- Lemon Press
- Posts
- 🧠❌ Тархиа амраахын аюул
🧠❌ Тархиа амраахын аюул
Шүүх засаглал сайжрав уу? | Арилжаачдын түгээмэл 5 алдаа | Getty Images-н аврал
POWERED BY
Morning! Венецийн Биенналаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Тэнгэрийг бүтээгч салхи” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна шүү. Урлаг, уран сайханд хорхойтой найз руугаа ЭНЭ мэдээг хуваалцаарай. 🎨🖼️


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Монгол Улс Турктай гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
TAND: Тандэм Инвэст ББСБ ХК (TAND) хувьцаа эзэмшигч Шинтани Такаёшигоос эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх зээл авна.
POL: Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу 18.2%-тай байна. Тус хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэхийн тулд холбогдох журмуудыг батлах хэрэгтэй байгаа аж.

🏗️ Монцемент Улаанбаатар үйлдвэрээр аялсан тэмдэглэл

Өнгөрсөн жил бид Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Дорноговь аймаг байрлах Өргөн үйлдвэрийн цогцолбороор зочилж байсан бол энэ удаад Улаанбаатар дахь үйлдвэрээр нь орж, төмөр замын өргөтгөл болон үйлдвэрлэлтэй нь танилцлаа.
📅 2026 оны 6 сарын 16
⏲ 11:00
📍Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо Монцементын Улаанбаатар үйлдвэр
2017 онд байгуулагдсан Монцемент Улаанбаатар үйлдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цорын ганц цементийн үйлдвэр бөгөөд компанийнхаа нийт үйлдвэрлэл, борлуулалтын 70%–80%-ийг бүрдүүлдэг. Үйлдвэр 24 цагийн турш бүрэн автомат горимоор ажиллаж, 100-aaд хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн баг үйл ажиллагааг нь удирдан явуулдаг байна.

🕯️ Гэрэл ба Сүүдэр: Шүүх засаглал сайжрав уу?

Шударга ёсны үндэсний хэмжүүр хаашаа зааж байна вэ? Нээлттэй Нийгэм Форум болон Оюуны-Инноваци ТББ-аас хамтран гаргасан “Монгол Улсын Шүүхийн Индекс 2025” тайлан нь Монголын шүүх засаглалын өнөөгийн дүр төрх, ахиц болон тулгамдсан сорилтуудыг тодоор харуулжээ.
🧑⚖️ Яадаг индекс вэ? Шүүхийн индекс нь шүүх засаглалын хараат бус, ил тод, үр ашигтай байдал болон иргэдийн итгэлийг тольдох үндэсний үнэлгээ юм. Үүнийг хэмжихдээ нээлттэй, ил тод байдал, ёс зүй, хариуцлага, иргэдийн итгэл зэрэг 6 үндсэн хэмжигдэхүүнийг ашигладаг бөгөөд эдгээр нь дотроо 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтээр задардаг аж.
🧠 Ахиц дэвшил
Шүүхийн индекс анх 2021 онд 51.9 гэсэн дундаж үнэлгээ авч байж. Үүний дараа Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаар 2023 онд ялимгүй ахиж 53.2 оноотой болсон аж. Тэгвэл энэ удаагийн 3 дахь үнэлгээгээр даруй 4.1 оноогоор ахиж 57.3 оноонд хүрчээ.
🌸 Итгэл сэргэв: Уг индексийн өсөлтөд иргэдийн итгэл 7.3 оноогоор, шүүхийн бие даасан байдал 5.9 оноогоор нэмэгдсэн нь гол жинг даржээ. Ялангуяа хуульчид шүүхийн авлигаас ангид байдлыг 25.4 оноогоор ахиулж үнэлсэн аж. Үүнд сүүлийн 2 жилд 200 гаруй авлигын том хэргийг шийдвэрлэсэн нь түлхэц болжээ.
💸 Санхүүгийн реформ
2025 онд шүүхийн төсөв жилийн өмнөхөөсөө 61.5% нэмэгдэж ₮276.3 тэрбум болсон нь түүхэнд байгаагүй өндөр дүн. Улмаар 2014 оноос хойш анх удаа хөрөнгө оруулалтын төсөв батлагдаж, шүүгч, ажилтнуудын цалинг шинэчлэн нэмсэн гэнэ. Мөн оны сүүлээр "Цахим шүүх 2.0" нээгдэж, иргэд гар утаснаасаа шүүхийн үйлчилгээг авах боломжтой болсон билээ.
♟️ Сүүдэр тал: Ачаалал туйлдаа хүрэв
Иргэд, хуульчдын хандлага эерэг болсон ч хэргийн ачааллын тэсрэлтээс шалтгаалж захиргааны мэдээллийн оноо 2.29-өөр буурав. 2025 онд нийт 167,990 хэрэг маргаан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 31,962-оор нэмэгдэж, 5 жилийн өмнөхөөс даруй 2 дахин өсжээ. Энэхүү хэт ачаалал нь хэрэг шийдвэрлэлтийн шуурхай байдал болон хувьд сөргөөр нөлөөлсөн аж.
Эцэст нь… Индексийн өсөлтөөс харахад Монголын шүүх засаглал зөв голдирлоор сайжирч байгаа ажээ. Харин ажлын ачааллын өсөлтийг зохицуулах бодлогын менежмент хэрэгтэй байна даа.

🔫 Senzu буюу М.Азбаяр The MongolZ-г албан ёсоор орхиж, BC.Game-тэй гэрээллээ. (HLTV)
😐 Улс төрчид хүүхдүүдээ бод гэх логикийн алдаагаар түрий барих болов. (Baabar.mn)
⚽️ ДАШТ-д цахиур хагалж буй жижиг улсуудын эдийн засгийн түүх. (MondayEconomist)
🏋🏻♂️ Урт наслахын тулд 7 хоногт хэдэн удаа хүчний дасгал хийх хэрэгтэй вэ? (GQ)

🛟 Getty Images-н аврал
GETY: Дэлхийн хамгийн том дижитал зураг, видео контентын санг эзэмшигч Getty Images нь OpenAI-тай хамтарч ажиллах болсноо зарлалаа. Хамтралын хүрээнд Getty Images-н лицензтэй контентууд ChatGPT дээр шууд харагдах боломж бүрдэх гэнэ. Энэхүү мэдээний дараа Getty Images-н нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор огцом 145% хүртэл өсөж $1.48-т хүрчээ. Тус өсөлт нь компанийн NYSE-н бүртгэлээс хасагдах эрсдэлийг бууруулаад байна. Учир нь NYSE-д бүртгэлтэй компанийн нэгж хувьцааны үнэ 30 өдөр дараалан $1-оос доош үнээр арилжаалагдвал биржээс хасах процесс эхэлдэг аж.

🤖🫂 AI бол миний сэтгэлзүйч

Манай уншигчид өдөр тутамдаа AI-г яаж ашиглаж байна даа? Цаана чинь AI-г зөвхөн контент бүтээхэд ашиглахаа болиод анд нөхөр шиг үзэх болжээ.
🤯 Хэрэглээ 180 °C эргэв
AI хүн төрөлхтний амьдралд тэсрэлт хийснээс хойш 3.5 жил өнгөрчээ. Одоогоор ChatGPT 1 тэрбум, Gemini 750 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна. Тэгвэл AI in the Wild-н 2026 оны судалгаанд дурдагдсан 12,637 бодит кэйсийг үзвэл, сүүлийн 3 жилд хэрэглэгчид AI-г зөвхөн текст орчуулах, мэдээлэл хайх гэх мэт анхны хэвшмэл байдлаар хэрэглэхээ больж, амьдралын нарийн нандин харилцаа болон бизнесийн автоматжуулалтад ашигладаг болжээ.
🫀 Сэтгэл заслын шинэ анд: Анх хэрэглэгчдийн 23% нь AI-г текст бичих, зураг зуруулах гэж ашигладаг байсан бол 2026 онд энэ үзүүлэлт 15% болж буурав. Харин №1 хэрэглээ сэтгэл засал болж хувирсан аж.
🔺 Хувийн дэмжлэгийн өсөлт: Улмаар AI хэрэглээг 6 үндсэн чиг хандлагаар хувааж үзвэл, хувийн болон мэргэжлийн дэмжлэг ангиллынх хамгийн хурдацтай өссөн байна. Тодруулбал, 2024 онд нийт хэрэглээний ердөө 17% байсан бол 2026 онд 34% болж 2 дахин нэмэгдэв.
🧠❌ Тархиа амраахын аюул
Судалгааны хамгийн анхаарал татсан шинэ нэр томьёо бол "Thinkslop" буюу AI-д хэт найдаж, өөрийн сэтгэхүйг залхууруулах үзэгдэл. Хэрэглэгчид санаа бодлоо цэгцэлж амжаагүй байж шууд AI-с асууж, бичих үйл явцаа бүрэн даатгаснаар өөрийн гэсэн өвөрмөц өнцөг, шүүмжлэлт сэтгэлгээгээ гээж байгаа гэнэ.
🗣️ AI-тай чалчих трэнд: Сонирхолтой нь, 2025 онд ТОП-10 хэрэглээний 7-д байсан AI-с дэмий зүйлс асуух хэрэгцээ 2026 онд 3-т эрэмбэлэгдэж. Мөн 38-д жагсаж байсан харилцааны зөвлөгөө авах хэрэглээ ТОП-7-д ортлоо эрэлттэй болжээ. AI-р уйдаагаа гаргадаг болсон бололтой. Эсрэгээрээ код бичүүлэх хэрэгцээ огцом буурсан байна.
Эцэст нь… AI гэгч хэдхэн жилийн дотор сэтгэл зүйч, анд нөхөр, зөвлөгч болж хувирчээ. Үүнийг уншиж буй та өөрийн AI хэрэглээгээ нэг анхаарам зээ. Анализ хийх, сэтгэн бодох чадвар, шүүмжит сэтгэлгээ, бүтээмжит байдлаа 100% AI-р орлуулбал юутай харамсалтай.

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэЭнэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмаар шүлхий дэгдсэн тул хурдан морь уралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ тал дээр манайхан ямар байр суурьтай байна? |

⚠️ Хамгийн түгээмэл 5 алдаа

Опцион гэрээ нь санхүүгийн зах зээл дэх уян хатан хэрэгслүүдийн нэг боловч буруу ашиглах үед алдагдал хурдан үүсдэг. Тэгвэл арилжаачдын дунд хамгийн түгээмэл давтагддаг 5 алдааг харцгаая.
⏳ Хугацааны элэгдэл (Theta): Үнэ зөв чиглэлд хөдөлсөн ч хангалттай хурдгүй бол опционы үнэ хугацааны явцад буурсаар байдаг.
💸 Хямд OTM (Out-of-the-Money): Бага premium нь боломжтой мэт харагдавч ашигтай дуусах магадлал ихэнхдээ бага.
🎯 Гарах төлөвлөгөөгүй арилжаа: Take profit болон stop loss тодорхойгүй үед шийдвэр гаргалт сэтгэл хөдлөлд суурилдаг.
📊 Хэт том позиц: Нэг опцион гэрээ хямд мэт боловч хэмжээг хэтрүүлбэл нийт дансны эрсдэл огцом өсдөг.
📉 Implied Volatility (IV)-г шалгахгүй орох: IV өндөр үед опцион хэт үнэтэй байдаг. Дараа нь хэлбэлзэл буурахад (IV crush) суурь үнэ хөдөлсөн байсан ч опционы үнэ огцом унаж болдог.
Эцэст нь… Урт хугацаанд амжилттай арилжаа хийдэг хүмүүс зах зээлийн трендийг таахаас илүү эрсдэлийг ойлгож, удирдаж чаддаг хүмүүс байдаг. Тиймээс дээрх алдаануудыг битгий гаргаарай. 🙌


ThePrint
🍋 Google (GOOG) компани A24 студид $75 саяын хөрөнгө оруулалт хийж, кино бүтээгчдэд зориулсан AI хэрэгсэл хөгжүүлэхээр хамтарч эхэллээ. Энэхүү түншлэлийн хүрээнд DeepMind-тай хамтран уран бүтээлчдийн ажлын бүтээмжийг сайжруулах технологиуд бүтээх юм. Харин $GOOG гэрээний дагуу тус студийн контентын сан болон өгөгдлийг ашиглах эрхгүй байх ажээ.
🍋 Монгол Улсын SDG индексийн оноо жилийн өмнөхөөсөө 1.9-өөр нэмэгдэж 68.6 болсноор 9 байр ахилаа. Тодруулбал, өнгөрсөн онд 167 орноос 100-д бичигдэж байсан бол одоо 91-т эрэмбэлэгдсэн байна. SDG үзүүлэлт дундаа авлига, CO₂ ялгаруулалт, азотын бохирдлын асуудалд дорвитой өөрчлөлт ороогүй бол ядуурал, интернэт, санхүүгийн үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд сайжирчээ.
🍋 МИАТ ТӨХК Boeing 787-9 Dreamliner хөлөгтөө нислэгийн үеийн Wi-Fi үйлчилгээг нэвтрүүллээ. Зорчигчид хязгааргүй хэрэглээний 1 цагийн эрхийг $5, 2 цагийг $9, 4 цагийг $17, нислэгийн туршихыг $25-оор сонгон авах боломжтой аж. Энэхүү шинэчлэл нь аяллын явцад цаг алдалгүй холбоотой байх тав тухтай нөхцөлийг бүрдүүлж буй.
🍋 Узбекистан $3 их наядын ашигт малтмалын баялагтаа түшиглэн түүхий эд экспортлогчоос үйлдвэрлэлийн төв болох шилжилт хийж байна. Тус улс геологийн дижитал сан байгуулж, уул уурхайн ордуудаа онлайн дуудлага худалдаагаар гаднын түншүүдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. Ерөнхийлөгч нь гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар найдвартай хамгаалахаа амлав.
🍋 Өнгөрсөн 7 хоногт ХАА-н бирж дээр ₮83.7 тэрбумын арилжаа явагджээ. Нийт арилжааны үнийн дүнгийн 99.8%-ийг 234.8 тн-н самнасан ноолуурын арилжаа бүрдүүлж байгаа бол үлдсэн хэсгийг 79.9 тн-н хонины ноосны арилжаа эзэлжээ. Арилжааны тоо хэмжээг өмнөх 7 хоногтой харьцуулбал, хонины ноосны хэмжээ өөрчлөгдөөгүй бол самнасан ноолуурынх 46.9% өссөн байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply