- Lemon Press
- Posts
- 🤑 Орон сууц: Тэрбумаас их наяд
🤑 Орон сууц: Тэрбумаас их наяд
Petro Matad ба газрын тос | Илүү их алдагдалтай $DUS | Багцтай гараа
POWERED BY
Өглөөний мэнд! Тэсрэх бөмбөг, шатахууны дугаарлалт, тэгш сондгой, Элбэгдоржийн эргэн ирэлт, COP17 гээд нийгэм даяараа мэдээллийн шуурганд бужигнаж байна даа. Энэ их хөөсөн дундаас юуг тогтож харах, хаанаас бодит мэдээлэл авахаа сайн бодож, мэдээллийн эрүүл ахуйгаа сахиарай та минь. 💡🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Энэ оны эхний хагас жилд өрхийн 1 сарын бодит орлого жилийн өмнөхөөсөө 4.8% буурч ₮2.8 сая болоход үйлдвэрлэл, үйлчилгээний болон хөрөнгийн орлого буурсан нь нөлөөлөв.
SEC: Үнэт Секьюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ө.Мөрөн томилогджээ.
MNG: Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөслний доод хэмжээг ₮792,000-аас ₮1,000,000 болгон нэмэгдүүлнэ.

🤑 Орон сууц: Тэрбумаас их наяд

Улаанбаатарын өглөө бүр крануудын хөдөлгөөнөөр эхэлдэг гэвэл хилсдэхгүй биз ээ. 2026 оны эхний хагас жилд Монгол Улсын барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл ₮6.5 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс 28.1% буюу ₮1.4 их наядаар өсөөдхөж. Энэхүү бүтээн байгуулалтын давлагааны цөм нь орон сууц болон дэд бүтцийн мега төслүүд аж.
🤯 Ковидын уналтаас 3.6 дахин өссөн түүх
2020 оны эхний хагаст ₮836.3 тэрбум байсан орон сууцны салбар цар тахлын улмаас 2021 онд 16.2% унаж байв. Үүний араас сэргэлт хурдсаж, энэ оны эхний хагаст ₮3.1 их наядад хүрч 2020 оны суурьтай харьцуулахад 264.4% буюу 3.6 дахин тэлжээ. Зөвхөн сүүлийн 1 жилд орон сууцны салбар 61% тэлсэн хэрэг.
📌🗼 Мега төслүүд ба Бүс нутгийн идэвхжил
Цаашлаад, нийт барилгын 57.8% нь Нийслэлд хийгдэж. Энд Багахангай-Хөшигийн хөндий төмөр зам, Дүүжин замын тээврийн ажил ч орж буй. Мөн гадаадын байгууллагын гүйцэтгэж буй барилгын ажил 4.1 дахин нэмэгдсэн нь Өмнөговь дахь Гашуун сухайт-Ганц мод хил дамнасан төмөр зам, Ховдын Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг стратегийн төслүүд эрчимжсэнтэй холбоотой.
📈📉 Өсөлт ба саатал: Капиталын шинэ хуваарилалт
Орон сууцны барилгын тэсрэлтийн эсрэг орон сууцны бус барилгын ажил 8.5% буурч ₮1.5 их наяд болсон байгаа юм. Ялангуяа үйлдвэрийн барилга 38%, сургууль, соёлынх 21% буурсан нь хөрөнгө оруулалт иргэдийн амьдрах орчин ба дэд бүтэц рүү түлхүү чиглэснийг харуулж байна.
Эцэст нь… Аяа, энэ их барилгын ажил стандартын дагуу, төлөвлөлттэй, эмх замбараатай явдаг бол даанч сайхан даа.

✈️ Хятадын C919 олон улсын анхны нислэгээ яагаад Монголоос эхлүүлэв? (iToim)
🚙 Томоохон автомашин үйлдвэрлэгчдийн шинэ толгойны өвчин моторын тос болов (FT)
🍗 Монгол тоглогчидтой Aurora Gaming баг Esports World Cup 2026-н PUBG Mobile төрлөөр 3-т орлоо. (EWC)
💳 Дэлхийн хамгийн том дижитал төлбөрийн хэрэгслийг Энэтхэгүүд бүтээв. (BBC)

🔻 Илүү их алдагдалтай $DUS
DUS: Төрийн өмчит Дархан ус суваг ХК-ийн алдагдал 2026 оны эхний хагаст ₮1.6 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс ₮189.7 саяар нэмэгджээ. Хэдий компанийн борлуулалтын орлого 2.3% өсөж ₮6.4 тэрбумд хүрсэн ч борлуулсан бүтээгдэхүүний өртөг 4.3% нэмэгдэж ₮6.5 тэрбум, бусад үйл ажиллагааны зардал 2.2% өсөж ₮1.9 тэрбум болсон нь алдагдал нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Сонирхуулахад, нийт зардлын 47%-ийг ерөнхий болон удирдлагын зардал эзэлж байгаа бөгөөд энэ зардал жилийн өмнөхөөс 20.8% өсөж ₮0.9 тэрбумд хүрчээ.

⛽ Petro Matad-н газрын тосны гацалт хэрхэв?

Он гарснаас хойш Petro Matad (MATD.L) Монгол дахь XX талбайгаас олборлосон газрын тосоо худалдан борлуулж чадахгүй байсаар өдгөө 48,000 баррель газрын тос наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаад байсан билээ. Ашгүй энэ сараас эхлэн газрын тосоо борлуулах боломжтой болсон байна.
🤔 Юу болов?
Товчхондоо, Petro Matad ХХ талбайгаас олборлосон газрын тосоо хил давуулж экспортлох дэд бүтэцгүй буюу ХХ талбайтай хамгийн ойр PetroChina Daqing Tamsag-н XIX талбайн байгууламжид хадгалж, Хятад руу гаргадаг байсан. Тус 2 компани 2025 онд газрын тос борлуулах гэрээ байгуулснаар Petro Matad Монголоос олборлосон газрын тосоо борлуулах боломжтой болсон түүхтэй.
‼️ Асуудал: Гол нь энэ оны газрын тос борлуулах гэрээ PetroChina-н Монгол дахь болон төв оффис хоорондоо зөвшилцөлд хүрч чадаагүй болон шаардлагатай зохицуулалтын асуудлууд удааширснаар өдийг болтол хэрэгжиж чадаагүй юм.
Хямралын менежмент: Уг үйл явдлаас үүдэн Petro Matad-н мөнгөн урсгал боогдож, компани олборлолтын дараагийн шатны буюу Монголд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, судалгааны ажлуудаа хойшлуулсан юм.
Өөрөөр бол уг газрын тос борлуулах гэрээ Petro Matad-н хувьд зүгээр ч нэг борлуулалтын гэрээ бус олборлосон газрын тосоо зах зээлд гаргаж, орлого олох боломжийг бүрдүүлдэг чухал гэрээ гэсэн үг.
👉 Цаашид юу болох вэ?
Юутай ч одоо Petro Matad оны эхнээс хуримтлагдсан 48,000 орчим баррель газрын тосны экспортоо эхлүүлж, ирэх 9-р сард гэхэд төлбөр нь хийгдэх төлөвтэй байна. Төлбөр хийгдсэний дараа тэд хойшлуулаад байсан Heron-2 болон Gobi Bear-1 талбайн хайгуул, цооногийн өрөмдлөгийн ажлуудаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.
⚡ Гэснээс Petro Matad-н 50%-ийн эзэмшдэг SunSteppe Renewable Energy (SRE) Монголд нийт 290 МВт-ын хүчин чадалтай 3 сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улмаар Улаанбаатар хотод 90 МВт нарны эрчим хүч болон батарей хуримтлуурын төсөл, Дундговь, Өвөрхангайд тус бүр 100 МВт-ын нар, батарейны төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
🍰 Ингэснээр SRE-н Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний нийт портфолио ойролцоогоор 600 МВт болох юм.
Эцэст нь… Petro Matad-н Heron-2 болон Gobi Bear-1 талбайд хийгдэж буй хайгуул, засварын ажлууд компанийн олборлолтыг овоо нэмэгдүүлэх чухал төслүүд. Юутай ч мөнгөн урсгал нь сайжирвал эдгээр төслүүдийнхээ ажилд шууд эргэн орох төлөвтэй байна. Цаашлаад, дан ганц газрын тосноос давж, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимтэй орж байгаа нь сонирхолтой л мэдээ байна.

🚀 Хөрөнгө оруулалтын гараагаа “Багцтай” эхлүүлцгээе!

Хөрөнгө оруулалтыг хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл Апекс Капитал ҮЦК-ийн InvestX “Багцтай гараа” урамшуулалт хөтөлбөр эхэлсэн байна шүү.
Оролцохын тулд Tino эсвэл Apex Traders апп-ийн InvestX цэсээр ҮЦ данс нээх хүсэлт илгээн, бүртгэлээ бүрэн оруулж, IPS тестээ бөглөхөд болох аж. Шаардлага хангасан харилцагчдад и-мэйлээр 5 оронтой хувийн код очиж, оролцох эрх баталгаажна.
🎁 Ингэснээр дараах урамшуулалд хамрагдах боломжтой:
Долоо хоног бүр 10 ялагчид өөрт нь тохирсон InvestX багц бэлэглэнэ.
Тохирол Даваа гараг бүрийн 10:00 цагт болно.
8 сарын 17-ноос 9 сарын 13-ныг хүртэл 7 хоног бүрийн Даваа гарагийн 10:00 цагт 10 ялагч тодруулж, өөрт нь тохирсон InvestX багцыг бэлэглэх бөгөөд хожоогүй тохиолдолд дараагийн тохиролд үргэлжлэн оролцох нь. За тэгээд хөрөнгө оруулалтын эхний алхмаа хойшлуулахгүй, багцтай гараагаа эхлүүлэх нь дээ.
👉 Мэдээлэл авах: investx.mn
📞 7588-7500
Багцтай гараа. Түрүүлж эхэлье.

2009 онд Данийн Копенхаген хотноо болсон COP15-н өмнөхөн Мальдив тус хуралтай холбоотой ЗГ-ын хурлаа усан доор зохион байгуулсан гэвэл итгэх үү?

Reuters
🤿 Тэртээ 2009 оны 10-р сарын 17-нд Мальдивын Ерөнхийлөгч Мохамед Нашид болон ЗГ-ын 13 гишүүн Энэтхэгийн далайн ёроолд шумбалтын хувцастайгаар хуралджээ. Тэд усан дор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан тунхаг бичигт гарын үсэг зурсан аж. Энэхүү хачирхалтай хурал нь COP15-ын өмнө далайн түвшин нэмэгдэх аюулыг дэлхий нийтэд сануулах зорилготой байсан гэнэ шүү.


Tech Brew
🍋 Үндэсний хэмжээнд 500 EV цэнэглэгч дэд бүтэц байгуулах “Ногоон өртөө” санаачилга хэрэгжиж эхэллээ. Улмаар ирэх Даваа гарагт COP17-н Green Zone болон 32-ын тойрог зам дээр EV цэнэглэгчийн нээлт болох аж. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр цахилгаан автомашинууд орон нутгийн замд чөлөөтэй зорчих боломжтой болох юм.
🍋 Alibaba (BABA) өөрийн тоглоомын бизнесээ зарж, AI болон үүлэн технологийн бизнес дээрээ илүү төвлөрнө. Тодруулбал, $BABA видео тоглоомын охин компани Lingxi Games-г Азийн хувийн хөрөнгө оруулалтын компани Trustar Capital-д $1.5 тэрбумаар зарахаар тохиролцсон байна. Цаашлаад, $BABA бизнес чиглэлээ цахим худалдааны салбараас AI, үүлэн технологи болгож гол бус бусад бизнесүүдээ ийнхүү зарж эхэллээ.
🍋 Өмнөд Солонгос зэсийн нийлүүлэлтээ урьдчилан баталгаажуулахын тулд Glencore (GLEN.L)-д $1 тэрбумын санхүүжилт олгоно. Тус улсын Экспорт-импортын банк дэлхийн Glencore-д $1 тэрбумын зээл олгохоор болсон бөгөөд хариуд нь зээлийн хугацаанд Glencore зэсээ тогтвортой нийлүүлэхээр болжээ. Учир нь тус улс AI, EV гэхчлэн дэвшилтэт технологийн хөгжлийг хурдтай хэрэгжүүлэхийн тулд зэсийн нийлүүлэлт тогтвортой байх хэрэгтэй байгаа аж.
🍋 Zijin Gold International (6LU.F)-н хагас жилийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 179% өсөж $1.5 тэрбумд хүрчээ. Компанийн орлого мөн бараг 2 дахин нэмэгдэж, $3.9 тэрбумд хүрсэн байна. Уг өсөлтөд алтны үнэ болон олборлолтын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, тэдний алтны олборлолт 37% өсөж 27.3 тн-д хүрсэн байгаа юм. Гэснээс Zijin-н толгой компани болох Zijin Mining нь Өмнөговь аймагт байрших Хармагтай зэс-алтны төслийг хөгжүүлж буй компани шүү.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply