- Lemon Press
- Posts
- ☝️ 2025 онд анхаарах асуудлууд
☝️ 2025 онд анхаарах асуудлууд
Төлбөртэй түгжрэл | $BOGD-н ₮40 тэрбумын ашиг | Юун вирус!
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Lemonade-н шинэ дугаараа үзэж амжсан уу? Өмнөд Солонгосын алдартай драмануудын цаана ажилладаг монгол эмэгтэй орсон шүү. Тус улсын кино урлагийн салбарт ажиллах сонирхолтой бол заавал үзээрэй. 🍋
U.S: Жо Байден 3 сая гаруй төрийн албан хаагчдын тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэмжийн хэмжээг сард дунджаар $360-оор нэмэгдүүлэх Нийгмийн хамгаалал шударга байдлын тухай хуулийг үзэглэлээ.
WHO: Дэлхийн банк санхүүжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслөө зогсоож, ЗГ-аас нийт $1.7 саяыг нэхэмжлэв.
GLMT: Голомт банк ХК олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй $50 саяын ногоон болон нийгмийн бондыг гаргаж, амжилттай санхүүжилт татлаа.
☝️ 2025 онд анхаарах асуудлууд
ЗГ-ын үйл ажиллагааны зураглалын дагуу 2025 оноос Монголын их бүтээн байгуулалтын жил эхэлж буй. Үүний сацуу энэ хаврын УИХ-ын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэх буюу татварын ачааллыг бууруулах хүлээлттэй байна.
💪 Том гэрээ, хэлцлүүд
Цаашлаад, 2024 оны төгсгөлд ЗГ Францын Orani Mining-тэй уран олборлох $1.6 тэрбумын урьдчилсан гэрээг байгуулаад авсан. Харин энэ онд тус гэрээг эцэслэн батлах хүлээлт үүсэж байгаа бөгөөд амжилттай болбол Монголд эхний ээлжид $500 сая, 2027 он хүртэл шат дараатайгаар $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирэх юм. Үр дүнд нь 2028 онд Монгол Улс Зөөв-Овоо ордоос анхны уранаа олборлож эхлэх юм.
Мөн түр хойшлуулаад байгаа Евроазийн эдийн засгийн холбооны орнуудтай байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээр (ЧХХ) ч энэ оны чухал сэдвүүдийн нэг.
⛏️ Уул уурхайн төслүүд: Том хүлээлт
2025 онд TMK Energy (TMK.AX)-н нүүрсний давхаргын метаны хийн Гурвантэс XXXV, Эрдэнэ Ресурс Девелопмент (ERD.TO)-н Баянхөндийн алтны төслүүд олборлолтоо эхлүүлэх төлөвтэй байгаа. Баянхөндийн алтны төслийн хувьд бүтээн байгуулалт энэ I улиралд дуусгаж, олборлолтоо ч мөн эхлүүлэхээр төлөвлөсөн аж.
🤓 Эдийн засаг & Хөрөнгийн зах зээлд
Нөгөө талд эдийн засгийн бүхий л үзүүлэлтийг атгаж байдаг нүүрсний үнэ гадаад зах зээлд унах төлөв ажиглагдаж байгаа. Муугаар тооцож энэ онд нүүрсний үнэ уналаа гэхэд үүнийг зэсийн орлого нөхөх боломжтой гэгдэж буй.
Гэсэн ч олборлолтоо эхлүүлэхээр хүлээгдэж буй уул уурхайн төслүүд, цаашлаад боомтуудын хүчин чадал нэмэгдэж байгаа болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах гэхчлэн логистикийн холболтуудаа төлөвлөсөн хугацаанд нь хийгээд явбал түүхий эдийн гарц нэмэгдэж, хүлээгдэж буй хямралыг зөөлрүүлэх магадлалтай.
Харин хөрөнгийн зах зээлд 2025 онд “Short” арилжаа болон хадгаламжийн сертификат нэвтрэх төлөвтэй байгаа. “Short” арилжаа хийдэг болсноор хөрөнгө оруулагчид үнэт цаасны үнэ унах үед ч ашиг олох, дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх зэрэг олон давуу байдал үүсэх юм.
Эцэст нь… 2025 төдийгүй ирэх 3 жилд өнөө 14 мега төслүүдийг юунаас ч дутахгүй анхаарч байх ТОП асуудал. Эдгээр төслүүдийн ихэнхийг ирэх 3 жилд багтаан хийж амжихгүй нь тодорхой ч юу юунаас илүүтэй суурийг нь тавьж, царцааж хөлдөөчихгүй явуулж байх нь чухал даа.
🤑 43% өссөн ашиг
BOGD: Богд Банк 2024 онд ₮40 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус хугацаанд банкны хүүгийн цэвэр орлого өмнөх оныхоо мөн үеэс 29% өсөж ₮51.5 тэрбум, цэвэр зээлийн хэмжээ нь 84% өсөж ₮578 тэрбумд тус тус хүрсэн байна. Харин харилцах, хадгаламжийн хэмжээг нь харахад харилцах нь 36.5% буурч ₮57.6 тэрбум болсон бол хадгаламж нь 12.6% өсөж ₮297.9 тэрбумд хүрчээ.
🧑🔬🔬 Шинжлэх ухаанч сэтгэлгээг цоглооно
Байгалийн ухааны боловсролыг сайжруулах бодит шийдлүүдийг эрэлхийлэх зорилготой Sci-Teach Forum-2025 ганцхан хоногийн дараа Дархан-Уул аймагт зохион байгуулагдах гэж байна. 📢
Тус форумаар бүх түвшний ШУ-ы багш нар, боловсролын бодлого боловсруулагчид, эрдэмтэд тэргүүтэй оролцогч талууд аливаа байгалийн ухааны боловсролын чанар сайжруулах шийдэл суралцагч болон багш нарт өгөөжтэй байгаа эсэх, мөн боловсролын үнэлгээний чанарын талаар шийдэлд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Гэснээс, ШУ-ы хичээлүүддээ Science Café-н интернэт симуляц ашигладаг болоорой. 😉
🚦🤷♂️ Хураамжаа өгөөд түгжир дээ
Нью-Йорк хот 6 жилийн дараа арай гэж түгжрэлийн хураамжийн системийг нэвтрүүлсэн ч удахгүй албан ёсоор суудалдаа залрах Дональд Трамп тус шийдвэрийг цуцлахаа мэдэгдэв.
🎣 Санаа зоволтгүй дээ, энэ хавиар бага эргэлдэхэд л болно
Уг систем нь улаанаараа эргэлдэж таг түгжирдэг Манхэттены төв хэсэгт л үйлчлэх бөгөөд оргил цагаар суудлын автомашинууд $9 хүртэл, ачааны автомашинууд хэмжээ болон зориулалтаас хамаараад $14.4-$21.6 төлөх юм. Харин шөнийн цагаар бүх шатны хураамж 75% хөнгөрөх аж.
🏙️ Нью-Йорк хот тус зохицуулалтыг 2019 оноос нэвтрүүлэх талаар судалж байсан бөгөөд өнгөрсөн жилийн 4-р сараас хүчтэй ярих болсон юм. Тухайн үед хураамжийн хэмжээг $15 байхаар тогтоох гэж байсан ч ийнхүү арай уян хатан үнийн дүнг гаргасан байна.
🚨 Гайхалтай тоо баримт дурдахад, 2023 онд Нью-Йорк хот түгжрэлээрээ дэлхийд толгой цохиж, улмаар иргэд нь оргил ачааллын үеэр 101 цагийг түгжирч өнгөрөөснөөр $9 тэрбумын хохирол амссан гэдэг.
🫶 Та нарын сайн сайхны л төлөө
Хотын захиргаа ийн түгжрэлээс төвлөрсөн хураамжаасаа жил бүр $1 тэрбумыг агаарын чанар болон олон нийтийн тээврийн системийг сайжруулахад зориулах юм.
😶🌫️ Монголын туршлага
Харин монголчууд түгжрэлийн эсрэг дугаарын хязгаарлалт, импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй байх, цаашлаад он залуу автомашинд улсын дугаар олгох, Автомашины татвар, замын төлбөрийг 3-5 дахин нэмэх, нүүрсэн яндангүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй, мөн орон нутгийн автомашинууд Улаанбаатарт 48 цаг зорчвол ₮1,000 төлөх зэрэг тоймгүй олон бодлого дараалан хэрэгжүүлж үзсэн. Манайд бол аль нь ч амжилт олоогүй л байна.
Эцэст нь… Ганц Улаанбаатар гэлтгүй дэлхий даяар томоохон хотуудад түгжрэл тархи толгой манаргаж, гацааж, гашлуулсан тулгамдсан асуудал болж буй. Гол нь аливаа хотыг анхлан төлөвлөх үеэс хэтэрсэн хүн амтай болсон нь л асуудал. Гэлээ гээд хүн амаа хүчээр цөөлтэй ч биш. Хэцүү ч юм аа даа.
Excel-д оруулсан мэдээллээ ямар хэлбэрээр боловсруулахаа мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш. 👀
Энэ нь их амархан… Оруулсан мэдээллүүдээ идэвхжүүлмэгцээ баруун доод хэсэгт гарч ирэх бяцхан дүрс дээр дараарай. Дараа нь Quick Analysis-г сонгоод диаграмм бүтээх, тооцоолол хийхээс өгсүүлээд дуртайгаа хийж болох нь ээ. Хэрэгтэй эд шүү. 😉
LADbible
🍋 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг гадаад, дотоодоос хандив цуглуулж эхэллээ. Энэ нь НҮБХХ-ийн БОУАӨЯ, Францын ЗГ-тай гэр хорооллын айл өрхүүдийг нүүрсний оронд нарны эрчим хүчээр халаах системд шилжүүлэх туршилтын төсөл юм. Төслөөр ₮200 саяыг цуглуулах зорилготой бөгөөд одоогоор ₮44 сая цугларчээ.
🍋 УБТЗ галт тэрэгний зүтгүүр түрээслэх ₮6.57 тэрбумын тендер зарлажээ. Үүнд ₮4.38 тэрбумын төсөвт өртөгтэй Ачааны галт тэрэгний зүтгүүр түрээслэх, мөн ₮2.19 тэрбумын төсөвт өртөгтэй зорчигчийн галт тэрэгний зүтгүүр түрээслэх багцууд багтаж буй. Уг тендерийг 1 сарын 31 хүртэл 1 үе шаттай, гаднаас оролцох эрхтэй зохион байгуулж буй.
🍋 Хөгжлийн банк энэ онд ₮2 их наядаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Улмаар 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байсан тус банкны актив 2030 онд 12.8% буюу $4.8 тэрбумаас $11.9 тэрбум болж өсөх аж. Өнгөрсөн 12-р сарын байдлаар тус банканд 33 зээлдэгч ₮2.3 их наядын зээлтэй байгаа бөгөөд банк өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд ₮700 тэрбум шаардлагатай байгаа юм.
🍋 Багануурын батарей хураагуурын станц 1 сарын хугацаанд 5,490 МВт эрчим хүч төвийн системд нийлүүлсэн байна. Тус станц нь 50 МВт хүчин чадалтай 200 МВт.цаг багтаамжтай бөгөөд өдөрт дунджаар 25 мянган айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлсэн гэнэ. Энэ нь 5 аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээ аж.
🦠 Азийн орнуудад тархаж буй хүний метапневмовирусын талаар. (TheGuardian)
👓 40 хэлээр шууд орчуулга хийх, хурлын тэмдэглэл хөтлөх чадвартай нүдний шил. (TheVerge)
🧘♀️ Тохирох дасгал хөдөлгөөнөө олоогүй байгаа бол иогоор хичээллээд үз. (NYPost)
💉 Гоо сайхны мэс заслын ард дахь далд эдийн засаг. (Economist)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply