- Lemon Press
- Posts
- 🙊 Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ?
🙊 Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ?
Шинэ ХБҮЦ айсуй | $TMK.AX-н нэг өдрийн галзуурал | ЕС татгалзав
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр орой 20:30 цагаас "Лхагвын тойм" нэвтрүүлгээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шууд ярилцлагад орохоор байна. Тэрээр Ерөнхий сайд байх 4 жилийн хугацаандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа нэвтрүүлгээр олигтой оролцсон түүхгүй нэгэн билээ. За тэгээд өнөө оройны нэвтрүүлгээр юу ярж, олныг ангайлгахыг нь тэсэн ядан хүлээж сууя даа. 🧸☕️


*Нэг өдрийн өөрчлөлт.
GEC: 2025 оны IV улиралд улс төрийн 14 нам ₮1.2 тэрбумын хандив хүлээн авчээ.
UB: Нийслэлийн 24 мега төслийн нэг “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95%-тай байна.
CN: Энэ оны эхний 2 сарын байдлаар Хятадын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 21.8% өсөж $656.6 тэрбумд хүрлээ.

✨ Шинэ бүтээгдэхүүн мэндэллээ

Хөрөнгө оруулагчдын анхааралд! Магна Профит Энд Инвестмэнт ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан Магна Актив ТЗК ХХК-ийн Мандал Капитал Маркетс ҮЦК-тай хамтран гаргаж буй ₮14 тэрбумын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны урьдчилсан захиалга эхэлжээ.
🦺 Хөрөнгийн баталгаа +₮4 тэрбум
Өнгөрсөн 2-р сард СЗХ-ноос зөвшөөрөл авсан Магна ХБҮЦ нь ₮100,000-ийн нэрлэсэн дүнтэй гарч буй бөгөөд 2 жилийн хугацаатай, жилийн хүү нь 19.5% аж. Энэ нь инфляцын түвшнээс 13 нэгж хувиар, ТОП-5 банкны хадгаламжийн хүүгээс 7.5 нэгж хувиар өндөр дүн юм. Түүнчлэн хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10% байдаг бол ХБҮЦ-ных 5% байдаг. Тэгэхээр бодит өгөөж нь 18.5% байх нь ээ. Өөрөөр хэлбэл, ₮100 саяар хөрөнгө оруулсан тохиолдолд хөрөнгө оруулалтын өгөөж нь ₮30.1 сая болох аж.
🤔💰 Баталгаа нь юу вэ? Уг ХБҮЦ нь ₮18.1 тэрбумын үнэлгээ бүхий хэвийн төлөлттэй зээлийн мөнгөн урсгалаар баталгаажсан бөгөөд эдгээр зээлүүд нь ардаа үл хөдлөх, газар, автомашиг бодит хөрөнгийн барьцаатай аж. Онцлууштай нь, эдгээр зээлүүд нь хугацаандаа төлөгдөхгүй бол хэвийн зээлээр солигдоод л байх гэнэ.
📌 Хэзээ төлөх вэ? ХБҮЦ гаргагч нь хүүг 3 сар тутамд, үндсэн хөрөнгө оруулалтын 25%-ийг 12 дахь сард, 18 дахь сард дахин 25%-ийг, хамгийн сүүлийн буюу 24 дэх сард үлдсэн 50%-ийг төлөх нь.
👀 Магна гэж хэн бэ?
ХБҮЦ гаргагч Магна Профит Энд Инвестмэнт ББСБ-ын хувьд 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэглээний, автомашины, бизнесийн, үл хөдлөх хөрөнгийн зээл олгодог аж. Тэдний олгосон зээлийн 99% нь барьцаат зээл бөгөөд нийт цэвэр зээлийн багц нь өнгөрсөн онд 46.4% өсөж ₮62.6 тэрбумд хүрсэн байна. Мөн нийт зээлийн багцынх нь 89.7% нь хэвийн, 8.7% нь анхаарал хандуулах, 1.7% нь л чанаргүй ангилалд багтжээ.
📈 Ашигт ажиллагаа: Компанийн зээл олголт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийт хөрөнгийн хэмжээ нь сүүлийн 3 жилд 3.2 дахин нэмэгдэж ₮69.7 тэрбумд хүрчээ. Үүнтэй уялдаад хүүгийн орлого нь 3.3 дахин өссөнөөр цэвэр ашиг нь 3.6 дахин тэлж ₮7.5 тэрбум болсон байна.
Эцэст нь… Уг ХБҮЦ энэ сарын 16-наас Чингис Хаан Хөрөнгийн Биржээр нээлттэй арилжаалагдана. Одоогоор тус бирж дээр 3 ХБҮЦ идэвхтэй арилжаалагдаж буй. Гэхдээ хөрөнгө оруулагчид маань шийдвэр гаргахдаа маш сайн няхуур судлаарай. Мөн Мандал Капитал Маркетс ҮЦК-иас нэмэлт мэдээлэл авах боломжтой шүү.

💡 Хятадын эрчим хүчний шилжилт ба Монголын стратегийн үүрэг. (CMM)
🛟 Гэмт хэргийн хохирогчдын эхний хандах чиглүүлэгч: ChatGPT (DigitalTrends)
🙋 Үндэсний баялгийн сангийн талаар санал асуулга явуулна. (Mongolia)
🆕 Microsoft AI туслахтай $99-н багц гаргажээ. (Blog.Microsoft)

🥵 $TMK.AX-н нэг өдрийн галзуурал
TMK.AX: TMK Energy-н өөрийн эзэмшдэг Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт дахин нэг удаа рекорд тогтоосныг зарлажээ. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд 900 шоо метр хий олборлосон нь 1-р сарын түвшнээс 33% өссөн үзүүлэлт болсон аж. Мөн сүүлд өрөмдсөн Lucky Fox-7 цооногийн олборлолт өнгөрсөн саруудад 500% өсөөд буйг онцолсон байна. Тус мэдээтэй холбоотой Австралийн хөрөнгийн бирж дээр компанийн нэгж хувьцааны үнэ 10.3% өсөж AU$0.16-д хүрчээ.

“Санхүүгийн инновац текспринт-2026” уралдааны бүртгэл өнөөдөр хаагдана. Санхүүгийн Зохицуулах Хороо болон Lemon Press хамтран уг уралдааныг хариуцлагатай зээл, иргэдийн өрийн удирдлагыг сайжруулах технологийн шийдлүүдийг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулж байна. 🍋

₮21 саяын шагналын сантай уг уралдаан нь программист, өгөгдлийн шинжээч, санхүүгийн мэргэжилтэн, оюутан гээд шинийг санаачлагч хэн бүхэнд нээлттэй бөгөөд 3-5 хүний баг бүрдүүлэн оролцох боломжтой. Уралдааны шүүгч болон менторуудтай ЭНД дарж танилцаарай.

🙊 Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ?

Эдгээр өдрүүдэд улс төрд халуухан үйл явдлууд ар араасаа цуварсаар байна. Гол шалтгаан нь мэдээж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Тэгвэл олны дунд хамгийн их хүлээлттэй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-аас хэр олон хүн нэр дэвших боломжтойг харцгаая.
✋🏻 Нийт 59 гишүүн
Ерөнхийлөгчид дэвшихэд УИХ-д суудалтай намаас, 50-аас дээш настай хүн дэвших эрхтэй гэсэн наад захын шалгууртай. Үүний дагуу 2027 онд Ерөнхийлөгчид УИХ-ын 59 гишүүн нэр дэвших боломжтой аж. Тус тооцооллыг гаргахдаа гишүүдийн 2027 оны сонгуулиас өмнө зооглох насыг тооцож үзсэн болно. Мөн Монголын экс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнийг Х.Баттулгыг хассан. Үргэлжлүүлээд өөр сонирхолтой тоог хуваалцъя.
50 нас: Ирэх он гэхэд УИХ-ын гишүүдийн дундаж нас 50.1-д хүрэхээр байна. Үүнээс хамгийн настай гишүүн нь 76 хүрч байгаа бол хамгийн залуу нь 30 хүрэх аж.
5 нам: Муушиг 5 хүн тоглодог шиг 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд 5 нам оролцож буй нь Монголын улс төр тавцанд гарч буй анхны тохиолдол гэнэ.
49.2%: Нийт Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших боломжтой 59 гишүүнээс хамгийн их болох 29 буюу 49.2%-ийг МАН-ын гишүүд эзэлжээ. Удаах байранд 21 гишүүн нь дэвших боломжтой АН орсон бол араас нь 5 гишүүн нь дэвших эрхтэй ХҮН ороод байна.
🥊 Нэг намын зодоон
Энэ 7 хоногийн эхээр УИХ-д суудалтай ИЗНН-ынхан намын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг намаасаа хөөгөөд амжсан. Цаашлаад, шинэ даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон ч энэ үйл явдлын дараа намын дарга Б.Батбаатар гарч ирээд тийм юм байхгүй шүү л гээд хэлчихжээ. Эндээс намууд том жижиггүй хэрүүлтэй байдаг нь харагдана.
Эцэст нь… Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр улс төрийн орчинд сенсацтай үйл явдал гарах нь баараггүй. Одоогийн Ерөнхийлөгч маань ч тус жишгээр УИХ-ын гишүүдийн эргүүлэн татах хуулийг санаачлаад байна. Гэснээс, СЕХ-ны зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн байна шүү. 🔎

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Нийслэлээс тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд анхааруулах шийтгэлийн шар хуудас нааж эхэлжээ. Энэ тал дээр таны байр суурь? |


Financial Post
🍋 7-ийн бүлэг дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг дэмжих үүднээс газрын тосны нөөцөө суллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Эдгээр орнуудын газрын тосны стратегийн нийт нөөц ойролцоогоор 1.2 тэрбум баррель бөгөөд энэ нь дэлхийн өдөр тутмын хэрэглээний ойролцоогоор 2-3 сарын нөөцтэй тэнцэх дүн юм. Сонирхуулахад, олон улсын стратегийн нөөц нь 90-ээс дээш хоногийн импортын хэрэгцээг хангах зориулалттай байдаг аж.
🍋 Ерөнхий сайд Rio Tinto (RIO)-н тавьсан саналуудад татгалзав. Тодруулбал, Rio Tinto-н зүгээс менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирсэн бөгөөд ЕС-ын зүгээс тавьсан саналууд учир дутагдалтай гэж үзсэн байна. Улмаар Монголын талаас энэ онд багтаан ногдол ашиг хуваарилах тэргүүтэй нийт 5 шаардлага тавьж байгаагаа мэдэгджээ.
🍋 Өмнөд Солонгост оршин сууж буй гаднын иргэдийн тоо өнгөрсөн онд 1.7 саяд хүрчээ. Үүнд 15-аас дээш насны, 91 өдрөөс дээш хугацаанд тус улсад оршин суугаа гаднын иргэд багтаж байгаа бөгөөд 2024 оноос 8.4% өссөн үзүүлэлт юм. Гаднын иргэдийн 65.5% нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 32% орчим нь сард ₩2-₩3 саяын орлого олдог гэнэ.
🍋 Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл өнгөрсөн сарын эцсийн байдлаар ₮11.5 их наяд байна. Үүний 40%-ийг Монголбанк өөрийн эх үүсвэрээс олгосон бол 30.4% буюу ₮1.4 их наядыг 6%-ийн хүүтэй зээлийн санхүүжилтийн хүрээнд олгосон байна. Өнгөрсөн оны хувьд нийт ₮1.1 их наядыг 9 мянга гаруй өрхөд олгосон бол өдгөө ₮5.5 их наядын ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply