• Lemon Press
  • Posts
  • 🤔 Авлигын үүр болсон яам...

🤔 Авлигын үүр болсон яам...

Уул уурхайн томролт | $MFC: Цалингийн зардал 23.7% өсөв | ЗГ-ын шинэхэн бэлэг

POWERED BY

Өглөөний мэнд! Шинээр томилогдсон сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцах уу? Хамгийн их мөнгө олдог нь ₮2.5 тэрбумын орлоготой Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр бол хамгийн үнэтэй унаа хөлөглөдөг нь ₮8.5 тэрбумын үнэлгээтэй 12 тээврийн хэрэгсэл эзэмшдэг Шадар сайд Н.Номтойбаяр гэнэ дээ. Ер нь Шадар сайдууд л бусдыгаа тэргүүлээд байна уу гэвэл бас үгүй. За тэгээд сайдуудын ХОМ-тэй танилцахыг хүсвэл ЭНД дараарай. 👀

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: ЗГ татварын өрийн улмаас хаагдсан 12,100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ.

UB: Арьс шир, ноос, ноолуур боловсруулах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилгын ажил энэ сарын дундуур эхэлнэ

KZ: Казахстан Монголоор дамжих Оросын байгалийн хийн хоолойг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэх боломжийг нээлттэй үлдээж, яриа, хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэв.

🤔 Хээл хахууль авлигын үүр болсон яам…

Улс төрийн ороо бусгаа байдал арай гэж намдаж, яамдууд сайдтай боллоо. Амьсгаа авах завдал гарсных шинэ сайд нар маань хэр авлигажсан, хэр асуудалтай яам дээр томилогдож буйг харах уу даа. 

🤓 Шударга байдлын үнэлгээ

АТГ-ын 2025 оны Шударга байдлын үнэлгээний тайланд төрийн 81 байгууллага оролцож, үнэлгээ нь өнгөрсөн оноосоо 2.3 оноогоор нэмэгдэж 74.9 болжээ. Энэ бол манай төрийн байгууллагуудын 100 онооноос авсан дүн. 

  • 👉 Яамдуудын хувьд дунджаас чүд доор буюу тус онд шударга үнэлгээний байдал нь 73.5 оноотой үнэлэгджээ. Угтаа 2022-2024 онд яамдуудын үнэлгээ дунджаас дээш түвшинд хадгалагдаж байсан ч өнгөрсөн онд буурчих нь тэр. 

  • 👇 Ийн буурахад яамдуудын гадаад шударга байдлын үнэлгээ 3.2 оноогоор буурсан нь ихээхэн нөлөөлсөн юм. 

🖼️ Зураглал

Сүүлийн 7 жилийн хугацаанд яамдуудын шударга байдлын үнэлгээнд нэлээдгүй өөрчлөлт орсон. Тухайлбал, 2019 онд Эрчим хүчний яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам шударга байдлын үнэлгээгээрээ тэргүүлдэг байсан бол ёроолд нь ХХААХҮЯ, Зам тээврийн яам, Гадаад хэргийн яам тус тус тунадаг байв

  • ⚖️ 2025 он гэхэд Гадаад хэргийн яам ТОП-5-т, багтаж томоохон дэвшилт гаргасан бол 2019 онд дээрээсээ 6-рт эрэмбэлэгддэг байсан Эрүүл мэндийн яам доороосоо 2-рт бичигдэх хэмжээнд ухарчээ. Үүгээр тогтохгүй ганцхан жилийн дотор 8 оноо алдаад зогсохгүй Эрүүл мэндийн яамны шууд авлигын оноо 50.7, ил тод байдал 14.7 оноогоор хамгийн их буурсан юм. 

Товчхондоо тус яам сүүлийн 5 жилд авлигал ил цагаан болж, хамгийн их тархсан цорын ганц яам болоод буй. 

Эцэст нь… Тус тайланд дурдсанаар төрийн байгууллагуудад авлигал цэцэглэж буй гол шалтгаануудыг цалин хөлс бага, ажилгүйдэл, ядуурал, шунал тэргүүлжээ. Шинэ сайд нарнаас хамгийн их үсээ зулгааж, үгээ хэлэх сайдаар Э.Батшугар тодорчих шиг боллоо. Ай хө… 

  • 🧐 Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл батлагдах уу? (Eagle.mn)

  • 🛰️ 2027 онд Америк NASA-н төсвийг $5.6 тэрбумаар танана. (Reuters)

  • 🇰🇷 Илвүү сангийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлагдлаа. (MOE)

  • 👓 Дэлхийн 193 улсын алинд нь амьдрал хамгийн таатай байна? (TheEconomist)

🪴 $MFC: Цалингийн зардал 23.7% өсөв 

MFC: 2025 онд Монос Хүнс ХК ажилтнууддаа ₮12 тэрбумын цалин урамшууллыг олгосон нь өмнөх оноос 23.7% өссөн дүн болжээ. Үүний дотор ТУЗ, Гүйцэтгэх захирал, Санхүү хариуцсан захирал зэрэг эрх бүхий албан тушаалтнуудад олгосон цалин урамшууллын хэмжээ 2024 оноос 2.6 дахин нэмэгдэж ₮942 саяд хүрсэн аж. Харин ажилтнуудад өгсөн цалингийн дүн өмнөх оноос 18.5% өсөж ₮11.1 тэрбумд хүрээд байна. 

⛏️ Уул уурхайн томролт

Дэлхийн уул уурхайн хамгийн том 50 компанийн зах зээлийн үнэлгээ 2026 оны эхний улиралд $250 тэрбумаар нэмэгдэж $2.4 их наядад хүрчээ. Тэгвэл энэ өсөлтөд юу нөлөөлснийг сонирхоод үзье.

👣 Аваргуудын жагсаалт

Уул уурхайн аваргуудыг зах зээлийн үнэлгээгээр Австралид төвтэй BHP (BHP) тэргүүлж байна. Одоогийн байдлаар $BHP-н зах зээлийн үнэлгээ $186.7 тэрбумд хүрсэн бөгөөд он гарснаас нэгж хувьцааны үнэ 21.3% өсжээ. Харин удаах байранд $153.6 тэрбумын үнэлгээтэй Монголчуудын сайн танил Rio Tinto (RIO) орж, 3-р байранд $146.9 тэрбумын үнэлгээтэй Southern Copper (SCCO) тус тус бичигдлээ.

  • 🔦 Өсөлтийн нууц: Өнгөрсөн 2-р сард Ираны дайн эхлэхээс өмнө алт болон мөнгөний үнэ огцом доош савлаад амжсан. Харин одоо нэг унц алтны үнэ $4.7 мянга, мөнгө $70 орчим буюу тогтвортой түвшинд арилжаалагдаж байна. Ерөнхийдөө, геополитикийн эрсдэл нэмэгдсэн ч түүхий эдийн үнэ өндөр хэвээр хадгалагдсанаар компаниудын үнэлгээ өсжээ. 

🌋 Эргэн ирэлт

Хамгийн өндөр үнэлгээтэй 50 компанийн жагсаалтад Чилийн SQM (SQM) болон Америкийн Albemarle (ALB) нар өнгөрсөн оны IV улиралд эргэн нэгдсэн. Тус өсөлтөд зах зээл дээрх литийн үнэ сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Үүнээс шалтгаалан 2026 оны I улиралд Хятадын Ganfeng Lithium (002460.SZ)-н нэгж хувьцаа үнэ 56% өссөн ба энэ нь ТОП-50 компани дотроо 2-т бичигдэх амжилт болсон аж.

Дотоодын хэд… 2026 он гарснаас хойш Тавантолгой (TTL)-н нэгж хувьцаа үнэ 6.9% буурч, зах зээлийн үнэлгээ нь ₮1.5 их наядад хүрсэн бол Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-н нэгж хувьцаа 10.4% буурч, үнэлгээ нь ₮1.2 их наядад хүрээд байна. 🧐

Логистикийн аварга FedEx (FDX)-г дампуурлын ирмэгээс мөрийтэй тоглоом аварч байсан гэвэл итгэх үү?

🎰 Одоогоос 50-иад жилийн өмнө үйл ажиллагааныхаа эхэн үедээ явсан FedEx-н дансанд ердөө $5 мянга үлдээд байлаа. Тэгтэл компанийн үүсгэн байгуулагч Фредерик Смит бууж өгөхийн оронд тэрхүү эцсийн $5 мянгаа аваад Лас Вегас руу ниссэн аж. Тэрээр казинод блэкжек тоглон $27 мянгыг хожиж, компанийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг олж чадсан гэдэг. Ингэж л FedEx-г дампуурлаа даван туулсан гэнэ дээ.

✈️ Аялал бүхнээ "Ухаалаг"-аар шийд: SkyTrip-г сонгох 3 шалтгаан

Та гадаад руу нисэхдээ хамгийн хямд тийз хайж цаг алддаг уу? Эсвэл буусан даруйдаа датаны асуудалд ордог уу? Тэгвэл SkyTrip таны аяллыг илүү хялбар, илүү "супер" болгож байна.

🎁 Тийзээ аваад, Дататай СИМ бэлгэнд ав!

SkyTrip зөвхөн тийз биш, таны тав тухыг худалддаг. Та SkyTrip-ээр тийзээ захиалаад, очсон улсдаа шууд ашиглах 7 хоногийн дата эрхтэй SIM картыг бэлгэнд авах боломжтой. Хоёр ажлыг нэг дор амжуулж, дата хайх асуудлаа мартаарай!

  • 🌎 Дэлхийн сүлжээ: Lufthansa, United, Korean Air зэрэг топ авиа компаниудын тийзийг хамгийн бодит үнээр, шууд захиална.

  • 💯 Ганц товчлуур: Өөрийн мэдээллээ нэг удаа хадгалаад, дараагийн удаа ердөө нэг товшилтоор захиалгаа баталгаажуулна.

Цаашлаад, SkyTrip нь UNICEF-тэй хамтран ажилладаг бөгөөд таны захиалга бүрийн тодорхой хувь хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд зарцуулагддаг. Ухаалаг аялаад, сайн үйлсийг дэмжээрэй.

Adco Law

🍋 Өнгөрсөн I улиралд Монгол Улсад 2 сая гаруй зөрчил бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.9% өссөн үзүүлэлт бөгөөд нийт зөрчлийн 99.5%-ийг цагдаагийн байгууллага хянан шийдвэрлэсэн байна. Улмаар зөрчил гаргасан 1.9 сая хүн, 81.9 мянган хуулийн этгээдэд нийт ₮45.5 тэрбумын торгох шийтгэл ногдуулжээ. 

🍋 Ормузын хоолой хаагдсаны улмаас Өмнөд Солонгос газрын тосны хангамжаа тасалдуулалгүй явуулах шинэ чиглэлийг хайж эхлэв. Өмнө нь Өмнөд Солонгос Ормузын хоолойгоор газрын тосныхоо 70% гаруйг авдаг байсан юм. Улмаар нийлүүлэлтээ хадгалахын тулд Саудын Арабын Yanbu боомтыг ашиглан Улаан тэнгист 5 хөлөг онгоц байршуулж, татан авалт хийхээр төлөвлөжээ.

🍋 Anthropic Claude Code-н хэрэглэгчдээс OpenClaw ашиглавал нэмэлт төлбөр авахаа мэдэгдлээ. Өнгөрсөн Бямба гаргаас эхлэн тус багцын хэрэглэгчдийг OpenClaw хэрэглэхээр бол “pay-as-you-go” горимд шилжүүлэн нэмэлт төлбөр төлж, ашиглах талаар мэдээлсэн юм. Цаашид, тэд OpenClaw-с гадна бусад 3-дагч платформуудыг ч нэмэлт төлбөртэй болгохоор төлөвлөж байгаа гэнэ. 

🍋 Евроазийн Хөгжлийн Банк энэ зун Казакстаны Алматы хотод жилийн хурлаа зохион байгуулна. Улмаар ирэх 6 сарын 25-26-нд болох тус хуралд 15 орны төлөөлөл оролцох төдийгүй онцлох хэсэг нь “Eurasia 2030+: Хөрөнгө оруулалт, өсөлт, шинэ боломжууд” сэдэвт хурал байх аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.