбарын байршлыг апп-аасаа хараад, өөрт ойр байршлаас худалдан авалт хийгээрэй. Илүү их худалдан авалт, илүү их оноо, урамшуулал. 

За тэгээд, “MaxPoint” апп-аа татаад, хөршөө урьж оноогоо цуглуулаарай. Тохирлын өдрүүдийг нь ч мөн анзаарч байхад гэмгүй шүү. 

Tenor

🍋 Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах шинээр баривал 9%-ийн хүүгийн татаас олгоно. Өнгөрсөн өвөл бөөн юм болсон бензин хадгалах агуулах, савны хомсдолын асуудлыг шийдэхээр АҮЭБЯ-наас хадгалах агуулах барих төсөлд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Тус саналд шатахуунтай холбогдох тусгай зөвшөөрөлтэй бүх ААН оролцож болох юм байна. 3 сарын 23-наас өмнө хүсэлтээ явуулаарай. 

🍋 Швейцарчууд биет мөнгөний хэрэглээг Үндсэн хуулиар хамгаалж үлдээхийг хүсэв. Уг асуудал дээр өнгөрсөн 3 сарын 8-нд бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд нийт санал өгсөн хүмүүсийн 75% нь биет мөнгөн тэмдэгт, зоосны хэрэглээг улс даяар өргөн хэрэглэх зохицуулалтыг дэмжжээ. Швейцарчууд бэлэн мөнгийг хүмүүсийн эрх чөлөө, хувийн нууц, сонголтын асуудал гэж үзэж байгаа аж. 

🍋 Интермед ирэх 9-р сараас эхлэн үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи, төхөөрөмж ашиглаж эхэлнэ. Саяхан Японы IUHW эмнэлэгтэй стратегийн түншлэлтэй болсон тэд 6-р сараас эхлэн 320 зүслэгтэй өндөр нарийвчлалтай CT, олон үйлдэлт ангиограф гэхчлэн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлж байгаа гэнэ. Сонирхуулахад, манай улсад ердөө 25 MRI, 57 CT аппарат байдаг. Арай бага уу? 

🍋 Нийслэл 2027 оноос нийтийн тээврийн салбарыг корпорацын зарчимд шилжүүлэх тухай бодолцож эхлэв. 2025 оноос эхлэн автобуснуудад банкны карт, QR, апп гэхчлэн төлбөрийн хэрэгслүүдийг нэвтрүүлснээр орлого нь тус жил 69% өсөж ₮56.7 тэрбумд хүрчээ. Үүнийг даган зорчилт, орлого нэмэгдэж байгаа тул өөрийн орлогоор санхүүжих боломжийг судалж эхэлжээ.  

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.